Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2058

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Э-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01837 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Э-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын их сургуулийн харьяа БЭЛАС ЭБТ-т холбогдох,

 

Сахилгын сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М, Э.Г,

Хариуцагчийн төлөөлөгч:  Ч.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монгол Улсын их сургуулийн харьяа БЭЛАС-д 2009 оны 9 дүгээр сараас эхлэн англи хэлний багшаар ажиллаж байна. 2009-2014 онд сургуулийн удирдлагын зүгээс аливаа сэтгэл санааны дарамтгүй, тайван, сургуулийн үйл ажиллагаа дүрэм журмын дагуу явагдаж байсан. Сургуулийн багш нарын амжилт, бүтээл, сахилга, хариуцлага, шагнал урамшуулал гээд бүхий л асуудлыг багш нарын хурлаар шийдвэрлэдэг байсан тул удирдлага хамт олны харилцаа сайн байсан. Гэтэл 2014 оноос Ч.Б захирал томилогдон ирснээс хойш сурагч багш нартай холбоотой аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, улмаар дотоод журамд хүний эрх зөрчсөн заалтууд нэмэгдэж, удирдлагаас шийдвэрээ тулган хүлээлгэх замаар асуудалд хандах болсон. Миний саналыг үл ойшоон хамт олны дунд худал мэдүүлэг өгч, сургуулийн хамт олныг доромжилж байгаа мэтээр надтай харьцаж, нэр төрд минь удаа дараа халдаж ирсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сургуулийн дотоод сүлжээг ашиглан өөрийн ажил хэргийн санал хүсэлт, тайлбар, үзэл бодлоо бичдэг болсон. Үүнээс үүдэн сургуулийн удирдлага хөдөлмөрийн дотоод журамдаа 11.2.3.ө заалтыг нэмсэн. Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн заалт гэж би үзэж сайна. Гэтэл бидний зөвшөөрөхгүй байсан хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3.ө заалтаар намайг буруутган сахилгын арга хэмжээ авсан. Батцэцэг захирал надтай зүй бусаар харьцдаг. Би хувийн амьдрал асуудлаа сургуулийн дотоод сүлжээнд бичээгүй. Харин нийт багш сурагчдын эрх ашгийн төлөө асуудалд бодитой шударга хандаасай гэж хүсч бичдэг байсан. Захирал надтай хувийн харьцаагаар харьцаж ажил хэргийн нэр хүндэд байнга халдаж ирсэн бөгөөд энэ сахилгын шийтгэл нь анхных биш. Би удирдлагаас надад ногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сургуулийн захирал Ч.Б-ийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна. нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би БЭЛАС-ийн захирлаар томилогдоод 3 жил болж байна. Э багшийн удаа дараагийн буруутай үйлдэлд өмнө нь нэг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Шинэчлэн баталсан журамд “тухайн хичээлийн” гэдгийг тодотгон заасан. Үүнд Х.Э багш миний санал шүүмжлэлийг зөв байсныг ойлгоод журмаа өөрчилсөн гэж ярьж байгаа нь буруу, тийм юм байхгүй. Тус сургуульд хэн ч өргөдөл, хүсэлт гаргах болон дотоод сүлжээгээр саналаа илэрхийлэх эрх нээлттэй. Харин худал, дутуу мэдээлэл цацах, бусдыг гүтгэх, нэр хүндэд халдах нь зохисгүй үйлдэл. Багш Х.Э тус сургуулийн сургуулийн дотоод сүлжээ болон хамт олны өмнө багш Болормаа, багш Б.Б-г удаа дараа дайрч гутаан доромжилж, багш О.О-г Монгол Улсын их сургуулийн хэмжээний удирдлага 30 гаруй хүнд худал гүтгэсэн цахим захидлыг бичсэн. Х.Э багшийг хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3.е-д заасан “Байгууллагын дотоод сүлжээ вебсайт зэрэг ажил хэргийн мэдээлэл солилцоо, харилцааны талбарт хувь хүн, байгууллага хамт олон нийтэд хандсан гүтгэсэн, егөөдсөн, өдөөн турхирсан, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл захидал илгээсэн” гэсэн үндэслэлээр сануулах сахилгын арга хэмжээ авсан. Арга хэмжээ авсны дараа дахин дотоод сүлжээгээр намайг хийж байгаа үйлдлээ хянаж чадахаа байсан гэх мэтээр доромжилсон. Асуудлын гол болсон элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор багш нарыг дүгнэж урамшуулсан байдал юм. Бид Х.Э багшийн гомдлын хариуг өөрт нь өгсөн. Хүн өөрийнхөө эрх ашгийн хүрээнд бусдын нэр төрийг гутааж болохгүй. Гэтэл уг үйлдлээ удаа дараа давтсан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авсан.  Захиргааны актад 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э-ны хариуцагч Монгол Улсын Их сургуулийн харьяа БЭЛАС ЭБТ-т холбогдуулан сахилгын сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цахим захидалд бичсэн мэдээлэл нь бодит үнэнд нийцээгүй, бусдын ажил хэргийн нэр хүндэд халдсан эсэхийг шүүх шалгаж, тогтоогүй атлаа намайг баримт нотолгоогүйгээр муугаар мэдээлж ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх үйлдэл гаргасан гэж дүгнэж буйд гомдолтой байна. Мөн шүүхээс “... сурагч хүүхдүүд, суралцаж байгаа сургуулийн багш Х.Эд болон эрх бүхий хүмүүст хүүхэд өөрт хамаарах асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийг, Х.Э өөрийн үг үзэл бодлоо бусдад хүргэх хэрэгсэл болгон ашиглаж, нэр хаяггүйгээр сурагчдын нэр баръж сургуулийн талаар муугаар ярьж байна гэж мэдээллэж байгаа нь ... хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхэд алдсан гэх үндэслэл болно” гэж дүгнэж буй нь хэт нэг талыг барьсан, шударга бус шийдвэр гэж үзэж байна.. Сахилгын арга хэмжээ авахын тулд тус захидалд бичигдсэн мэдээллүүдийг зориуд шалгаж баталгаажуулаагүй. Гэвч анхан шатны хурлын үеэр миний бие хүүхдүүдийн хохирох болсон шалтгааныг тодорхой баримтаар дурдсан ба захидалд бичигдсэн мэдээлэл үнэн болохыг гэрчүүд нотолсон. Харин хариуцагчийн зүгээс бидний гаргасан баримт нотолгоог үгүйсгээгүй, миний өргөдөл гаргаж байсан болон сурагчид эцэг эхийн зүгээс сургалтын чанартай холбогдуулан төлбөрөө төлөхгүй гэсэн асуудал үүсээд байгааг хүртэл батлан хэлсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Ажил олгогчоос багшийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн гэж надад сахилгын сахилгын шийтгэл ногдуулаагүй. Гэтэл шүүхээс багшийн ёс зүйн зөрчил гаргасан багш гэж намайг дүгнэлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд “багшийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус “Ёс зүйн зөвлөл” ажилладаг ба тухайн зөвлөл нь багшийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар үнэлэлт дүгнэлт гаргахаар зохицуулжээ. Гэтэл шүүх Ёс зүйн зөвлөлөөр хянагдаж тогтоогдоогүй ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, ажил олгогчоос ногдуулсан сахилгын шийтгэлд дурдагдаагүй сахилгын зөрчил тогтоогдлоо хэмээн намайг буруутгаж буйд гомдолтой байна. Шүүх захирлыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх зөвтгөн дүгнэж буй нь буруу юм. Сурагчдын эрх ашиг зөрчигдсөн баримтууд дурдсаар байхад үүнийг үнэлж үзэхгүй байгаа нь асуудалд нэг талыг барьж хандаж байна уу гэсэн хардлага төрүүлж байна. Сахилгын шийтгэл ногдуулахдаа тусгайлан заасан процесс, журмыг зөрчсөн. Улсын Дээд шүүхийн 2012 оны хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал талаарх зөвлөмжид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгуй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ гэж заасан. Ажил олгогч нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр надад сахилгын сануулах шийттэл ногдуулахдаа миний зөрчлийг хэлэлцсэн хурал хийгээгүй, надад тайлбар хийх боломж нөхцлөөр хангахгүй сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах дээрх журмыг зөрчсөн болно. Иймд сахилгын     сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Монгол Улсын их сургуулийн харьяа БЭЛАС ЭБТ холбогдуулан сахилгын сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

   Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “... англи хэлний багш Х.Э нь удаа дараагийн үйлдлээр байгууллагын дотоод сүлжээнд худал, буруу мэдээлэл түгээж, бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан зохисгүй үйлдэл гаргасан” гэж тайлбарласан.

   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчжээ.

 

   Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон цахим захидалд агуулагдаж байгаа баримтат мэдээллийг хариуцагчаас нотлох баримтаар цуглуулж өгсөн байх бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүх дээрх баримт болох цахим захидлыг үзлэг хийх замаар бэхжүүлээгүй атлаа шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

 

  Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

   Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан. Гэрч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцдог, хэргийн аль нэг оролцогчийн ашиг сонирхлоос ангид байдаг атал анхан шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч талын гэрч, хариуцагч талын гэрч гэж шүүх хуралдааны оролцогчийн нэр томьёог буруу тодорхойлсон байгааг дурьдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ