Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦ

2022         12             25                                      2022/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 185/2022/0009

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар, хяналтын прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгч  Н.З  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.З д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Н.З  нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Коребул нэртэй ресторанд хохирогч Э.Л гийн үйлчлүүлэх үедээ “00”-ийн өрөө орохдоо 1.700.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 11 про загварын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.З  нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Коребул нэртэй ресторанд хохирогч Э.Л гийн үйлчлүүлэх үедээ “00”-ийн өрөө орохдоо 1.700.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 11 про загварын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,
  • Хохирогч Э.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойргийн орчимд байдаг Кореэбул нэртэй ресторанд хоёр найзынхаа хамт орсон. Тэгээд тухайн газарт сууж байгаад ОО-ийн өрөөнд нь орчхоод гараад ирсэн. Тэгээд үүдэнд сууж байсан ширээгээ солиод гол хэсэгт суусан. Тэгээд тухайн газраас гарахдаа үүдэнд тооцоо хийхдээ өөрийн эзэмшлийн ай фоне 11 про макс маркийн гар утсаа байхгүй байгааг мэдсэн... миний утас ID-тай тул нөгөө утсаараа үзэхэд 57-гийн буудал хавиар байж байгаад унтарсан байсан... би утсаа бүрэн бүтэн эсэхийг шалгаж авахад миний утсанд рессит хийсэн байсан. Миний утас дээр байсан зургууд хадгалсан дугаар аппликейшнууд болон бусад бүх зүйл устсан, кодыг нь гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 тал/,
  • Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 33-35 тал/,
  • Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-31 тал/,
  • Яллагдагч Н.З ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын эрүүгийн хэрэг уүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... ажлаас буух цаг болсон тул нойл орчихоод явах гэж байсан. Тэгээд нойл ороход утас байхаар нь юм бодолгүй авсан... цэнэг нь олоход 6 хувьтай байж байгаад гэртээ харих замд унтарсан. Гэртээ очиж цэнэглээд асаагаад үзэж байгаад санаандгүй пормат хийгдсэн. Тэр үед эд зүйл нь устсан байхаа тэгээд утсыг нь цэнэглэсэн ...” мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/,

- Шүүгдэгч Н.З ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 43 тал/

- Шүүгдэгч Н.З ын гэрлэлтийн бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 44 тал/,

-Шүүгдэгч Н.З ын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45 тал/,

- Шүүгдэгч Н.З ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 46 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад хохирогч нь өөрийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, анхаарал болгоомжгүй үйлдэл, шүүгдэгчийн хууль зүйн болоод ёс суртахууны мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.З  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.З  нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Коребул нэртэй ресторанд хохирогч Э.Л-гийн үйлчлүүлэх үедээ “00”-ийн өрөө орохдоо 1.700.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 11 про загварын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,  эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, шүүгдэгч Н.З ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” байна гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Н.З  нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан нь “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Н.З ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.700.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Л д 1.700.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 11 pro загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн талаарх эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 35 тал/ авагдсан байх бөгөөд хохирогч Э.Л гийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/ зэргээр шүүгдэгч Н.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.З  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

 

Шүүх шүүгдэгч Н.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 1 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялын саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.З  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зул-г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.З д анхааруулсугай.      

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7 Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  З.Жавхланжаргалт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ