Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0069

 

Н.Э, Э.Э, Х.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай Хэргийн индекс 171/2018/0206/Э Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Шүүгдэгч Н.Э Э.Э Х.Н Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С, Д.Д Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолтой Н.Э, Э.Э, Х.Н нарт холбогдох, 1825002810205 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.С-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 2000 онд Орхон аймагт төрсөн,18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, газар тариалангийн машины жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, ах нарын хамт, Орхон аймаг БаянӨндөр суманд оршин суудаг, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  “И” овгийн Н.Э, Монгол Улсын иргэн, 1996 онд Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, аав, ээж, ах, дүү нарын хамт, Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, 2011 оны 07 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2013 оны 10 дугаар сарын 21-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, “Б” овгийн Х.Н, Монгол Улсын иргэн, 1997 онд Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эмээ, эгч, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, урьд 2013 оны 02 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2014 оны 05 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, 2017 оны 04 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, “И” овгийн Э.Э. Шүүгдэгч Э.Э, Н.Э, Х.Н нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Анд” хүнсний дэлгүүрийн цонхоор орж “Делл” маркийн зөөврийн комьпютер, таван зуутын дэвсгэрт багцалсан 50.000 төгрөг, 0.75 литрийн “Соёмбо” архи “Болор” архи 2 литрийн “Органик” жүүс зэрэг 461.500 төгрөгийн эд зүйл,, бэлэн 50.000 төгрөг хулгайлан нийт 511.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч “И” овгийн Н.Э, “Б” овгийн Х.Н, “И” овгийн Э.Э нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Н.Э-г 2 жил, Х.Н-г 2 жил, Э.Э-г 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгэтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-нд зааснаар шүүгдэгч Н.Э, Х.Н, Э.Э нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, Х.Н, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Э.Э-д 4 жил 6 сарын хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Э.Э-г 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шилжих шөнө Н.Э, Х.Н нарын хамт бүлэглэн “Анд” хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг Н, Н нар үйлдсэн.., Өөрөөр хэлбэл Анд дэлгүүрийн цонхоор Н, Н хоёр дэлгүүрт орсон тухай шүүгдэгч нар мэдүүлсэн. Шүүгдэгч Э.Э-н хувьд дэлгүүр рүү ороогүй бөгөөд түүнийг Н.Э, Х.Н хоёртой бүлэглэн хулгайлсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Шүүхийн тогтоолд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Н.Э, Э.Э нар биш Н гэдэг хүн оролцсон болох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухай эргэлзээтэй байдлыг бий болгосон. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт тогтоолд хийгээгүй. Мөн Э.Э-н хувьд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн байхад шүүх хугацааг зөв тооцоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б. Ж дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.., мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан.., мөн шүүх шүүгдэгч Э.Э-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн .., Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э, Н.Э, Х.Н нарыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бүлэглэн, Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Анд” хүнсний дэлгүүрийн цонхоор орж “Делл” маркийн зөөврийн комьпютер, таван зуутын дэвсгэрт багцалсан 50.000 төгрөг, 0.75 литрийн “Соёмбо” архи “Болор архи“ 2 литрийн “Органик” жүүс зэрэг 461.500 төгрөгийн эд зүйл бэлэн 50.000 төгрөг хулгайлан нийт 511.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар өөрсдөө тухайн үед болсон үйл баримтын талаар өгсөн мэдүүлэг.., гэрч Ц.Г, М.Н, Б.Н нарын мэдүүлэг.., Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаартай ...хэргийн газраас олдсон гутлын мөр, гутлын улны хээний хэлбэр, хэмжээнд... хийсэн дүгнэлт.., мөн өдрийн 10 дугаартай ... гарын мөр, хурууны хээний мөрөнд... хийсэн дүгнэлт.., / х.хийн 30-31., 40-41-р хуудас/ “Бан хас” ХХК- ийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд анхан шатны шүүх тухайн үед болсон үйл баримт болон нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч Э.Э урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянаж харгалзсан байсан бөгөөд Э.Э энэ хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр 105 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ...Э.Э оролцоогүй.., ...гэрч М.Н оролцсон... гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна шүүх хуралдаан дээр тэдний өгсөн энэ тухай мэдүүлэг нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С-ын гаргасан ...хэргийг Н, Н нар үйлдсэн.., дэлгүүрийн цонхоор Н, Н хоёр орсон гэж тэд мэдүүлж байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.., мөн Э.Э-ийн хувьд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн байхад шүүх хугацааг буруу тооцсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч О.С-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. , 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД Ц.ТУЯА С.ЦЭЦЭГМАА