Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        01          10                                     2022/ШЦТ/61

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс: 185/2022/0038/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Л.Н  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Н -д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хянан хэлэлцэв 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Л.Н  нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгай тоотод оршин суудаг иргэн н.Жудалдайгийн гэрт хохирогч Д.Б  бусадтай муудалцаж, агсам согтуу тавилаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь дээд баруун 2, зүүн 3 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Н гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н  нь мэдүүлэхдээ: “...гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа маргаантай зүйл байхгүй...” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, гэрч Ж.Сансарын мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/, гэрч Ө.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/, гэрч Ж.Баясгалангийн мэдүүлэг./хавтаст хэргийн 82 дугаар тал/,  гэрч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /84-85 дугаар тал/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ яллагдагч Л.Н гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/ хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Н  нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгай тоотод оршин суудаг иргэн н.Жудалдайгийн гэрт хохирогч Д.Б  бусадтай муудалцаж, агсам согтуу тавилаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь дээд баруун 2, зүүн 3 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгай тоот буюу хадам аавын гэрт баз болох Нямаагийн хамт очоод Нямаа тухайн өдөр 12-нд найр хурим болох гэж байна, чи манайд тус болоод өг, зах гарья гээд зах гараад хадмынд очсон, Тэгээд хадмын сууж байсан чинь юунаас болж маргалдсан талаар би санахгүй байна, би согтуу байсан, бөгөөд Нямаа эрүүл байсан, сууж байсан чинь миний нүүр руу Нямаа нэг удаа өшиглөсөн, тэгээд миний шүд хөдлөөд хамраас цус гарсан, уруул сэтэрсэн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/

 Гэрч Ж.Сансарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... орой 20 цагийн үед аавын гэрт нэг шил архи задлаад сууж байхад гаднаас манай хүргэн ах болох Л.Н , Д.Б  нар бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой орж ирсэн, хоёр ахад архи хундагалж өгсөн, тэр хоёр архи ууж байхдаа бие биеэ үгээр идээд хорыг нь малтаад байсан. сууж байснаа Д.Б , ах Л.Н  ахыг цохиод дээр нь дараад унасандэр үед Л.Н  ахын сууж байсан сандал эвдэрсэн бөгөөд Л.Н  ах босож ирэхдээ Д.Б  ахын нүүр руу гараараа нэг удаа цохиод түүнийг өшиглөх гэж байгаад санамсаргүй баруун талын хөлөөрөө сандал өшиглөөд хөлөө гэмтээчихсэн, бид Л.Н  ах, Д.Б  ах хоёрыг салгасан, бид нар хоорондоо маргасан асуудал байхгүй, тэр хоёр анх орж ирэхэд биед нь ил харагдах шарх гэмтэл харагдаагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/

 Гэрч Ө.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ хадам аавын гэрт очоод хоол хийгээд байж байтал орой 20 цагийн үед Л.Н , Д.Б  ах нар архи уучихсан халамцуу хадам аавын гэрт орж ирсэн, нөхөр Ж.Сансар нэг шил архи задалсан, Л.Н , Д.Б  ах уг архинаас ганц хоёр хундага уусан, тэр хоёр архи ууж байхдаа бие биеэ үгээр идэж байгаад хоорондоо маргалдсан, улмаар Д.Б  ах, Л.Н  ахын нүүр руу гараараа цохиод дээр нь дараад унасан, тэр үед Л.Н  ахын сууж байсан сандал хуванцар сандал нь эвдрээд бутарсан, улмаар Л.Н  ах босож ирэхдээ Д.Б  ахын нүүр руу гараараа цохисон, ингээд Л.Н  ах Д.Б  ахыг өшиглөх гэж байгаад эвдэрсэн сандлаа хөлөөрөө өшиглөтөл хөлөө гэмтээчихсэн бөгөөд цус гараад байхаар нь хөлийг нь боож өгсөн бөгөөд дахин зодоон болоогүй. Л.Н  ах, Д.Б  ах нар анх орж ирэхдээ ил харагдах шарх гэмтэл харагдаагүй, Д.Б  ах анх орж ирэхдээ амны хаалттай орж ирсэн, амны хаалтаа талаагүй, хиймэл шүд хийлгэх гэж байгаа гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/

 Гэрч Ж.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Д.Б  манай гэрт сууж байгаад танай ажилд оролцмоор байна гээд дээд талын соёогоо гараараа хөдөлгөж үзүүлсэн, доод талын үүдэн шүдээ хэлээрээ хөдөлгөж үзүүлээд хавдартай байгаа, шүд хийлгэх гэж байгаа, 1.050.000 төгрөгөөр хийлгэн гэж хэлсэн, тэр орой 21 цагийн орчим нөхөр Нямааг аавынхаа гэрийн гаднаас очиж авахад хөлөө скочоор боочихсон, баруун нүд нь жаахан улайчихсан байсан, надад Д.Б  цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг./хавтаст хэргийн 82 дугаар тал/

 Гэрч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: “... дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан, эрүүний дэлгэмэл рентгэн зурганд 11,          21,.22 дугаар шүднүүд тодорхойлогдохгүй, буйланд шүдний оромгүй, 12, 23 дугаар шүдний ёзоор суларсан, 41, 46 дугаар шүднүүд нь хуучин суларсан шүдтэй байсан учир гэмтэл гэж тооцохгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хуучин суларсан шүд байсан” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 84-85 дугаар тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Б-н биед дээд баруун 2, зүүн 3 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо, шинэ гэмтэл байна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/

Яллагдагч Л.Н гийн "... Д.Б  хүмүүс руу дайраад байхаар нь би зүгээр бай гэж хэлээд сууж байхад араас цохиод сандлаар цохиод эхэлсэн, Д.Б-н биед учирсан гэмтлийг би өөрөө учруулаагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Л.Н д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь өөрийн санаатай үйлдлээрээ хохирогчийг зодсон, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Л.Н  нь Д.Б-г зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Л.Н гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ял шийтгэлийн төрлөөс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 Улсын яллагчаас шүүгдэгчид “600.000 төгрөгийн торгох ял оногдуулъя гэснийг, шүүгдэгчээс “ажилгүй, боломж бололцоо муу байгаа тул бага хэмжээгээр торгож өгөөч гэж хүсэж байна” гэснийг тус тус харгалзан үзсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Н  нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй болохыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Д.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын хохирол 4.000.000 төгрөгийн шүдэлбэр хийлгэх эмнэлэгийн тодорхойлолт ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б  нь “шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй байна.” гэсэн гаргаж мэдүүлэг гарагж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.  Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.Н г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ