| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 171/2018/0273/Э |
| Дугаар | 0083 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 0083
Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Хэргийн индекс 171/2018/0273/Э Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М, Хохирогч Л.Г, Хохирогчийн өмгөөлөгч Д.Э, Шүүгдэгч Б.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Т Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б-д холбогдох, 1825004460301 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1998 онд Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тайгер” баарны гадаа Л.Г-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, Хохирогч Л.Г-н нэхэмжпэлийн шаардлагаас өмгөөлөлийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 5.400.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдан, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 293 дугаар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хохирогчийн шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр шийдвэрлэлгүй орхигдуулсан. Хохирогч Л.Г-н үүдэн гурван шүд унасан нэг шүд хөдөлгөөнтэй гэсэн онош гарсан. Энэ нь түүний өвчний картан дээрх эмчийн үзлэг оношлогоогоор батлагдаж байхад шүүх эмнэлэгт шүд хийлгэх үнэ 5.200.000 төгрөгийг жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн. Мөн хохирогч Л.Г өөрөөсөө төлбөр хийж 269.900 төгрөгний эмчилгээ хийлгэсэн байхад түүний энэхүү төлбөрийг яллагдагчаас төлсөн 270.000 төгрөгөнд оруулан тооцсон нь үндэслэлгүй байна. Хохирогчийн нэхэмжлэлд яллагдагчийн төлсөн 270.000 төгрөг огт ороогүй гэдгийг шүүх хурал дээр ярьсан бөгөөд энэ тал дээр яллагдагч тал маргадаггүй.., Мөн хохирол төлбөр төлөөгүй, буруугаа ойлгохгүй байхад түүнд оногдуулсан ял хөнгөгдсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.М дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тайгер” баарны гадаа хохирогч Л.Г-тэй маргалдаж, улмаар зодож түүний ...3 шүдийг унагаасан., нэг шүдний ганхалт., тархи доргилт., хамрын ясны хугарал., таславчийн муруйлт., нүүр, их биед зөөлөн эдэд олон тооны цус хуралт., зулгаралт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох: -Шүүгдэгч Б.Б-н ...Тэр орой зургуулаа 00 цагийн үед бааранд орж архи, пиво ууж бүжиглэж байхад Г намайг тохойгоороо цохьсон.., Гадаа гараад би өшиглөсөн чинь нүүрэнд оносон нь үнэн. Хохиролд 260.000 төгрөг төлсөн. Одоо гарах зардлыг нотлох баримт нь байвал төлнө.., гэсэн мэдүүлэг, -Хохирогч Л.Г-н: ...Б зарим үйлдлийг худлаа ярьж байна.Тэр намайг харанхуй руу татаад байхаар нь би дургүйцээд гараа татсан.., тухайн үед бол манай найзыг надтай андуураад аваад явсан юм билээ.., ирээд намайг “энэ нөгөө далчигнаад байсан бацаан байна” гээд байсан.., түүнийг энэ олон хүн байхад ийм муухай юм хийхгүй байх гэж бодсон..,нүүр лүү бас нуруу руу өшиглөсөн. Би цохиулахгүй гээд зууралдаад найзуудыг аваачээ гэтэл найзууд нь зодолдуул гээд хараад байсан.., салаад явж байтал эргэж хараад миний амруу өшиглөсөн..., миний үүдэн 3 шүд унасан. Одоо болтол бусад шүд хөдөлгөөнтэй байгаа.. нийт 5.900.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд имплант шүд хийлгэхэд 5.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, эм тариа болон рентгин зурагны мөнгө 200.000 төгрөг, такси үйлчилгээний хөлс зэрэг багтсанаас 270.000 төгрөг төлсөн, өмд, цамцаа нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг., гэрч А.Б, Б.А, Д.Э нарын мэдүүлэг, -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны 479 дугаартай: .... Л.Г биед 3 шүд унасан, нэг шүдний ганхалт, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, их биед зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүссэн.., Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн.., Нэг цаг хугацаанд үүссэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.., Гурван шүд унасан, нэг шүдний ганхалт, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад зөөлөн эдийн гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.., хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт 10% байна..., гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д хуульд заасан ял оногдуулжээ. Анхан шатны шүүх хохирогч Л.Г хохиролд имплант шүд хийлгэх 5.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, эм, тариа, такси үйлчилгээний нийт 200.000 төгрөг нийт 5 900 000 төгрөг нэхэмжилсэнээс өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ, унааны нийт 5.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгчийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1.д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь зөв харин имплант шүд хийлгэх төлбөр болох 5.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д бусдын эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан этгээд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх тухай хариуцлагыг “үүрэг” болгон заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Г-г зодож үүний улмаас хохирогчийн 11., 12., 22 дугаар шүд буюу үүдэн 3 шүд булгарч унасан, 12 дугаар шүд ганхалт үүссэн., тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, их биед зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт үүсгэсэн бөгөөд шийтгэх тогтоол гарсан хууль зүйн үндэслэл нь “... хохирогчийн 3 шүдийг булгалж унагаасан...” гэх шинжээр тодорхойлогдож, шүүгдэгчийг “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, түүнд эрүүгийн хуульд заасан ял оногдуулсан байхад энэ үйл баримттай холбоотой хохирол, зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнээс гадна хохирогчид учирсан дээрх гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан., хохирогч нь бодит байдлыг гэрэл зургаар бэхжүүлж нотлох баримт болгож хэрэгт хавсаргасан., мөн хохирогч эрх бүхий эмнэлэгийн эмчид үзүүлсэн бөгөөд энэ тухай төлбөрийн баримт болон тухайн эмнэлэгийн албан ёсны тамга, тэмдэг бүхий эмчийн тодорхойлолт нь хуулийн шаардлага хангасан нотлох баримт байх тул хохирогчийн нэхэмжилсэн имплант шүд хийлгэх 5.200.000 төгрөгийн, мөн өмнө нь эмчилгээний төлбөрөөс дутуу төлсөн 108.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж, эмчилгээний төлбөр 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахдаа хугацаа тогтоогоогүй алдаа гаргасан байна. Иймд хохирогчийн өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын14-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 5., дугаар заалтыг: -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэж., -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д заасныг баримтлан хохиролд 108.000 төгрөг, үүдэн 3 шүд хийлгэх үнэ 5.200.000 төгрөгийг тус тус гаргаж хохирогч Л.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөлийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьсугай гэж., тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 6 дугаар заалтын ...бусдад төлөх төлбөргүй... гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2.Хохирогч Л.Г-н өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА Ц.ТУЯА