Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 185/2022/0053/Э |
Дугаар | 2022/ШЦТ/104 |
Огноо | 2022-02-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/104
2022 02 08 2022/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0053/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Г.Цогтмагнай,
шүүгдэгч С.Д болон бусад оролцогчдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Д-т холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д нь 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-825 тоотод хохирогч Ч.А-тай “урдуур орсон” гэх шалгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрчб байгаа. Харамсаж байна.” гэв.
Хохирогч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэр өдөр ажлаа тараад архи авч орсон. Тэгээд унтсан юм. Өглөө эхнэр нь гараад архи авчирч уусан юм шиг байна лээ. Тэгээд намайг цохиж, зодсон. Урьд нь мөнгө өгөөд тэргээр нь архи авч байсан. Тэр мөнгөө намайг өгсөнгүй гэж л дотроо бодож явсан байх. Надад нэхэмжлэх зүйлгүй, би шүүх эмнэлэгт л үзүүлсэн. Гэрээр эмчилсэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй. ” гэв.
Хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би ажлаа тараад Б.Оюунболдтой цуг С.Д ын гэрт нь очсон юм. Тэгээд 0.5 литрийн архийг Б.Оюунболд гэх хүнтэй хувааж уусан. 0.75 литрийн архийг С.Д эхнэртэй хувааж уусан. Ууж дуусгаад унтаад өглөө нь 09 цагийн үед босоход С.Д Б.Оюунболд бид хоёрыг гэрээс хөөсөн. Тэгтэл Б.Оюунболдтой зодолдох гээд зууралдсан. Тэгэхээр нь би урдуур нь “Болио. Одоо гарах гэж байна” гэхэд миний нүд, нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид 2 гараад явсан юм. Би орой нь архи уучихаад унтаад өгсөн болохоор архи гарсан байсан. С.Д гэх хүн миний нүд, нүүр, толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан юм. Бид хоёр зүгээр танилууд байгаа юм. Бид хоёр 5-6 сарын өмнө Б.Оюунболдоор дамжуулан танилцаж байсан юм. Хааяа нэг гэрт нь очиж ярьж сууж юм уудаг байсан юм. Хэрэглэсэн байсан. Намайг унтаж байхад нэмж архи авч уусан юм шиг байна лээ. Би гомдолтой байна. Хохирлын баримт бол алга. Ажлаасаа 14 хоногийн чөлөө аваад гэрээрээ эмчилсэн юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар тал),
Гэрч Б.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.А гийн хамтаар С.Д гэх хүний гэрт нь нэлээд орой очсон юм. Арай л дэлгүүр хаагаагүй байсан. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн, 0.5 литрийн нэг шил архийг аваад С.Д ахын гэрт нь очоод хувааж уугаад унтсан юм. Ч.А бид хоёр 0.5 литрийн архийг хувааж уусан юм. Нөгөө архийг С.Д эхнэртэйгээ хувааж уусан юм. Тэгээд өглөө 08°° цагийн үед сэрэхэд С.Д “Хоёр пизда минь зайл” гэж хэлээд намайг цохисон. Тэгэхээр нь би хөнжлөө толгой дээгүүрээ давуулсан. Тэгээд хөнжлөө буцаагаад сөхөөд харахад Ч.А г цохичихсон байсан. Тэгээд бид 2 босоод гарч яваад цагдаад мэдэгдсэн юм. С.Д ахын гэр нь 3 өрөөтэй байшин юм. Бид 2 жижиг өрөөнд нь унтсан юм. С.Д ах орж ирээд цохиход нь өрөөнд бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Ямар учраас цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Орж ирээд л “Зайл” гээд байсан. Би эрүүл шахуу байсан. Унтаад сэрсэн байсан болохоор архи гарчихсан байсан. С.Д нь Ч.А гийн нүүрлүү нь гараараа цохисон юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10462 дугаар: “ ... ДҮГНЭЛТ 1. Ч.А гийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр тал),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 56-64 дүгээр тал),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар тал),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал),
Жолооны үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар тал),
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч С.Д нь 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-825 тоотод байх гэрт нь хоносон Ч.А г ямар нэгэн шалтгаангүйгээр зодож биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмйг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Д нь хохирогч Ч.А , гэрч Б.Оюунболд нартай 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-825 тоотод өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар 10 дугаар сарын 24-ны өдөр Ч.А г “урдуур орсон” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10462 дугаар дүгнэлтээр Ч.А гийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч С.Д нь хохирогч Ч.А гийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Ч.А д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10462 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Д нь хохирогч Ч.А гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр, байнга хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Ч.А нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйл, хохирол төлбөргүй гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч С.Д ыгг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай,
гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.
Шүүхээс шүүгдэгч С.Д ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөшүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэ36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд С.Д т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д т оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ