Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

  

 

 

 

 

  

2022         02             11                                     2022/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0116/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Булганчимэг,

Шүүгдэгч Ч.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч т холбогдох эрүүгийн “2109...” дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Ч  нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 24-83 тоотод “машинаа холдуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч О.Г ын зүүн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж, баруун хацрыг нь маажсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч   нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 24-83 тоотод “машинаа холдуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч О.Г-ын зүүн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж, баруун хацрыг нь маажсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Цагдаагийн байгууллагад хохирогчийн гаргасан гомдол /хх-ийн 11 тал/

Хохирогч О.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз Эрдэнэхүүгийн гэрт буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо хангайн 24-83 тоотод найз Эрдэнэхүү, Адъяасүрэн нартай цуг суугаад нэг хоол хийж идээд нэг том пиво уух гээд задпаад нэг нэг аягыг ууж байсан чинь тухайн гэрт гаднаас Адъяасүрэнгийн бэр эгч Чаминчимэг орж ирээд хэл үггүй намайг сууж байхад зүүн талын гуя хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд Эрдэнэхүү, Адъяасүрэн нар гайхаад салгаж байхад миний нүүрний баруун хацрын нүднээс доош хумсаараа маажсан юм. Тэгээд сандал шидээд оноогүй. Миний нүүр лүү пиво цацахаар нь зөрүүлээд пивоны аягаа шидсэн чинь оноогүй юм. Тэгээд нүүр хорсоод толинд гарсан чинь цус гараад сорви тогтох шинжтэй байхаар нь цагдаад хандсан юм. Тухайн асуудал болоход Эрдэнэхүү, Адъяасүрэн, Чаминчимэг бид 4 байсан. Гадаа машины ард хааж тавьсан байна гэх шалтгаанаас болсон юм байна лээ, гэхдээ надад эхлээд машинаа холдуул гэж хэлээгүй шууд гүйж орж ирээд өшиглөсөн юм. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр гаргасан дүгнэлтээр баруун хацар, эрүү, зүүг шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг тогтоогдсон эдгээр гэмтлийг Чаминчимэг надад учруулсан. Би чаминчимэгийг цохиж зодсон зүйл байхгүй. Би уг гэмтэлтэй холбоотой сорвины тос авч нүүрнийхээ хэсэгт түрхсэн, өөрөөр эмчилгээ хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10447 дугаартай

“1. О.Г ын биед баруун хацар, эрүү, зүүн шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 тал/

 Яллагдагч Ч.Ч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна миний буруу. Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо хангайн 24-83 тоот байх байхдаа хүүхдээ сок авах гээд дэлгүүр гарах гэсэн чинь миний машиныг ард таглаад тавьсан байсан бөгөөд би хажуу айл руу ороод машинаа холдуул гээд улмаар маргалдаад гэрэлт-одтой муудалцаад босоод ирэхээр нь зууралдаад нүүрийг нь маажсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06 тал/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Ч.Ч ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 тал /,
  • Шүүгдэгч Ч.Ч ийн “оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 24-83 тоот” /хх-ийн 42 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ч.Ч  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ч.Ч  нь О.Г ын эрүүл мэндэд нь баруун хацар, эрүү, зүүн шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч О.Г  нь шүүгдэгч Ч.Ч т “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хүсэлтээ /хх-ийн 49 тал/ хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Ч.Ч ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ч.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ч   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч ийг 500 /таван зуу /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.Ч ийг 500 /таван зуу /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ