Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/654

 

 

 

 

 

 

   2022       05          04                                   2022/ШЦТ/654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,                           

улсын яллагч М.Оюунбат,

хохирогч Ц.С,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01286 1226 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.А, 1987 оны ********** өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эрх зүйч мэргэжилтэй, ************* ажилтай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, **************** тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: ***************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т.А нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, ************** тоотод гэр бүлий хамаарал бүхий гишүүн болох эхнэр Ц.Сг “хэрүүл үүсгэж, хардлаа” гэх шалтгаанаар гал тогооны угаалтуур луу цээжээр нь дарж, хана руу түлхсний улмаас биед нь баруун хоёрдугаар хавирганы хугарал, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Т.А нь хохирогч Ц.Сн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Б.Т.А нь шүүх хуралдаанд өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- хохирогч Ц.С нь шүүх хуралдаанд өгсөн: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхийн дагуу нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

- хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай нөхөр Т.А нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө гэртээ хоноогүй ба өглөө 07.30 цагийн үед нөхрийнхөө утас руу залгаад яриад удаагүй байтал гэртээ орж ирээд, нөхөр буцаад унтаад өгсөн. Би ч гэсэн шөнө нөхрөө хүлээгээд унтаагүй болохоор унтаад 11.00 цагийн үед сэрээд нөхрийнхөө утсыг хартал гэр бүлийн найзын эхнэрээс чи гэртээ харьсан уу, наад хүүхнүүдээ явуулсан уу гэсэн чат болон “Анхаа тооцоо хий” гээд цаана нь нэг эмэгтэй хүн чанга инээгээд байгаа 3 секундын войс байсан. Тэгээд би нөхрөө дуудаж сэрээгээд энэ ямар учиртай чат, войс юм бэ?, чи яагаад архи ууж байгаа юм гээд, хэрүүл маргаан болсон чинь нөхөр Т.А “Чи ямар ядаргаатай юм бэ? Гэрт тайван унтуулахгүй юм, би гарч архи уулаа” гээд хувцсаа өмсөөд эхлэхээр нь би гал тогоондоо аягаа угааж байхдаа “Чамайг Мөнхөөгийн салсан эхнэртэй шоудаад яваад байгааг чинь Мөнхөөд хэлнэ дээ” гэсэн чинь нөгөө өрөөнөөс шууд гал тогоонд орж ирээд намайг гал тогооны угаалтуур хэсэг рүү дараад, босгож ирээд хана руу заамдаж байгаад түлхэхэд амьсгал авч чадахгүй, цээжээр өвдсөн, аймар түлхээд сэгсчих маягтай болсон. Өмнө нь надад гар хүрч, цохиж, огцом уурлаж байгаагүй болохоор тухайн үед шоконд орсон. Тэгээд би нөхрөө түлхчхээд хажуугаар нь зөрөөд коридор руу гарсан чинь хөрш айлаас хүн гарч ирэхээр нь нөхөр намайг зодчихлоо гээд цагдаа дуудуулсан. Нөхөр хувцсаа өмсөөд гараад явсан. Урьд өмнө нь надад гар хүрч байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Т.А учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №3967 дугаартай: “Дүгнэлт

  1. Ц.Сн биед баруун хоёрдугаар хавирганы хугарал, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэл /хх-ийн 24-26 дахь тал/,

 

                 Шүүгдэгч Б.Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хувцсаа өмсөөд гараад явах гэсэн чинь эхнэр хардаад миний утсанд найзын эхнэрээс чат ирсэн байсан, тэгээд над руу хэрэлдээд дайраад байхаар нь гал тогооны өрөөнд байсан эхнэр дээрээ очтол, 2 гар нь сарваганах шиг болохоор нь 2 гарнаас нь бариад хойш нь дартал угаалтуурын төмөр хэсэгт дарагдсан байна. Эхнэрт учруулсан гэмтлийг би учруулсан, гэхдээ зодож цохиогүй. 2 гарыг нь бариад хойш нь түлхэхэд гал тогооны угаалтуурт шахахад үүссэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Т.Аыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, ************** тоотод гэр бүлий хамаарал бүхий гишүүн болох эхнэр Ц.Сг “хэрүүл үүсгэж, хардлаа” гэх шалтгаанаар гал тогооны угаалтуур луу цээжээр нь дарж, хана руу түлхсний улмаас биед нь баруун хоёрдугаар хавирганы хугарал, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Б.Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирогчтой эвлэрсэн болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял санал гаргаж, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба хохирогч Ц.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т.Аыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т.Ат 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Т.А нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР