Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0980/з |
Дугаар | 221/МА2016/0532 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2016/0532
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 413 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг “******* групп” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаарт, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг “******* групп” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046689 дугаарт тус тус бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг “******* *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, “Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046689 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “******* *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: “1. Захирамжид дурдсанаас өөр гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 893 дугаар “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” захирамжид /хэргийн 97-98 дугаар хуудас/ “*******” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах, “*******” ХХК-нд захирамжийн хувийг танилцуулах, эрх, үүрэг тайлбарлахаар захирамжилсан байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хэргийн 1-2 дугаар хуудас/ “*******” ХХК болох талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, мөн гуравдагч этгээдийн талаарх мэдээллийг “*******” ХХК гэж хаягласан байна.
Гэвч “*******” ХХК биш, харин “******* групп” ХХК хэргийн 99 дүгээр хуудас/-ийг шүүхэд дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан /хэргийн 100-102 дугаар хуудас/ нь хууль зөрчсөн байна.
Шүүхийн үйл ажиллагаа бүр ардаа эрх зүйн үр дагавар үүсгэж, бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж байдгийн хувьд нягт нямбай, тов тодорхой байх хууль, шударга ёс шаарддаг.
Иргэн Цэцэг, Цэцэгмаа, Цэцгээ гурав өөр. Тэгвэл Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдүүд энэ маягаар оноосон нэрээрээ ялгагддаг гэж бид үзэж байна. Ийм шаардлагыг хангаж чадахгүй шүүхийн шийдвэрийг бид ч, нийгэм ч хүлээн зөвшөөрөхгүй.
А. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуульд хэрэглэсэн нэр томьёог ойлгох утгыг хуульчилсан байх бөгөөд 3.1.2-т “ “хуулийн этгээдийн нэр” гэж улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулсан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг” хэлнэ гэж хуульчилсан байна.
Б. Иргэний хуулийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж хуульчилсан.
В. Мөн Иргэний хуулийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж тус тус хуульчилсан байна.
Тэгвэл улсын бүртгэлд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “******* групп” ХХК бүртгэгдсэн болох нь хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Г. Компанийн тухай хуулийн 10.2-т “Компанийн оноосон нэр нь бусад компани өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно” гэсэн зохицуулалтыг хуульчилсан байна.
Иймд “*******” ХХК гэх оноосон нэр бүхий хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар захирамж гаргасан боловч “******* групп” ХХК-ийг дуудан ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн байна.
2. Захиргааны актын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тухайд:
Иргэний хуулийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж хуульчилсан байна.
Хэргийн 25, 51 дүгээр хуудсан дахь баримтуудаас харахад “******* групп” ХХК нь 2013 оны 01 дүгээр 30-ны /хугацаа 1/ өдөр Улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөн, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Тэгвэл энэ асуудлаар “******* *******” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр /хугацаа 2/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан хүсэлт гаргасан. /урьдчилан шийдвэрлүүлэх гомдол/ байдаг бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн /хугацаа 3/ 11571 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.
Харин “******* *******” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр /хугацаа 4/ шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дээр ийнхүү хугацаа тус бүрийг тодорхойлон бичиж байгаагийн шалтгаан нь “******* *******” ХХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заагдсан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заагдсан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.8-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хууль бус захиргааны акт гарснаас хойш 2 жил 6 дугаар сарын дараа урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан, дээд шатны захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлснээс хойш 30 хоног биш 3 сар 2 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн байна.
3. Нэхэмжлэгч тал үйл явдал, захиргааны актын талаар мэдэж байсан. мэдээлэлтэй байсан тухайд:
Иргэний хуулийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалтыг хуульчилсан байна. Тэгвэл нэхэмжлэгч “******* *******” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэл, түүний маргааны үндэслэлийн талаар мэдээлэлтэй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар аль эрт хангалттай их хэмжээний мэдээлэлтэй байсан.
Тодруулбал, “******* *******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа Б.Эрдэнэбилэгийн /хэргийн 107 дугаар хуудас/ гомдлоор 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Н.*******т Эрүүгийн хуулийн 233.2 дахь хэсэгт зааснаар 201201011632 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн Н.*******ийг “...Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 70 хаягт байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгийг “******* групп” компани руу шилжүүлж, шинээр Ү-2204046688, Ү-2204046689 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авч, “******* *******” ХХК-ийн өмчийг залилан авсан” гэсэн үндэслэлээр шалгасан.
Өөрөөр хэлбэл, “******* *******” ХХК болоод түүний үүсгэн байгуулагч гэх Б.Эрдэнэбилэг нар нь аль эрт буюу 2012, 2013 онуудад ч улсын бүртгэлийн асуудлыг үнэн зөв, хууль бус эсэхийг мэдэж байсан байна.
Гэвч бүртгэлтэй холбоотой гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж байгаагүй бөгөөд энэ талаараа шүүхэд ч нэхэмжлэл гаргаж байгаагүй. Улмаар эрүүгийн хэрэгт амжилт олохгүй боллоо гэдэг дохио авснаар өөр арга, боломжит хувилбар хайсан нь уг захиргааны актын талаар мэдээгүй байсан мэтээр 2015 оны 07 дугаар сард Улсын бүртгэлийн байгууллагад, 2015 оны 12 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд тус тус хандсан. Шүүх бусдын бусармаг арга, заль мэхийг баталгаажуулагч байх ёсгүй. Ийм ч учраас Иргэний хуулийн 3.7-д хууль хэрэглээний, түүний талаарх мэдлэг, үр дагаврын талаар зориуд хуульчилсан гэж бид үзэж байна.
Үндэсний хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсанаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага үндэслэлтэй, үндэслэлгүй ямар ч асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, маргаан үүсгэх эрхтэй байж болох ч гагцхүү хуулийн шаардлага бол гаргаад байгаа нэхэмжлэл, үүсгээд байгаа маргаан нь үндэслэлтэй эсэх, бичээд, тайлбарлаад байгаа зүйл нь үнэн, зөв эсэхийг дараа нь ярина, шүүн хэлэлцэнэ. Харин үүнээс өмнө ингэж нэхэмжлэл гаргах, маргаан үүсгэхдээ хуулиар тогтоож өгсөн хугацаанд хандсан байна уу, хуулиар хязгаарласан хөөн хэлэлцэх хугацааны шаардлага хэрхэн хангагдсан байгааг нягтлах ёстой юм.
Эцэст нь Иргэний хуульд 3.7-д зааснаар “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зарчим үйлчилдэг хуулийн орчинд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хязгаарыг зөрчиж, эсвэл хэрэв эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол гомдол гаргах, асуудал тавих, маргаж болох боломжит бүхий л хугацааг өнгөрүүлсэн явдал нь “******* *******” ХХК-ийг буруутгах хангалттай үндэслэл юм.
Иргэний хуулийн 25.5, 25.1-д зааснаар эрх зүйн байдал нь хуулиар тогтоогдсон, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг өөрөө хариуцдаг-зохион байгуулалтын нэгдлийн хувьд эрхээ эдлэх хуулийн боломжийг хэрэгжүүлээгүйн хариуцлагаас чөлөөлөгдөх ямар ч боломжгүй юм.
4. Шүүх үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн байх магадлалын тухайд:
Хэргийн 28 дугаар хуудсанд байгаа “******* *******” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 013/0016 “Тодорхойлолт гаргах тухай” албан бичигт үндэслэгдэн өмчлөх эрх “******* групп” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн талаар шүүгч захирамжийн үндэслэх хэсэгтээ бичсэн байна.
Тэгвэл хэрэгт байгаа бусад баримтуудаас харахад “******* групп” ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн албанд хандсан. /хэргийн 25, 61 дүгээр хуудас/.
Мөн “******* групп” ХХК-нд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 000234824, 000234825 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна /хэргийн 51 дүгээр хуудас, 87 дугаар хуудас/. Өөрөөр хэлбэл, 2013 дугаар сарын 02 дугаар сарын 01-ний өдөр /лхагва гариг/ Н.*******, “******* *******” ХХК 013/0016 дугаар албан бичиг өгөхөөс 2 хоногийн өмнө буюу 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр /баасан гариг/ улсын бүртгэл хийгдсэн байна.
Иймд шүүгчийн дүгнэсэнчлэн “******* *******” ХХК-ийн 2013 дугаар 02 дугаар сарын 01-ний өдрийн 013/0016 дугаар Тодорхойлолт гаргах тухай албан бичигт захирал Н.******* гэж гарын үсэг зурсан байх ба энэ тохиолдолд бүртгэлийн байгууллага Н.******* нь “******* *******” ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг компанийн дүрэм, компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудад үндэслэн нягтлан шалгах ёстой байжээ” гэсэн дүгнэлт нотлох баримтад нийцээгүй байна.
Тэгвэл хэргийн материалд байгаа бусад баримтууд болох хэргийн 39, 72 дугаар хуудсан дахь 2012 оны 08 дугаар 31-ний өдөр “******* групп” ХХК-нд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /40-42, 73-76 дугаар хуудас/, кадастрын зураг /44, 77 дугаар хуудас/ зэргээс харахад газрын эзэмшигчид түүн дээр баригдсан барилгын өмчлөх эрхийг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг буруутгах боломжгүй байна.
5. Нотлох баримтын шаардлагын талаар:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Улсын дээд шүүхийн 2009 оны 30 дугаар тогтоол зэргээс харахад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын тухайд өөрийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн нь хууль зөрчсөн, нотлох баримтын үнэн зөв эсэхэд эргэлзээг үүсгэж байна гэж бид үзэж байна. Энэ талаар хуулийн шаардлага хэрхэн хангагдсаныг анхаарч үзнэ үү. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар 31-ний өдрийн 413 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарын зам 70, 70/1 дугаар хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага “******* групп” ХХК-ийн өмчлөлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 /Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө/, 14.1.1 /мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол/, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1 /улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах/, 11.5.3 /энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах/ дахь заалтыг зөрчсөнөөс мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь “******* групп” ХХК болох нь баттай нотлогдоогүй, “******* *******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хүсэлт гаргаагүй байхад хуурамч баримтыг үндэслэн тухайн бүртгэл хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Харин анхан шатны шүүх “******* групп” ХХК-ийн өмчлөгчөөр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг “******* *******” ХХК-аас өөрийн нэр дээр бүртгүүлэхээр шаардлагатай бичиг баримтууд, түүний дотор өмчлөгч болохыг баттай нотолсон баримтыг хавсарган хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, иргэн Н.*******, Б.Эрдэнэбилэг болон “******* *******” ХХК-ийн хооронд дундын өмчлөлийн болон бусад эд хөрөнгөтэй холбоотой маргаан иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа зэргийг харгалзалгүйгээр шууд “******* *******” ХХК-ийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэхийг даалгасан нь буруу бөгөөд энэ нь дээр дурдсан хуулийн заалтуудад нийцэхгүй байна.
Зүй нь шүүх нэхэмжлэгчийн өмчлөгч болох нь баримтаар баттай тогтоогдохгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлээс “эс үйлдэхүй байгаа болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох байжээ.
Тиймээс гуравдагч этгээдийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүх гуравдагч этгээдийг татан оролцуулахдаа нэрийг буруу бичсэн боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул эдгээр асуудлаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 413 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70, 70/1 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг “******* групп” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688, Ү-2204046689 дугааруудад бүртгэсэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг “******* *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046689 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “******* *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР