Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/679

 

 

 

 

 

 

   2022       05          10                                   2022/ШЦТ/679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Өлзийжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1211 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.А, 1982 оны ***************-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, ****************** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ************* тоотод оршин суух, урьд 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60.000 /жаран мянга/ төгрөгөөр торгох ял, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 1 жил тэнсэн харгалзах ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:****************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” зочид буудлын караоке дотор тус караокены үйлчлэгч ажилтай З.Эыг “тамхи байхгүй гэж зөндөө хэллээ” гэх шалтгаанаар түлхэж унагаасны улмаас түүний биед зүүн өвдөгний үе, зүүн гарын шуу, баруун өвдөгний үений доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.А нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч З.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын караокед ажлаа хийж байсан. Тэгсэн чинь 3 номерын өрөөнд согтуу эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад Саяанаа гэдэг архины шил хагалсан байсан. Тэгээд би бармен Алтангэрэлийн хамт өрөөнд нь орж архины шилийг нь цэвэрлэсэн. Тэгээд гарч явсан чинь араас гарч ирээд цээж хэсэгт баруун гараараа түлхэж унагаасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

 

Гэрч Б.Сансармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оюунтуяа, Золжаргал бид гурав тамхилах гээд өрөөнөөс гараад буцаад ирэхэд ширээн дээр байсан архи шалан дээр хагараад, зөөгч эмэгтэй шалан дээр асгарсан архийг арчиж цэвэрлээд гараад явсан. Зөөгч эмэгтэйн араас Б.А, Оюунтуяа, Золжаргал нар өрөөнөөс цувраад гарсан. Би өрөөнөөс гарах гээд зогсож байсан. Тэгтэл хүн унах чимээ сонсогдохоор нь өрөөнөөс гарахад зөөгч эмэгтэй газар уначихсан, хажууд нь Б.А байсан. Би тухайн эмэгтэйг өргөж босгоод сандал дээр суулгасан. Тухайн эмэгтэй хөл өвдөөд байна, явж болохгүй байна, танай найз чинь намайг түлхэж унагасан гэж хэлсэн. Би болон манай найзууд тухайн эмэгтэйг эмнэлэг явах уу гэхэд явахгүй гэж байсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 27-28 дахь тал/

 

Гэрч Э.Болорсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг дуулж байхад манайхны нэг нь архи хундагалах гэж байгаад шилтэй архиа газар унагаад хагалсан. Тэгтэл зөөгч эмэгтэй орж ирээд архийг нь арчиж цэвэрлээд гараад явсан. Бид нар дуулж байгаад гарсан чинь зөөгч эмэгтэй нь текнийхээ ард хөлөө бариад сууж байсан. Б.Аг түлхээд унагасан гэж яриад байсан. Би тухайн үйл явдлыг хараагүй. Ингээд би өөрийнхөө хаан банкны картаар төлбөр болох 247.000 төгрөгийг төлөөд гарцгаасан. Гарахынхаа өмнө бид нар зөөгч эмэгтэйг эмнэлэг явж үзүүлэх үү гэхэд, үгүй гээд байсан ба нэлээд удаан гуйж байгаад гараад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

 

Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Сансармаа, Золжаргал бид гурав өрөөнөөс гараад тамхилчхаад ороод ирэхэд, ширээний дээр байсан шилтэй архи шалан дээр хагарчихсан. Зөөгч цэвэрлээд байж байсан ба бид нар караокеноос гарахаар болсон. Б.А өрөөнөөс түрүүлээд гарсан санагдаж байна, эмэгтэй хүн орилохоор нь бид нар гарцгаасан. Тэгтэл зөөгч эмэгтэй газар уначихсан, өвдөглөөд суугаад уйлж байсан. Яасан талаар асуухад Б.Аг заагаад танай энэ ах чинь түлхээд унагасан гэж байсан. Тэгэхээр нь зөөгч эмэгтэйг түшиж аваад текний арын өрөөнд суулгасан. Эмнэлэг явах уу гээд гуйтал нөгөө зөөгч явахгүй гээд байсан. Тэгэхээр нь бид нар караокеноос гараад гэр гэртээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/,

 

Гэрч Г.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.А, Болорсүх, Сугараа гурав өрөөндөө дуулаад үлдсэн байсан ба Сансармаа, Оюунтуяа бид гурав өрөөнөөс гараад тамхилчхаад ороод ирэхэд, ширээний дээр байсан шилтэй архи шалан дээр хагарчихсан. Зөөгч цэвэрлээд байж байсан ба бид нар караокеноос гарахаар болцгоосон. Би Б.Агийн араас дагаж гарсан. Үүдэнд аяга шаазан хагарах сонсогдож байсан. Гараад хартал зөөгч эмэгтэй газар уначихсан, өвдөглөөд сууж байсан тэгээд би Б.Аг тэврээд гарсан. Бид 2 гадаа гарч тамхи татангаа би Б.Агаас юу болсон юм бэ гэтэл Б.А надад юу ч болоогүй гэсэн. Тэгээд бид нар караокеноос гараад гэр гэртээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг тэмдэглэл /хх-ийн 14-15 дахь тал),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн 3904 дугаартай: “Дүгнэлт

  1. З.Эын биед зүүн өвдөгний үе, зүүн гарын шуу, баруун өвдөгний үений доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Аг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” зочид буудлын караоке дотор тус караокены үйлчлэгч ажилтай З.Эыг “тамхи байхгүй гэж зөндөө хэллээ” гэх шалтгаанаар түлхэж унагаасны улмаас түүний биед зүүн өвдөгний үе, зүүн гарын шуу, баруун өвдөгний үений доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч З.Э нь хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.А нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР