Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2203

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01793 дугаар шийдвэртэй, Д.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ннд холбогдох, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаартай захирамжаар Д.Эас 88 345 254 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 33 дугаар байрны 132 тоот 3 өрөө орон сууцыг хураан авч, улмаар эд хөрөгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Н уг орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлэхдээ төлбөр төлөгчөөс үнийн санал огт авалгүй, нууцаар 98 000 000 төгрөгөөр үнэлүүлж, түүний 70 хувь болох 68 600 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолыг гэрийн хаягаар ирүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Мөн шинжээч зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн болохыг дурьдаж Ннд хандаж гомдол гаргасныг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн.

Иймд шүүх Нны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2205016222 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 132 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Д.Эд үлдээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнийн санал өгөхийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/7343 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 98 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тул нэхэмжлэгч Д.Э-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хийхээр товлосон боловч хэргийн материалтай танилцах боломжоор хангагдаагүй байсан учир 2 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл би 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн санамсар, болгоомжгүйгээс болж гараа хугалж, гипсдүүлсэн учир түр хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болж, энэ талаарх нотлох баримт болох Гэмтлийн эмнэлгийн хугарсан гарын зураг, дискийг өөрийн харъяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн актын хамт шүүхэд хүргүүлж шүүх хуралдаанд өөрийн биеэр заавал оролцох тул хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авч хойшлуулахыг хүссэн.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээр хангалгүй шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолсоор байхад эсрэг талын тайлбар нотлох баримтуудтай танилцах, өөрт ашигтай тайлбар нотлох баримтуудыг гарган өгч шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн оролцогчийг хуулиар олгосон эрхээр хангаж дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ннд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлэгийн магадлагаа, бусад баримтын хамт ирүүлсэн байхад шүүх хүсэлтэд хавсаргасан баримт шаардлага хангахгүй гэх үндэслэл зааж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан баримтгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэхгүй бөгөөд шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүрэгтэй.

 

Гэтэл шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18/ШЗ2017/05869 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлаж танилцуулахыг шүүгчийн туслах Б.Уранзаяад даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т шүүгчийн туслах нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэгтэй байхаар заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэхэд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэж үл болохыг анхаараагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн маргааны үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг хэрхэн хэрэглэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасан журмыг анхан шатны шүүх зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА