Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

       

 

 

 

 

  

2022         01             18                                     2022/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0058

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Шагдар,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хд холбогдох эрүүгийн “2209” дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” нэртэй шөнийн клубын эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд Х.Н гийн согтуудаа гээсэн “Ай фоне 11” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Хохирогч Х.Н гийн өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 олны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай лофт клубд оюутан ангийн найзуудтайгаа орсон тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир хэдэн цагт орсноо сайн санахгүй байгаа. Ямартайч 2 давхрын Вип ширээнд найзуудын хамт сууж байсан. Тухайн үед нэг бие засах өрөө ороход гар утсаа бариад орсон. Бие засах өрөөнд ороод гар утсаа хогийн савны дээр тавиад мартаад гарсан байсан. Тэгээд гар утас минь байхгүй байгааг мэдээд нэг найзынхаа дугаараас залгахад хэсэг хугацаанд дуудаж байгаад унтарсан... хамгийн сүүлд бие засах өрөөнд гар утас минь байсан... би гар утсаа гээгдүүлсэн гэж бодож байна... Миний ай фоне 11 маркийн гар утсанд эвдрэл гэмтэл байхгүй чернелйн ягаан өнгийн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/,

Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ай лофт бааранд найз Э.Хгийн хамт орсон. Тэгээд орой баар хаахын өмнө Э.Х бие засах өрөө орлоо гэж хэлсэн ба тэр үед би зааланд үлдсэн. Баарны хөгжимчин сүүлийн дуу гэж хэлэхэд гэрэл ассан ба би хувцсаа аваад бие засах өрөө рүү Э.Х руу очсон. Тэгээд яг ортол Э.Х гарч ирж байсан. Тэр үед Э.Х гар утас олсноо хэлсэн. Цүнхнээсээ гаргаж ирэхдээ энэ утас бие засах өрөөний нэг юман дээр тавьчихсан байна лээ гэж хэлсэн. Тэр үед би эзэн нь залгавал өгсөн нь дээр гэж хэлсэн. 5 минут орчим хүлээж байгаад гараад гэрлүүгээ харьсан. Утас олсноос 2 хоногийн дараа ээж нь залгаад зээл гэх юм ярих шиг болж байсан. Тэгээд нөгөө утсаа авч гараад хамт ломбарданд тавьчхаад ирье гэхээр нь цуг явсан... надад ямар нэгэн зорилго байгаагүй мана найз Э.Хгийн ээж нь мөнгөний асуудалтай байсан гээд ээж рүүгээ явуулж байх шиг байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 16-р тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн, Эд зүйл хураан авсан, хүлээлгэч өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-21-р тал/,

 Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий “...Ай фоне 11 маркийн гар утсыг 1300000 төгрөгөөр үнэлсэн...” тайлан /хх-ийн 27-28-р тал/ болон шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/
  • Шүүгдэгч Э.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 тал /,
  • Шүүгдэгч Э.Хгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 40 тал/,
  • Шүүгдэгч Э.Хгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: “Сүхбаатар аймгийн Мөнххаан 4 дүгээр баг Баясгалантын хөшөөт 1-02” /хх-ийн 39 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Э.Х нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х.Н гийн согтуудаа гээсэн “Ай фоне 11” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж түүнд 1.300.000 төгрөгийн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Хгийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь Х.Н д 1.300.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Х.Н  нь шүүгдэгч Э.Хд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардал төлсөн..” гэсэн хүсэлтээ /хх-ийн 48 тал/ хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Э.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлөх саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Х  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22  зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд зүйл завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ