Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

   

 

 

 

  

 

 

2022         02            11                                     2022/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0075/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Булганчимэг,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин Тауэр барилгын хяналтын камерын 2 ширхэг дэлгэцийг санаатайгаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 377,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин Тауэр барилгын хяналтын камерын 2 ширхэг дэлгэцийг санаатайгаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 377,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Зөрчлийн талаарм амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Гэрч М.Энххүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би өөрийн найз болох Бат-Ундрахын хамтаар. Яг одоо сараа сайн санахгүй байна. 1 дүгээр сургуулийн урд талын оффисын 3 дугаар давхарт байх караокед орсон. Тэгээд 23:00 цагийн үед уг газраас Бат- Ундрах түрүүлээд гарсан. Би тооцоогоо хийчихээд гараад ирэхэд Бат-Ундрах дүгээр давхарт үүдний хэсэгт нэг залуутай муудалцаад байж байсан. Тэгээд би гарч ирээд юу болов гээд очиж салгасан. Нөгөө залууг нь би цааш нь тулхээд холдуулж байхад Бат-Ундрах уг байгууллагын хяналтын камерын дэлгэцийг унагааж хагалж гэмтээсэн. Тэгээд би Бат-Ундрахыг холдуулаад нөгөө залуугаас нь ч бас холдуулсан. Тэгээд байж байхад цагдаагийн алба хаагчид ирээд бил хоёрыг аваад явсан...” /хх-ийн 07 тал/

Гэрч Г.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2021 оны 12 сарын өдөр намайг ээлжтэй байхад би гадаа хүмүүсийг тараагаад байж байхад урт үстэй дэлгэд эвдэлчихээр нь би гадна талаас ороод ирэхэд үүдний хэсэгт байж байсан 3 эмэгтэй 1 залуу хэлсэн. Тэгээд намайг ороод ирэхэд эхний дэлгэц болон 2 дахь дэлгэцийг өшиглөөд унагаасан газарт 2 дахь дэлгэц байж байсан. Тэгэхээр нь би яагаад камерын дэлгэц эвдчихвээ гэж цагдаад өгсөн... тэр урт үстэй залууг камерын дэлгэц эвдэх үед нь би гадна хүмүүс тарааж байсан ба хаалганы цаанаас хараад орж ирэхэд камерын дэлгэц унасан байсан. Тэр асуудлаас болоод эвдсэн зүйлийнхээ төлбөрийг төлсөн гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 09 тал/

 Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө уг хэргийн талаар харуул хамгаалалтын ажилтан Ганхуягийн ярьсанаар мэдсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад ирж хохирол барагдуулаад өгвөл гомдолгүй гэсэн тайлбар өгч, бичиг хийж өгөөд явсан. Хохирлоо бүгдийн нь барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 14 тал/

Хяналтийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Ц-с гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг Бат-Ундрах нь хар пальтотой хүний хамтаар цаад талын ресейпшний дэргэд ирэх ба ирээд халаасаа тэмтэрч үзээд зогсож байгаад 0:12 дах секундэд өөрийн талд байсан дэлгэцийг баруун гараараа түлхэж унагаж байв. Тэгэхэд хамт яваа хүн нь болиулах оролдлого хийхэд 0:17 дахь секундэд баруун хөлөөрөө өшиглөн дахин нэг дэлгэцийг унагаж байгаа нь бичигдсэн байлаа. Тэгээд салгахаар очсон саарал малгайтай цамцтай эрэгтэй хүнтэй маргалдаж ба байгаад буцаж ресейпшний хажууд ирэн 0:29 дэх секундэд дахин баруун хөлөөрөө босгож тавьсан байсан дэлгэцийг өшиглөн унагаж байгаа нь бичигдсэн үлдсэн байна. .. гэх/хх-ийн 16 тал/

Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн №СБ2-21-1387 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 377,940 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 тал/

Яллагдагчаар Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 дүгээр сургуулийн эсрэг талд байх Твин тауэрт дээшээ нэрийг нь мэдэхгүй байна лоунжруу орох гэж очсон боловч хаалттай байсан ба буцаад доошоо бууж байхад шатан дээр танихгүй эрэгтэй хүн намайг хоргоогоод байсан. Тэд нар намайг мөрлөсөн учраас би бага зэрэг бухимдсан байсан. Би тэгээд камер шалгуулах гээд доошоо буусан. Тэгээд нэгдүгээр давхарт буугаад үүдэнд буланд угтагчийн ширээн дээр байсан дэлгэцийг унагааж цохиж гэмтээсэн. Би согтуу байсан. Жаахан бухимдсанаасаа болсон байх гэж бодож байна. Би архи уусан байсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уг үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/,
  • Шүүгдэгч Б.Б ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 46 тал/,
  • Шүүгдэгч Б.Б ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/,
  • Шүүгдэгч Б.Б ын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 48 тал/,
  • Шүүгдэгч Б.Б ын Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 50-51 тал/,
  • Шүүгдэгч Б.Б ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

 Гэмт хэрэг гарахад иргэний хууль зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Б  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн хохирол учруулж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Б  нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг,  гэрэл  зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Б  нь учруулсан хохирлыг төлж барагдуулсан талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-н “санал, хүсэлтгүй хохирол төлбөрөө бүрэн барагдуусан” гэх мэдүүлэг, хавтаст хэрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудаст өгсөн хохирогчийн тайлбар /хх-ийн 14, 59 тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Б.Б ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүгдэгч Б.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ