Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 114/2015/0030/З |
Дугаар | 221/МА2015/0453 |
Огноо | 2015-09-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2015/0453
2015 оны 9 сарын 24 өдөр | Дугаар 453 | Улаанбаатар хот |
И.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Г.Б нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй, И.А-н нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртад байрлалтай 100 га газрыг үр тарианы зориулалтаар 2013 оноос эзэмшиж байгаа билээ. 2013 онд уг газартаа уринш хийж 2014 онд улаан буудай тариалж ашигласан. Уг эзэмшлийн 100 га газрыг анх эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Гэтэл газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Орхон сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А/16 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг цуцалсан болохыг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон сумын Газрын даамал мессежээр надад мэдэгдсэн. Ингээд би 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орхон суманд өөрийн биеэр очиж гардаж авсан. Би өөрийн эзэмшлийн газрын төлбөр болон 160.000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дансаар тушаасан байсан. Газар эзэмших эрхийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр шууд цуцалсан нь газар эзэмших гэрээг зөрчсөн хууль бус шийдвэр юм.
Учир нь газар эзэмших гэрээний 3.6-д төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөх гэсэн зохицуулалт байгаа бөгөөд газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд сануулах, алданги тооцох зэрэг тусгайлан заасан шат дараалсан арга хэмжээг авах байсаар байтал шууд газар эзэмших гэрээг цуцалсан ба энэ тухайгаа мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж байна. Мөн Орхон сумын Засаг даргын захирамж нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын саналын дагуу шийдвэрлэсэн гэх боловч миний бие 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ИТХ-ын нарийн бичиг Алтаншагайгаас энэ талаар тодруулахад ИТХ-аар уг асуудлыг хэлэлцээгүй гэсэн хариу өгсөн ба ИТХ-ын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ талаар огт тусгаагүй байсан. Миний зүгээс гэрээнд заасны дагуу гэнэт цуцалсанд гомдолтой байна. Төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй буруугаа би өөрөө хүлээж байна. Гэрээнд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Би ээжтэйгээ амьдардаг. Энэ Мангиртын 100 га газар маань өрхийн орлогын маш чухал хэсэг юм.
Орхон сумын Засаг даргын захирамжийг миний бие эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/466 дугаар албан бичгээр Орхон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн утга бүхий хариуг өгсөн тул ийнхүү зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж Орхон сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/16 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай А/79 тоот захирамжаар иргэн Хиад Боржигон овогт И-н А-д тус сумын 2-р багийн нутаг Мангиртад байршилтай үр тарианы зориулалт бүхий 272388/125,7 га 100 га тариалангийн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Иргэн И.А нь тус сумын нутагт 2013 оны 05 дугаар сарын 13-аас газар эзэмшиж 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 000460405 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг олгосноор тус талбайд тариалангийн үйл ажиллагаа явуулах эрх үүссэн. Иргэн И.А нь 2013 онд эзэмшлийн 100 га газартаа уринш хийж, 2014 онд 100 га талбайд улаан буудай тариалж, 80 тонн ургац хураан авсан мэдээг сумын ХАА-н тасагт ирүүлсэн байсан. Нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн эрх, үүргийн 3.5-д заасан газрын төлбөрийг газрын ашиглалт, шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй нь 2013, 2014 оны газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй юм. Иймд, газар эзэмших эрх цуцалсан тухай газар эзэмшигчид мэдэгдэх үүргийг сумын Засаг даргаас газрын даамалд өгсний дагуу өөрөө болон бусдаар сумын Засаг дарга надад газраа авч үлдэх талаар удаа дараалан утсаар ярьж, өөрийн биеэр ирж уулзаж газар эзэмших эрх нь цуцлагдсанаас хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр газрын төлбөр төлсөн баримтаа авчирч үзүүлэхэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир газар эзэмших эрх чинь 2015 оны 02 дугаар сарын 25-нд цуцлагдсан тул маргааны аймгийн Засаг дарга болон шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлж болно гэж зөвлөсөн атал газар эзэмших эрх цуцлагдсан тухай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн мэтээр нэхэмжлэлд бичсэн нь худал байгаа юм.
Газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байсан учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх цуцлах тухай А/16 тоот захирамжаар иргэн И.А-н Орхон суманд эзэмшиж буй Мангиртад байршилтай үр тарианы зориулалт бүхий 100 га газрын 460405 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон газар эзэмших эрхийг дуусгавар болгон цуцалж шийдвэрлэсэн.
Иймд, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэл болгон гаргасан иргэн И.А-н эзэмшилд байгаа Мангиртад байршилтай 100 га газар эзэмших эрхийг цуцлах тухай 2015 оны А/16 тоот захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж буй тул тус захирамжийг хүчингүй болгуулж газар эзэмших эрхээ сэргээлгэхээр гаргасан И.А-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай И.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Би үр тарианы зориулалтаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт гэдэг газарт байршилтай 100 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний үндсэн дээр эдэлж байсан. Миний Орхон сумын Засаг даргатай байгуулсан уг гэрээ нь газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч нар нь харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн 2 талын гэрээ байсан.
Миний хувьд Улаанбаатар хотод сурч байгаад сургуулиа төгсөөд өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр гадагш явж сурч байсан эх орондоо байнга оршин суугаагүй, ирэн очин байсан учир газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэрээний үүрэг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2 талын гэрээнд нэг тал нь үүргээ зөрчсөн байхад нөгөө тал нь гэрээнээс татгалзах санал, гомдол гаргалгүйгээр захирамж гаргасан газар эзэмших эрхийг шууд цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Орхон сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд зааснаар газар эзэмших эрхийг цуцлах, гэрээнээс татгалзах асуудлыг энэхүү гэрээ болон Иргэний хууль, Газрын тухай хуулиар зохицуулах байсан. Гэтэл Орхон сумын Засаг дарга нь миний газар эзэмших эрхийг дан ганц Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх энэ захирамжийг үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
... Орхон сумын Засаг дарга нь өөрт байгаа эрх мэдлээ ашиглан газар эзэмших эрхийг цуцлах гэрээнээс татгалзах саналаа гэрээ болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу нөгөө талдаа тавилгүйгээр дан ганц Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд энэ талаар хугацаандаа мэдэгдээгүй, улсын бүртгэлээс хасуулаагүй нь нотлох баримтаар нотлон тогтоогдсоор байхад шүүх уг захирамжийг үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байсан.
Иймд, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч И.А нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар Орхон сумын 2 дугаар багийн нутаг Мангиртид байрших үр тарианы зориулалт бүхий 100 га газрын эзэмших эрхийг иргэн Д.Ч-с шилжүүлэн авч, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулснаар, гэрчилгээ олгогдон үр тарианы зориулалтаар дээрх газрыг эзэмшиж байсан байна.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч И.А-н дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэл болон хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэж, хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч И.А газар эзэмшигчтэй байгуулсан гэрээний 2.2, 2.3-д зааснаар газрын төлбөрт жилийн 100.000 төгрөгийг 3,4 дүгээр улиралд 50.000 төгрөгөөр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлж байхаар гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрөө огт төлөөгүй болох нь тогтоогдсон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...газар эзэмших эрхийг цуцлах, гэрээнээс татгалзах саналаа Иргэний хуульд заасны дагуу тавилгүйгээр дан ганц Газрын тухай хуулийн заалтыг баримталсан нь буруу...“ гэх тайлбар үндэсгүй байна.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч эзэмшлийн талбайдаа 2013 онд уринш хийж, 2014 онд 100 га талбайдаа улаан буудай тариалж, 80 тонн ургац хурааж авсан болох нь тус сумын Хөдөө аж ахуйн тасагт ирүүлсэн мэдээгээр тогтоогдож байх бөгөөд газар эзэмших гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ гэрээ байгуулснаас хойш тодруулбал 2013, 2014 онуудын газрын төлбөрийг төлөөгүйгээс Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байх ба хариуцагчийн энэ шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ