Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч д холбогдох 2124000000081 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ****************************

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэр Могойн голын Тагийн нуур гэх газарт байрлах гэрийнхээ гадна талд эхнэр М.Ш-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа, толгой хэсэг рүү модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний урд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэр Могойн голын Тагийн нуур гэх газарт байрлах гэрийнхээ гадаа хохирогч М.Ш-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа, модоор толгойн тус газарт цохисон гэх үйл баримт нь:

Хохирогч М.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчим би малынхаа хашаан дотор баас малтах гээд орсон байхад манай нөхөр Т араас ирээд тугалаа тавьж өгсөнгүй үд дунд болголоо гэхээр нь хэзээ байхдаа тугал тавьж үхэр, тугалд санаа зовдог болчихоо вэ гэтэл намайг уурганы хугархай модоор толгой, хүзүү рүү цохиод, гараараа нүүр лүү цохисон, миний үснээс зулгаагаад намайг газар мөргүүлсэн. Тэгэхээр нь би биеэ хамгаалахын тулд малын баас арилгах гээд барьсан байсан хүрзний модон ишээр 2-3 удаа зөрүүлээд цохисон. Тэгтэл намайг цохихоо болиод үхрээ туугаад явж байснаа гэнэт эргэж хараад гартаа барьсан жижиг модоо над руу шидээд миний толгой руу оносон би гараараа толгойгоо тэмтрээд үзтэл миний толгойноос цус гарч байсан. Яг тэгээд байж байтал манай үхрийн зэлэн дээр байсан хүмүүс ирээд намайг бариад авсан. Манай хот айлын хүн манай бэр эгч рүү хэлээд эмнэлэг, цагдаа дуудаад манай сумын эмнэлгийн машин ирээд би Асгат сумын төв орж эмнэлэгт хэвтэж толгойдоо 2 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх 7-10/,

Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би хажуугийнхаа айлд зурагт үзээд сууж байтал миний байсан айлын эхнэр гарснаа хүмүүс зодоон хийгээд байх шиг байна гэхээр нь гэрээс гараад үхэр тугалын хашааны тэнд яваад очтол Т-гийн эхнэр Ш-ийн толгойноос ус гарсан газар сууж байхаар нь би Жарантай гэдэг айл руу оруулж толгойг нь боож өгөөд хониндоо явсан. Намайг хониноосоо ирэхэд Шг Асгат сумын төв рүү аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 15/,

Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манайхан малаа тоолж бүртгэж байгаад намайг малын тооцооны данс авах гээд гэрт ороод гарч ирэхэд Т авгайгаа цохисон толгойноос нь цус гарсан байсан. Би Ш-ийн эгч рүү утсаар ярьж хэлсэн. Тэгээд манай гэрт орж толгойг боогоод түргэний машин ч удалгүй ирээд сумын төв аваад явсан. Модоор л цохисон гэж байсан. Толгойноос нь цус гарсан харагдсан...” гэсэн /хх 16-17/, мэдүүлгүүд болон

Эмчийн “...М.Ш нь 32 настай, зовиур толгой өвдөнө, 2 гар уншиж өвдөнө, цээжээр өвдөнө, зүүн талын нүүр нь тал хөхрөлттэй, хавдсан байсан. ...толгой ил шарх нь зөөлөн эдийн гэмтэл авсанд 2 оёдол тавьсан...” гэсэн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч гийн “...Манайх 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Могойн гол гэх газарт намаржаандаа байж байсан. Тэр өдөр би гэртээ байж байгаад гараад эхнэр Ш-гийн хамт малын хашаа руу орсон. Тэгээд би эхнэртээ өдөр болтол үхэр тугалаа гаргасангүй гэж хэлтэл манай эхнэр хариуд нь чи хэзээ үхэр тугалын ажилд оролцдог байсан юм гээд үг сөрөөд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Хэрэлдэж байгаад би эхнэрийнхээ зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр намайг хүрзээр 2-3 удаа цохисон. Тэгээд малын хашаанаас гараад үхрээ туугаад явж байтал эхнэр араас үглээд байхаар нь гарт байсан модоо эхнэр лүүгээ шидсэн чинь эхнэрийн толгойг оноод толгойг нь хагалсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч М.Ш-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа, модоор толгойн тус газарт цохисон гэх үйл баримтыг давхар нотолж байна дүгнэлээ.

Шүүгдэгч гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Ш-д хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 325 дугаартай: “...М.Шгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний урд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.Шгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 25/ шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Прокуророос шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******-гийн хохирогч М.Шгийн нүүрэн тус газарт нь гараараа, толгойн тус газарт модоор цохисон үйлдэл нь хохирогчид учирсан зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний урд зовхинд цус хуралт гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч гийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...М.Ш нь манай нөхөр М.Т нь надаас уучлалт гуйж өөрийн буруугаа ойлгосон. Одоо бид хоёрын хооронд хохирлын болон бусад ямар нэгэн маргаантай асуудал, гомдол санал байхгүй...” гэсэн хохирогчийн хүсэлтээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ