Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр, 

Улсын яллагч Н.Алтантүлхүүр,

Шүүгдэгч Б.Одонтунгалаг түүний өмгөөлөгч Э.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбаагийн Одонтунгалагт холбогдох эрүүгийн 201625030652 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн Одонтунгалаг: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, компьютерын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамж, 24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, РД:/УЧ89122201/

 

Шүүгдэгч Б.Одонтунгалаг /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ нь согтуурсан үедээ 2016 оны 03 сарын 12-13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж 130 тоотод бага насны /3 сартай/ хүүхдээ хөхүүлж байгаад хөхөөрөө дарж хайхрамжгүй хандсаны улмаас О.Азжаргалыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Одонтунгалагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Мөнх-Одын гэрт цай унд уучихаад юм ярьж байгаад гадагшаа гарч яваад дөрвөн шил пиво авч орж ирээд би нэг шил пивыг уугаад дараа нь хоол ундаа хйиж идчихээд юм ярьж сууж байгаад ороо засаад охиноо унтуулчихаад шөнө 01 цагийн үед охиноо хуурайлчихаад зурагт үзэж байгаад унтаж амарсан. Тэгээд би өглөө 06 цаг

өнгөрөөж босоод гадаа гарч бие засчихаад орж ирээд охиноо өнгөрснийг мэдсэн. Би өөрийн хүүгээ сүүндээ цацаж нас барсан байх гэж бодож байна. Өлгийдөж байгаад хажууудаа тавиад унтуулсан. Шөнө 03 цагт би хэвтэж байгаад талийгаачид мөөмөө 10-15 минут хөхүүлээд хажуудаа дээшээ харуулаад тавьсан. Өглөө босоход талийгаач нь өлгийтэйгээ бие нь хөшсөн байрны амаа ангайсан байдалтай, хамарнаас нь цагаан сүү шиг зүйл гарсан байсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. /хх 38-39, 40-41/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мягмарсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 03 сарын 11-ний өдөр манай охин Одонтунгалаг талийгаач охины хамтаар ..Улаанбаатар хотод гэртээ ирсэн. Тэр үед миний охин өөрийн найз Мөнх-Одын гэрт очиж хоноод ирье гэж хэлээд явсан юм. Тэгээд би шөнийн 01 цаг 50 минутын орчим Одонтугалагтай утсаар ярихад талийгаач мөөмөө идчихээд унтаж байна гэж ярьсан бөгөөд бид хоёр зүгээрээ гэж хэлсэн юм. Өглөө 06 цаг өнгөрөөд байж байхад манай охин Одонтунгалаг нь өөрийн талийгаач охиныг амьсгаа авахгүй байна аа гээд өөдөөс учиргүй уйлаад утсаар ярьсан. Одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. гэсэн мэдүүлэг /хх 21-22/

 

Гэрч Б.Мөнх-Одоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 03 сарын 11-ний өдөр 14 цагийн орчим манай найз Одонтунгалаг над руу утсаар яриад найз нь танай гэрт очлоо шүү тосоорой гэж хэлсэн юм. ..би дэлгүүр орж 1 жижиг пиво авчихаад бид 2 мартын 8-аар уулзаагүй юм чинь ганц хоёр пиво ууя гэж яриад уг пивыг ууж дуусчихаад орой хоолоо хийхээр болсон. ..хоолоо хийж идчихээд найзтайгаа юм яриад сууж байгаад дэлгүүр хаахаас өмнө гарч ганц хоёр пиво аваад ирье гээд гэрээсээ гарсан. ..дэлгүүр ороод 3 шил пиво аваад орой 22 цагийн орчимд манай найз өөрийн талийгаач хүүгээ орон дэлгүүр өлгийдөж унтуулчихаад бид хоёр юм ярингаа 3 шилтэй пиво хувааж уугаад ярьж сууж байхад 01 цаг болж байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад манай найз Одонтунгалаг миний хүүхэд хөдлөхгүй байна гээд орилоод байхаар нь 103 дуудсан. Өглөө очоод харахад өлгийтэйгээ дээшээ хараад хэвтсэн байрлалтай байхаар нь би очоод гар дээр доошоо харуулж байгаад ар нуруу луу нь гараараа тогшсон юм. Тэр үед хамарнаас нь цагаан сүү мэт зүйл гарсан гэсэн мэдүүлэг. /хх 23-24/

 

Шинжээч эмч Б.Болормаагийн: ходоодонд байх агууламж буюу сүү тултал болон бөөлжүүлэх явцад амьсгалын зам руу орж амьсгалын хурц дутагдалд орсон гэж үзсэн гэсэн мэдүүлэг /хх 27/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн ¹516 дугаартай дүгнэлтэнд: Талийгаач нь амьсгалын дунд болон доод зам гадны биетээр /сүү/ бөглөрсний улмаас амьсгал бүтэж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь АВ /4/ бүлгийн цустай байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй гэсэн дүгнэлт /хх 28-31/

 

Шүүгдэгч Б.Одонтунгалагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 44/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 45-46/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн баримт /хх 50/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 32/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн ¹516 дугаартай дүгнэлт /хх 29-30/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6, 8/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Одонтунгалаг нь 2015 оны 12 сарын-16 ны өдөр төрсөн 3 сартай охин О.Азжаргалын хамт 2016 оны 03 сарын 12ноос 13-нд шилжих шөнө найз Б.Мөнх-Одын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж 130 тоот гэрт нь очиж хоноод, өглөө сэрэхэд нь О.Азжаргал дээшээ харсан, ам нь ангайсан, сүү мэт цагаан зүйл гарсан байдалтай нас барсан байсан болох нь шүүгдэгч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Одонтунгалагийг хүүхдээ хөхүүлж байгаад хөхөөрөө дарж хайхрамжгүй хандсаны улмаас болгоомжгүй алсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд улсын яллагчаас хөхөөрөө дарсан баримт хэрэгт байхгүй, гэвч шүүгдэгч Б.Одонтунгалаг нь хүүхдээ цадтал хөхүүлж дээш харуулан тавьсан болгоомжгүй үйлдлийн улмаас хүүхэд нас барсан гэж ялласан.

 

Шинжээчийн дүгнэлт болон шинжээчийг асуусан тэмдэглэлд талийгаач амьсгалын дутагдалд орж нас бараагүй, амьсгалын дунд болон доод замд сүү орж бөглөрсний улмаас амьсгал бүтэж нас барсан болох нь тогтоогдсож байна.

 

Шүүгдэгч Б.Одонтунгалагийн хүүхдээ хөхүүлж өлгийдөн дээш харуулан унтуулж байгаа үйлдэл нь зүй ёсны буюу хүн, амьтаны төрөлхийн жам ёсны үйлдэл юм. Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай үйлдэл биш, энэ үйлдлийн улмаас бусдад хор уршиг учрахгүй. Харин энэ хэргийн тохиолдолд эхийн ямар нэг үйлдлийн оролцоогүйгээр талийгаач унтаж байгаад сүүндээ хахаж /гулгиж/ нас барсан байгаа болох нь дээрхи баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгчийг “согтуурсан үедээ” гэж ялласан боловч шүүгдэгч болон гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч нэг шил пивоноос балгасан, 3 шил пивыг нь гэрч Б.Мөнх-Од уусан, түүний дараа хоол хийж идээд, юм ярьж байгаад унтсан гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч балгасан пивондоо согтсон эсэх, согтсон бол хэмжих багажаар хичнээн хувийн согтолттой байсан зэргийг нягтлаж шалгаагүй байгааг дашрамд дурдах нь зүйтэй.

Иймд Б.Одонтунгалагт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэлээ. Энэ тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж, гомдол гаргах эрхийг нь талбарлаж өгөх нь зүйтэй гэж үзэв.

Б.Одонтунгалаг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбаагийн Одонтунгалагт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Одонтунгалагийг  цагаатгасугай.

 

2. Б.Одонтунгалаг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж Б.Одонтунгалагт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

4. Энэ тухай хохиролгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мягмарсүрэнд мэдэгдэж, гомдол гаргах эрхийг танилцуулахыг шүүгчийн туслах Б.Нямжавт даалгасугай.

 

5. Б.Одонтугалаг болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР