| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2018/0265/Э |
| Дугаар | 2018/ДШМ/95 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ДШМ/95
| 2018 оны 12 сарын 14 өдөр | 2018/ДШМ/95 Зуунмод |
Г.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Энхболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Г-д холбогдох 1834004880242 дугаартай 1 хавтас, 144 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэв баригч мэргэжилтэй, .. ХХК-д хэв ... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Г.Г . /РД: ......
Шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг Улаан цав гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10.00-11.00 цагийн орчимд 30-42 УНЯ улсын дугаартай Тоёото Истима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-т "жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 30-42 УНЯ улсын дугаартай Тоёото Истима маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ариунболорын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Г.Г-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Г.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “шүүхийн шийдвэрийг залруулах” тухай 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 731 дугаартай шүүгчийн захирамжаар: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч...гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч... гэж өөрчлөн залруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтыг хэвээр үлдээж захирамжилсан байна.
Прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан нэмэгдэл ялыг оногдуулахдаа хуульд байхгүй хугацаагаар оногдуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Г.Г-д холбогдох хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-нд хянан хэлэлцээд Г.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс нэмэгдэл ял оногдуулахдаа хуульд заагаагүй хугацаагаар оногдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй бичигдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээ залруулсан. Нэмэгдэл ялыг 3 жил болгон өөрчлөн залруулга хийгдсэн байхад 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу юм. Анхан шатны шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч 3 жил гэж хэлсэн боловч шийдвэрээ гаргахдаа 2 жил гэчихсэн. Хуульд заасны дагуу залруулга хийгдсэн. Залруулга хийсэн хурал дээр прокурор оролцсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлийг зөрчөөгүй. Үг, үсгийн алдаа гаргаснаа зассан. Шүүхийн залруулгатай санал нэг байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Г.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.
Шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Баянчандмань сум 3 дугаар баг Улаан цав гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 30-42 УНЯ улсын дугаартай Тоёото Истима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-д заасан "жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ариунболорын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Бадамчимэгийн: “...гэнэт машин дайвалзаад замын хажуу руу онхолдсон, миний өвөр дээр явсан охин Ариунболор нас барсан. Осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй, замын нөхцөл байдал жаахан чийгтэй, халтиргаатай байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-29-30/,
- насанд хүрээгүй гэрч Б.Өсөхжаргалын: “Тухайн үед аав машинаа бариад, ээж урд суудалд бага дүүг тэвэрч суугаад, би жолоочийн эсрэг талын арын суудалд хажууд Номинболор, Ганжаргал нар сууцгаагаад явж байсан, би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь машин унаад осол болсон, машин хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг / хх-33/,
- Г.Г-н :”...би баруун гар тийшээ дарсан чинь машин хөвөөнөөс гарч онхолдсон, машин 2 эргээд дугуйн дээрээ тогтсон. Өөрийн гэм бурууг хүлээж байна” гэх мэдүүлэг / хх-34/,
-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-6,07,18-19/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8827,8829,8831,8828 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-36,38,40,42/, Шүүхийн шинжилгээний албаны №466,105 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-44-45,50-52/, Төв аймгийн замын цагдаагийн тасгийн №00000079 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.2-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан нэмэгдэл ялыг хуульд байхгүй хугацаагаар оногдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
- Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулжээ. Шүүгдэгчид оногдуулсан нэмэгдэл ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээнээс бага буюу хуульд заагаагүй хэмжээний ял оногдуулснаараа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно.
- Анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг хяналтын прокурор Ц.Батбямба 2018 оны 10 дугаар сарын 12 өдөр хүлээн авч /хх-131/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокурорын 32 дугаартай эсэргүүцэл бичсэнийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр /хх-142-143/ хүлээн авсан байна.
Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр шүүх өөрийн санаачлагаар шүүхийн шийдвэрт залруулга хийж 731 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байх ба /хх-134-135/ уг захирамжаар шүүгдэгч Г.Г-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан шийдвэрийг “техникийн шинжтэй алдаа буюу тооны алдаа гаргасан гэж дүгнээд, шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах” гэсэн өөрчлөлт оруулжээ.
2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн №639 дугаартай анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан бичгээр /хх-139/ “шийтгэх тогтоолд шүүхээс залруулга хийсэн тул прокурорын эсэргүүцлийг аймгийн прокурорын газарт буцаан хүргүүлэв” гэж прокурорын эсэргүүцлийг буцаасан байна. Дээрх шийдвэрийг аймгийн прокурорын газар эс зөвшөөрч, хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлнэ үү гэсэн №192 дугаартай албан бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр /хх-141/ анхан болон давж заалдах шатны шүүхэд ирүүлснээр Г.Г-д холбогдох 1834004880242 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Дээрх байдлуудад дүгнэлт хийхэд анхан шатны шүүх 253 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, шийдвэрийг тайлбарлаж байгаа шүүх хуралдааны бичлэг болон шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн алдаатай шийдвэрээ “техникийн шинжтэй алдаа” гэж үзэж өөрийн санаачлагаар шийтгэх тогтоолд залруулга хийсэн нь буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалттай нийцэхгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь техникийн шинжтэй алдаа бус харин хууль хэрэглээний алдаа байна.
Прокурорын эсэргүүцлийг хүлээн авснаас хойш анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасан “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ, прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно” гэсэн давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тухай мэдэгдэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэсэн давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх тухай заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн 253 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дахь заалтанд буюу шүүхээс эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрт залруулга хийсэн 731 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг сануулсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн шийдвэрт залруулга хийсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 731 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
3. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямбын бичсэн 32 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурьдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА