Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/850

 

 

2021           12          06                                  2021/ШЦТ/850  

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч М.Отгонбаатар,   

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Эрхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.М-т холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.М

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хусхан зочид буудлын 11 дугаартай өрөөнөөс хохирогч Б.Бат-Эрдэнийн 671.200 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy A50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн ........... дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би найз Г.Анхбаярын хамт Хусхан зочид буудалд орчихоод өглөө нь эрт сэрээд уух юм хайгаад хажуу талын өрөөг онгойлготол нэг эрэгтэй хүн унтаж байхаар нь би өрөөнд ороод гар утсыг нь хулгайлан аваад буцаж өрөөндөө ороод Анхбаярыг яах уу гэхэд гаръя гээд буудлаас гарсан. Тэгээд би хулгайлсан гар утсаа Теди орж зарах санаатай Анхбаярыг дагуулаад Теди ороод гадаа зогсдог ченж нартай уулзтал их хямдхан үнэ хэлээд байхаар нь Анхбаяртай хамт буцаж Хүнсний 4 дэлгүүрийн хажуу талын ломбард ороод 220.000 төгрөгөөр Анхбаяр ломбардад тавьсан юм. Тэгээд би Анхбаярт өртэй байсан болохоороо 20.000 төгрөг өгсөн юм. Үлдсэн мөнгөөр нь архи, идэж уух юм аваад шинэ замын Чили зочид буудал орж архиа уусан бөгөөд Анхбаяр яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 158 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 03 цагийн үед ах Сүлд-Эрдэнийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Хусхан нэртэй зочид буудалд орж хоносон бөгөөд өглөө ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд би 10 цаг 20 минутын үед сэрээд гар утсаа шалгасан чинь миний гар утас алга болсон байсан. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд манай өрөөний хажуу талын өрөөнд хоносон залуу манай өрөө рүү ороод гарахдаа халаасандаа юм хийгээд гарч байгаа мөн өрөөнд байсан 1 шил архийг гартаа бариад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Миний гар утас самсунг-А50 маркийнх бөгөөд 2020 оны 05 дугаар сард 899.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо би зах зээлийн үнээр үнэлж байна..Би 10.000 төгрөг болон өрөөнөөс аваад гарсан архийг нэхэмжлэхгүй. Хохирлоо барагдуулж авсан болохоор шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28, 149 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Даариймаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...11 дугаартай өрөөнд хоносон залуучуудын нэрийг нь мэдэхгүй байна. Ах дүү 2 залуу хамт хоносон. Манай бүртгэл дээр бичигдсэн байгаа. Мөн камерын бичлэгт ч байгаа. 11 дүгээр өрөөнд ах дүү хоёроос гадна 10 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад 13 дугаар өрөөнд хоносон Анхбаяр гэх залуутай хамт орсон 20 гаран насны нэг залуу 11, 12 дугаар өрөөгөөр ороод гарч байгаа бичлэг байсан. 12 дугаар өрөөнөөс ямар нэгэн зүйл аваагүй байх, 11 дүгээр өрөөнөөс гарахдаа шилтэй архи барьчихсан. Нөгөө гартаа юуг нь мэдэхгүй нэг зүйл барьчихсан халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дүгээр хуудас/,

                                        

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...хохирогч Б.Бат-Эрдэнийн хулгайд алдсан гэх Самсунг А50 маркийн гар утсыг 671.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52, 54 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57, 121 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлтгүй тухай лавлагаа /хх-ийн 51, 55 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 58-59, 101-102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хусхан зочид буудлын 11 дугаартай өрөөнөөс хохирогч Б.Бат-Эрдэнийн 671.200 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy A50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Бат-Эрдэнэгийн “...би 10 цаг 20 минутын үед сэрээд гар утсаа шалгасан чинь миний гар утас алга болсон байсан. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд манай өрөөний хажуу талын өрөөнд хоносон залуу манай өрөө рүү ороод гарахдаа халаасандаа юм хийгээд гарч байгаа мөн өрөөнд байсан 1 шил архийг гартаа бариад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Даариймаагийн “...13 дугаар өрөөнд хоносон Анхбаяр гэх залуутай хамт орсон 20 гаран насны нэг залуу 11, 12 дугаар өрөөгөөр ороод гарч байгаа бичлэг байсан. 12 дугаар өрөөнөөс ямар нэгэн зүйл аваагүй байх, 11 дүгээр өрөөнөөс гарахдаа шилтэй архи барьчихсан. Нөгөө гартаа юуг нь мэдэхгүй нэг зүйл барьчихсан халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг,

                                        

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...хохирогч Б.Бат-Эрдэнийн хулгайд алдсан гэх Самсунг А50 маркийн гар утсыг 671.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан,

 

Шүүгдэгч Т.Мын “...би өглөө нь эрт сэрээд уух юм хайгаад хажуу талын өрөөг онгойлготол нэг эрэгтэй хүн унтаж байхаар нь өрөөнд ороод гар утсыг нь хулгайлан авсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос гар утсаа алдсан болохыг мэдүүлж, гэрч Г.Дайриймаагаас “...юуг нь мэдэхгүй нэг зүйл барьчихсан халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан..” гэж, шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлж хохирогчид 671.200 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.Мын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /буцаан өгсөн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Т.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас 671.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.М нь хохирогч Б.Бат-Эрдэнэд хохирол төлбөрийг /хх-ийн 101/ төлсөн болох нь тогтоогдсон, мөн хохирогч Б.Бат-Эрдэнээс “...хохирлоо барагдуулж авсан..” гэсэн /хх-ийн 149/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Мыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Т.Мт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал  /хохирогчид хохирлоо нөхөн төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг /анх удаа ял шийтгүүлж байгаа/ харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд уг ялыг тус Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээж аваагүй болохыг тэмдэглэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДУЛАМСҮРЭН