Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Иргэдийн төлөөлөгч Ч.Санчирсүрэн,     

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч О.Бат-Очир, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0257/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бат-Очирт холбогдох эрүүгийн 201625030684 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Осорын Бат-Очир: 1971 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-176 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХИ71082970/

 

Шүүгдэгч О.Бат-Очир /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь согтуугаар 2016 оны 03 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-176 тоотод иргэн Х.Одгэрэлийг өөрийн эхнэр Г.Оюунчимэгтэй хардаж маргалдан улмаар толгойн тус газарт төмөр хувингаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Бат-Очироос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд Х.Одгэрэл манай эхнэр Оюунчимэгтэй архи уугаад сууж байхаар нь уурлаад маргалдсан. Тэгээд над руу дайрахаар нь би гарахдаа хог хийдэг төмөр хувин гэрийн баруун талын хатавчинд байсныг шидчихээд гараад явчихсан. Тэгээд би тэр даруйдаа хөдөө яваад 3 хоногийн дараа ирэхэд эхнэр Оюунчимэг хоол цай хийгээд Одгэрэлийг эргэчихээд ирлээ гэж хэлсэн. Би Одгэрэлийн хэвтэж байгаа палатыг асуугаад хоол унд, тамхи аваачиж өгөөд уучлалт гуйсан. Мөн ор хоног, эмчилгээний мөнгө хэрэгтэй гэхээр нь би 60.000 төгрөг өгсөн. Дахиад толгойны компьютер томографид харуулсан төлбөр нэхэгдээд байна гэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Би Одгэрэлийг хувингаар цохьсон гэсэн мэдүүлэг /хх 59/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би тухайн өдөр хөдөө явах гээд барилгын дэлгүүр орчихоод хувцсаа авахаар гэртээ ирсэн. Гэртээ ороход эхнэр Оюунчимэг, Одгэрэл, бас нэг хүнтэй гурвуулаа архи ууж байсан. Яагаад архи ууж байгаа юм бэ гэхэд Одгэрэл над руу дайрсан. Өмнөх 17-ны өдөр Одгэрэл миний машиныг хулгай хийж гаргасан. Одгэрэлд машиныг журмын хашаанаас гаргаач, хохирлыг нь төлчих гэхэд би машиныг чинь аваад өгчих чадвартай хүн гээд дайрсан. Би гэрээс гарах үед үүдэнд хувин тээгэлдэхээр нь хойшоо санаандгүй аваад шидчихээд явсан. Би Одгэрэлийг цохих санаа зорилго байгаагүй. Би эргэж хараагүй явсан. Одгэрэлийн хаана цохисныг ч мэдээгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Х.Одгэрэлээс мөрдөн байцаатанд мэдүүлсэн: 2016 оны 03 сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-176 тоотод орших Бат- Очирын гэрт согтуу ороод зүүн талынх нь кресло дээр суугаагаар унтаж байтал Бат-Очир гаднаас орж ирээд хойд талынхаа диван орон дээр унтсан. Өглөө намайг сэрэхэд Бат-Очир гараад явсан байна. Би Бат-Очирыг гараад явсныг мэдээгүй дотор муухайраад гарч бөөлжихөд өглөө гэгээ орсон байсан. Тэгээд би буцаж ороод кресло дээр налаад хэвтэж байтал 2-3 цагийн дараа Бат-очир согтуу орж ирсэн. Эхнэр Оюунчимэгрүүгээ чи муу архи уучихсан байна гээд хэрэлдсэн. Би тэдний хэрүүлийг сонсож байсан. Оюунчимэг зугтаад гараад явсан тэгээд удаагүй байж байтал миний духны хэсэгт нэгэн зүйл цохих шиг болоод тас хийгээд явчихсан.Тэгснээ цус асгараад тогтохгүй байсан. Бат-Очир гараад явсан ба гаднаас Оюунчимэг орж ирээд 00-ын цаасаар арчаад цус арилахгүй байсан. Би гараад дэлгүүрлүү орж толинд харахад миний дух хэсэгт аймаар том ангайгаад хагарчихсан байсан. Тэгтэл Оюунчимэг хойноос гарч ирээд түргэн тусламж дуудъя наадах чинь аймаар болчихсон байна гэхэд үгүй би харьлаа түргэн тусламж дуудвал цагдаа сэргийлэх болно дэмий гэж хэлээд дэлгүүрээс гарсан чинь тэр хавийн залуус тааралдсан. Тэгэхээр нь дотор засаж шараа тайлчихаад би харьмаар байна гэтэл Оюунчимэг нэг шил архи авчирсан түүнийг дэлгүүрийн гадна байсан залуучуудтай уугаад сууж байтал түргэн тусламж хүрч ирээд гэмтлийн эмнэлэг аваад явсан юм. ..Эмч 8 оёдол тавиад хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгийн гавал тархины тасагт 8 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн  мэдүүлэг /хх-16/

Гэрч Г.Оюунчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Бат-Очиртай хамтран амьдраад 10 гаран жил болсон. 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ бага охины хамт унтаж байсан, Х.Одгэрэл манай гэрт түшлэгтэй сандал дээр согтуу суугаа байдалтай унтаж байсан. Гэтэл гаднаас Бат-Очир орж ирээд надруу архи уучихсан юм уу юу хийгээд унтаад байгаа юм бэ гээд намайг нэг удаа алгадсан тэгэхээр нь би цагдаа дуудна гээд хөл нүцгэн гараад гүйсэн. Ард Х.Одгэрэлтэй маргалдаад үлдсэн би хашааны үүдэнд хэсэг сууж байгаад буцаж ороод ирэхэд Одгэрэлийн духны хэсэгт цус болчихсон дарчихсан сууж байсан. Бат-Очир гэрт байсан бага охин Цэлмүүнийг аваад гараад гүйчихсэн. Гэтэл Одгэрэл цус тогтохгүй байна гээд орилоод байхаар нь өөрийнхөө гар утсыг 5000 төгрөгөөр зарж архи авч өгч орилох дууг нь гайгүй болгочихоод гарч яваад дэлгүүрийн худалдагчийн утсаар түргэн тусламж дуудахад удахгүй ирсэн. Тэгээд би 103-ын машинд Х.Одгэрэлийн хамт сууж гэмтлийн эмнэлэг цуг явсан. Тэгтэл Х.Одгэрэл гэмтлийн эмнэлэг дээр очоод цагдаагийн өрөө рүү гүйж ороод намайг эдний нөхөр заазуурдчихлаа би гомдолтой байна гээд яриад сууж байхаар нь чи юу яриад байгаа юм бэ чамруу төмөр хувин шидсэн гээ биз дээ гэж хэлэхэд би гомдолтой ах дүү нараа дуудмаар байна гээд согтуурхаад байж байтал эмч ирээд носилькан дээр хэвтүүлээд аваад явсан.Тэгээд гавал тархины тасагт хэвтүүллээ гэж хэлсэн. Бат-Очир Одгэрэлийг хувингаар цохьсон байсан. Бат-Очир Одгэрэлийг надтай хардаад цохьсон байх гэж бодож байна. гэсэн мэдүүлэг /хх-18/

 

Гэрч Ц.Батболдоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед Бат-Очир надтай тааралдаад манайхруу орьё гэхээр нь үгүй чи авгайтайгаа хэрүүл хийх гэж байна уу гэхэд Бат-Очир үгүй тийм юм байхгүй зүгээр оръё гэсэн. Тэгээд бид 2 яваад ороход Одгэрэл, Бат-Очирын эхнэр Оюунчимэг нар согтуу байсан. Тэгээд Бат-Очир Одгэрэлрүү уурлаад чи чинь хүн амьдрах гэж ядаж байхад эхнэр уруу татаж архи уугаад байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэгэхээр би Бат-Очирт хандаж чи чинь хэрүүл хийхгүй гэсэн биз дээ гээд гараад явсан. Гэтэл ард түс хийх чимээ гарсан. Би бие засчихаад ороод иртэл Бат-Очир Одгэрэлийн толгойруу хувингаар цохьчихсон байсан. Бат-Очир Одгэрэлд духнаас чинь цус гарчихлаа үүгээр тогтоогоодох гээд 00 цаас авч өгчихөөд бага охиноо дагуулаад гараад явчихсан. Би гэрт нь үлдсэн гэтэл Одгэрэлийн духнаас цус гараад тогтохгүй байсан би сандраад Оюунчимэг орон дотор хэвтэж байхад нь бос гэж хэлчихээд гарч гүйгээд Бат-Очирыг эрсэн чинь олдоогүй тэгээд буцаад ирсэн чинь Оюунчимэг Одгэрэл нар “Сэнгэ наран” нэртэй дэлгүүрийн үүдэн ирчихсэн Х.Одгэрэл согтчихсон байсан. Тэгээд тус дэлгүүрийн үүдэн дээрээс түргэн тусламж дуудаад Оюунчимэг Одгэрэлтэй цуг явсан юм. Би салаад явсан. Бат-Очир Х.Одгэрэлийг хувингаар цохьсон байсан. Би хараагүй ч гэсэн гэрээс гарч байхад ард түс хийгээд түмпэн савны дуу гарсан. Буцаад орж ирэхэд гэр дотор оросын төмөр хувин пийшингийн ойролцоо хэвтэж байсан. Тэгээд би хувингаар цохьсоныг сайн ойлгосон. Миний ойлгосноор энэ хоёр зодолдож маргалдаагүй эхнэрт нь архи өгчихсөн байхаар нь Бат-Очир уурлаад тийм зүйл болсон байна лээ. Одгэрэлийн духны хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байсан. гэсэн мэдүүлэг. /хх-20/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 4089 тоот актын дүгнэлт: Х.Одгэрэлийн биед дух ясны олон хэлтэрхийт хугарал, баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-22/

 

Шүүгдэгч О.Бат-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 62/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх 61/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/, өвчний түүх, /хх 27-33/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн ¹4089 дугаартай дүгнэлт /хх 22/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэгэл /хх 13/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 14/, хохирогч Х.Одгэрэлээс гомдол саналгүй гэж хэргийн материалтай танилцсан баримт /хх 23/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Бат-Очир нь 2016 оны 03 сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-176 тоот өөрийн гэртээ хохирогч Х.Одгэрэлийг эхнэр Г.Оюунчимэгтэй хардаж маргалдан улмаар толгойн тус газарт төмөр хувингаар цохиж бие махбодид нь дух ясны олон хэлтэрхийт хугарал, баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, духанд шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Х.Одгэрэлийн “Бат-очир согтуу орж ирээд эхнэр Оюунчимэгрүүгээ чи муу архи уучихсан байна гээд хэрэлдсэн”, гэрч Г.Оюунчимэгийн “гаднаас Бат-Очир орж ирээд надруу архи уучихсан юм уу юу хийгээд унтаад байгаа юм бэ гээд намайг нэг удаа алгадсан тэгэхээр нь би цагдаа дуудна гээд хөл нүцгэн гараад гүйсэн. Ард Х.Одгэрэлтэй маргалдаад үлдсэн. Бат-Очир Одгэрэлийг надтай хардаад цохьсон байх гэж бодож байна”, гэрч Ц.Батболдын: бид 2 яваад орход Одгэрэл, Бат-Очирын эхнэр Оюунчимэг нар согтуу байсан. Тэгээд Бат-Очир Одгэрэл рүү уурлаад чи чинь хүн амьдрах гэж ядаж байхад эхнэр уруу татаж архи уугаад байхдаа яадаг юм гэсэн. Тэгэхээр нь би Бат-Очирт хандаж чи чинь хэрүүл хийхгүй гэсэн биз дээ гээд гараад явсан. Гэтэл ард түс хийх чимээ гарсан. ..Миний ойлгосноор энэ хоёр зодолдож маргалдаагүй эхнэрт нь архи өгчихсөн байхаар нь Бат-Очир уурлаад тийм зүйл болсон байна лээ” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгчийн О.Бат-Очирын бусдын бие махбодид гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн сэдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “хувинг гэрээс гарч явахдаа арагшаа шидсэн, энэ нь санаатай үйлдэл биш болгоомжгүй үйлдэл тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Гэвч шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар энэ нь үгүйсгэгдэх бөгөөд урагш, арагш харсан аль нь ч бай юм авч шидэж байгаа үйлдэл нь шууд санаатай үйлдэл байна гэж үзлээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  О.Бат-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Бат-Очир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан,  хохирогч Х.Одгэрэл гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл ангид зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хувинг тогтоол хүчин  төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Бат-Очирын 2015 оны 05 сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Осорын Бат-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирын цагдан хоригдсон 21 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бат-Очирт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлйин 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хувинг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

           

                          ШҮҮГЧИД                                                      С.БАТЖАРГАЛ

                                                                                                   

    Н.БАЯРМАА