Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Ц.Уртнасан,

Шүүгдэгч Э.Энхмандах, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД: 0-076/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтайваны Энхмандахад холбогдох эрүүгийн 201525021781 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 16-ны Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэлийн хэлтэст мэдээлэл технологийн ажилтан ажилтай, ам бүл 6, эх, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 37 дугаар байрны 12 тоотод оршин суух, Боржигон овогт Энхтайваны Энхмандах, /РД:УХ92061677/,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Энхмандах нь 2015 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Турнинг поинт” нэртэй пабын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Э.Цолмонтыг зодож догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Энхмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2015 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө миний бие найзуудтайгаа уулзахаар “Турнинг Пойнт” нэртэй паб руу очсон. Захиалгаа өгөөд удаагүй байтал найз Лхагваа орж ирэхээр нь хамт тамхилахаар гарсан. Лхагваа бид хоёрт гал байхгүй, гал авъя гээд байж байхад хажуу талаас нэг ах гал өгсөн. Тэгээд тамхиа асаагаад “баярлалаа” гээд буцаагаад өгсөн. Лхагваатай юм яриад зогсож байхад над руу гурвуулаа учир шалтгаангүй дайрсан. Намайг цохиод мангастахаар нь айгаад найзуудыгаа дуудсан. Манай найзууд гарч ирэхэд “та нар ийм олуулаа байгаа юм уу” гэснээ маргалдсан хоёр нь учраа ол гэсэн. Цолмонт намайг чирж дагуулаад булан руу дагуулж явсан. Цолмонт цохих гээд байхаар нь би айсандаа нэг удаа нүүрэнд нь цохисон. Энэ үйлдэлдээ харамсаж байна гэв.

Шүүгдэгч Э.Энхмандах нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..би 2015 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Турнинг поинт” пабаар үйлчлүүлчихээд Лхагваа гэдэг найзтайгаа хамт гарч тамхи татах гэтэл гал байхгүй болохоор нь буцаад орох гэтэл өөдөөс нэг залуу ирээд гал өгсөн. Тэгэхээр нь би “баярлалаа” гэж хэлчихээд буцаад тамхи татах гээд найз дээрээ очоод зогсож байтал нөгөө гал өгсөн залуу найзтайгаа над дээр ирээд “асуудал байна уу хөгшөөн” гээд над руу ирээд нүүр рүү тулаад мөргөсөн. Тэгээд би учрыг нь сайн ойлгохгүй цааш нь түлхээд “чи согтуу байна хөгшөөн” гэж хэлсэн. Тэр Э.Цолмонт гэдэг залуу нь урд зүг рүү намайг дагуулж алхаад нүүр рүү цохиж алгадаад байсан. Тэгээд би салах гээд салж чадахгүй байсаар байгаад биеэ хамгаалаад түүнийг нэг удаа цохисон. Тэр үед бид хоёр хамт газар унасан. Тэгээд босож ирээд байж байтал найз Билгүүн “одоо боль боль наад хүмүүс чинь согтуу байна” гэсэн. Тэгээд бид нар гэр гэртээ харьцгаасан. Бид хоёрын дунд ямар нэг маргаантай асуудал байгаагүй. Би тэр залуугаас тамхи асуугаагүй, надад тамхи байсан. Би найзуудыгаа пабаас дуудаагүй. Би биеэ хамгаалж л тэр залууг нэг удаа цохисон. Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед би найзуудтайгаа Э.Цолмонтыг бүлэглэж зодсон юм байхгүй. Би нүүр рүү нь нэг удаа цохисон. Э.Цолмонт өөрөө нэмж өөр хүмүүст зодуулсан байж магадгүй. Манай найзууд холоос бид хоёрыг хараад зогсож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56, 110-111 дугаар хуудас/, 

Хохирогч Э.Цолмонт нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...намайг гадаа тамхи татаад зогсож байхад нэг залуу ирээд “тамхилаач” гэсэн. Тэгэхээр нь би “сая дуусчихлаа” гэсэн. Тэгтэл тэр залуу наадхаа өгчих гээд миний татаж байсан тамхийг авах гээд байсан. Тэгээд би “би яахаараа чамд тамхи өгдөг юм вэ” гэхэд тэр залуу “чи ямар сүртэй пизда вэ” гэсэн. Тэгэхээр нь би “чи яахаараа намайг пизда” гэдэг юм гэхэд юу гээд байнаа гэснээ паб руу толгойгоо оруулаад “манайхаан” гэж дуудсан. Тэгээд би бөөн зодоон болох нь гэж бодоод харанхуй шөнө хэрүүл зодоон хийгээд яахав гээд явах гэтэл намайг дагуулж гараад үгийн зөрүүгүй шууд хамар руу цохичихсон. Тэгээд газар унаад тал талаас хүмүүс өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх–ийн 18-20, 79-80 дугаар хуудас/,

Гэрч Б.Гантөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найз Цолмонт, Наранбат хоёрын хамтаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Турнинг поинт” баранд сууж байгаад цагийг нь сайн санахгүй байна барагцаагаар 1 цаг өнгөрөөгөөд гарсан юм. Би түрүүлээд алхаж байсан, тамхиа асаачихаад эргээд харахад нэг чимээ гарсан эргээд хартал Цолмонт ард явж байсан байхгүй байсан. Пабын хажууд газар уначихсан тойроод 5 залуу байсан. Э.Цолмонт газар хэвтэж байсан тэр үед Цолмонт руу гүйж очоод “яасан бэ” гэтэл ухаангүй байсан ба нүд нь хавдчихсан байсан. Би Цолмонт дээр очиход намайг шууд хажуу талаас нэг хүн миний хамар руу цохьж миний хамарнаас цус гоожсон ба Цолмонтын бие рүү нь харахад тухайн хувцас нь гутлын мөр болчихсон байдалтай харагдсан. Би Цолмонтыг дуудахад босохгүй байсан. 3-4 минут болоод Цолмонт сэргэсэн ба ямар ч ярих чадваргүй шоконд орсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-21, 96, 153 дүгээр хуудас/,

Гэрч А.Наранбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найз Цолмонт, Гантөгс хоёрын хамтаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Турнинг поинт” баранд сууж байгаад цагийг нь сайн санахгүй байна, барагцаагаар 00 цагийн үед гарсан...Цолмонт газар уначихсан, Гантөгс хажууд унаж байсан. Би очтол Гантөгс босч ирсэн. Цолмонт дээр яваад очиход босч чадахгүй шокын байдалд орчихсон, ухаан алдчихсан байдалтай байж байгаад би дуудаж бага зэрэг сэрсэн. Тэгэхээр нь тэвэрч босгоод ариун цэврийн өрөө рүү орсон. Цолмонтын нүүр ам, хувцас хунар нь нил цус болчихсон байсан. Нэг нүд нь хавдаад бүр айхтар гэмтсэн, нүднээс нь цус гоожоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22 дугаар хуудас/

Гэрч Г.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр зөөгчөөр ажиллаж байсан юм. Цагийг нь сайн санахгүй байна орой л байсан. Намайг дотор ажлаа хийж байхад гадаа зодоон болоод байна гэсэн. Тэр үед манай касс эгч Хулан зодооныг  зогсоохоор гарсан. Тэгсэн удалгүй намайг ажлаа хийгээд явж байхад нэг нүд нь нилээд хавдчихсан, манайд үйлчлүүлж байсан эрэгтэй 2 хүнтэй орж ирээд найзууд нь нүд амыг нь арчаад арай сэргээх гэж оролдож байгаад нээх удаагүй гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хх 28 дугаар хуудас/

Гэрч П.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 9 сарын 02-ны шөнө цагийг нь сайн санахгүй байна, нилээд орой л ирсэн. Намайг ирэхэд манай ажлын урд талд нилээд олон залуучууд байсан. Манай хажуу талд байдаг Тэлмэн гээд дэлгүүрийн харалдаа 2-3 залуучууд хоорондоо муудалцсан байдалтай 1 эрэгтэй хүн газар хэвтчихсэн, 1 эрэгтэй хүн хэвтэж байсан хүн рүү дайраад байгаа бололтой бас 1 эрэгтэй хүн түүнийг хорьж болиулж байсан. Тэгээд би очоод тэдгээр залуучуудад больцгоо гэж хэлээд тэдгээр залуучууд больцгоосон. Газарт хэвтэж байсан залуугийн нүд нь хавдсан, нүүр нь цустай байсан. Тэр залуутай хамт явж байсан Наранбат гэдэг залуу нөгөө газарт байсан найзыгаа паб руу оруулаад нүүр гарыг нь угаасан. Би юу болсон талаар асуухад зодуулчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 81 дүгээр хуудас/

Гэрч Б.Хулан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэр орой А.Наранбат хоёр найзтайгаа түрүүлээд гарсан. Тэр үед Б.Мөнхсайханхамт тамхилах гээд гарсан юм шиг байсан. Тэгсэн удалгүй А.Наранбат гаднаас орж ирээд надад хандан “цагдаа дуудаад өг” гэсэн. Тэгэхээр нь би ажлынхаа утсыг өгөөд А.Наранбат өөрөө цагдаа дуудчихаад гараад явсан. Тэгсэн гаднаас нэг хүн гадаа зодоон болоод байна гэсэн. Би гараад харахад А.Наранбат нэг найз нь манайхаас доошоо ойролцоогоор 10-15 метрийн зайд газарт огт хөдөлж чадахгүй байдалтай хэвтэж байсан. Би очоод найзуудтай нь хамжиж байж босгоод манайх руу ороод тэр найз нь нүүрээ угаачихаад гарсан. Хамар бил үү амнаас ч бил үү нилээд их цус гараад байсан. Бас нүднээс нь цус гоожчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 150 дугаар хуудас/

Гэрч Б.Билэгжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 9 сарын 03-ны шөнө цагийг нь сайн санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Турнинг пойнт” пабад үйлчлүүлсэн. Би тамхилах гээд гадаа байхад нэг танихгүй залуу танихгүй 3 залуугаас гал асуусан чинь тэр 3 залуу “чи 40 мянгатад надаас гал асуудаг хэн бэ” гэж хэлсэн. Пабаас хүмүүс нэмээд гарч ирцгээсэн байсан. Гэхдээ тэд нар зодолдоогүй бие бие рүүгээ дайрцгааж байсан. Тэгсэн тэр дундаас нэг залуу нь нэг залуугаа эхэлж “чи 40 мянгатад надаас гал асуудаг хэн бэ” гэж хэлсэн жижигхэн залууг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 211 дүгээр хуудас/,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹12913: “...Дүгнэлт:

  1. Э.Цолмонтын биед тархины доргилт, зүүн нүдний дотор булангийн няцарсан шарх, дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, 1 шүдний эмтрэлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч М.Энхбаяр...” гэжээ /хх 29 дүгээр хуудас/,
  5.  

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹1225: “...Дүгнэлт:

  1. Шүүх эмнэлгийн №12931 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Э.Цолмонтын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор булангийн няцарсан шарх, дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл учирчээ.
  3. Дээрх гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ариунзул, М.Отгонбаатар, М.Золжаргал...” гэжээ. /хх 31-32 дугаар хуудас/,   

Зураг таньж олуулсан тухай тэмдэглэл: “...хохирогч Э.Цолмонтыг гэрэл зураг наасан тэмдэглэлийг харуулахад ... 12 хүний гэрэл зургуудаас Б эгнээний 7 дугаараар тэмдэглэсэн зургийг зааж “энэ зурган дээрх хүн бол намайг цохьсон цагаан футболктой залуу мөн байна” гэж хэлэн сэжигтэн Э.Энхмандахын зургийг таньж заав...” гэжээ /хх 15-16 дугаар хуудас/

Хохирогчийн өргөдөл /хх 4 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10 дугаар хуудас/, гэрч хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 25 дугаар хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹13040 /хх 27 дугаар хуудас/, эмнэлэгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр /хх 61-64/ гэрч Б.Баяндүүрэнгийн мэдүүлэг /хх 151/, гэрч Б.Одсэрийн мэдүүлэг /хх 152/, шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг /хх 154/, өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хүсэлт /хх 156-157/, хүсэлтийг хэсэгчилэн хангасан тухай тогтоол /хх 158/, гэрч Г.Баянбаатарын мэдүүлэг /хх 171/, яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх 227-237/, хохирол төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 ар тал/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 24, 86-88/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Энхмандах нь 2015 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Турнинг поинт” нэртэй пабын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Цолмонтыг “тамхи, түүнийг асаах гал өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн улмаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Цолмонт, гэрч Б.Гантөгс, Г.Билэгжаргал, А.Наранбат, Г.Пүрэвсүрэн, П.Алтангэрэл, Б.Хулан нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹12913, №1225 дугаартай актууд, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Энхмандахыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гэмтэл учруулсан тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь шүүгдэгч нь “тамхи гал байна уу” гэж хохирогчоос асуухад тэрээр “байхгүй” гэж хэлсний хариуд түүгээр шалтаглан олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчин хохирогчийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан болох нь хохирогч Э.Цолмонт, гэрч Г.Билэгжаргал нарын мэдүүлгээр тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгч Э.Энхмандахад ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Э.Цолмонтоос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Энхмандахаас гэм хорын хохиролд 4.000.000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Энхмандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нараас “Шүүгдэгч Э.Энхмандахаас хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус шүүхийн Төрийн сангийн 900005406 тоот дансанд шилжүүлснийг буцаан Э.Энхмандахад олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул хохирлоос илүү өгсөн мөнгийг шүүгдэгч Э.Энхмандахад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             

            1. Боржигон овогт Энхтайваны Энхмандахыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхмандахыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхмандахад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Энхмандах нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Төрийн сангийн 900005406 тоот дансанд байгаа 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Э.Энхмандахад буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхмандахад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энхмандахад урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН