Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0226

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагчийн №210000334 дугаар дүгнэлтэд гаргасан гомдлыг үндэслэлгүйгээр буцааж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Татварын улсын байцаагчийн №210000334 дугаар дүгнэлтэд гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэн захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Э ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногдуулалтын төлөлтийн байдлыг шалган 8.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул Татварын ерөнхий хуулийн 33.2.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 21000034 дугаар дүгнэлт үйлдэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай албан бичиг ирсэн. Иймд нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тохиолдолд захиргааны журмаар шүүхээс өмнөх шатанд хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчийн ирүүлсэн гомдлыг буцаасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасныг баримтлан Нэхэмжлэгч "Э" ХХК-ийн Татварын улсын байцаагчийн №210000334 дугаар дүгнэлтэд гаргасан гомдлыг үндэслэлгүйгээр буцааж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Татварын улсын байцаагчийн №210000334 дугаар дүгнэлтэд гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэн захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: А. Э ХХК (Нэхэмжлэгч гэх) нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд (Хариуцагч гэх) холбогдуулан (1) Хариуцагч нь Нэхэмжлэгч талаас гаргасан Татварын улсын байцаагчийн №210000334 дугаар дүгнэлтэнд (Татварын дүгнэлт гэх) гаргасан гомдлыг үндэслэлгүйгээр буцааж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, (2) Татварын дүгнэлтэнд гаргасан Нэхэмжлэгчийн гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэн Захиргааны акт гаргахыг Хариуцагч талд даалгуулах шаардлага бүхий Нэхэмжлэлийг (Нэхэмжлэл гэх) Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд (Анхан шатны шүүх) гаргасан болно.

В. Анхан шатны шүүх Нэхэмжлэлийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 145 дугаар шийдвэрээр (Анхан шатны шүүхийн шийдвэр) Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

С. Нэхэмжлэгч нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь авч хэлэлцээгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй хэмээн үзэн эс зөвшөөрч Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлүүлэхээр энэхүү давж заалдах гомдлыг (Давж заалдах гомдол гэх) гаргаж байна.

Гомдлын үндэслэл:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь Нэхэмжлэлээ гаргахдаа Татварын ерөнхий хуулийн /ТЕХ/ 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэг "татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах", 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэг "Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй...", 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг "Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ", 42.7 дахь хэсэг "Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна." 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь хэсэг "акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан" гэсэн заалтыг тус тус үндэслэл болгосон бөгөөд Нэхэмжлэгч нь Татварын дүгнэлттэй холбогдуулан захиргааны журмаар гомдол гаргах эрхтэй, нөгөө талаас Татварын дүгнэлттэй холбогдуулан гаргасан Нэхэмжлэгчийн гомдлыг Хариуцагч нь захиргааны журмаар хянан шийдвэрлэх эрх, чиг үүрэгтэй талаар тайлбараа анхан шатны шүүхэд гаргасан билээ.

Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрхи хуулийн зүйл заалтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэгэнт төрийн эрх бүхий байгууллагаас татварын улсын байцаагчийн №210000334 дугаартай дүгнэлттэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байх тул үүнтэй зэрэгцэн уг дүгнэлт үндэслэлтэй эсэхийг ТЕГ-ийн дэргэдэх ТМТЗ хянаж үзэх нь үндэслэлгүй бөгөөд боломжгүй юм" хэмээн хууль зүйн үндэслэлгүй, алдаатай, буруу дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч нь Татварын дүгнэлттэй холбогдуулан захиргааны журмаар гомдол гаргах эрхийнхээ дагуу захиргааны журмаар хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болох Хариуцагчид гаргасан болно. Ийнхүү захиргааны журмаар гомдол гаргах болон захиргааны журмаар хянан шийдвэрлэх нь тухайн асуудлыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар шалгахад огт нөлөө үзүүлэхгүй юм.

Нэгэнт татварын улсын байцаагч дүгнэлт үйлдсэн бол цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үүрэгтэй. Гэвч ийнхүү эрүүгийн хэрэг үүссэн эсэхээс үл хамааран татварын улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдох Нэхэмжлэгчийн гомдлыг Хариуцагч нь харьяаллын дагуу захиргааны журмаар шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд буцаах хуулийн үндэслэлгүй юм. Татварын дүгнэлтийн дагуу Эрүүгийн байцаан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй асуудал нь тухайн Татварын дүгнэлт нь өөрөө хуулийн шаардлага хангасан эсэх, эрх бүхий этгээдээс гаргасан эсэх, хуулиар тогтоосон журмыг дагаж мөрдсөн эсэх зэрэг асуудлыг захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд хязгаарлалт болох үндэслэлгүй бөгөөд хянан шийдвэрлэхийг хориглосон хуулийн зохицуулалт огт байхгүй болно.

Хариуцагч нь Татварын дүгнэлттэй холбогдох гомдлыг хянан шийдвэрлэхээс татгалзан буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ИХШХШТХ)-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг үндэслэл болгосон бөгөөд энэхүү заалт нь гагцхүү Монгол Улсын иргэний болон захиргааны шүүхэд хамааралтай заалт ба тус зүйлийг Хариуцагч хэрэглэх үндэслэлгүй юм. ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1-т: "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар дараахь тохиолдолд түдгэлзүүлнэ... " гэж заасан нь хариуцагч тус зүйл заалтыг хэрэглэх боломжгүйг тодорхой харуулж байна. Түүнчлэн дээрхи заалтын хууль зүйн үр дагавар нь хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үйлдэл бөгөөд аливаа гомдол маргааныг хянан шийдвэрлэхээс татгалзах, гомдлыг буцаах үндэслэл болохгүй юм.

7. Түүнчлэн Татварын дүгнэлтийн дагуу үүсгэсэн эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаа нь өнөөдрийн байдлаар Захиргааны журмаар хэргийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн талаар Нэхэмжлэгч талаас Анхан шатны шүүхэд тайлбар хийсэн боловч энэ талаар нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ Анхан шатны шүүх гүйцэд хэрэгжүүлж чадаагүй.

Хариуцагч нь Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 1.9 дэх заалтыг ноцтой зөрчин бидний Гомдлыг буцаасан байна. Хариуцагч нь татварын акт дүгнэлттэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам (цаашид Журам гэх)-ыг баримтлах учиртай. Журмын 1.9 дэх хэсэгт: " Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянан үзэхгүй байх буюу буцаана. Гомдлыг хянан үзэхгүй байх буюу буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой зааж, албан бичгээр мэдэгдэнэ" гэж маш тодорхой заасан байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд: Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй, бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол, ) төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй, I) өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн гомдлыг буцаах тодорхой цөөхөн үндэслэлийг заасан байна.

ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл энд огт байхгүй бөгөөд буцаасан тухай мэдэгдэлд дээрхи үндэслэлийн алийг нь ч дурдаагүй болно.

10. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ "ҮНДЭСЛЭХ НЬ" хэсэгт "Хэрвээ Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхээр хангалгүйгээр буюу боломж олголгүйгээр дүгнэлтийг шууд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж үзвэл ийнхүү татвар төлөгчид гомдол гаргах хугацаа, боломж олгоогүйгээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн буруутай үйлдэл гаргасан нь ТЕГ-ийн дэргэдэх ТМТЗ биш уг дүгнэлтийг үйлдэж шилжүүлсэн татварын улсын байцаагч нар юм. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчийн гомдол гаргах эрхээр хангалгүйгээр дүгнэлтийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн буруутай үйлдлийн улмаас ТЕГ-ийн дэргэдэх ТМТЗ-ийг буруутгах боломжгүй юм" хэмээн хууль зүйн илтэд алдаатай дүгнэлт хийсэн байна.

I. Нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд буюу 30 хоногт багтаан харьяаллын дагуу гомдлоо хариуцагчид гаргасан. Энэ талаар хариуцагч маргадаггүй. Татварын байцаагч нар Татварын дүгнэлтийг цагдаагийн байгууллагад шилжүүлснээр Нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх огт зөрчигдөөгүй гэж үзэж байна. Харин хариуцагч нь Татварын дүгнэлттэй холбогдох гомдлыг захиргааны журмаар хянан шийдвэрлэх эрх, чиг үүрэг бүхий байгууллага боловч ийнхүү шийдвэрлэхээс хууль бусаар татгалзан, гомдлыг үндэслэлгүйгээр буцаасан үйлдэл нь нэхэмжлэгчийн нь Татварын дүгнэлттэй холбогдуулан гомдлоо захиргааны журмаар гаргах эрх, улмаар Монгол Улсын Үндсэн хуулинд заасан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх иргэний эрх болон тухайн гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх төрийн байгууллага, албан тушаалтны үүргийг зөрчсөн үйлдэл юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ НЬ" хэсэгт мөн "Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн №210000334 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгуулан, хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн нь тогтоогдвол цаашид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулах боломж нь нээлттэй юм" гэснийг нэхэмжлэгч эрс эсэргүүцэж байна. Цагдаа, прокурорын байгууллага нь Татварын дүгнэлтийн үндэслэлтэй эсэх талаар огтоос дүгнэлт хийх боломжгүй бөгөөд эрүүгийн журмаар зөвхөн дүгнэлтэнд заасан асуудалтай холбогдуулан гэмт хэргийн хэргийн шинжтэй үйлдэл бий эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хувь хүний гэм буруу зэрэг асуудлыг тогтоодог билээ. Харин тухайн Татварын дүгнэлт нь үндэслэлтэй эсэх, Татварын дүгнэлт хууль зөрчин гаргаснаар татвар төлөгч хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолыг зөрчигдсөн эсэх талаар гомдлыг хуулийн дагуу зөвхөн хариуцагч шийдвэрлэх бүрэн эрх, чиг үүрэгтэй юм.

Түүнчлэн Хариуцагч гомдол хүлээн авахаас татгалзсан, гомдлыг шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсанаас болж зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрхийг эрүүгийн журмаар сэргээх боломжгүй гэдэг нь тодорхой билээ.

5. Дээрхи үндэслэлийг харгалзан үзсэний үндсэн дээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар магадлан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Э ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан Татварын улсын байцаагчийн 210000334 дугаар дүгнэлтэд гаргасан гомдлыг үндэслэлгүйгээр буцааж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Татварын улсын байцаагчийн 210000334 дугаар дүгнэлтэд гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэн захиргааны акт гаргахыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн(21/13)0439 тоот томилолт, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн татварын хяналт шалгалтын хийх удирдамж, Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн албан тоот, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/06 тоот албан бичгийн дагуу Э ХХК-ийн 2008 оноос 202 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд татварын хяналт шалгалт явуулж,

Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн ,535,288,969,901,70 төгрөгийн зөрчилд нэхэмжлэгч Э ХХК-нд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагч Н.Туул, Р.Долгорсүрэн нар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дугаар дүгнэлтийг үйлдсэн байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь дээрх Татварын улсын байцаагч Н.Т, Р.Д нарын үйлдсэн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргажээ.

Харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн дарга Ж.Г 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Гомдол, маргаан буцаах тухай 174 дүгээр албан бичгээр ... татварын улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй гомдол ирүүлснийг тус Маргаан таслах зөвлөл хүлээн авахад Э ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10а/2-4475 тоот албан бичиг ирүүлсэн гэсэн хариуг Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-д хүргүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э Татварын маргаан таслах зөвлөлийн дарга Ж.Г нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 174 дүгээр албан бичгээр гомдлыг буцаан шийдвэрлэснийг ... хүчингүй болгож, Татварын байцаагчийн дүгнэлтэд гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасныг Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хүлээн авч, ... Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллага нь Татварын алба биш байх бөгөөд нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллага нь ажиллагаа явуулахаар байх тул татварын улсын байцаагчийн дүгнэлтэд гаргасан таны гомдлыг Татварын алба хүлээн авч захиргааны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж уг гомдлыг хариуг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/3079 дүгээр албан бичгээр хүргүүлжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан Татварын улсын байцаагчийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дугаар дүгнэлтэд холбогдох гомдлыг хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн дарга Ж.Ганбатын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар албан албан бичиг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл /дарга Ж.Г, нарын бичгийн дарга С.Т, гишүүн Э.Х, Э.Б, Б.Г Б.Б, Б.Б, Д.Ц, З.М, Г.А нарын бүрэлдэхүүнтэй/-ийн хуралдааны /Э ХХК-ийн гомдлыг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэв/ тэмдэглэл, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дугаар Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд гаргасан гомдолд дээрх байдлаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дарга хариу өгч байсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтныг бусдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг нь хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй, өргөдөл гомдлыг нь шийдвэрлэхгүй орхигдуулсан зэрэг эс үйлдэхүй гаргасан гэж шууд үзэх боломжгүй юм.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй хэдий ч мөн уг зөвлөл нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д зааснааргишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, гишүүдийн олонхийн саналаар нэхэмжлэгч Э ХХК-ийн гомдлыг буцааж шийдвэрлэснийг түүний өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхгүйг хариуцагч гаргасан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-д акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан, 42 дугаар зүйлийн 42.1-д Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ, 42.7-дМаргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэснийг үндэслэн Татварын маргаан таслах зөвлөл Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах эрх, үүрэг бүхий байгууллага бөгөөд хууль бусаар гомдлыг буцаасан үйлдэл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Татварын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулан захиргааны журмаар гомдол гаргах эрх, улмаар төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлон гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                 Э.ХАЛИУНБАЯР