Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Б.Б,                                              

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... оны ......... дугаар сарын .......-нд ......... аймгийн .......... суманд төрсөн, .............настай, ............,*******, ..... боловсролтой, ........... мэргэжилтэй, ........ сумын........... багт малчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .......... аймгийн ..........сумын ......... багт оршин суух,  ....................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй В овогт Б.Б-д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны орчим Завхан аймаг Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Цагдуул гэх газраас хохирогч Н.Л-н эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч нийт 7.600.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Цагдуул гэх газраас хохирогч Н.Л-н эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч нийт 7.600.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

             Хохирогч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны  үеэр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Цагдуул” гэдэг газраас 4 тооны гүүгээ алдсан. Тэгээд гүүнүүдээ хайж Их-Уул сумын нутагт байгаа гэж сураг гаргасан. Хулгайд алдсан гурван гүү нь хүрэн зүсмийн, нэг гүү нь хээр зүсмийн гүү байсан. 2 хүрэн гүү нь зөв гуяндаа цагаан үсэн босоо саран дэвсгэртэй туухай тамгатай, нэг хүрэн гүү нь цагаан үсэн босоо саран тамгатай им байхгүй  гурван гүү байгаа. Хээр гүү нь 2 чих нь гол цуурхай имтэй тамга байхгүй. Содон шинжтэй тамга гээд байх зүйл байхгүй. Нэг хүрэн гүү нь сартай байгаа. Би 2019 оны 08 дугаар сард алдсан гэх 2 хүрэн гүүг Дорнод аймгаас худалдаж авсан. Тэр 2 гүү нь хоёулаа унагатай байсан. Нэгнийх нь унага нь хавар хамт алга болсон. Хээр гүү нь бол манай унаган адуу байгаа юм. Нэг хүрэн гүү нь 8 настай, бас нэг хүрэн гүү нь 7 настай, хүрэн байдас нь 3 настай, хээр байдас нь 3 настай адуунууд байгаа юм. Хоёр бүдүүн гүүгээ тус бүрд нь 3.000.000 /гурван сая/ төгрөг, нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр, 3 настай хүрэн байдсан гүүгээ 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр нийт 8.000.000 /найман сая/ төгрөгөөр үнэлж байна. Манай аав тэр 2 гүүг 2019 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Цагаан-Уул сумаас худалдаж авсан. Эдгээр гүүнүүд нь Монгол Улсын Тод манлай уяач Э.Г-н адуунууд байсан, хурдан төл өгдөг гээд худалдаж авсан. Тийм болохоор би ингэж үнэлж байна. Тэр үед алга болсон 2 хүрэн гүү хоёулаа унагатай байсан. Тэгээд тус бүрийг нь 3 сая төгрөгөөр худалдаж авсан. 2019 онд унагатай ирсэн. 2020 онд 2 төл авсан. Худалдаж авахдаа хамт ирсэн унага нь 2020 онд дааганд нь сумын наадамд уяж хурдлуулж түрүүлсэн. Тэгээд өөр наадам болоогүй болохоор дахиж уяж чадаагүй. Сумын наадамд түрүүлсэн өргөмжлөл медаль 2 нь байгаа. Манай аав 2019 онд Дорнод явж худалдаж авсан. Ер нь бол манай сумын хүмүүс Дорнодын адуу гэж сайн мэднэ. Би адуугаа 2021 оны 03 дугаар сард алдаад 05 дугаар сард цагдаад тэмдэглүүлж байсан. Алдсанаас хойш Завхан аймгийн Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан сумдын нутаг, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Хатгал зэрэг сумдын нутгуудаар өөрийн мотоциколь, машинаар хайж явсан. Би 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш алдсан адуугаа хайж нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгний зардал гаргасан, бензин тос авч байсан баримтууд байгаа. Миний алдсан 3 адуу зүсээрээ буцаж ирсэн. Харин хээр зүсмийн байдас нь буцаж ирээгүй. Түүнийг Б нь гэрийнхээ ойролцоо аргамжиж байгаад чононд идүүлсэн талаараа надад хэлсэн. Тэгээд тухайн адууны үнэ болох 800.000 төгрөг болон алдсан адуугаа эрж хайхад зарцуулсан шатахууны үнэ болох 1.700.000 төгрөг, нийт 2.600.000 төгрөгийг өнөөдөр миний эзэмшлийн Хаан банкны 5720641858 дугаарын данс руу шилжүүлсэн. Одоо надад түүнээс нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, би түүнтэй сайн дураараа эвлэрсэн учир Б.Б-д холбогдох энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-15, 95-р хуудас/,

            Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Н.Л нь 2021 оны 03 дугаар сарын эхээр 4 тооны адуу алдсан гээд хаваржин, зунжин хайсан. Яг хаанаас алдсаныг нь бол сайн мэдэхгүй байна. 4 тооны гүү алдсан гэж байсан. Нэг хээр, 3 хүрэн зүсмийн гүүнүүд алдсан гэсэн. Им тамгыг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цагаан үсэн тамгатай адуунууд байдаг юм. Л-х нилээн хэдэн тооны адуу байгаа. Аав Н-тайгаа нийлээд 2 азарга адуу байгаа байх. Аавтайгаа ээлжлээд малладаг юм. Тэдний адуу хавар намартаа Тэлмэн нуурын доод захаас авхуулаад Хүрэн тал, Нуурын босго зэрэг газруудаар байдаг. Миний мэдэж байгаагаар 2020 онд сумын баярт түрүүлсэн хээр дааганы эх болох хүрэн гүүг Дорнодоос авсан гэж байсан. Бусдыг нь бол сайн мэдэхгүй байна. Тэднийх ер нь Дорнод талаас 25 хувийн цустай гүүнүүд авч ирдэг юм. Надад адуугаа алдсан талаар хавар ярьж байсан. Бид 2 найзууд болохоор надад 4 гүүгээ хулгайд алдлаа гэж ярьж байсан. Миний мэдэж байгаагаар хойд сумдаар нэг явсан. Доод сумд руу бас явсан сурагтай байсан. Яг сайн нарийн хэлж мэдэхгүй байна. Нэг хүрэн гүүнийх нь төл гээд хээр даага 2020 оны сумын баярт түрүүлсэн. Тэрнээс хойш ямар баяр наадам болоогүй. Нөгөө хэдийнх нь үр төлийг нь бол сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн19-20-р хуудас/,

            Гэрч Ш.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү Л нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Тэлмэн сум Баян-Айраг багийн нутаг Хүрэн талын хөндий гэдэг газраас 4 тооны адуу алдсан. Тэгээд хаваржин зунжин хайгаад саяхан сургыг нь гаргаад байгаа. Хоёр тооны бүдүүн хүрэн гүү. Хавар унаглах байсан. Нэг хүрэн гүү байдас, хээр байдас гэсэн 4 тооны адуу алдсан. Хээр байдас нь бол адуундаа байсан. Нөгөө гурав нь тусдаа байсан. Нэг бүдүүн хүрэн гүү, хүрэн байдас 2 нь цагаан үстэй алхтай туухай тамгатай, бас нэг хүрэн гүү нь зөв гуяндаа цагаан үсэн саран тамгатай, хээр байдас нь болохоор 2 чих цуулбар имтэй байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Манай хүү Л-н адуунууд байсан. Өөрийн унаган адуу бол биш би худалдаж авч байсан юм. 2019 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо гэдэг сумаас өөрөө очиж авч ирж байсан. Алдарт уяач Э.Г-н адуунаас авч байсан. Тухайн үед 2 хүрэн гүүг 2 унагатай нь тус бүр 3 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Удамшил угшил нь хурдан болохоор тэгж авч байсан. 25 хувийн цустай, хурдан төл өгнө гэж байсан, төл өгсөн. Нэг хүрэн гүүнийх нь төлийг дааганд нь сумын баяр наадамд уяад түрүүлсэн. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Завханы хойд сумдаар ихэнхээр нь явж хайсан. Яг хэн хэнтэй явсныг нь сайн мэдэхгүй байна. Ямарч байсан эрж хайсан. Өөрийнх нь ярьж байгаагаар 2 сая гаран төгрөг гарсан гэж ярьж байсан. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Л манай хоёрын нийлсэн 40 тооны адуутай...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

            Гэрч М.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сард Тэлмэн сумын Баян-Айраг багийн Хүрэн талаас 3 тооны адуу буюу хүрэн зүсмийн 3 гүү алдсан гэсэн. Хоёр хүрэн гүү нь зөв гуяндаа сартай туухтай тамгатай, нэг хүрэн гүү нь саран тамгатай гэж ярьж байсан. Имийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг гүү худалдаж авсан гэж ярьж байсан. Яг сайн мэдэхгүй байна. Гүүнүүдийн төл нь байгаа байх. Баяр наадамд уяж хурдалуулж байсныг нь сайн мэдэхгүй байна. Машин, мотоциклоор хайж их явсан. Аав нь бас яваад байсан. Л өөрөө хавар гурван хүрэн гүү алдлаа гээд сураад байсан. Тэгээд сүүлдээ хайгаад олдохгүй байна алдчихлаа даа гээд байсан. Сартай туухай тамга дардаг. Өнгөрсөн жилээс хойш цагаан үсэн тамга дардаг болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/,

            Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны намар 11 дүгээр сард Их-Уул сумаас Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг руу отроор явсан. Тэгээд Зүүнхангай сумын харъяат аймгийн алдарт уяач, улсын сайн малчин Э гэдэг айлын хажууд өвөлжсөн. Тэгээд би Э гэдэг хүнээс миний өөрийн жороо хээр үрээгээр буурал цоохор зүсмийн үрээг сольж аваад 2021 оны 2 дугаар сарын 10-ны үеэр Зүүнхангай сумаас буцаад Их-Уул сум руу хөтлөөд 03 дугаар сарын эхээр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутагт байх Б гэдэг айлын ойролцоо ирж хоносон. Яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 03 дугаар сарын эхээр байсан. Цас хайлж дуусаагүй газар бараантах маягтай болж байсан. Тэгээд Б ахын доохон талд отрынхоо гэрийг барьж хоноод маргааш өглөө нь Б-н залуу болох Б нь надтай хамт адуунаас миний морийг барьж өгсөн. Тэгж морь барьж байхдаа нөгөө буурал үрээг харчихаад энэ үрээгээ зарчихаач гээд гуйгаад байхаар нь би энэ үрээг 3 сая төгрөгний үрээ гэж хэлсэн чинь Б 3 тооны гүү өгье гэсэн. Тэгээд Б өөрийнхөө адууг тууж ирээд 3 хүрэн зүсмийн гүүг миний өөрийн эзэмшлийн гүү гэж хэлж барьж өгөөд миний буурал үрээг аваад үлдсэн. Миний буурал үрээ нь ямарч байсан тамгатай байсан. Яг ямар тамгатайг нь сайн мэдэхгүй байна. Энэ жил 4 нас хүрч байгаа хязаалан ягаан буурал үрээ байсан. Харин би Б-с 3 тооны хүрэн зүсмийн гүү, 2 нь унаглах байсан гүүнүүд авсан. Зөв гуяндаа цагаан үсэн тамгатай гурван гүү байсан. 2 нь бүдүүн гүү, 7-8 настай байх, нэг нь бол 3 настай шүдлэн байдас байсан. Би Их-Уул суманд ирээд хуучин тамган дээр нь өөрийн үүлэн тамгаар давхарлаж тамгалсан. Б адуу солих өглөө өөрийнхөө хар азаргатай адуугаа тууж ирээд энэ гурван гүү миний гүү гэж хэлээд өгсөн. Өөр юм яриагүй. Надаас тэр буурал үрээг гуйсаар байгаад гурван тооны хүрэн зүсмийн гүүгээр сольж авсан. Надтай хамт явж байсан манай сумын Үржил багийн малчин Б гэдэг ах мэдэж байгаа. Харин хамт явж байсан хүмүүс бол сольсон гэдгийг сонссон байгаа. Б ах мэдээгүй. Б өөрөө мэдэж надтай наймаа хийсэн. Б-н өөрийнх нь гэр бол сумын төв дээр байдаг гэсэн. Өөрөө аавындаа байсан. Аавынх нь Тэлмэн сумын Баян-Айраг багийн Ац гэдэг газар байсан байх. Би байсан газрынх нь нэрийг яг сайн мэдэхгүй байна. Адуу нь гэрийнхээ ойролцоо байсан. Б адуугаа мориор ганцаараа тууж ирсэн. Хар азаргатай адуу тууж ирсэн. Гурван гүү нь адуунд байсан болохоор би өөрийнх нь гүү гэж бодсон. Өөрөө надад хэлэхдээ миний гүүнүүд гэж хэлж өгсөн. Хүрэн зүсмийн гурван гүү нь одоо миний адуунд байгаа. 2 бүдүүн хүрэн гүү нь унагласан. Нэг нь шүдлэн байдас унагалаагүй. Нийт 5 тооны адуу байгаа. 2 гүүнээс хээр зүсмийн 2 унага гарсан. Би буурал зүсмийн үрээгээ 2021 оны 09 дүгээр сарын эхээр Тэлмэн сумын Баян-Айраг баг “Ац” гэх гараас очиж авсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 97-98-р хуудас/

            Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Б Завхан аймгийн Сантмаргаз суманд отор хийж өвөлжөөд буцаж ирэх замдаа Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутагт хоноглоод нэг айлын хашаан дээр морио солих гээд адуу хашиж байхад тухайн хашааны эзэн гэх залуу ирээд Дэлгэрбаттай уулзсан. Бид нар тухайн айлын өвөлжөөний урд гэрээ барьж хоночихоод өглөө босоод явах гэж байхад нөгөө өвөлжөөний эзэн гэх залуу Д-н үрээг сонирхоод Д-тай наймаа хийгээд бид нарыг явахаас өмнө бор зүсмийн азарга үрээ хураасан 4  тооны адуу тууж ирээд адуунаас хүрэн зүсмийн нас гүйцсэн 2 тооны гүү болон хүрэн зүсмийн байдсан гүү гурвыг барьж өгөөд Д-с буурал зүсийн азарган үрээг нь барьж аваад үлдсэн. Харин нөгөө 3 гүүг Д адуундаа нийлүүлээд бид нар цааш замдаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-р хуудас/,

             Гэрч Ё.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Сантмаргаз суманд отор хийж өвөлжөөд буцахдаа Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт отор хийж өвөлжсөн манай сумын залуу болох Д.Д тэндээс буцах гэсэн, ганцаараа болчихоод байна гэхлээр нь хамт хөдлөөд Завхан аймгийн Их-Уул сум руу буцаж явах замд Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутагт хоноглох болоод нэг айлын хашаан дээр морио солих гээд адуу хашиж байхад тухайн хашааны эзэн гэх залуу ирээд Д.Д-тай уулзсан. Тэгээд бид нарыг тэндээс хөдлөх гэж байхад нөгөө залуу Д.Д-н нэг үрээг сонирхоод Д.Д-тай наймаа хийхээр тохиролцсон байсан. Тэгээд бид нарыг хөдлөхөөс өмнө бор зүсмийн азарга үрээ хураасан байсан. 4 тооны адуунаас хүрэн зүсмийн нас гүйцсэн 2 тооны гүү болон хүрэн зүсмийн байдсан гүү 3-ыг барьж өгөөд Д.Д-с буурал зүсмийн азарган үрээг нь барьж аваад үлдсэн. Харин нөгөө 3 гүүг Д адуундаа нийлүүлээд бид нар цааш замдаа хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас/

            Завхан аймгийн хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “...1.Хүрэн гүү /8 настай, хээлтэй хурдан төл өгнө, 2019 онд Дорнод аймгаас худалдаж авсан/, Хүрэн гүү /7 настай, хээлтэй хурдан төл өгнө, 2019 онд Дорнод аймгаас худалдаж авсан/, Хүрэн гүү / 3 настай байдас/, Хээр гүү /3 настай байдас/, 2021 оны 08 дугаар сарын байдлаар Н.Л-н алдсан 4 тооны адууны үнэлгээг 7.600.000 /долоон сая зургаан зуун мянган/ төгрөгөөр тогтоолоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 31-35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар

Гэрч М.Б-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Б.Б-н аав Б нь Тэлмэн сумын Нуур багт насаараа мал маллаж байгаа. Харин Б.Б нь 2020 онд хурим найраа  хийж өрх тусгаарласан. Эхнэр хүүхдийн хамт тус сумын  Нуур багт мал маллаж амьдардаг. Б.Б-х ойролцоогоор бод, бог нийлсэн 100 орчим малтай. Амьдралын түвшин дундаж айл Б.Б хүмүүсийн дунд нэр хүнд сайтай. Сэргэлэн цовоо ааштай хүүхэд ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/,

Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б 1999 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай том хүү болж мэндэлсэн.  Багаасаа мал маллаж өссөн. 2017 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвд ойжуулагч мэргэжлээр төгссөн.  2018 онд Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. 2020 оны 10 дугаар сард хурим найраа хийж өрх тусгаарласан. Би өрх тусгаарлахад хонь, ямаа, үхэр адуу нийлсэн 100 гаруй тооны мал өгсөн бөгөөд түүнийгээ маллаад амьдарч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-р хуудас/,

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дугаартай: “...Тус багийн иргэн******* регистрийн дугаартай Б.Б нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Багтаа байнга оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

 Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дугаартай: “...Тус багийн иргэн******* регистрийн дугаартай Б.Б нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 13, үхэр 5, хонь 35, ямаа 21 нийт 74 толгой мал тоолуулсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн авто тээврийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 74 дугаартай: “...Б.Б-н нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй болно...” гэсэн албан бичиг, иргэний болон гэрлэлтийн лавлагаа, Хаан, Хас, Төрийн банкны тодорхойлолтууд зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2021 оны хавар 3 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Нудрагын бууц гэдэг газар хаваржиж байсан юм. Тухайн үед отроор явж байсан айлууд нутаг руугаа буцаж нүүж байсан.  Их-Уул сумын харъяат Д гэх залуу Увс аймгийн  нутагт өвөлжчихөөд буцаж явна гээд манай өвөлжөөний урд талд буугаад манай адууны хашаан дээр морио сольсон. Тухайн үед тэдний адуунд байсан нэг буурал үрээг нь сонирхоод үрээг нь авахаар ярилцсан юм. Би маргааш өглөө нь тэд нар явахаас өмнө өөрийнхөө адууг хашаа руугаа нийлүүлээд Д-с нөгөө буурал үрээг нь авч үлдсэн. Түүний өмнө би Л-н адууны захад 4 тооны адуу салангид тусдаа байхаар нь тууж өөрийн адуундаа нийлүүлээд 3,4 хонуулаад байж байтал нэг хээр зүсмийн байдас нь жилбэнтээд үхчихсэн юм. Нас гүйцэж байгаа бололтой хүрэн зүсмийн  2 тооны гүү,  нөгөөх нь хүрэн зүсмийн  шүдлэн болов уу гэмээр адуунууд байсан.  Тухайн  3 тооны адуу цагаан үсэн саран тамгатай байсан.  Би Н.Л-тэй уулзаж тохиролцоод хээр байдасны үнэ болох 800,000 төгрөг болон  адуугаа хайхад зарцуулсан 1,800,000 төгрөг нийт 2,600,000 төгрөгийг  түүний эзэмшлийн  5720641858 дугаарын данс руу шилжүүлж түүнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. 3 тооны адууг зүсээр нь буцааж өгсөн ...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.   

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:

Н.Л, Б.Б нарын “...Хохирогч Н.Л надад хохирол болох 3 тооны адууг зүсээр нь буцааж өгч, 1 тооны адууны үнэ болон эрж хайхад зарцуулсан шатахууны үнэ зэрэг нийт 2,600,000 төгрөгийг надад өгч миний хохирлыг барагдуулж, би учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар, /хх-ийн 116-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Н.Л-с ирүүлсэн хохирлын талаархи баримт /хх-ийн 76-81-р хуудас/

Хохирогч Н.Л, шүүгдэгч Б.Б нар эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-д  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл болох ба дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нь нийгмийн  харилцаанд тогтсон хэм хэмжээг ноцтой зөрчиж бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, мөн хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирол төлсөн баримт, хохирогчийн тайлбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т  “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг 2021 оны 03 дугаар сард үйлдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Мал хулгайлах / гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж заасан байх тул  шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн Тэлмэн сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В овогт Б.Б-г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч В овогт Б.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн Тэлмэн сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих, ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ш үсгэн тамгатай хээр зүсмийн нас гүйцсэн морийг улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОТГОНХИШИГ