Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/625

 

 

 

 

 

 

 

 

   2022        04         27                                    2022/ШЦТ/625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Б.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Дулмаа

хохирогч Э.Б нарыг оролцуулан эрүүгийн 2211 00000 0170 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Д, 1994 оны ***************** Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, Электрон системийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ****************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ************************ тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн, /РД: *************/.  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь Э.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 600.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 2.430.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.450.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *****************тоот дансаар иргэн Э.Бгийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ***************** тоот гэртээ байхдаа 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 4.480.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч,

И.Пд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан орд” хотхоны 6 давхарт байрлах байрыг 154.000.000 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.И.Пгээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо *****************тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг өөрийн *****************дугаартай дансаар өмчлөлдөө авч,

Д.Өод фэйсбүүк цахим сүлжээгээр автомашинуудын зураг явуулаад, яаралтай мөнгөний хэрэг болчихлоо, та маргааш болтол 300.000 төгрөг зээлдүүлчих гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Өоос Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо *****************тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 300.000 төгрөгийг өөрийн *****************дугаартай дансаар өмчлөлдөө шилжүүлэн авч нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 9.780.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

 

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Д нь Э.Бг ***************** дугаартай Приус 30 маркийн машиныг хямд үнээр зарна гэж, И.Пд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан орд” хотхоны 6 давхарт байрлах байрыг 154.000.000 төгрөгөөр зарна гэж, Д.Ө фэйсбүүк цахим сүлжээгээр автомашинуудын зураг явуулаад, яаралтай мөнгөний хэрэг болчихлоо, та маргааш болтол 300.000 төгрөг зээлдүүлчих гэж тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, Э.Бгаас 2021 оны 11 дүгээр сарын 11, 14, 22-ны өдрүүдэд 4.480.000 төгрөгийг, И.Пгээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг, Д.Өоос 2022 оны 01 дүгээр  сарын 07-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус өөрийн ХААН банкин дахь *****************, *****************тоот дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 9.780.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

1. Шүүдэгч Б.Д нь Э.Бд ***************** дугаартай Приус 30 маркийн машиныг хямд үнээр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж 4.480.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

 

-Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур Салхитын мөнгөний уурхайд цахилгаанчнаар орсон. Миний уг ажилладаг газар Б.Д гэх залуу технологийн ажилтан хийдэг байсан... Гэтэл 2021 оны 10 дугаар сарын эхээр надтай уулзаад гааль дээр кровн маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм, гаалийн мөнгө дутаад байна чи надад 600.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээч гэж авсан. Тухайн үед дээрх мөнгийг би Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны *****************дугаарын данснаас Б.Дын надад өгсөн данс болох Хаан ,банкны *****************дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа мөнгөө асуутал надад бэлэн мөнгө байхгүй байна. Би банк бус санхүүгийн байгууллагаас ***************** улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр авч байгаа. Өөрийнхөө нэр дээр шилжүүлэхэд мөнгө дутаад байна ихэнх мөнгийг нь би өгчихсөн байгаа хэрэв хоёулаа уг машиныг миний нэр дээр шилжүүлээд авчихвал хоорондоо хувь гэрээ хийгээд уг машиныг чи авчих гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд түүнээс хойш надаас нийт 5 удаагийн гүйлгээгээр 3.380.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөнүүдийг тээврийн хэрэгслээ шилжүүлэх гэж байна. Оношилгоонд оруулах гэж байна, засвар хийх гэж байна гэх зэрэг шалтгаанаар авсан. Би түүнд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн нэр дээрх данснаасаа 2.430.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр түүний ХАА банкны *****************дугаарын данс руу шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.450.000 төгрөгийг мөн дээрх данс руу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо ***************** тоот гэртээ байхдаа шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 9/,

 

-Гэрч Г.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Покер гээд олон улсын покерын сайтад би өөрөө орж тоглож хожсон мөнгөө Покер стар тоглодог монголчуудын группэд зарахаар байрлуулсан шиг санагдаж байна. Тэгээд надаас коммент хэлбэрээр тоглох гээд доллар худалдаж авсан байх гэж бодож байна. Тэрнээс би Б.Д гэх хүнтэй холбоо барьж уулздаг асуудал байхгүй. Уг сайт дээр тоглож доллар хожсон хүмүүс бие биедээ доллароо төгрөгөөр зардаг юм” гэх мэдүүлэг /хх-н 13/,

 

-Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Э.Б гэх залуутай хамт ажиллаж байсан. Түүнд тээврийн хэрэгсэл авч өгнө гэж хэлээд 4.480.000 төгрөгийг өөрийн болон бусад хүмүүсийн дансаар авсан нь үнэн... би түүнд 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

-Бичиг баримтад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, Э.Бн ХААН банкин дахь депозит дансны хуулга /хх-ийн 53, 55/,

 

-Б.Дын эзэмшлийн ХААН банкны *****************дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 59-63/,

 

2. Шүүдэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан орд” хотхоны 6 давхарт байрлах байрыг 154.000.000 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

 

-Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст И.Пгээс хандаж гаргасан өргөдөл, хавсралт /хх-ийн 81-93/,

 

-Хохирогч И.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сараас хойш байр худалдаж авахаар хайж байгаад Б.Д гэх хүнтэй танилцаж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай хаяг тоотыг тодорхой хэлж мэдэхгүй байрыг үзүүлэхэд нь худалдаж авахгүй талаар хэлэхэд манай ахын байр байгаа юмаа баталгаатай гэж мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Алтан орд хотхоны 6 давхрын байр гэж зураг явуулахад нь очиж үзье гэж хэлэхэд үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа үзэх боломжгүй 2022 оны 01 сарын 15-ны өдөр суллаж өгөхөөр нь шууд орох боломжтой талаар хэлж урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгөх юм өөр хүнд худалдан борлуулалгүй 154.000.000 төгрөгөөр чамд гэж өөрийн бүх мэдээллийг явуулсан учир итгэж *****************тоот данс руу өөрийн *****************тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 99-100/,

 

-Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Хаан банкны *****************тоот дансыг эзэмшиж ашигладаг. Би мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгийг олж авахын тулд өөрийн Б.Д гэх фейсбүүк хаягаас хямд байр зарна гэж худал зар байршуулахад И.П гэх хүн холбогдож хаана байршилтай, ямар байр худалдах вэ гэж асуухад нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан орд” хотхонд 3 өрөө байр байгаа гэхэд худалдаж авья гэж хэлээд миний *****************тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн... Покер стар нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглож алдсан... өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/,

 

3. Шүүгдэгч Б.Д нь Д.Өод фэйсбүүк цахим сүлжээгээр автомашинуудын зураг явуулж “яаралтай мөнгөний хэрэг болчихлоо, та маргааш болтол 300.000 төгрөг зээлдүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Д.Өоос хандаж гаргасан өргөдөл, хавсралт /хх-ийн 126, 127/,

 

-Хохирогч Д.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэгээд хэсэг хугацааны дараа миний 98117378 дугаарын утас руу 80156358 дугаарын утаснаас залгаад та машин худалдаж авах гэж байгаа юм уу, орой зарах машин үзүүлье гэж хэлэхэд нь хүлээн зөвшөөрөхөд Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт Ланд 200 загварын улсын дугаарын санахгүй байна тээврийн хэрэгслийг авч ирээд үзүүлэхэд таалагдахгүй байгаа талаар хэлэхэд маргааш би танд өөр машин үзүүлье гэж хэлээд явсан. Харин маргааш нь буюу 2022 оны 01 сарын 07-ны өдөр нөгөө залуу миний фэйсбүүкийг авч Б.Д гэсэн өөрийн хаягаас нэлээн олон машины зураг явуулаад үзэх үү гэж асуухад нь завгүй байсан учир үзэж амжаагүй. Орой нь нөгөө машин зардаг залуу над руу байнга залгаж яаралтай мөнгөний хэрэг болчихлоо та маргааш болтол 300.000 төгрөг зээлчих гэж хэлэхээр нь хүлээн зөвшөөрч Хаан банкны *****************тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлчхээд маргааш нь холбогдоход дансаа явуулчих гэхэд нь дансаа явуулахад миний мөнгийг өгөлгүй сүүлдээ утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 133/,

 

-Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би KHANN авто машины зуучлалын газарт ажиллаж байхдаа машин худалдаж авахаар уулзаж танилцсан Д.Ө гэдэг хүний Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 120.000.000-130.000.000 төгрөгийн хооронд олуулахаар миний ХААН банкин дахь *****************тоот данс руу шилжүүлэн 300.000 төгрөгийг Д.Ө гэдэг хүнд машиныг нь олж өгөлгүй, өөртөө захиран зарцуулж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Иймд шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11, 12 дугаар саруудад, 2022 оны 01 дүгээр сард хохирогч Э.Б, И.П, Д.Ө нарыг хямд үнээр машин зарна, орон сууц зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж нийт 9.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүх шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын урьд цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохоор шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас 9.780.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бд 4.480.000 төгрөгийг, хохирогч И.Пд 5.000.000 төгрөгийг, хохирогч Д.Өод 300.000 төгрөгийг тус тус олгохоор шүүх шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлөхөөр хуульд заасан завсарлага авсан хугацаанд хохирогч нарын хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 93 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Дыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, түүнийг хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Дын урьд цагдан хоригдсон 93 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР