Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа, 

Улсын яллагч Н.Бадамцэцэг,

Шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнэ түүний өмгөөлөгч Н.Намжилцогт ҮД:/1697/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бунь овогт Цогнэмэхийн Сүх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201601000057 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нээлттэй хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Бунь овогт Цогнэмэхийн Сүх-Эрдэнэ: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 насай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл 6, эгч дүү нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасганы 2-50 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, РД:/ЧБ87101070/

 

Шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнэ /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2015 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны 02 сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “каннабис” гэх нэршилтэй 4.5 мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо 25 дугаар байрны 2-72 тоот гэртээ болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Nice” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 02 сард

эгч маань Өмнөговь аймагт нэг ажил байна чи очиж үзээд үнэ хөлсөө тохироод ир гэсэн. Тэгээд би замын унаагаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд очсон. Тэгээд би хот буцахаар болоод орой болсон байсан учир тэндхийн бааранд орсон. Бааранд байхдаа гадаа тамхилах гээд гартал үл таних нэг залуу надад хэрэглээд үзээрэй гээд өвс өгсөн. Би урьд өмнө тэр өвсний талаар интернэт зурагтаар л харж байсан. Тэгээд би тухайн үедээ уг өвсийг хэрэглээгүй, гэрлүүгээ буцаж очоод мартчихсан байсан. Тэгээд хотод ирээд уг өвсийг халаасалсан куртикээ тайлж тавиад тэр чигт нь өмсөөгүй гэрээс гараагүй. 2016 оны 02 сарын 25-ны өдөр Батбаяр, Ариунбат нар зочид буудалд ууж байна уулзая гээд над руу утсааар яриад байсан. Тэгээд халаасаа ухаж байгаа нөгөө өвс байгааг санаад буудалд нилээн ууж байгаад би тэр өвсийг хэрэглэж үзье гэж бодоод 00-д орж байгаад янжуур тамхины доторх тамхийг асгаад оронд нь өвс хийгээд сорж үзсэн. Их гашуун амттай байсан, сорсоны дараа ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Би жоохон л сорсон. Тэгээд би Ариунбат, Батбаяр, Номчбаяр нарт сонирхуулах гээд өвс гэдгийг нь хэлэлгүй соруулчихсан. Тэд нар ямар муухай юм бэ, юу юм бэ гэж асуухаар нь би урьд нь сонсож байснаараа инээлгэдэг өвс байгаа юмаа гэж хэлсэн. Тэр 3 нэг нэг сороод л хаячихсан гэсэн мэдүүлэг /хх 135-136/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд: ..Ширээний доор цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл байсан ба тухайн эд зүйлд үзлэг хийхэд хар бор өнгийн ургамал байхаар шинжтэй зүйл байсныг түр хураан авав. Мөн өрөөний гол хэсэгт 9смх8см хэмжээтэй тугалган цаас байсны мөн авав. гэсэн тэмдэглэл /хх 6, 10/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 1915 дугаартай ..”2016.02.26-нд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Nice зочид буудлын 305 өрөөнд бусдад хүчиндүүлсэн гэх ХГҮ-ээр хатаасны нунтаг ногоон өнгийн зүйл а/д Бүжинлхам” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн “delta 9 tetrahydrocannabinol”-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Тугалган цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй.. гэх шинжээчийн дүгнэлт /хх 74-76/

 

Шинжээч эмч Д.Золзаяагийн …Каннабис нь дэлхийн нийтэд хамгийн өргөн тархсан ургамал юм. Уг ургамал нь 400 орчим химийн нэгдлийг агуулдаг бөгөөд эдгээрээс 60 орчим нь мансууруулах үйлчилгээтэй. Хүний бодол, сэтгэл санаа, болон хөдөлгөөний мэдрэмжийг хөшүүн болгодог үйлчилгээтэй. Каннабисыг хэрэглэхэд мэдрэлийн эсүүдэд шууд нөлөөлдөг нь түүнд агуулагдах ТНС-ын шинж чанартай холбоотой. Каннабис нь хүний биед зүрх, уушиг, төв мэдрэлийн системд маш хортой нөлөөр үзүүлдэг. Хэрэглэснээр хөөрлийн байдалд орох, санаа зовнилгүй болох, хараа сонсгол нэмэгдэх, айдаст автах, гаж мэдрэмж төрөх, зүрхний хэм алдагдах, үргүйдэлд орох зэрэг шинж тэмдэг илэрнэ. 1-2 удаа хэрэглэснээр сэтгэлийн болон бие махбодийн хүчтэй хараат байдалд ордог. Хэрэглэж эхэлсэн үеэс 7-10 жил, 6-8 сар насалсан тохиолдол байдаг. Тухайн бодисыг ямар тун хэмжээтэй, ямар хугацаанд хэрэглэсэн, тухайн хүний бие организм, нас хүйсээс шалтгаалан үйлчлэх хугацаа харилцан адилгүй. Хүнээс биеэс гадагшлах хугацаа дээрх бүгдээс шалтгаалах учир нарийн хугацаа хэлэх боломжгүй гэсэн мэдүүлэг /хх 91/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 1914 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Ц.Сүх-Эрдэнэ, Э.Номчбаяр, Т.Батбаяр, Ц.Ариунбат гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд хамаарна. гэсэн дүгнэлт /хх 87/

 

Сэжигтэн Т.Батбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 02 сарын 25-ны орой Nice зочид буудалд Ариунбат, Номчбаяр, Сүх-Эрдэний хамт орж архи, пиво уусан. Орой нь билүү шөнө нь билүү тамхи дууссан үед Сүх-Эрдэнэ тамхи тат гээд өгөхөд нь татах гэж аваад сороход тамхинаас өөр гашуун утаатай зүйл байсан. Тухайн үед нилээн согтуу байсан учир юу ч юм гэж асуулгүй сорж чадахгүй, буцаагаад Сүх-Эрдэнэд өгсөн. Дараа нь цагдаад баригдсаны дараа Сүх-Эрдэнээс юу болсон талаар асуухад Сүх-Эрдэнэ инээдэг өвс гэх хар тамхи авч яваад тэр янжуур тамхиндаа хийгээд Ариунбат, Номчбаяр бид 3-т соруулсан юм билээ. Би бол тэр тамхийг зүгээр энгийн тамхи гэж бодоод сорчихсон. Харин бүр цагдаад баригдсаны дараа хам тамхи сорсноо мэдсэн. Тэрнээс бол миний шээсний дээжнээс уг зүйл илэрсэн байх. гэсэн мэдүүлэг /хх 121/

 

Сэжигтэн Ц.Ариунбатаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Бид нар тамхинд гарахаас өмнө Сүх-Эрдэнэ нэг тамхи татаж орж ирээд тамхи тат гэхээр нь сороод үзсэн чинь гашуун оргихоор нь энэ юу юм бэ гэтэл инээлгэдэг өвс гэж хэлэхээр нь наадахаар чинь яадаг юм зүгээр тамхиа татъя гээд тамхи татсан. Номчбаяр, Батбаяр нар тэр өвснөөс татсан эсэхийг мэдэхгүй байна. Бид нар нилээн согтоцгоосон байсан. Би Сүх-Эрдэнийг тамхи татах уу гэхээр нь тамхи гэж бодоод л аваад нэг сорсон. Тэрнээс биш ууттай өвс бол огт хараагүй гэсэн мэдүүлэг /хх 124/

Сэжигтэн Э.Номчбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Тэр өвсийг цагдаа нар буудлын өрөөнөөс хурааж авсан гэсэн. Сүх-Эрдэнээс юу болох  талаар асуухад минийх байгаа юмаа гэж байсан. Намайг 00 орчихоод гараад иртэл Ц.Сүх-Эрдэнэ тамхи тат гээд өгөхөөр нь би сорж үзсэн. Тэгээд тамхи шиг утаа гарч байсан мөртлөө муухай гашуун болохоор нь юу юм бэ гэж асуутал “инээлгэдэг өвс” байгаа юмаа гээд байсан. Би их ханиалгасан болохоор болилоо наадхаа чи өөрөө ав гээд өгсөн. Намайг 00-д байх хооронд Ариунбат, Батбаяр 2 бас тэрнээс сороод наадхаа хаяач гээд хэлсэн байсан юм билээ. Сүх-Эрдэнийг уг өвсийг хаанаас олж авсан талаар бид нар огт яриагүй. гэсэн мэдүүлэг /хх 126-128/

 

Шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 142/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 143/, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх 146/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 147-149/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-16/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 37-38/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн ¹1915 дугаартай дүгнэлт /хх 74-76/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 02-ны өдрийн ¹1561 дугаартай дүгнэлт /хх 78-80/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 04-ний өдрийн ¹1914 дугаартай дүгнэлт /хх 87/, шинжээчийг байцаасан тухай тэмдэглэл /хх 90-91/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнэ нь 2015 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны 02 сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “каннабис” гэх нэршилтэй 4.5 мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо 25 дугаар байрны 2-72 тоот гэртээ болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Nice” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд тус тус хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулж, баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг дурдаж, түүний цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.3 грамм /ТНС/ өвс, 4 ширхэг, Multi drug screen test cup тестийн үр дүн савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бунь овогт Цогнэмэхийн Сүх-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнийг 3 сар 12 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнэд оногдуулсан 3 сар 12 хоногийг хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүх-Эрдэнийн цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.3 грамм /ТНС/ өвс, 4 ширхэг, Multi drug screen test cup тестийн үр дүн савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР