Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

  

 

2022       01           03                                                   2022/ШЦТ/43

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                        Хэргийн индекс: 185/2021/0922/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Г.Ц , Б.Ц , тэдний өмгөөлөгч Л.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц , Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1909... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 12-1 тоотод байрлах иргэн Д.Г-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 190 кг үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч бусдад 1.141.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 Шүүгдэгч Г.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй..” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Улсын яллагчийн зүгээс:

Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өвлийн идэш гэж 2 үхэр гаргаад махыг нь зуслангийн байшиндаа авчирч тавиад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой ирж хэсэг мах аваад явсан юм, маргааш нь ирэх үед ширээн дээр байсан үхрийн 2 гуя, цул мах 190 кг орчим байсныг 2 давхрын цонхоор ороод хулгайлсан байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 26 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хэрэг гарсан байдлыг баримтжуулсан гэрэл зургууд /хх-ийн 21-23 тал/

 Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 63-64 тал/

 Гэрчээр Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байх цагийг сайн санахгүй байна, Сүхбаатар дүүргийн зуслангийн байшинд хулгай хийх зорилгоор Цэрэндавга бид 2 хамт явж байгаад автобусны буудлын хажуу талын 2 давхар дүнзэн байшин руу Г.Ц  орж үхрийн 2 гуя авч гарч ирсэн, Тэгээд би үхрийн 1 гуяыг өөрийн гэртээ ээж, аавдаа өгсөн, Г.Ц үлдсэн гуяыг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/

 Гэрчээр Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 12 дугаар гудамжинд хаяг байхгүй хашаандаа тус бүрдээ 2 давхар 2 том байшинтай урьд талын цэнхэр дээвэртэй байшин руу ороод 1 давхарт байсан ширээн дээрээс нь 2 ширхэг 2 том үхрийн гуя авсан, үхрийн гуяыг би өөрөө явсан.. Үлдсэн нэг гуяыг нь Б.Ц авсан, цагаан cap болох гэж байсан учраас бууз хийнэ гээд Б.Ц гэртээ авч орсонгэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/ зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Баярсайханы зүгээс:

Шүүгдэгч нарын хувийн байдлуудыг тогтоосон баримт /1хх-ийн 86, 194, 196, 231 тал/

Хохирогч Д.Г ын хохирол барагдуулсан талаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн “хохирлоо бүрэн хүлээн авлаа, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримт /2хх-ийн 230 тал/,

Мөн шүүгдэгч Г.Ц-н хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Ц ын гэрлэлтийн лавлагааны хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар уг гэмт хэргийг санаатайгаар учруулсан гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэх гэм буруугийн дүгнэлтийг гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Ц , Б.Ц  нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хулгайлах” гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэж хуульчилсан бөгөөд “хууль бусаар авсан” гэж бусдын хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдснийг ойлгоно, “нууцаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах-аар заасан байдаг.

            “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тул эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж  хэрэгсэл ашиглах, хаалга, цонх түгжээг эвдэх, цуургыг сугалах... зэргээр нэвтрэн орсныг ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нар нь иргэн Д.Г ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 190 кг үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч бусдад 1.141.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүх хуралдаанд болон хавтаст хэргээс шүүгдэгч нарын үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өвлийн идэш гэж 2 үхэр гаргаад махыг нь зуслангийн байшиндаа авчирч тавиад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой ирж хэсэг мах аваад явсан юм, маргааш нь ирэх үед ширээн дээр байсан үхрийн 2 гуя, цул мах 190 кг орчим байсныг 2 давхрын цонхоор ороод хулгайлсан байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 26 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хэрэг гарсан байдлыг баримтжуулсан гэрэл зургууд /хх-ийн 21-23 тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 63-64 тал/ зэрэг нотлох баримтуудаар

Шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 12-1 тоотод байрлах иргэн Д.Г ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 190 кг үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч бусдад 1.141.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг  нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх ” гэх бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Ц  махыг хашаа давуулан авч өгөхөд шүүгдэгч Б.Ц  авч улмаар таксинд ачиж, өөрийн Дэнжийн 1000-д байдаг гэртээ хүргүүлсэн, мөн тэндээс хувааж авсан үйл баримтаар тэд гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдэж болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ц-н хувийн байдал тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судлав: үүнд:

Шүүгдэгчийн Г.Ц-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 231 тал/,

Шүүгдэгч Г.Ц-н урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 194 тал/,

 Шүүгдэгч Б.Ц ын хувийн байдал тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судлав: үүнд:

Шүүгдэгчийн Б.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 196 тал/,

Шүүгдэгч Б.Ц ын урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 86 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  1 жилийн хорих ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байсан мөн хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус тус эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь зүйлүүдэд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг дурдан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарыг 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн сольж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Д.Г т учруулсан 1.141.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан талаар гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн /2хх-ийн 230 тал/ байх бөгөөд хэрэгт авагдсан бичгэн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ц , Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарыг 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны  07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ц , Б.Ц  нарт анхааруулсугай.      

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц, Б.Ц нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц, Б.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ