Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2057

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01895 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.О-т холбогдох

 

   Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, .................. тоот, 3 өрөө байрны 34,08 метр квадрат талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгож, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт Д.Д-д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, түрээсийн төлбөрт 19 560 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Д,

Хариуцагч: М.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М бол миний эгчийн хүү, бид маш ойр, би төрүүлэхээс бусад эхийн үүргийг гүйцэтгэн өсгөсөн болохоор гал голомтныхоо 4 өрөө орон сууцаа өгсөн гэтэл эд нар үрэгдүүлж намайг гомдоосноос болоод бидний дунд 2014 оны 6 дугаар сараас маргаан гарч одоо энэ маргаан бий болоод байгаа юм. 2001 онд дүү С.М-ыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн хойно кафены үйл ажиллагаа явагдаж байгаа 1 давхрын 3 өрөө байрыг авахад нь 35 000 000 төгрөг өгч тусалсан. Худалдаж авсны дараагаар М.О өөрөө кафегаа ажиллуулж байгаад дараа нь түрээсэлсэн. Би 2003 онд С.М-д “танайх байраа гадагшаа өргөтгөөч” гэж хэлэхэд С.М “бидэнд өргөтгөх мөнгө байхгүй учир өргөтгөж чадахгүй” гэхээр нь би “өргөтгөе” гэхэд “тэг” гэсэн. 2003 онд бүх л газрууд кадастрын зураг гэхгүй үйлчилгээний байраа өргөтгөж байсан жишгийн дагуу “Эко констракшин” ХХК-нд 15 000 000 төгрөг өгч бариулсан. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ................. тоотын гурван өрөө байрны өргөтгөлийг өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр барьснаар, өмнө нь 44 метр квадрат талбайтай байсныг 100 метр квадрат талбайгаар тооцон бусдад түрээслэх болгосон. Түрээсийн орлогыг адил хувааж 50 хувийг 2014 оны 6 дугаар cap хүртэл cap бүр надад өгч ирсэн нь хариуцагч тал өргөтгөлийн өмчлөгч нь Д.Д болохыг хүлээн зөвшөөрч байгааг нотолно. М.О нэг бус удаа зээл авч байраа барьцаалахдаа барилгыг бүхэлд нь барьцаанд тавьж ирсэн, мөн 2014 оны 6 дүгээр сараас эхлэн түрээсийн орлогоос ногдох хувийг өгөхөө больсон зэрэг нь тус өргөтгөлийн өмчлөгч болох миний эрхийг зөрчсөн. Улсын бүртгэлээр баталгаажаагүй тул Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ...................... тоотын гурван өрөө байрны 34,08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөл Д.Д-ийн өмч болохыг тогтоолгохоор шаардаж байна. Улсын бүртгэлийн газарт өмчлөгч бүртгүүлэхээр хандахад, шүүхээр тогтоолгосны дараа өмчлөгчөөр бүртгэнэ гэсэн хариу өгсөн. Бүртгэх боломжгүй гээгүй. Мөн Улсын Дээд шүүхээр маргаан шийдвэрлэгдсэний дараа Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт хандахад, өргөтгөлийг бүртгэнэ гэсэн хариу өгсөн. Барилгыг анх 2001 онд худалдан авахад л үйлчилгээний зориулалтаар ашигладаг байсан, 2006 оны 8 дугаар сард барьсан өргөтгөлийн хамтаар 100 метр квадрат талбайтай болж энэ талбайгаар тооцон, үргэлжлүүлэн түрээслэсэн. Гарсан өөрчлөлт бол нэгэнт миний хөрөнгө М.О-ийн хөрөнгө дээр нэмэгдсэн учраас түрээсийн орлогыг надад хуваан өгдөг байсан. Бидний хооронд өөр байрны маргаан гарснаас хойш буюу 2014 оны 6 дугаар сараас хойш түрээсийн орлогоос надад ногдох хувийг өгөхөө зогсоосон. Иймд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо.................. тоот, 3 өрөө байрны 34,08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгож, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт Д.Д-д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгаж, түрээсийн төлбөрт 2017 оны 6 дугаар cap хүртэл хугацааны 19 560 000 төгрөг гаргуулж өгнө үү. Эрх зүйн үндэслэл нь: Өргөтгөлийн барилгыг өөрийн хөрөнгөөр босгосон учраас өмчлөх эрхтэй. Хөрөнгөтэй холбоотойгоор өмчлөх эрх үүсдэг. Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлд нийтийн зориулалттай орон сууцыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж болохыг заасан. Гурван өрөө бүхий орон сууцыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа талбайг нэмж өргөтгөлийн барилгыг барьсан үл хөдлөх хөрөнгийн өргөтгөл юм. Тухайн өргөтгөлөөр үйлчлүүлэгч нар үйлчлүүлдэг. Үүнтэй холбоотой газрын асуудал хөндөгддөг. Нийслэлийн Засаг дарга, иргэдийн нийтийн хурлаас газрын акт гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд баригдсан үйлчилгээний зориулалттай өргөтгөл, түүнтэй адилтгах барилга байгууламжын метр квадратыг харгалзан хураамж авч байгаа юм. Хариуцагч тал үүнийг буруу гэж үзэж байгаа бол тухайн эрх бүхий албан тушаалтнуудад гомдлоо гаргах ёстой. Түүний дагуу нэхэмжлэгч Д.Д нь газрын төлбөрийг төлсөөр ирсэн. Улсын Дээд шүүхийн 2017 оны тогтоолд иргэний эрх зүйн харилцаа гэрээ өмчтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх явцад бүртгэлийн асуудал хөндөгдвөл бүртгэлийг даалгуулж үр дагаврыг нь шийдүүлнэ гэж заасан. Өмчлөлийн асуудлыг шийдсэн үр дагавраа шийдүүлж байгаа тул Улсын бүртгэлд даалгаж өгөөч гэж шаардаж байгаа юм. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж хариуцагч тал мөн тайлбар гаргадаг. Энэ хүмүүсийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Хэрвээ хариуцагч талын тайлбараар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн ч хамтран ажиллах гэрээний талууд өөрт ногдох ашгаа хүртэх эрхтэй байдаг шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, буруу гэж үзнэ. Анх 2001 онд энэ байрыг авахад Д.Д эгч тусалж “Зоос” банкны захиралтай уулзаж нөхөр бид 2-т 35 000 000 төгрөгийн зээл гарган, худалдан авсан. Бид cap бүр байрны зээлэнд 700 000 төгрөг төлдөг. 2003 онд манай нөхөртэй Д.Д эгч байранд өргөтгөл барьж өгье гэж ярилцсан байсан. Би анх бодохдоо энэ өргөтгөлийг барьж өгч бидэнд туслаж байна л гэж ойлгосон. Өргөтгөлийг “Эко констракшин” ХХК-иар бариулсан гэдэг. Барилгын ажил дуусахад зарим зүйлс нь дутуу байсан. Ийнхүү бид тухайн байрандаа кафе ажиллуулж эхэлсэн. Анх би тогооч зөөгчөө давхар хийдэг байсан. Одоог хүртэл тухайн өргөтгөлийн дээврээс ус гоождог. Жил бүр би өөрийн мөнгөөр засуулдаг. Өргөтгөлийн барилгыг 15 000 000 төгрөгөөр барьсан гэж хэлдэг боловч тийм хэмжээний мөнгө огт ороогүй. Д.Д эгч түрээсийн орлогыг хувааж авах талаар гэрээ хийгээгүй. Хүүхдүүд гадаадад суралцдаг учир мөнгөний хэрэгцээ их байна. Эгчдээ түрээсийн орлогоосоо өгч байгаарай гэж хэлсэн. Тиймээс би түрээсийг орлогоос cap бүр өгдөг байсан. Бидний тооцоогоор бараг 70, 80 сая төгрөг өгчихсөн. Д.Д шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш газрын төлбөрийг төлж эхэлсэн. Энэ өргөтгөлийн барилга нь ямар ч гэрчилгээгүй кадастрын зураггүй. Гол үйл ажиллагаа нь манай хойд талын хэсэгт явагдаж байгаа. Өргөтгөл бол хүмүүсийн хүлээлгийн хэсэг л болдог. Нийт байрны талбайн 4/1 нь л өргөтгөлийн хэсэг юм. Улсын Дээд шүүхийн 806 тоот тогтоолд зохигчдын хооронд үүссэн харилцааны зүйл болох хөрөнгө бий болсон үндэслэл талуудын тохиролцоо тодорхой бус, нэхэмжлэгч нь гурван өрөө орон сууцанд байсан өргөтгөлийг засан сайжруулахад оруулсан хөрөнгө оруулалтаа хариуцагчаас шаардсан эсхүл тухайн сууцанд хийсэн өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй гэсэн. Яагаад ингэж тайлбарласан гэхээр орон сууц нь өргөтгөлийн хамт дундын өмч мөн үү биш үү эсвэл шинээр бий болгосон өмчлөх эрхийг шаардаж байна уу гэдэгт дүгнэлт хийх боломжгүй байна гэж үзсэн гэж би ойлгож байгаа юм. Яагаад ингэж ойлгож байна вэ гэхээр Иргэний хуулийн 142 дугаар зүйлд нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхийн талаар хууль тогтоогч зохицуулсан байдаг. Энэ барилга нь өөрөө нийтийн зориулалтай орон сууцны барилга бөгөөд өмчлөгч нь М.О юм. Улсын Дээд шүухийн тогтоолд дурдсанчлан өргөтгөл нь өөрөө цоо шинэ газар дээр тусдаа бий болсон хөрөнгө биш учраас энэхүү 49 тоот орон сууцанд нэмж сайжруулах маягаар хийсэн. Онцгой байдлын газрын галын байцаагчийн дүгнэлт байгаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг хангаагүй, ямар нэгэн зөвшөөрөлгүй тусдаа бие даасан бүтэцгүй. Энэ өргөтгөл дээр тусад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргалаа гэхэд нийтийн зориулалттай орон сууцанд залгаад барьсныг нь харвал нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхийн дагуу өмчлөх эрх үүсэх мэт боловч нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьсан учраас би өмчлөх эрхтэй гэдэг боловч энэ нь М.Оийн өмчлөлийн гурван өрөө бүхий орон сууцны өргөтгөл юм. Нэхэмжлэгч М.О-ээс cap бүр 600 000-700 000 төгрөг авч байсан гэдгээ асуулт хариултын шатанд хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь анх тохиролцохдоо л энэ эд хөрөнгийг хамтран бий болгоод дундаас нь бий болсон ашгийг хуваая л гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.7 дахь заалтыг үндэслэн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Д.Д нь өмчлөгч биш байж өмчлөгчид эрх олгосон хуулийн зохицуулалтыг үндэслэн би үүнийг өмчлөх эрхтэй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 806 тоот тогтоолд энэ эд хөрөнгө нь тусдаа бие даасан байдлаар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэсэн. Үүнийг тогтоолгохоор нэхэмжлэгч хариуцагчийн зүгээс хэд хэдэн ажиллагаануудыг хийсэн. Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч миний нэр дээр албан бичиг ирсэн. Үүнд: үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжгүй гээд араас нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжтой гэсэн. Холбогдох байгууллагаас ирсэн бүх албан бичгүүдэд хууль зүйн хувьд яг ижилхэн утга агуулсан. Нэхэмжлэгчид улсын бүртгэлийн газраас өмчлөлийн асуудлаа шүүхээр шийдүүл гэсэн хариу өгсөн байдаг. Газрын гэрээ байх ёстой юм уу үгүй юм уу гэдэгт тэр байгууллага хариу өгөх ёстой болохоос Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах үүргийг бидэнд хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Учир нь хуулиараа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг л бид хариуцах ёстой. Мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Д.Д-ийн өмчлөх хэсэгт ногдох 2016 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр cap хүртэлх хугацааны түрээсийн орлогын 50 хувь буюу   9 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл олсон орлогынхоо 50 хувийг өгөх хэлцэл байхгүй байсан. Хэдий хэмжээний мөнгийг ямар байдлаар өгч байсан талаар нотлох баримт байдаггүй. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сараас эхлэн шинжээчийн дүгнэлтэд заасан талбайн хэмжээнээс хамаараад 50 хувиа 40 хувь болгож бууруулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл ингэж бууруулж байгаа нь ч мөн л үндэслэлгүй. Талбайн хэмжээ нь огт өөрчлөгдөөгүй. Хариуцагч тал Д.Д нь түрээсийн гэрээ байгуулж байгаагүй, түрээсийн орлогыг шууд авч байгаагүй гэдгээ асуулт хариултын шатанд хэлсэн. Ашиглалтын зардал төлж байсан баримт мөн хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч энэ хүнд түрээслэгчээс төлбөрийг аваад 50 хувийг нь Д.Д-д өгөх үүрэг хүлээгээгүй. Энэ талаар ямар ч хэлцэл гэрээ байхгүй. Д.Д-ийн нөхцөл байдлаас шалтгаалан өгч байсан тухайгаа хариуцагч асуулт хариултын шатанд тайлбарласан. Өргөтгөл нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглагдаагүй. Тиймээс нэхэмжлэгчээс шаардаж байгаа 19 560 000 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол зүгээр өргөтгөл юм. Тусдаа сан техникийн холболт байхгүй тог цахилгаангүй, халаалт дулаан байхгүй, үндсэн 3 ханаар тусгаарлагдаагүй. Бие даасан өмчлөлийн шинж агуулаагүй. Тусад нь өмчлөл гаргах ямар ч боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ бол нэмж барьсан өргөтгөл юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 108 дугаар зүйлийн 108.5., 478 дугаар зүйлийн 478.8, 478.12, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-г Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр xopoo, ................. тоотод байрлалтай 34,08 метр квадрат талбай бүхий өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоож, Д.Д-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг зохих журамд заасан шаардлагын дагуу бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны 19 560 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425 130 төгрөгийн 354 930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О-ээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 49 тоотын гурван өрөө байрны өргөтгөл болох 34,08 мкв ашигтай талбай бүхий хэсгийг Д.Д-ийн өмчлөл болохыг тогтоон, улмаар улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр Д.Д-г бүртгэхийг даалгасан хэрнээ түүний өмчлөлийн хэсэгт ногдох орлогыг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, ногдох хэсгийн үр шимийг шаардахдаа үйл ажиллагааны тогтмол зардал, бусад хуулиар хариуцах төлбөр хураамжийг тооцож, үлдэх ашгаас шаардах эрх үүсдэг, уг шаардлага нотлоогүй гэж дүгнэн, 19 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд: 1. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан хэлцэл хийсэн байна гэж дүгнэхдээ өөр өөрийн онцлог бүхий гэрээний үүргийн харилцаа болон хуулийн дагуу үүсдэг өмчийн эрх, түүнээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан хэсгээр дундаа өмчлөх өмчлөгчид үүсэх эрх үүргийг хооронд хольж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Бодит байдлыг авч үзвэл, орон сууцны зориулалттай барилгыг анх худалдан авах үед нь гадагш хаалга гарган үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан /үүнийг нэхэмжлэгч хариуцагч нь хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна/, авснаас хойш үйлчилгээний буюу кафены зориулалтаар ашиглаж байгаад бусдад түрээслэх болсон /хариуцагч Отгончимэгийн тайлбар/, одоо хүртэл түрээслэсээр ирэхдээ ямар нэгэн зорилго хэрэгжүүлэх үүднээс хамтарч ажилласан гэж үзэх үндэслэл харагдахгүй байгаа ба нөгөө талаар хамтран ажиллах гэрээний хураамжийн онцлог болох Иргэний хуулийн 477.1, 477.3, 477.4 дахь заалттай үл нийцэх зөрчилтэй дүгнэлт хийсэн. 2. Нэхэмжлэгчийн өмчлөлийн хэсэгт хамаарах орлогыг шаардах эрхийг үгүйсгээгүй хэрнээ уг орлогоос зайлшгүй хасагдах зардлыг нэхэмжлэгч тооцон хасах ёстой гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт байгаа нотлох баримттай нийцэхгүй, мөн талуудын тайлбараас огт өөр зүйлийг шүүгч гаргаж ирж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн суурь зарчим болох мэтгэлцэх зарчимд нийцээгүй тус хуулийн 6.6 дахь заалтын зөрчсөн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь: а/ Тус маргаж байгаа байрыг түрээслэгч нь 2008 оноос хойш өөрчлөгдөөгүй, түрээслэхдээ амаар тохиролцож төлбөр авч байхдаа ямар нэгэн зардлыг хариуцаж байсан талаар дурдаагүй /хариуцагчийн тайлбарт байдаг/, мөн шийдвэрт ч үүнийг тусгайлан дурдаж дүгнэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 1 дүгээр сарын 18-нд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нотлох баримтаар өгсөн ба уг гэрээний 4.5-д ашиглалтын бүхий л зардлыг түрээслэгч хариуцахаар заасан байтал түрээсийн гэрээний зохих төлбөрөөс ямар нэгэн зардлыг хасч тооцоогүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. б/ Д.Дг өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч М.О өргөтгөлийн барилгад болон ашиглалтын зардлыг дангаар хариуцаж төлдөг байсан байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчийг энэхүү тогтоогдоогүй, нөгөө талаар талууд уг зардал засварын талаар маргаагүй байхад түүнийг үндэс болгож нэхэмжлэлийг шаардлагын хэсгийг хүчингүй болгосон нь логик холбоогүй, эрх зүйн үндэслэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 3. Хариуцагч О нь өргөтгөл баригдсан үеэс хойш /2006 оны 8 дугаар сараас хойш/ бусдад түрээслэн олж байсан ашгийн 50 хувийг нэхэмжлэгчид cap бүр өгсөөр 2014 оны 6 дугаар cap хүрсэн үйл баримт байгааг үгүйсгээгүй. Тухайн барилгын талбай Д.Д-ийн бариулсан /түүнтэй тэнцэх хэмжээний талбай бүхий/ өргөтгөлөөр нэмэгдсэн тул О нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт “... дундаа хэсгээр өмчлөгчид өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн ...” дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг хуваах ... талаар заасныг хэрэгжүүлэн түүний өмчлөлийн хэсэгт оногдох ашгийг өгч байсан үйлдлийн талаар нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан байгаа ба хариуцагч энэ үйлдлээ үгүйсгээгүй, харин өргөтгөлийн үнэ төлөгдсөн гэж тайлбарладаг нь дээрх үйлдэлтэйгээ огт холбоогүй байхад шүүх зөвхөн нэг талаас дүгнэсэн байна. 2006 онд өргөтгөл баригдсанаас хойш, тухайн барилгыг өргөтгөлийн хамтаар хэдээр бусдад түрээслэн, орлогоо 50/50 хувиар хуваан авдаг байсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд талууд тайлбарласан байдаг. 2014 оны 6 дугаар cap хүртэл өгч байсан ашиг орлого тэгвэл юу болохыг, яагаад түрээсийг орлогын 50 хувийг Д.Д-д өгөөд байсан гэдгийг анхаарч үзэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс хэргийг хянан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж гэжээ.

 

Хариуцагч М.О-ийн итгэмжлэгдсэн төлөлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Э.Х нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгчийн ашиглагдаж буй орон сууцны барилгад өмчлөгчийн зөвшөөрлөөр өргөтгөл барьж хамтран ашиг олж байсан нь маргаан гарсан учраас өөрийн эдлэх субъектив эрхээ тогтоолгох, эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг хариуцагчаар хүлээн зөвшөөрүүлэх, эрхээ хэрэгжүүлэхэд тодорхой бус байдлыг арилгуулах шаардлага бий болсон байдал нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан шаардах эрхийн үндэслэл бий болгожээ” гэсэн байна. Хариуцагчийн зүгээс “Бид бодохдоо бидэнд туслаж байна гэж бодсон” гэдэг тайлбарыг өгдөг бөгөөд тухайн өргөтгөлийн барилгыг барихад Д.Д-д өмчлүүлэх хүсэл зориг байсан эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх дээрх байдлаар тайлбарлаж, мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалтыг хамт хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасныг баримталж байгаа боловч үндэслэх хэсэгтээ тайлбарлаагүй байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Нэхэмжлэгч Д.Д 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албатай газрын төлбөр тодорхойлох тухай 4/20-49 тоот акт үйлдэж, өргөтгөл байрлах газрын 2007 оноос 2015 он дуустал хугацааны төлбөрийг төлсөн нь ... батлагдаж, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасан зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч Д.Д-г өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж дүгнэжээ. Шүүх энэхүү дүгнэлтийг гаргахдаа Газрын тухай хуулийн дээрх заалтыг гол үндэслэл болгож байна. Газар эзэмших, ашиглах эрхийн тухайд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж заасан байна. Өргөтгөлийн барилга баригдсан газар нь нийтийн эдэлбэрийн газар бөгөөд төрийн өмч мөн. Нэхэмжлэгч маргаан бүхий өргөтгөлийн барилгын газрыг ашиглахаар гэрээ, хэлцэл хийгээгүй, үүнтэй холбоотой баримт байхгүйгээс үзэхэд нэхэмжлэгч тус газрыг ашигладаггүй болох нь тодорхой харагдаж байна. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид тус газрыг эзэмших эрх, үүнийг нотлох гэрчилгээ байхгүй. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 12/06 тоот албан бичгээр “Иргэн Д.Д нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 49 тоотын 50 м.мкв өргөтгөлийн байранд 2014 онд 1 320 000 төгрөгийг төлсөн байна. Газрын төлбөрийг тодорхойлох тухайн актыг 4/20-49 тоотоор үйлдсэн. Тухайн акт нь хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх зүйн баримт бичиг биш болно” гэдэг хариуг өгсөн байна. Гэтэл шүүх газрын төлбөр төлсөн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг өргөтгөлийн барилгын газрыг эзэмшиж, ашигладаг гэж үзэж, улмаар өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Нотлох баримтыг буруу тайлбарласан тухайд: Шүүх 2015 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс тус тус ирүүлсэн албан бичгүүдийн утгыг “... шүүхээр өмчлөгч болохоо тогтоолгон холбогдох баримтуудыг хууль журамд зааснаар бүрдүүлсэн тохиолдолд бүртгэх учрыг тайлбарлан хариу өгсөн байна” гэж тайлбарласан байна. Тус байгууллагаас ирүүлсэн албан бичгүүд нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 17 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3-т заасан холбодох нотлох баримтуудыг бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн утгатай байтал шүүх дээрх албан бичгийн утгыг шүүхээр маргаанаа шийдүүлээд баримтаа бүрдүүл гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01895 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.О-т холбогдуулан   Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, .................. тоот, 3 өрөө байрны 34,08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгож, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт Д.Д-д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, түрээсийн төлбөрт 19 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            С.М Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 20 дугаар байрны 49 тоот, 3 өрөө орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч Д.Д нь мөнгөн хөрөнгөөр тусалж, уг орон сууц нь С.М-ын эхнэр буюу хариуцагч М.О-ийн өмчлөлд бүртгэгдсэн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй тайлбар гаргажээ.

 

            Мөн уг орон сууцанд нэхэмжлэгч Д.Д нь өргөтгөл барих талаар санал гаргасныг хариуцагч М.О, түүний нөхөр С.М нар хүлээн зөвшөөрч, 34.08 м.кв талбай бүхий өргөтгөл барьж, уг өргөтгөлийн барилгыг орон сууцны хамт бусдад түрээслүүлэн ашиг орлого олж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь өргөтгөлийн барилгыг барих хөрөнгийг нэхэмжлэгч гаргаагүй гэж маргажээ.

 

            Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох “Эко констаркшн” ХХК-ийн 2006 оны 11 сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн газрын албаны 2014 оны 11 сарын 03-ны өдрийн акт, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 10 сарын 01-ний өдрийн албан бичиг зэргээр нэхэмжлэгч Д.Д нь 34.08 м.кв талбай бүхий өргөтгөлийг өөрийн хөрөнгөөр буюу 15 000 000 төгрөгөөр бариулсан болох нь тогтоогдож байна.

 

            Хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлагын татгазлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна тэрээр уг барилгад нэхэмжлэгч Д.Дг өргөтгөл барихыг зөвшөөрсөн гэж тайлбарласан байна.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д-г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 20 дугаар байрны 49 тоот, 3 өрөө байрны 34,08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасантай нийцжээ. Маргааны зүйл болох барилгын өргөтгөл нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцтай залгаа, нэгдмэл байдлаар оршиж, дээрх обьектуудыг хариуцагч нь бусдад сарын 1 200 000 төгрөгөөр түрээслэж орлого олдог талаар тэрээр тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана” гэж заасан.

 

            Нэхэмжлэгч Д.Д-г барилгын өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоосон тул тэрээр өөрт ногдох өмчлөлийн хэсгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар бусдад түрээслүүлснээс олсон үр шимийг шаардах эрхтэй болно. Тэрээр өөрт ногдох буюу бусдад өмчлөлийн зүйлийг ашиглуулсанаас олсон үр шимийн 40 хувийг гаргуулна гэж нэхэмжилсэн ба уг хэмжээнд хариуцагч тайлбар гаргаж үгүйсгэсэн боловч баримтаар няцааж чадаагүй болно.

 

            Талууд 2014 оны 6 сараас хойш барилгыг бусдад түрээслэж олсон орлогоос Д.Д-д ногдох хэсгийг өгөөгүй талаар тайлбарласан тул нэхэмжлэгчийн шаардсан 2017 оны 6 сар хүртэлх хугацаа буюу нийт 36 сарын түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч Д.Д-д ногдох 40 хувийг /1 200 000 х 40 хувь = 480 000/ 480 000 төгрөгөөр тооцож нийт 17 280 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хариуцагчийн маргаагүй хэсэг буюу түрээсийн үйл ажиллагааны ашиглалтын зардал зэргийг дүгнэж өөрт ногдох өмчлөлөөс олсон үр шимийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай холбогдуулан тухайн эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой талаар Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг хэрэгт авагдсан байна. /хх-ийн 329 дүгээр тал/ Түүнчлэн нэхэмжлэгч Д.Д нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

            Харин нэхэмжлэгч Д.Д*г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ............ тоот, 3 өрөө байрны 34,08 метр квадрат талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь талууд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар өөрт ногдох хэсгээ салгаж авах эрхийг хөндөөгүй, энэ талаар талууд шаардлага гаргах эрх нь нээлттэй болно.

 

            Анхан шатны шүүх  улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан алдаа гаргасныг мөн давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “… 478 дугаар зүйлийн 478.8, 478.12., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. …” гэснийг хасч,

“… нэхэмжлэлээс үлдэх 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны 19 560 000 төгрөгийг гаргуулах тухай …” гэснийг “хариуцагч М.О-ээс 17 280 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 280 000 төгрөгийн” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 130 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 99 180 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 314 550 төгрөгийг  тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162  дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 750 төгрөгийг буцаан олгохыг дурдаж, хариуцагчаас давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                   

                                            ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД                                                                                                        

                                                                                                  Г.ДАВААДОРЖ