Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/857

 

 

2021          12           09                                   2021/ШЦТ/857       

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,  

 Шүүгдэгч З.М,

Шүүгдэгч Л.А, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М, Л.А нарт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                                           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, З.М,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ............ тоотод оршин суух, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №401 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №372 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №821 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №143 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 6 сарын хугацаагаар шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Л.А,

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

Шүүгдэгч З.М нь Л.Атай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-н автобусны буудлын орчим хохирогч Ц.Лувсанжамбалыг хоолойг нь боох, цохих, халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж Самсунг жЗ загварын, Самсунг а6 плас загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа Л.Атай бүлэглэн хохирогч Ц.Лувсанжамбалын эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Л.А нь З.Мтай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-н автобусны буудлын орчим хохирогч Ц.Лувсанжамбалыг хоолойг нь боох, цохих, халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж Самсунг жЗ загварын, Самсунг а6 плас загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа З.Мтай бүлэглэн хохирогч Ц.Лувсанжамбалын эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өөртөө дүгнэлт хийж байгаа. Дахиж ийм зүйлд холбогдохгүй. Өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Урьд нь би хүнтэй муудалцаж байгаагүй болохоор энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа ойлгож байгаа. Гэмшиж байна. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. 

 

Эрүүгийн 2109000001080 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч З.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Лувсанжамбал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 01 цагийн орчим дүү Баттулгыг тосохоор хүлээж байхад 20 гаран насны 2 эрэгтэй хүрч ирээд шууд миний хүзүүг боож “утсаа гаргаад ир утсыг чинь харсан” гэж хэлээд ноцолдож байгаад улаан цамцтай эрэгтэй миний энгэрийн халаасанд байсан Самсунг А6 плас, цагаан цамцтай саравчтай малгайтай эрэгтэй миний өмдний халаасанд Самсунг Жи3 маркийн 2 ширхэг гар утсыг авсан, хажуугаар өнгөрч явсан үл таних залуу “та 2 болиоч ээ” гэж хэлэхэд намайг боож байсан залуучууд 2 ширхэг утсыг минь аваад зугтахад хажуугаар өнгөрч явсан залуу тэр 2-ийг хөөж араас нь гүйсэн. ....би гүйж очоод дээрэмдүүлсэн тухайгаа хэлэхэд цагдаа нар араас нь хөөж барьж авсан, тэгээд өөрийн Самсунг А6 плас, Самсунг Жи3 маркийн 2 ширхэг гар утсыг буцаан авсан...Намайг дээрэмдсэн гэх залуус нь хоёулаа явж байсан юм. Өндөр залуу нь бор өнгийн цамц, хар өнгийн биеийн тамирын хувцастай гутлыг нь санахгүй байна. Нөгөөх нь хар өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн биеийн тамирын цамц, доогуураа хар өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан юм. ...17-н гүүр буюу урдаасаа хойшоо чиглэлтэй хоёр залуу ирээд өндөр бор өнгийн цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй залуу нь намайг шууд боогоод “утсаа өг” гэсэн, тэгэхээр нь би “өгөхгүй, яахаараа өгдөг юм бэ” гэсэн чинь намайг боогоод унагаасан. Тэр үед нь цагаан бэлтгэлийн цамцтай хар саравчтай малгайтай залуу нь миний өмдний халаасанд байсан Самсунг жи-3 маркийн утас, нөгөөх нь цамцны халаасанд байсан Самсунг А6 плас маркийн гар утаснуудыг нэгжиж авсан. Тухайн үед үл таних хар куртиктэй залуу ирээд “боль” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд тэр залуу руу 2 уулаа дайрсан. Тэр үед нь би цаашаа зам гарч зугтаад “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр зогсож байсан цагдаагийн машин дээр очиж тусламж гуйсан. Улмаар намайг дээрэмдсэн гэх 2 залуу урагшаа зугтаж байхад нь цагдаа нар араас нь очиж барьж авсан. Намайг дээрэмдэж байх үедээ цагаан өнгийн биеийн тамирын цамц, хар саравчтай малгайтай залуу нь “..би шоронгоос гарч ирсэн, хяналтад байдаг цагтай гээд, бугуйнд байгаа цагаа үзүүлээд ... ална ... гэх мэтчилэн үг хэлээд..” байсан....Миний зүүн хацар хэсэгт нэг нь цохисон хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед өндөр бор цамцтай нь боогоод боолт ороод би бараг унаж байх үед нэг хар хувцастай залуу ирж болиулсан юм. ...цагдаагийн алба хаагч нар миний гар утсыг эргүүлэн өгсөн...Хүзүү урд хэсэгтээ хөхөрсөн, зүүн шанаа хөндүүр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Нямбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....цагдаагийн дэд ахлагч С.Бат-Эрдэнийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын үед иргэн Ц.Лувсанжамбал нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Бадруун” төвийн үүдэнд үл таних 2 хүнд дээрэмдүүлэн боолгуулан, өөрийн эзэмшлийн 2 ширхэг гар утсыг алдсан гэж өөрийн биеэр ирж хандсан. Дуудлагаар очиход дээрэмдүүлсэн гэх газраас урагш байрлах гудамжинд хар өнгийн хувцастай залуу, мөн бор өнгийн цамцтай хар өнгийн бэлтгэлийн хувцастай залуутай зууралдаад, хар өнгийн саравчтай малгайтай цагаан өнгийн бэлтгэлийн цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй залуу нь хажууд нь зогссон байдалтай байхад нь Ц.Лувсанжамбал дээрэмдсэн хүн мөн байсан юм..... цагдаагийн хэлтэс дээр уг этгээдүүдийг хэн болохыг нь тогтоон хохирогчийн гар утаснуудыг буцаан өгсөн. Тухайн үед гар утаснууд нь бор цамцтай өндөр эрэгтэйн халааснаас гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...180 орчим см өндөртэй бор өнгийн цамцтай хар бэлтгэлийн өмдтэй эрэгтэйг З.М, хар өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн бэлтгэлийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэйг Л.А, тэр хоёртой зууралдаад байж байсан хар өнгийн савхитай эрэгтэйг И.Алтанхүү болохыг тогтоон тодруулахад З.М, Л.А нар нь бүлэглэн хохирогч Ц.Лувсанжамбалыг дээрэмдэн боож гар утаснуудыг нь авч явж байхад нь гэрч И.Алтанхүү дээрэмдсэн хоёртой зууралдаж хохирогчийн гар утсыг авч өгөх гэж байсан юм байна лээ...хохирогчийн хүзүү улаан эрээн болсон боолгуулсан байдалтай өөр биед харагдах бэртэл гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

Гэрч И.Алтанхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчим гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Бадруун” төвийн үүдээр явж байтал 4 хүн явж байгаа харагдсан бөгөөд ард талд нь явж байсан цагаан өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хамт явж байсан хүнээ цохиж унагаасан. Тэр үед нь урд талд нь явж байсан өндөр, бор өнгийн цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй эрэгтэй нь хамт явж байсан сүүлд танилцахад Лувсанжамбал гэх эрэгтэйг боогоод унагах гээд байж байхад нь цагаан өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй нь Лувсанжамбал гэх хүний халааснаас гар утсыг нь авсан. Тэгээд тэр 2 залуу зугтсан. Би тэрийг хараад 102-т дуудлага өгсөн. Тэгээд би цагаан өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэйг нь барьж аваад “..яагаад хүний юмыг дээрэмдээд байгаа юм бэ..” гэж хэлтэл “..чи муу дут..” гэж хэлсэн. Тэгээд барьцалдаад байж байтал Лувсанжамбал замын нөгөө талаас цагдаа дагуулаад хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай “...Ц.Лувсанжамбалаас гаргасан гомдлын дагуу шалгахад З.М, Л.А нараас Самсунг жи-3 хар өнгийн гэртэй, Самсунг а-6 плас улаан өнгийн гэртэй утаснуудыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01 цаг 50 минутад хураан авч, тэмдэглэл үйлдэв... Ажиллагааны явцад дээрх хурааж авсан гар утаснуудыг хохирогч Ц.Лувсанжамбалд хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 335.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8628 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:    

  1. Ц.Лувсанжамбалын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч З.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 136 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 139 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 108-118 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 125-126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Дээрэмдэх гэмт хэргийн тухай

 

Шүүгдэгч З.М Л.А нар бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-н автобусны буудлын орчим хохирогч Ц.Лувсанжамбалыг  “...“утсаа гаргаад ир утсыг чинь харсан....би шоронгоос гарч ирсэн, хяналтад байдаг цагтай” гэж хэлж, бугуйнд байгаа цагаа үзүүлээд “ална” гэх зэргээр сүрдүүлэн улмаар хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь цохиж унагаан, халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж “Самсунг жэй З” загварын гар утас, “Самсунг а 6 плас” загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч 335.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

 

Хохирогч Ц.Лувсанжамбалын “...20 гаран насны 2 эрэгтэй хүрч ирээд шууд миний хүзүүг боож “утсаа гаргаад ир утсыг чинь харсан” гэж хэлээд ноцолдож байгаад улаан цамцтай эрэгтэй миний энгэрийн халаасанд байсан Самсунг А6 плас, цагаан цамцтай саравчтай малгайтай эрэгтэй миний өмдний халаасанд Самсунг Жи3 маркийн 2 ширхэг гар утсыг авсан....Миний зүүн хацар хэсэгт нэг нь цохисон ...өндөр бор цамцтай нь боогоод боолт ороод би бараг унаж байх үед нэг хар хувцастай залуу ирж болиулсан юм. ...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Нямбаатарын “....гудамжинд хар өнгийн хувцастай залуу, мөн бор өнгийн цамцтай хар өнгийн бэлтгэлийн хувцастай залуутай зууралдаад, хар өнгийн саравчтай малгайтай цагаан өнгийн бэлтгэлийн цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй залуу нь хажууд нь зогссон байдалтай байхад нь Ц.Лувсанжамбал дээрэмдсэн хүн мөн байсан юм..... цагдаагийн хэлтэс дээр уг этгээдүүдийг хэн болохыг нь тогтоон хохирогчийн гар утаснуудыг буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Бат-Эрдэнийн “...180 орчим см өндөртэй бор өнгийн цамцтай хар бэлтгэлийн өмдтэй эрэгтэйг З.М, хар өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн бэлтгэлийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэйг Л.А, тэр хоёртой зууралдаад байж байсан хар өнгийн савхитай эрэгтэйг И.Алтанхүү болохыг тогтоосон....хохирогчийн хүзүү улаан эрээн болсон боолгуулсан байдалтай өөр биед харагдах бэртэл гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч И.Алтанхүүгийн “...би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчим гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Бадруун” төвийн үүдээр явж байтал 4 хүн явж байгаа харагдсан бөгөөд ард талд нь явж байсан цагаан өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хамт явж байсан хүнээ цохиж унагаасан. Тэр үед нь урд талд нь явж байсан өндөр, бор өнгийн цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй эрэгтэй нь хамт явж байсан сүүлд танилцахад Лувсанжамбал гэх эрэгтэйг боогоод унагах гээд байж байхад нь цагаан өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй нь Лувсанжамбал гэх хүний халааснаас гар утсыг нь авсан. Тэгээд тэр 2 залуу зугтсан. Би тэрийг хараад 102-т дуудлага өгсөн.....Тэгээд барьцалдаад байж байтал Лувсанжамбал замын нөгөө талаас цагдаа дагуулаад хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8628 дугаартай дүгнэлт,

 

Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тодорхойлбол шүүгдэгч З.М, Л.А нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-н автобусны буудлын орчим хохирогч Ц.Лувсанжамбалыг “...“утсаа гаргаад ир, утсыг чинь харсан....би шоронгоос гарч ирсэн, хяналтад байдаг цагтай” гэж хэлээд бугуйнд байгаа цагаа үзүүлээд “ална” гэж хэлж улмаар хоолойг нь боож, цохиж газарт унагаан халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж, З.М нь хохирогчийн цамцны энгэрийн халаасанд байсан “Самсунг а 6 плас” загварын гар утсыг, Л.А нь хохирогчийн өмдний халаасанд байсан “Самсунг жэй З” загварын гар утсыг тус тус авсан нөхцөл байдал тогтоогджээ.  

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор бие махбодын хүчирхийлэл үзүүлэхээс гадна хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нараас хохирогчид бие, сэтгэл санааны хувьд хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгийг авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг ялласан нь хууль зүй үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаангүй” гэж тус тус санал гаргасныг тэмдэглэв.

Хэрэгт эрх бүхий албан тушаалтны “...хохирогч Ц.Лувсанжамбал эд зүйлсээ бүрэн гүйцэд хүлээж авсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 36-37/ байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухай

Шүүгдэгч З.М Л.А нар бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-н автобусны буудлын орчим дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ц.Лувсанжамбалыг З.М нь хоолойг нь боож, Л.А нь нүүрэн тус газарт нь цохиж унагаан биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Лувсанжамбалын “.......Миний зүүн хацар хэсэгт нэг нь цохисон ...өндөр бор цамцтай нь боосон...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч И.Алтанхүүгийн “...цагаан өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хамт явж байсан хүнээ цохиж унагаасан. Тэр үед нь урд талд нь явж байсан өндөр, бор өнгийн цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй эрэгтэй нь хамт явж байсан сүүлд танилцахад Лувсанжамбал гэх эрэгтэйг боосон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Нямбаатар, С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8628 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Ц.Лувсанжамбалын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч З.М, Л.А нар нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед түүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Ц.Лувсанжамбалын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч З.М, Л.А нарыг бүлэглэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг ялласан нь хууль зүй үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Л.А нь хохирогчийг цохьсон үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэж тус тус санал гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрч И.Алтанхүү, хохирогч Ц.Лувсанжамбал нарын мэдүүлгээр шүүгдэгч З.Маас хохирогчийн хоолойг боосон, шүүгдэгч Л.Ааас хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж унагаасан үйл баримт тогтоогдсон байна.

  Гэрч И.Алтанхүү, хохирогч Ц.Лувсанжамбал нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан байх тул тэдгээрийн мэдүүлгийг хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтууд гэж шүүх үзсэн болно.

Хохирогч Ц.Лувсанжамбалаас “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч З.М, Л.А нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь  дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлоо нөхөн төлснийг /төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүгдэгч З.М /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан оногдох хохирлоо нөхөн төлсөн тул түүний гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал З.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Л.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлоо нөхөн төлсөн/, хувийн байдал /ял шийтгэгдсэн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...нэмж нэгтгэнэ..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 66 хоногийн хорих ял болох хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч З.Мад 1 жил 4 сар 6 хоног, шүүгдэгч Л.Ат 2 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоов.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №821 дугаар шийтгэх тогтоолоор Л.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байх ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №143 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 6 сарын хугацаагаар шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхийн Газрын харъяа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3/22704 дугаартай албан тоотод “...Ялтан Л.А нь 561 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 59 хоногийн ялыг эдэлсэн. ...үлдэгдэл 502 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэнэ үү...” гэсэн талаар дурьдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “....Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж, тус тус заасны дагуу Л.Ат Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №821 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж түүнээс эдлээгүй үлдсэн 502 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 502 хоногийн  хорих ялыг эдлэх ялд нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 3 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж Л.Ат оногдуулсан 3 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч З.Мад оногдуулсан 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “....шүүгдэгч З.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү..” гэж, “...шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргасан.

 

Шүүгдэгч нарын хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт оногдлуулсан ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.Аын хувийн байдлыг /урьд шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг биелүүлээгүй/ харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч З.Мыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр тооцож шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар /хх-ийн 90-91/ суллагдсан бөгөөд 2 хоног баривчлагдсан. 

 

Шүүгдэгч Л.Аыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр тооцож шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тэдгээрийн баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдав.

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З.М, Л.А нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

             Шүүгдэгч З.М, Л.А нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын хэд хэдэн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд нь багтаан торгох ялыг дүйцүүлэн нэмж шүүгдэгч З.Алтанбаярт 2 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар, З.М-д 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Аын энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сар 6 хоногийн хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №821 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 502 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялын эдлэх нийт хэмжээг тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.М-н баривчлагдсан 2 хоног, шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 92 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

            8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А, З.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН