Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 186/2018/0055/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013420374 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ноён уул овогт Б.Г, 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 12а байрны 58 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин буюу 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/................................................/,

Шүүгдэгч Ноён уул овогт Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Сод монгол” шатахуун түгээх станцын эсрэг талын автомашины зам дээр иргэн Ч.Дэчингалсанг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2 найзтайгаа такси барих гээд явж байтал манай нэг найз машины урдуур орж зогсоогоод жолоочтой нь муудалцсан. Тэр 2-ыг салгах гэж очоод жолоочийг би цохьчихсон юм” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.Дэчингалсан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би тухайн өдөр машин хааж зогссон, 2 хүнтэй маргалдаж байх хооронд гуравдагч этгээд нь намайг цохисон. Уг гуравдагч этгээд намайг цохихдоо машины араас тойрч ирээд цохисон гэдгийг эхнэр Туул маань надад хэлсэн. Тухайн үед тархи хөдөлсөн, зүүн талын шанаа хөхөрч хавдсан байсан ..Тухайн үед үл таних 3 залуугийн хар юүдэнтэй куртиктай туранхайвтар залуу миний эрүүн тус газар цохиж гэмтээсэн. Нөгөө 2 залуу нь намайг цохиж зодоогүй ..2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороонд байрлах Содмонгол ШТС-ын эсрэг талын автомашины зам дээр зүс үл таних гурван залуу зам дагуу алхаж байгаад нэг залуу нь машины урд гэнэт зогсож би машинаа зогсоосон. Тэгээд тэр залуу бид гурвыг эндээс аваад гэрт хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би гэр бүлтэйгээ явж байна чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу миний машины жолооч талын дээд рам хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би та нар согтуу байна ингэж болохгүй гэж тэр залуутай маргалдаж байсан чинь нэг залуу нь хажуугаас гэнэт гарч ирээд миний эрүү хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгээд би газар унасан ..Би эмчилгээ хийлгэсэн зардал болох 150.000 төгрөг нэхэмжилж байна ..” гэсэн мэдүүлэг. /хх-16-20х/,

             Гэрч Б.Туул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Тэр гурван залуу манай нөхрийг бүлэглэн зодоогүй. Ганбат гэх залуу нь манай нөхрийн эрүүнд нь нэг удаа гараараа цохисон, нөгөө хоёр залуу нь манай нөхрийг цохиогүй ..харин манай нөхөртэй нөгөө хоёр залуу нь хэрэлдэж маргалдаад байсан ..” гэсэн мэдүүлэг. /хх-25-26х/,

              Яллагдагч Б.Г мэдүүлэхдээ: “..Ч.Дэчингалсан Балжиннямтай хэрэлдэж маргалдаад Балжиннямын хувцаснаас нь заамдаад байхаар нь миний уур хүрээд машины жолооч Ч.Дэчингалсанг нэг удаа баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон. ..Би Ч.Дэчингалсанг цохиж эрүүнд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг. /хх-40-41х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №14398 тоот дүгнэлтэд: 

  1. Дэчингалсангийн биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэсэн дүгнэлт. /хх-35/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ноён уул овогт Батбямбын Ганбат нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Сод монгол” шатахуун түгээх станцын эсрэг талын автомашины зам дээр иргэн Ч.Дэчингалсанг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Дэчингалсан өөрт учирсан гэм хорын хохиролд 150.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирлын талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед хавсаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ноён уул овогт Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН