Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2018/03091/И |
Дугаар | 001/ХТ2020/00161 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00161
“X банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00508 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 679 дүгээр магадлалтай,
“X банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ЗБДсан ”-д холбогдох,
29 615 586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЗБДсан ” нь X банкнаас олгож буй зарим зээлд баталгаа гарган оролцдог. “Онон Өлзий” ХХК нь “X банк” ХХК-тай 2014 оны 10 сарын 27-ны өдөр ЗГ/201442241634 тоот дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж 70 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлж авсан ба уг зээлийн 42.9%-д “ЗБДсан ” нь батлан даалт гаргасан.
Тодруулбал, “Онон Өлзий” ХХК-ийн “X банк” ХХК-иас зээлсэн 70 000 000 төгрөгийн зээл эргэн төлөгдөхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг зээлийн 42.9%-тай тэнцэх хэмжээг “ЗБДсан ” “X банк” ХХК-д төлөх юм. “X банк” ХХК, “Онон Өлзий” ХХК, “ЗБДсан ” нарын хооронд 2014 оны 10 сарын 27-ны өдөр “Батлан даалтын гэрээ” байгуулагдсан. “Онон Өлзий” ХХК нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлийг төлөхгүй байгаа тул банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө бүхэлд нь шаардсан. Улмаар зээлийн гэрээ цуцлагдаж зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэнээр “ЗБДсан ” гэрээгээр хүлээсэн зээлийн 42.9%-тай тэнцэх хэмжээний баталгааны үүргээ хүлээж төлбөрийг банкинд шилжүүлэх ёстой байтал хууль зүйн үндэслэлгүйгээр эс зөвшөөрч, төлөхгүй гэсэн хариу өгөөд байна.
“Онон Өлзий” ХХК нь 2018 оны 03 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн 69 034 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас 42.9 хувийг тооцож 29 615 586 төгрөг нэхэмжилж байгаа. “X банк” ХХК нь 2014 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гэрээ”-ний 1.6, 3.1.2, 3.4.1-т заасныг үндэслэн батлан даагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардсан ч “ЗБДсан ” нь 2018 оны 04 сарын 04-ний өдөр зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, банкны шаардлагыг хангаж, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх тухай хүсэлтээ дахин гаргаж ирүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн юм.
Гэтэл “Батлан даалтын гэрээ”-ний 1.6-д Батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. 3.1.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах, 3.4.1-д Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, банк энэхүү гэрээний 1.6-т заасан арга хэмжээг авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийн энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар /42.9/ өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх гэж тохиролцсон. Талуудын дээрх тохиролцоо нь зээлдэгч хугацаа хэтэрч 90 хоног өнгөрсөн, банк зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх болон шаардах хуудас хүргүүлсэн бол урьдчилсан нөхцөл биелсэн гэж үзэж банк нь батлан даагчаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байхаар зохицуулсан ба барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны дараа батлан даалтын үүргээ биелүүлнэ гэсэн агуулга гэрээнд байхгүй. “Батлан даалтын гэрээ”-ний агуулга нь банк уг төслийн зээлийг олгохдоо барьцаа хөрөнгө хангалттай хүрэлцээгүй зээлдэгч нарт барьцаа хөрөнгийн хүрэлцэхгүй хэсэгт нь ЗБДсан батлан даахаар зохицуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл зээлийн 42.9 хувьд батлан даалт, үлдэх хэсэгт барьцааны аргыг хэрэглэхээр зохицуулсан юм. Иймд аль нэг аргыг нь эхлээд хэрэглэнэ, нөгөөхийг нь заавал дараа нь хэрэглэнэ гэсэн зохицуулалт байхгүй. “Зээлийн гэрээ”-ний үлдэгдлээс 42.9%-иар тооцохоор 29 615 586 төгрөг болж байгаа.
Иймд “ЗБДсан ”-аас 29 615 586 төгрөг гаргуулж “X банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ЗБДсан ” нь “X банк” ХХК болон “Онон Өлзий” ХХК-тай 2014 оны 10 сарын 27-ны өдөр БДГ/201442241637 тоот “Батлан даалтын гэрээ” байгуулан 70 000 000 төгрөгийн зээлийн 42.9 хувьд батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан “Батлан даалтын гэрээ”-нд зээлдүүлэгч буюу “X банк” ХХК тодорхой нөхцөл байдлуудыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан.
Гэрээний дараах нөхцөлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд: 1.6. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ., 3.2.3-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.2.4-т энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх, 3.4.1-т Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд Зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх.
Зээлдүүлэгч “Батлан даалтын гэрээ”-ний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул ЗБДсан гаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж, талуудын хооронд байгуулсан “Батлан даалтын гэрээ”-ний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл үнийн дүнгийн 42.9 хувь байна гэж заасан.
“X банк” ХХК болон “Онон Өлзий” ХХК-ийн асуудал шийдвэр гүйцэтгэлийн шатанд яваа гэж ойлгож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж ямар нэг шийдвэр гаргаагүй. Тиймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үндсэн зээлийн үлдэгдэл өөрчлөгдөнө. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд “ЗБДсан ”-ийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00508 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗБДсан гаас 29 615 586 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 028 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 22 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч “X банк” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 679 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 458 дүгээр зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗБДсан гаас 27 885 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “X банк” ХХК-д олгож, үлдэх 1 730 586 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...гаргуулан” гэсний дараа “хариуцагч ЗБДсан гаас 306 028 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “X ” банк ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “X банк” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 028 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 679 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй...” гэж үзэж, зөвтгөн өөрчилсөн. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж буй үндэслэлээ тайлбарлахгүйгээр, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй магадлал гаргаж, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн, үндэслэлгүй магадлал гаргасан байна. Тодруулбал:
Магадлалын хянавал хэсэгт “Зээлдэгч “Онон Өлзий” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч удаа дараа шаардсан, зээл төлөгдөөгүйгээс зээлдүүлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн ба 69 034 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь тодорхойгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 69 034 000 төгрөг болохыг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч тодорхойлсон гэж дүгнэсэн. Үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд уг хугацаанд зээлийн үлдэгдлээс төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, ЗБДсан гаас нэхэмжилж буй дүнд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр орсон эсэх нь тодорхойгүй байхад “....69 034 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцаа хөрөнгүүдийг нэхэмжлэгч “X банк” ХХК-д санал болгоход Nissan X-Trail маркийн суудлын автомашиныг төлбөрт тооцон авах саналыг хүргүүлсэн байдаг, уг автомашиныг хэдэн төгрөгийн төлбөрт тооцон авсан нь мөн тодорхойгүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох нь хэсэгт Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Иргэний хуулийн 460.1 дэх хэсэг нь батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх тухай заалт юм. Зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг санал болгоход нэхэмжлэгч татгалзсан байхад нөхөх хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийн уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
“X банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Онон Өлзий” ХХК-д холбогдох “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 71 274 813 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 519 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
“X банк” ХХК нь уг зээлийн “Батлан даалтын гэрээ”-ний үүргийг нэхэмжилж байгаа тул давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “X банк” ХХК “ЗБДсан ”-д холбогдуулан 29 615 586 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “X банк” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Онон Өлзий” ХХК, иргэн Г.Жаргалсайхан нартай “Зээлийн гэрээ” байгуулж, 70 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7%-ийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож мөн өдөр “X банк” ХХК, “Онон Өлзий” ХХК, “ЗБДсан ”-ийн хооронд №БДГ/201442241637 тоот “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулжээ.
Батлан даалтын гэрээгээр батлан даагч “ЗБДсан ” нь зээлдэгч болон зээлдүүлэгчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 42.9% байхаар харилцан тохиролцжээ.
ЗБДсан гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1.-д “...сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах...” үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан байх бөгөөд “Онон Өлзий” ХХК, иргэн Г.Жаргалсайхан нарын авах зээлийн 42.9 хувьд батлан даалт гаргасан сангийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан байх тул “Батлан даалтын гэрээ” хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж зохицуулсан ба Батлан даалтын гэрээний 1.6.-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдснөөс хойш 90 /ер/ хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг Зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж талууд тохиролцжээ.
Зээлдэгч “Онон Өлзий” ХХК, иргэн Г.Жаргалсайхан нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “X банк” ХХК нь гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр 71 260 813 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №519 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогджээ.
Шүүгчийн захирамж гарснаас хойш зээлдэгч төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр Батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалт, гэрээний заалтыг зөрчөөгүй байна.
Батлан даагч нь зээлдэгчийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцах үүрэг хүлээсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа нөхөх хариуцлага хүлээнэ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдэл тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
Улмаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 65 000 000 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн саналыг үндэслэн тухайн үнийн дүнгийн 42.9%-иар батлан даагчийн хариуцах үүргийг тодорхойлж, хариуцагчаас 27 885 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1., 460 дугаар зүйлийн 460.4. дэх заалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна. Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад бичигдсэн “...нэхэмжлэгч “X банк” ХХК-д буцаан олгосугай” гэсэн хэсгийг давтан бичсэн байх тул алдааг засч, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 679 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...гаргуулж нэхэмжлэгч “X банк” ХХК-д буцаан олгосугай” гэснийг “...гаргуулж” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “ЗБДсан ”-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД