| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 137/2016/0073/э |
| Дугаар | 2018/ДШМ/69 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 175.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ДШМ/69
2018 11 12 2018/ДШМ/69
Д.Б-нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Э.Тулгаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хатанбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЗ/329 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.Бямбасүрэнд холбогдох, эрүүгийн 201610010027 дугаартай, 4 хавтас, 815 хуудас бүхий хэргийг прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 1966 оны 01 дүгээр сарын 30-нд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдрах, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 396 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Сартуул овогт Даваасүрэнгийн Б /РД: ШБ66013..../-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т /2002/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд дэх төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд Эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 14 дүгээр вагоны 6 дугаар купены луке буюу дээврийн таг болон ширээний дор 21920000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох Баяннамсрай, Данжин, Ногоон дарь эх, Гомбо, Тойниг дэа нэртэй зурмал бурхан, Намсрай нэртэй зэс гуутай хэвлэмэл шавар бурхан, хаш тээг /иж бүрдэл дутуу/, Жанрайсаг /суурьтай/ бурхан, Очирваань /иж бүрдэл дутуу/, Додэжаджава судар /хятад зэс бар/ зэрэг 11 нэр төрлийн хязгаарласан эд зүйлийг нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-нд холбогдох эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Б-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 00089 дугаартай Замын-Үүд Эрээний 2016.01.26-ны өдрийн 08 цаг 30 минутын галт тэрэгний тасалбар, Бурханы гар бүхий зүйл 1 ширхэг, жижиг дугуй хэлбэртэй шавар бурхан 7 ширхэг, цагаан өнгийн хув мэт зүйл 1 ширхэг, зурмал бурхан 1 ширхэг, сууж буй дүрстэй шавар бурхан 1 ширхэг, модон гуутай дотроо бурхантай зүйл 1 ширхэг, очир 1 ширхэг, дун 1 ширхэг, бурханы дүрстэй хэв 1 ширхэг эд зүйлс, бурханы дүрстэй хэв 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,
Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүгдэгч Д.Бд холбогдох хэрэгт 11 ширхэг түүхийн дурсгалт эд зүйлийг уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол нь хүчин төгөлдөр байх цаг хугацаанд уг тогтоолд заасны дагуу улсын орлого болгож хадгалуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам руу хүргүүлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам уг эд зүйлсийг тоо ёсоор нь хүлээн авсан талаараа хариу албан тоот ирүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана гэж заасны дагуу уг эд мөрийн баримтыг хадгалагдаж байгаа газрын албан тоотыг хэрэгт хавсаргасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хуралдаанд ирүүлэх боломжгүй эд мөрийн баримтад үзлэг хийх шаардлагатай бол энэ тухай тэмдэглэлд тусгаж, эд мөрийн баримт байгаа газарт шүүх бүрэлдэхүүн талуудыг байлцуулан үзлэг хийж болно гэж заасныг шүүх эд мөрийн баримт хадгалагдаж байгаа газар үзлэг хийж болох байсан болно. Уг хэрэг нь өмнө нь шүүхээр 3 удаа хянан хэлэлцэгдэж байсан бөгөөд хурал бүр дээр тухайн эд мөрийн баримтыг тус бүр нь шинжлэн судлаж байсан шүүх хуралдааны тэмдэглэлүүд нь хавтаст хэрэгт хадгалагдаж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжлэн судлаад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. 2017.04.20-ны өдрийн 12 тоот шүүхийн тогтоолын 2 дахь заалт нь хэрэгт хийгдсэн үнэлгээний эх сурвалжийн талаар байсан бөгөөд уг үнэлгээг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Соёлын биет өвийн үнэлгээ хийх журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тогтоодог бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны журмыг Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны сайд баталж дагаж мөрдүүлдэг байна. Уг зөвлөлийн үүрэг нь Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зорилготой бөгөөд түүхийн дурсгалт зүйлд тогтсон үнэ ханш гэж байхгүй, үнэлгээг мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн саналаар тогтоож, эх сурвалж нь тухайн хурлын тэмдэглэл нь болж байдаг ба мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үнэлгээний эх сурвалж болгохоор хэрэгт хавсаргасан байгаа болно. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруугийн талаар хуралдаан явагдаж байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна, мөн зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана гэж хуульчилсан байхад нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан бөгөөд уг захирамжийн удирдлага болгосон хэсэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх журмыг баримтлан буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа болно. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байх учир шүүгчийн 2018.10.12-ны өдрийн 329 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хатанбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2016.01.26-ны өдөр Замын-Үүд сумын вокзал дээр болсон асуудал, шүүхээс 4 удаа буцсан. Гэм буруугийн хувьд нэгэнт прокурор тогтоочихсон, шүүх шийдвэрлэх боломжтой байсан. Эд мөрийн баримтыг шүүх хуралдаан дээр авчраагүй байгаа нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шалгах боломжгүй болгосон учир энэ асуудлаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан. Шинжээчээр оролцсон хүмүүсээ мэргэжлийн зөвлөлд давхар оролцуулаад явж байсан. Ийм мэргэжлийн алдаа гэмээр ноцтой үйл ажиллагаанууд болж өнгөрсөн. Би 3-4 удаагийн шүүх хуралдаанд ганц л байр суурьтай оролцсон. Нотолгоо байхгүй байна, та нар цаг хугацааны хүчин зүйлээ тооцооч гэж хэлдэг. Үйлдэл бол 2016.01.26-ны өдөр болсон. Гэтэл шинжээчийн 4 дүгнэлт байгаа. 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт ч байгаа. Шинжилгээний тухай хууль болон тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удаа дараа зөрчиж байсан. Үнэлгээнийхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна гээд буцсан, нэг нь 2 сая төгрөгийн, нөгөө нь 16000000 төгрөгийн үнэтэй гээд үнэлгээ гаргасан, энэ үнэлгээг нь хэн гаргасан юм бэ гэхээр Лекс компанийн үнэлгээчин гаргасан. Мэргэжлийн зөвлөл нь хуралдаад үнэлгээ зөв байна гэсэн байгаа. Үнэлгээ гаргасан мэргэжилтэн нь өөрөө тэр зөвлөлдөө ордог юм билээ. Тэгэхээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байгаа. Процесс алдаанууд их байгаа. Эд мөрийн баримтын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлд хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүргүүлэх гэж тодорхой заасан, үүнийг прокурор зөрчөөд ороод ирсэн. Мөн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ гэснээс биш Боловсролын яаманд шилжүүл гэсэн заалт байхгүй. Эд мөрийн баримт нь хэрэгтэйгээ орж ирэх ёстой. Хэргийн нөхцөл байдлыг тогтоох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой. Эд мөрийн баримтгүйгээр яллах тал яллагаагаа нотолж чадахгүй шүү дээ. Прокурор дандаа ингэж алдаа гаргадаг. Мөн дээрээс нь Монгол Улсын хуульд байхгүй заалтыг оруулж ирээд урьд нь буцсан асуудал байгаа. Замын-Үүд сум дахь прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мэргэжлийн алдаа гаргасан гэх юм уу, туршлага дутсан ч гэдэг юм уу, эцсийн эцэст юунд нөлөөлөөд байна вэ гэхээр процессийн ажиллагааны цаг хугацаа, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг давхар зөрчөөд байгаа. 2017 оны 08 сард гэмт хэргийн шинжгүй гээд хэрэгсэхгүй болгосон мөртлөө 2018 оны 03 сард сэргээгээд оруулаад ирсэн. Аймгийн прокуророос сэргээгдсэн юм билээ. Хэргийн гол эзэн нь түүхийн соёлын эд зүйлийг хураан авсан хятад иргэн байгаа. Хятад иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, барьцаж байгаа юм биш, яллаж байгаа бол адилхан ялла гэж хэлсэн. Хориотой байхад нь прокурорууд хориог нь тавиад явуулчихсан. Хил гараад алга болчихсон. Сүүлд нь асуухад хэргийг нь тусгаарласан гэж хэлсэн. 2016.02.05-нд Урантөгс, Бадрал гэдэг 2 хүн анх удаа шинжээчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр зарим нь түүх соёлын дурсгалт зүйл байна, зарим нь үнэт зүйл биш байна гэсэн дүгнэлт гаргадаг. Яг энэ дүгнэлтийн мөрөөр яваад, 26 зүйлээс 12 нь түүх соёлын дурсгалт зүйл болдог. Өмнөх шүүх хуралдаанууд дээр түүх соёлын дурсгалт зүйлийг харж байсан. Эд мөрийн баримтаар шинжлэн судалсан. Ийм түүх соёлын дурсгалт зүйлтэй болчихсон Монгол Улс эмгэнэл. Эрээн, Замын-Үүд, Урт цагаан дээр байдаг шашны эд зүйлийн дэлгүүрт байдаг зүйл л байгаа. Үүнийг нь бурханч лам шинжилгээ хийдэг юм билээ. Шүүх хуралдааны тэмдэглэлд миний асуусан асуулт хүртэл байгаа. Хэддүгээр зуунд бүтээгдсэн юм бэ, ямар хүний бүтээл юм бэ, ямар үнэтэй юм бэ гэдгийг нэг ч тогтоож чаддаггүй. 2016.06.08-нд Оюунбилэг, Энхсайхан, Идэрбаяр нарыг шинжээчээр томилсон. Эд нар дахиад шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй. Холбогдуулж байгаа хэрэг нь зохиомол хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл хуурамч нотлох баримтыг цуглуулсан. 2016.01.26-ны өдрийн үйлдлийг шалгахад, 2017.01.10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Монгол Улс Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх соёлын дурсгалт зүйл нь мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх ёстой юм билээ. Өөрөөр хэлбэл 2016 онд энэ эд зүйлийг түүх соёлын эд зүйл гэж хэн ч мэдээгүй, илрүүлээгүй, олоогүй, бүртгэгдээгүй тийм зүйлийг 2017 онд мэргэжлийн зөвлөл нь гаргачихаад, жилийн дараагаар хууль буцаан хэрэглээд яллаад байгаа. Эд мөрийн баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн нь зөв. Тийм учраас эд мөрийн баримтыг олж, ирүүлж шинжлэн судлах ёстой. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 26-нд Монгол Улсын хилээр буюу Замын-Үүд төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ 21.920.000 төгрөгийн үнэ бүхий Баяннамсрай, Данжин, Ногоон дарь эх, Гомбо, Тойниг дэа нэртэй зурмал бурхан, Намсрай нэртэй зэс гуутай хэвлэмэл шавар бурхан, хаш тээг /иж бүрдэл дутуу/, Жанрайсаг бурхан /суурьтай/, Очирваань /иж бүрдэл дутуу/, Доджаджава судар /хятад зэс бар/ зэрэг 11 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлсийг тусгай зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн үйлдэлд прокурор түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллуулахаар шүүхэд шилжүүлснийг Замын-Үүд дэх Сум дундын шүүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЗ/329 тоот шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Прокурор Э.Тулгаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл прокурор “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж тус тус үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурор нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулах үүрэгтэй болно. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 11 төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлсүүдийг прокурор хэргийн хамт шүүхэд ирүүлээгүйгээс хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой эд мөрийн баримтыг шүүх хуралдаанд танилцуулах, талууд энэ асуудлаар мэтгэлцээн явуулах боломжгүй нөхцөл үүссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19-р зүйлийн 1-д заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар эд мөрийн баримтыг шүүх хуралдаанд ирүүлэх боломжгүй бол эд мөрийн баримт байгаа газарт шүүх бүрэлдэхүүн, талуудыг байлцуулан үзлэг хийж болох нөхцлийг ч мөн хангаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар эд мөрийн баримтыг прокуророос шүүхэд ирүүлэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй ба хэрэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлийг хүлээж авлаа гэсэн албан бичиг /3-р хх-ийн 201/ байх боловч уг эд мөрийн баримтууд одоо хаана хадгалагдаж байгаа нь тодорхойгүй болох нь харагдаж байна.
Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүх соёлын дурсгалт биш зүйлсүүд болох бурханы гар бүхий зүйл 1ш, жижиг дугуй хэлбэртэй шавар бурхан 7ш, цагаан өнгийн хув бүхий зүйл 1ш, зурмал бурхан 1ш, бурханы суурь 1ш, сууж буй дүртэй шавар бурхан 1ш, модон гуутай дотроо бурхантай зүйл 1ш, очир 1ш, бурханы дүрстэй хэв 1ш зэргүүдийг хэрэгт ямар зорилгоор эд мөрийн баримтаар хураасан, эзэмшигчийг нь тодорхойлж түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар яллах дүгнэлт болон түүний хавсралтад тодорхойлоогүй нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хохирол нөхөн төлүүлэх зэрэг нөхцлийг хангах боломжийг олгоогүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан эд мөрийн баримтуудыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөс үнэ тогтоохоос гадна эд мөрийн баримтуудыг түүх, соёлын дурсгалт зүйл гэдгийг тогтоохдоо өөрөөр баримталсан эх сурвалжийг хэрэгт хавсаргахыг шаардсан Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот шүүхийн тогтоол мөн үндэслэлтэй байна.
Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болсон байна.
Прокурор шүүгдэгчийг яллуулахаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримталсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон ба гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан байна. 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн тул энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн нөхцөл байдал бий болсон бол 2015 оны Эрүүгийн хуулиар хөнгөрсөн тухайн гэмт хэрэгт нийцүүлэн мөн зүйлийг баримтлан яллах дүгнэлт үйлдэх байсан, гэтэл хууль буцаан хэрэглэх нөхцөл үүсээгүй байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримталж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “хууль буцаан хэрэглэх” журамд нийцэхгүй байна.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасан “гэмт хэргийн хатгагч” гэсэн зүйлийг мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэгт журамласан нь мөн ойлгомжгүй болсон. Яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн хатгагч болох эсэхэд прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байж энэ зүйлийг баримталсан нь ойлгомжгүй болсон ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйлийг л баримтлах байсан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай эсэргүүцэл үндэслэлгүй болсон байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЗ/329 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС