| 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2017/00417 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Хүсэлт гаргагч: С нэхэмжлэлтэй, Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.*******, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд Политехникийн их сургуулийг инженер гидротехникч мэргэжпээр төгссөнөөс хойш Говь-Алтай аймгийн АДХГЗахиргааны Барилга захиалагчийн товчооны инженер, Говь-Алтай аймгийн Гуулин, Баян торойн Тэжээлийн аж ахуйд инженер-гидротехникчээр, “Малчин” Хоршооны орлогч даргын ажпыг тус тус гүйцэтгэж ирсэн. Би удахгүй өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломж бүрдсэн бөгөөд нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнаар хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичгээ шалгуулахад Говь-Алтай аймгийн Гуулин, Баян торойн Тэжээлийн аж ахуйд инженер-гидротехникчээр ажиллаж байсан хугацааг тогтооход ажилд орсон ажлаас халагдсан тушаалыг хуулбарлан өгөх шаардлагатай байна гэж хэлсэн. Ингээд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн аж ахуй, Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянторойн тэжээлийн аж ахуй татан буугдаж, үйл ажиллагаа явуулахгүй байгаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын ****** дугаар албан бичигт: “Тус архивын хөмрөгт хадгалагдаж, байгаа баримтад Гуулингийн тэжээлийн аж ахуй, Баян торойн Тэжээлийн аж ахуйн баримт шилжиж ирээгүй” гэсэн учраас холбогдох тушаалуудыг гаргуулах боломжгүй болсон. Говь-Алтай аймгийн АДХГЗахиргааны 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар захирамжаар тус захиргааны Барилга захиалагчийн товчооны инженерийн ажлаас намайг чөлөөлж, Гуулингийн тэжээлийн аж ахуйн мэдэлд шилжүүлсэн ба уг захирамжийг үндэслэн Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 77 тоот тушаалаар 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Гуулингийн тэжээлийн аж ахуйд инженер, гидро-техникчээр томилсон тэмдэглэгээ хөдөлмөрийн дэвтэр бичигдсэн атал энэ тушаал нь архивт байдаггүй. Мөн түүнчлэн Гуулингийн тэжээлийн аж ахуйн инженер гидро техникчийн үүрэгт ажпаас чөлөөлж, халсан тушаал архивт байхгүй ба харин 1984-1989 онуудын хооронд авч байсан зарим цалингийн талаар архиваас авсан баримтад дурьдсан байна. Намайг Гуулингийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байхад 1985 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ОХУ- ын Москва хотод гидромелирацын дээд курст нарийн мэргэшлийн 6 сарын курст суралцуулсан, мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Политехникийн дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх факультетэд 45 хоногийн сургалтад тус тус хамруулж байсан. Сургалтуудад суралцаж төгссөн гэрчилгээнүүд байгаа. Намайг Гуулингийн тэжээлийн аж ахуйд инженер гидро техникчээр ажиллаж байсныг тус тэжээлийн аж ахуйн Ерөнхий агрономчоор ажиллаж байсан Г.Түмэндэмбэрэл, жолоочоор ажиллаж байсан У.Түмэндэлгэр нар гэрчилж, тодорхойлолт бичиж өгсөн. Иймд дээрх баримтуудыг үндэслэн намайг 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйд инженер, гидро-техникчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн миний бие 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Баянтооройн Тэжээлийн аж ахуйд инженер-гидротехникчээр шилжин ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт ажилд авсан болон ажлаас халсан захирамжийн дугаар, он, сар өдөр бичигдсэн боловч, эх хувийг авах гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын ****** дугаар албан бичигт: “Тус архивын хөмрөгт хадгалагдаж, байгаа баримтад ... Баян торойн Тэжээлийн аж ахуйн баримт шилжиж ирээгүй” гэсэн тул гаргуулах боломжгүй байна. Тухайн үед Тэжээлийн аж ахуйн инженерийг томилох, чөлөөлөх зэрэг тохиолдолд Аймгийн АДХГЗ ахиргаа захирамж гарган шийдвэрлэдэг байсан. Говь-Алтай аймгийн Баянторойн тэжээлийн аж ахуйд ажиллаж байхдаа аймгийн аварга инженер болж шагнагдаж, “Алтайн хөгжил” сонинд энэ талаар мэдээлж, бичигдэж байсан. Намайг Говь-Алтай аймгийн Баянторойн тэжээлийн аж ахуйд инженер-гидротехникчээр ажиллаж байсныг тус тэжээлийн аж ахуйн агрономч Д.Ариунмөнх, гидротехникч Ш.Болормаа нар гэрчилнэ. Иймд 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд намайг Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройн Тэжээлийн аж ахуйд инженер-гидротехникчээр ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч А.******* нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн аж ахуйд 1984 оны 9 сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл инженер, гидро-техникчээр, 1990 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройн Тэжээлийн аж ахуйд инженер гидротехникчээр ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгтзаасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ. Нэхэмжлэгч А.******* нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн аж ахуйд 1984 оны 9 сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл инженер, гидро-техникчээр, 1990 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройн тэжээлийн аж ахуйд ерөнхий инженер, гидротехникчээр тус тус ажиллаж байсан болох нь 1984 оны 9 сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны №43 тоот ажлаас чөлөөлж, томилох тухай захирамжид: ...Барилга захиалагчийн товчооны инженер Авирмэд овогтой *******ыг 9 сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсүгэй..., 1984 оны 9 сарын 15-ны өдөр нээсэн Авирмэдийн *******ын хөдөлмөрийн дэвтэрт: ...Говь-Алтай аймгийн АДХГүйцэтгэх захиргааны 88 тоот захирамжийг үндэслэн Гуулингийн тэжээлийн аж ахуйд инженер-гидротехникчээр томилон ажилуулав..., Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2015 оны 9 сарын 18-ны өдрийн ****** тоот архивын цалингийн лавлагаанд А.******* нь: ... 1984 оны 7 сард 358 төгрөг..., 1984 оны 9 сард 420 төгрөг..., 1989 оны 1 сард 953,86 төгрөг, 2 сард 641,14 төгрөгийн цалин авч байсан.., тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргын тушаал болон Баянтооройн тэжээлийн аж ахуй, Малчин хоршооны баримт шилжиж ирээгүй, Гуулингийн тэжээлийн аж ахуйн 1990 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд А.*******т холбогдох баримт байхгүй болно гэсэн, мөн А.*******ын хөдөлмөрийн дэвтэрт:...Говь-Алтай аймгийн АДХГЗ-ны 1990 оны 6 сараын 15-ны ** тоот захирамжийг үндэслэж Баянтооройн тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 6 сарын 20-ны өдрийн 39 тоот тушаалаар Баянтооройн тэжээлийн аж ахуйд ерөнхий инженерээр томилон ажиллуулав..., Баянтооройн тэжээлийн аж ахуйн 1993 оны 11 сарын 25-ны өдрийн **** тоот тушаалаар тус тэжээлийн аж ахуйн ерөнхий инженер гидротехникчийн үүрэгт ажлаас чөлөөлж Дэлгэр сумын нэгдэлд шилжүүлэв..., гэсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн гэрч У.Т нь тухайн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн аж ахуйд жолоочоор, Д.Ариунмөнх нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройн тэжээлийн аж ахуйд агрономчаар тус тус ажиллаж байсан бөгөөд тухайн үед А.*******тай нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй, гэрч нарын хөдөлмөрийн дэвтэр нь албан тушаалтны тамга, гарын үсгээр баталгаажсан байх тул тэдгээрийг үнэн зөвд тооцож үнэлэв. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон тушаалууд нь тухайн үеийн албан тушаалтны тамга, гарын үсгээр баталгаажсан, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул нотлох баримтаар үнэлсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Олхонууд овогт Авирмэдийн ******* /ДС/-ийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн аж ахуйд 1984 оны 9 сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл инженер, гидро-техникчээр, 1990 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройн тэжээлийн аж ахуйд ерөнхий инженер гидротехникчээр ажиллаж байсныг тус тус тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай. ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ | |