| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 130/2019/00135/И |
| Дугаар | 001/ХТ2020/00283 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2020/00283
М.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121/МА2019/00024 дүгээр магадлалтай,
М.Бийн нэхэмжлэлтэй,
От холбогдох,
Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын насосчин, засварчнаар эгүүлэн тогтоолгох эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй бөгөөд Цагааннуур дахь Нефть хангамжийн газарт машинист, буулгагчаар ажиллаж байсан юм. 2002 оны 6 дугаар сард Цагааннуур дахь нефтийн агуулахад ажиллаж байсан бидний хэдэн хүнийг ажлын байрны хамт Улсын нөөцийн салбарт шилжүүлэхэд салбарын эрхлэгчийн 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчнаар намайг томилон ажиллуулснаас хойш тасралтгүй ажилласан юм. Хэдэн жилийн өмнө миний засварчин гэх албан тушаалыг агуулахын инженерт хавсарган өгч тушаал гаргасныг 2019 оны 02 дугаар сарын 01-нд цомтголд орохдоо мэдсэн бөгөөд надад албан ажлын өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй, цалинд өөрчлөлт ороогүй тул би засварчны ажлыг хийсээр байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Оын хүний нөөцийн мэргэжилтэн, дэслэгч Ч.Цэгмэд ирээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой мэдэгдэх хуудас /төрийн тусгай албан хаагчдад гардуулдаг хуудас бололтой/ гардуулан, намайг орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлснөө мэдэгдэж, ажлаа хүлээж авсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг өнөөдрийг хүртэл өгөөгүй, шаардаад авч чадаагүй байна. Гомдол гаргах /шүүхэд/ хугацаанд баригдан шүүхэд гомдол гаргаж байгаа юм. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч, ТҮ-гийн албан хаагчийн сүлжээгээр цалинждаг, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул миний хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг юм. Ажил олгогч маань намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн тул намайг аймгийн Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуур тосгоны шатахууны агуулахын засварчин, насосчны ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газрын Цагааннуур тосгон дахь Улсын нөөцийн газрын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчийн 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар нефтийн агуулахын засварчин, насосчноор томилогдож тасралтгүй 16 жил 6 сар ажиллаж байгаад Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар бүтэц орон тооны цомхотголд орсон. Уг тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Оын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Чөлөөлөх тухай А/09 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цуцалсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэрээр: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар М.Болатбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121/МА2019/00024 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар М.Болатбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Болатбек миний бие 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Оын Цагааннуур тосгон дахь шатахууны нөөцийн салбарын насосчин, засварчны ажлаас орон тоо хасагдсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө ажлаас чөлөөлөх талаар хуульд заасан хугацааны өмнө мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөөгүй гэх зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтуудыг ноцтой зөрчсөн.
Энэ талаар шүүхэд гомдол гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтууд зөрчигдсөнийг өөр өөрөөр тайлбарлан миний гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Би ажил олгогчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас өөр ажил эрж олох боломжит хугацаагаа алдсан, ажлаас халагдсаны болон ажилгүйдлийн тэтгэмжээ ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаж өгөөгүйн улмаас одоог хүртэл авч чадахгүй хохирсоор явна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Учир нь анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч М.Болатбек шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “1994 оноос эхлэн Цагааннуур дахь Нефть хангамжийн газарт 25 жил тасралтгүй ажиллаж явахад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой мэдэгдэх хуудсаар орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч маань ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийг огт баримтлаагүй” гэж маргаж байгаа болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүртэл буруу тодорхойлон шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч М.Болатбек нь “Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын нососчин, засварчны ажилд нь эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг мэдэн багасгаж, зөвхөн “шатахууны агуулахын нососчин”-ы орон тоо хасагдсан нь тогтоогдсон гэж дүгнэлт хийсэн нь хууль бус болсон. Бодит байдал дээр марга бүхий орон тоо хасагдаагүй байжээ. Цагааннуур дахь “шатахууны агуулахын засварчин, насосчин”-ы ажлын байрны нэрийг нь “агуулахын засварчин, инженер” гэж өөрчлөөд, нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа Берденбек гэдэг иргэнийг томилон ажиллуулсан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Захиргааны шийдвэрийг мэдэгдэх хуудас”-аар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/461 дугаар тушаалыг хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд танилцуулан, Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуур тосгон дахь Шатахууны агуулахын насосчин ажилтай М.Болатбек бүтэц орон тооны цомхотголд орсон тул Оын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн ба энэхүү мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч М.Болатбек, хариуцагчийн. итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэгмэд нар гарын үсэг зурсан байна” гэж дүгнэсэн байна. Шүүх нь тухайн мэдэгдэх хуудсаар ажилтны хөдөлмөрийн гэрээг бүр мөсөн дуусгавар болгосон гэдгийг ойлгоогүй байна. Ажилтан шүүхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор мэдэгдээгүй, хөдөлмөрийн тухай хуулийг ажлаас чөлөөлсөн шийдвэртээ тусгаагүй гэж маргаж байгаа бөгөөд ажил олгогчоос ч гэсэн хуульд заасан хугацааны дотор ажилтанд мэдэгдээгүй, хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй гэдгээ хариу тайлбараа мэдэгдэж байгаа юм.
Гэтэл шүүх хууль бус дүгнэлт хийж, ажилтны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь “ажил олгогч байгууллагын бүтэц, орон тооноос эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын насосчин, засварчны ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй боловч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үйлчлэх тусгай журмыг зохицуулсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг ажил олгогч зөв хэрэглэж, хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч М.Болатбекийг ажлаас буруу халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд ажилтны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.
Иймээс Баян-Өлгий аймаг дахь сүм дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 00224 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 00024 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Болатбекийг Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын нососчин, засварчны ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
М.Б нь Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын насосчин, засварчнаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...шүүх нотлох баримтыг буруу үнэлж хууль бус дүгнэлт хийсэн, ажилтны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч М.Болатбекийг Оын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын моторч, насосчин, засварчнаар ажиллаж байхад нь Оын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Чөлөөлөх тухай А/09 тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгч ажлаас нь чөлөөлөхдөө Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/1551 тушаалыг үндэслэл болгожээ.
Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дугаар тушаалаар Оын орон тоог хавсралтаар баталж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэсэн ба хавсралтад бичигдсэн жагсаалтаар нэхэмжлэгч М.Болатбекийн ажлын байр хасагдсан болох нь тогтоогджээ.
Улмаар Оын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Чөлөөлөх тухай А/09 тушаалаар тус газрын Улсын нөөцийн салбарын болон гэрээт ажилчдыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, гэрээт ажилчдын нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд хавсралтын 16-д насосчин Мухамед Болатбек гэж бичигдсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын даргын Орон тоо батлах тухай тушаалаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур сум дахь шатахууны цэгийн орон тоо цөөрч, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын даргын тушаал гарч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг тушаалд заагаагүй ч нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтаар ажилтны ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд Орон тоо батлах тухай тушаал гаргаснаар М.Болатбекийн ажлын байр хасагдсан байхад ажилтныг нэг сар тухайн ажлын байранд ажиллуулж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон болон ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй зөрчил гаргасан нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө техникийн болон процессийн алдаа гаргасан нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох шууд үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121/МА2019/00024 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч М.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД