| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0670/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/683 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/683
2022 05 10 2022/ШЦТ/683
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Г.Г,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Л.Галав нарыг оролцуулан эрүүгийн 2206 00972 1339 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Г, 1976 оны 10 дугаарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэн мэргэжилтэй, ************* ажилтай, Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: ***************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ********** тоот өөрийн гэртээ байхдаа гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Оийг гар утсаа авсангүй гэж нүүр толгой хэсэгт нь алгадах, баруун зүүн гар, хөл, гуя хэсгээс нь гараараа базах, өшиглөх зэргээр биед нь халдаж хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, хоёр гуя, зүүн шилбэ, шагайн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оийн бие махбодод хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Г.Гын шүүх хуралдаанд: “2022 оны 02 сарын 10-ны өдөр би ажилдаа явчхаад шөнө гэртээ 01 цагт гэртээ ирсэн. Манай хүн ажилдаа явахгүй 7 хоног архи уусан. Манай хоёр хүүхэд ээжийгээ усанд оруулаад том өрөө рүү оруулсан. Тэгээд маргааш өглөө сэрээд явлаа, эгч ирээд намайг авч явна гэж хэлэхээр бид муудалцсан.” гэх мэдүүлэг,
- Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 11 тоотод гэртээ 2 хүүхдийн хамт унтаж байхад шөнийн 01 цагийн орчим манай нөхөр Г.Г орж ирсэн. Г.Г гаднаас орж ирмэгцээ та 3 яахаараа утсаа авдаггүй юм гээд бид гурвыг авдрын хажууд босгож зогсоогоод, том хүү Г.Хыг 2 удаа алгадаад унагаасан. Мөн бага охин Г.Энхцэцэгийг 1 удаа алгадаад авахаар нь би 2 хүүхдээ зодуулахгүй гэж урдуур нь орсон. Гэтэл намайг 2 удаа толгой руу алгадаж аваад, миний гар, хөл, цавь, гэдэс зэрэг олон газар өшиглөж зодсон. Г.Г шөнийн 04 цаг хүртэл бид гурвыг загнаж, намайг зодож байгаад өөрөө унтаад өгсөн ба би цагдаагийн байгууллагад хандахаас айгаад байсан. Уг асуудлын маргаашаас нь Г.Г охин, хүү, бид гурвыг гэрээсээ хөөж, хувцсаа аваад зайл, зайлахгүй бол ална шүү гээд байхаар нь айсандаа 02 дугаар сарын 13-ны өдөр ахынхаа гэр рүү хувцсаа аваад явсан. Тэгээд би 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг гарсан өдөр Г.Г согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, ажлаасаа тараад гэртээ ирсэн. Миний биед учирсан хөхөрч няцарсан шархнуудыг бүгдийг нь Г.Г учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дэх тал/,
- Насанд хүрээгүй гэрч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд бид нарыг та нар яахаараа утсаа авдаггүй юм, босоод ир гэж босгож зогсоогоод намайг 2 удаа, манай дүүг 1 удаа алгадаж авсан. Гэтэл ээж бид хоёрыг өмөөрөхөд манай аав улам уурлаж ээжийг алгадаж унагаагаад олон удаа гар, хөл, гэдэс зэрэг газарт нь өшиглөж зодсон. Тэгээд дүү бид хоёрыг ахин загнаж байгаад шөнийн 04 цагийн орчим унтаад өгсөн. Миний ээж Д.О нь хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба ээж усанд орж байгаад унаж бэртсэн асуудал байхгүй. Манай дүү бид хоёр ээжийн гараас чирээгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3010 дугаартай: “Дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Г.Г нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ********** тоот өөрийн гэртээ байхдаа гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Оийг гар утсаа авсангүй гэж нүүр толгой хэсэгт нь алгадах, баруун зүүн гар, хөл, гуя хэсгээс нь гараараа базах, өшиглөх зэргээр биед нь халдаж хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, хоёр гуя, зүүн шилбэ, шагайн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ялын санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Д.О нь хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР