Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Г.О,                                              

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.О холбогдох эрүүгийн 2024000000067 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, .......... оны ............. дугаар сарын 10-нд ...........н аймгийн .......... суманд төрсөн, ....... настай,*******, .............. боловсролтой,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,___. аймгийн ... сумын............ багийн Х......... хорооны ................ тоотод оршин суух хаягтай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар .................... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогтой Г.О.

                                        Холбогдсон хэргийн талаар:

                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цэнгэлийн хэсэг 703 тоот хашаанд байрлах иргэн Г.Н эзэмшлийн хувийн орон сууцны хаалганы цоожийг эвдэж дотогш нэвтрэн орж Самсунг /Samsung/ маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Н мөрдөн байцалтын ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад сумын төвөөс манай хамаатны ах ******* над руу утсаар залгаад байшингийн чинь хаалга онгорхой хулгай орчихсон юм шиг байна хүрээд ир гэсэн. Тэгээд би хөдөөнөөс сумын төв руу орж ирээд Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах байшиндаа яваад очтол таамбарын болон дотор талын хаалга онгорхой, цоожийг нь мулт цохиод онгойлгочихсон бололтой байсан. Тэгээд гэртээ ортол хойморын өрөөнд байдаг Самсунг маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт алга болсон байсан, тэгээд энэ талаар цагдаад мэдэгдсэн. Би 2019 онд 700.000 төгрөгөөр авч байсан. Жижиг хэмжээтэй цагаан өнгийн цоожоор цоожилсон байсан уг цоожийг хөшиж цохьсон бололтой байсан. Би цоожийг 5,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 63-р хуудас/

 Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би шүүхийн хамгаалалтанд ажиллаж байгаад ажлаа тараад шүүхээс гараад шүүхийн хойд талын “МТ” шатахуун түгээх станцын хажуугаар гарч явтал Г.О 32 инчийн Самсунг маркийн хар өнгөтэй зурагт тэврээд зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Би очиж Ц.О-г хэний эзэмшлийн зурагтыг хаашаа авч явж байгаа талаар тодруулахад бага зэрэг халамцуу /архи үнэртүүлсэн/ манай зурагт байгаа юм, би ченж Гээнээд 80.000 төгрөгний өртэй, уг зурагтыг өрөндөө өгөх гэж байгаа юм гэж байсан. Би Г.О-г урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлэж байгаад 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хяналтанд байгаа гэдгийг мэддэг болохоор Г.О-г цагдаагийн хэлтсийн жижүүрт хүргэж өгсөн. 32 инчийн Самсунг маркийн зурагт байсан бөгөөд тухайн зурагт нь суурь хэсгээрээ бага зэрэг гажиж хөдөлгөөн орсон бололтой байсан. Намайг энэ талаар асуухад Г.О би гэрээсээ авсан, ченж Г-д 80.000 төгрөгний өрөндөө өгөх гэж байгаа юм гэж хэлсэн, тэгэхлээр нь чи Г-н дугаарыг өгчих, би асуугаадхая гэж хэлтэл би худлаа хэлсэн юм, би А ахын хаалгыг хөшиж ороод авчихсан юм гэж хэлсэн. 18 цаг өнгөрч байсан байх цагийг нь  нарийн сайн санахгүй байна. Шүүхийн хамгаалалтанд ажиллаж байгаад ажлаа тараад харих гээд явж байсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 66-р хуудас/

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр томилогдон ерөнхий жижүүрээр гарч үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Энэ өдөр 18 цагийн орчимд хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Э жижүүр дээр Г.О-г дагуулаад орж ирсэн. Г.О нь Самсунг маркийн 32 инчийн зурагт барьчихсан байсан. Б.Э түүнийг надад хүлээлгэж өгөхдөө Г.О-г хулгай хийсэн байж болзошгүй байна гэж хэлсэн. Би өмнөх хоногуудын мэдээг шүүж үзэхэд 32 инчийн зурагт хулгайд алдагдсан талаар гомдол мэдээлэл бүртгэгдээгүй, мөн тухайн өдөр 32 инчийн зурагт хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл ирээгүй байсан учраас Г.О-т зурагтыг нь өгөөд гэр рүү нь буцаасан. Түүнээс хойш 1 цаг гаруй хугацааны дараа буюу 19 цаг 26 минутанд иргэн Г.Н-с “Тосонцэнгэл сумын Хайрхан баг Цэнгэлийн 7-703 тоот хаягт байх манай байшинд хулгай орсон байна шалгаж өгнө үү гэх гэмт хэргийн шинжтэй мэдээлэл ирсний дагуу мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Ж-р ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж жижүүрт танилцуулахад иргэн Г.Н-н гэрээс 32 инчийн, Самсунг маркийн зурагт хулгайд алдагдсан байсан учраас оройн эргүүлүүдэд Г.О-г олж ирэх талаар үүрэг чиглэл өгч гаргасан. Тухайн өдөр Г.О нь өөрийн оршин суух хаягтаа байхгүй байсан учраас олдоогүй. Тухайн зурагт нь суурь хэсгээрээ бага зэрэг гажиж хөдөлгөөн орсон бололтой, 32 инчийн, Самсунг маркийн, хар өнгөтэй зурагт байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 71-р хуудас/

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд нагац дүү Г.Н-н хашаа руу харсан чинь байшингийнх нь таамбарын цоож байхгүй болчихсон байхлаар нь хашаа руу нь ороод хартал байшингийнх нь таамбарын хаалганы цоожийг цохиод онгойлгосон бололтой газар унагачихсан байхлаар нь дотогш ороод хартал тэдний хойморийн том өрөөнд нь байдаг Самсунг маркийн хар өнгөтэй зурагт нь байхгүй болчихсон байхлаар нь Г.Н руу утсаар залгаж танайд хулгай орж зурагт чинь алга болсон байна, таамбарын хаалга чинь онгорхой байна ирж үзээд цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Таамбарын хаалганы цоожийг нь цохиж онгойлгосон бололтой цоож болон цүү нь салчихсан газар унасан, таамбарын хаалгыг нь түлхээд хаачихсан байсан. 2021 оны 03 дугаар сард Г.Н-х хөдөө гарснаас хойш тэдний байшин эзэнгүй байгаа, харин би байшинг нь өдөрт 1-2 удаа эргэж тойрдог байсан. Самсунг маркийн 32 инчийн зурагт л харагддаг байсан, би содон шинж тэмдэг гэх зүйлийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 73-р хуудас/

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хүмүүс Г гэж дууддаг, намайг ченж хийдэг болохоор зарим хүмүүс ченж Гээнээ ч гэж дууддаг юм.  Г.О нь надад зурагт өгөх талаар ярьж хэлж байгаагүй. Одоогоос 3 жилийн өмнө Г.О надаас 70,000 төгрөгний үнэ бүхий бакалан гутал авчихаад мөнгийг нь өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/,

            Завхан аймгийн хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн: “...Самсунг маркийн 32 инчийн зурагт. 400,000 төгрөг. Жижиг хэмжээтэй цоож 5,000 төгрөг...” гэсэн эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт

            Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаартай: “...Самсунг маркийн 32 инчийн зурагт, нэг ширхэг 400,000 төгрөг. EXBAG SOLIE top security гэсэн бичиглэлтэй 5 см өргөнтэй төмөр цоож  нэг ширхэг, 5,000 төгрөг...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох:

Гэрч  Ж.Д-н  мөрдөн  шалгах  ажиллагаанд  өгсөн: “... Ялтан Г.О нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл манай хэлтсийн хяналтанд байгаа Г.О Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021  оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/142 дугаартай захирамжаар өмнө шийтгүүлсэн 02 жил 01 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялыг 01 жил 05 хоногийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ялаар сольж манай хэлтэст ирж хяналтад орсон. Г.О нь хяналтад байх хугацаандаа цахим бугуйвчийг 24 цагаас дээш хугацаагаар 2 удаа унтраасан. Зөвшөөрөгдсөн бүсээс 2 удаа гарсан. Өөрийн гэх холбоо барих утас байхгүй. Түүний ахынх болох 88464340 дугаарын утсаар холбогдож дуудан ирүүлдэг. Мөн Г.О оршин суух хаягийн бүртгэл дээр тогтмол байдаггүй...” гэсэн  мэдүүлэг,

            Гэрч Л.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...Ялтан Г.О нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл манай хэлтсийн хяналтанд байгаа Г.О Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021  оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/142 дугаартай захирамжаар урьд шийтгүүлсэн 02 жил 01 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялыг 01 жил 05 хоногийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ялаар сольж манай хэлтэст ирж хяналтад орсон. Г.О нь хяналтад байх хугацаандаа цахим бугуйвчийг 24 цагаас дээш хугацаагаар 2 удаа унтраасан. Зөвшөөрөгдсөн бүсээс 2 удаа гарсан. Г.О нь төлөвшил хүмүүжлийн хувьд тааруу, ихэнхи үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гадуур архи уугаад хаана байгаа нь тодорхойгүй болчихдог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,            

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/142 дугаартай шүүгчийн захирамж,  Г.О-н хувийн байдлын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тодорхойлолт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум  шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай болон 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөн шүүгдэгч Г.О нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би архи уучихсан Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Дэнж хорооллын орчим явж байгаад нэг нарийн гудамжаар орсон чинь хойшоо харсан улаан хүрэн өнгийн дааман хаалгатай хашаан дотор нэг цагаан байшин харагдсан. Хашааных нь заагаар хартал хашаа нь эзэнгүй байшин нь цоожтой байхаар нь хашааных нь модон хаалгаар дотогш ороод байшин руу нь очтол таамбарын хаалгыг жижиг хэмжээтэй цагаан өнгөтэй цоожоор цоожилсон байхаар нь модоор цохиж онгойлгоод дотогш орсон. Таамбарын хаалгаар дотогш ороход байшингийн хаалга нь онгорхой байхаар нь цаашаа том өрөө рүү нь ороод 32 инчийн Самсунг гэсэн зурагтыг аваад буцаад хаалгаараа гараад нөгөө зурагтаа тэврээд шүүхийн хойд талын “МТ” шатахуун түгээх станцын хажууд явж байгаад цагдаа Э-тэй таарсан. 32 инчийн Самсунг гэсэн бичигтэй хар өнгөтэй зурагт л авсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Би тухайн үед архи уучихсан нилээн согтуу байсан. Гэхдээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. Би тэдний байшингаас хулгайлсан Самсунг маркийн 32 инчийн зурагтаа хохирогчид буцаан өгсөн. Харин цоожных нь үнийг Г.Н-д өгсөн...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Г.О-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болохыг давхар нотолж байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Цэнгэлийн хэсэг 703 тоот хашаанд байрлах иргэн Г.Н-н эзэмшлийн хувийн орон сууцны хаалганы цоожийг эвдэж дотогш нэвтрэн орж Самсунг  /Samsung/ маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Г.О-н дээрх үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас Г.Н-д 405,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хохирогчийн өмчлөлийн 32 инчийн зурагтыг хохирогчид буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:

Хохирогч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, “...Надад учруулсан хохирлоо яллагдагч Г.О нь бүрэн барагдуулсан тул би яллагдагч Г.О-тай сайн дураараа, эвлэрсэн, одоо миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй,...” гэж бичиж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт,

шүүгдэгч Г.О-н мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би тэдний байшингаас хулгайлсан Самсунг маркийн 32 инчийн зурагтаа буцаан өгсөн.  Харин цоожных нь үнийг Г.Н-д өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл болох ба дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн, шүүгдэгч нь нийгмийн  харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цэнгэлийн хэсэг 703 тоот хашаанд байрлах иргэн Г.Н-н эзэмшлийн хувийн орон сууцны хаалганы цоожийг эвдэж дотогш нэвтрэн орж Самсунг / Samsung/ маркийн 32 инчийн зурагт хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч Г.О нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар  Г.О-н эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялыг 01 жил 05 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Харин энэ хэрэгт шүүгдэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 01 жил 05 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 283 хоногийг хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснээр 01 сар 07 хоног хоригдож энэ өдөр хүртэл хорих ялаа эдэлж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Г.О 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн буюу энэ өдрийн байдлаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас  эдлээгүй үлдсэн 08 сар 06 хоногийн хорих ял дээр  энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 02 жил 08 сар 06 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хүчинтэй бөгөөд хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.О нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байх ба цаашид энэ хэрэгт түүнээс гаргуулах хохирол, төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Шүүгдэгч    Х овогт Г.О-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах

зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х овогт  Г.О-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн  8 /найм/  сар 06  /зургаа/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 06 /зургаа/ хоногоор тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 8 /найм/, сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч  Г.О-т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчийн хорих ял эдлэх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үргэлжлүүлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Г.О-с энэ хэрэгт гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ