Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 174

 

 

      2017 оны 01 сарын 17 өдөр

  Дугаар 183/ШШ2017/00174

               Улаанбаатар хот

 

 яя

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д

 

Хариуцагч: С

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*********, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.********* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд С.*******тай танилцаж, 2015 оны 3 сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран хугацаанд буюу 2005 оны 7 сарын 13-ны өдөр хүү С******, 2012 оны 1 сарын 10-ны өдөр охин С.*****, 2013 оны 11 сарын 14-ний өдөр охин С.****** нар төрсөн. Бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оны 4 сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Миний  хувьд бамбайн булчирхайн өвчтэй, мөн ойрхон 2 хүүхэд гаргаснаас болж гүн ядаргаанд орж, бие барих чадваргүйгээр уурлаж, нөхөр хүүхдүүдээ маш хүнд байдалд оруулж, зан харьцааны хувьд маш хэцүү байдал үүсгэдэг болсон. Ингээд энэ байдлаасаа болоод тусдаа аав, ээж дээрээ очиж амьдарч байгаа бөгөөд дуртай үедээ 3 хүүхэдтэйгээ уулзаж байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 3 хүүхдээ аавд нь үлдээж, гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хоёр хамтран өмчлөх эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн асуудал дээр тохиролцсон тул ямар нэгэн маргаан байхгүй. Шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн ч ямар ч үр дүнгүй бөгөөд миний хувьд тусдаа амьдрах нь биеийн эрүүл мэндийн хувьд дээр байгаа. Бид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул том хүү С******ийг асуухгүйгээр хурлыг хийлгэх хүсэлт гаргасан гэв.

 

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие 2002 онд Г.*********тэй танилцаж хамтран амьдрах хугацаанд буюу 2005 оны 7 сарын 13-ны өдөр С******, 2012 оны 1 сарын 10-ны өдөр С.*****, 2013 оны 11 сарын 14-ний өдөр охин С.****** нар тус тус төрсөн. Бид хоёр 2015 оны 3 сарын 18-ны өдөр батлуулсан. Миний бие Г.*********тэй цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Учир нь зан харьцааны таарамжгүй байдал үүсч, энэ нь хүүхдийн хүмүүжил болон энэ хүний биеийн байдалд ч нөлөөлөх болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд хамтран өмчлөх эд хөрөнгө болон хүүхдийн асрамж дээр харилцан тохиролцож 3 хүүхдээ би өөрөө асарна. Ээж нь дуртай үедээ ирж уулзаж байгаа, цаашдаа ч ийм байна. Эвлэрэх боломжгүй бөгөөд хамтран амьдрах хугацаанд энэ байдлыг зохицуулах гэж нилээд үзсэн боловч болоогүй тул шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдсэн гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн  шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.********* нь хариуцагч С.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Г.*********, С.******* нар нь 2002 оноос гэр бүл болон хамтран амьдарч 2005 оны 7 сарын 13-ны өдөр төрсөн хүү С******, 2012 оны 1 сарын 10-ны өдөр төрсөн охин С.*****, 2013 оны 11 сарын 14-ний өдөр төрсөн охин С.****** нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтастхэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэххэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153 тоот ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна./хх-ийн 4/ 

 

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлуулахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд гэрлэгчид нь хуульд зааснаар хүү С******ий саналыг асуулгах шаардлагагүй гэсэн байх тул хүү С******, охин С.*****, С.****** нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эцэг С.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эцэг С.******* нь хүү С******, охин С.*****, С.****** нарыг эх Г.*********тэй уулзуулах нөхцлөөр хангаж, эх Г.********* нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.********* нь улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлснийг хариуцагч С.*******аас буцаан авсан гэх тайлбар гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна. 

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэдзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Юндэн овогт Сүхбаатарын ******* /ХА/, Булгачид овогт Галбадрахын ********* /НА / нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 7 сарын 13-ны өдөр төрсөн хүү С******, 2012 оны 1 сарын 10-ны өдөр төрсөн охин С.*****, 2013 оны 11 сарын 14-ний өдөр төрсөн охин С.****** нарыг эцэг С.*******ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь  хэсэгт  заасныг  баримтлан эх Г.*********г хүүхдүүдтэй нь уулзуулахад болон эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг С.*******ад даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                     Б.МӨНХЖАРГАЛ