Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 276

 

 

     2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00276

             Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 23б байранд байрлах “ААББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-13, өөрийн байр, “Дельта Автосервис” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 16 617 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06ы өдөр хүлээн авч хянаад

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ААББ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 9 сарын 05-ны өдрийн НЕХ/12/06 дугаартай 500 квт-ын иж бүрэн ялтсан дулаан солилцуур нийлүүлэх, угсрах гэрээний дагуу манай компани өөрийн хийж гүйцэтгэх ажпыг бүрэн хийж 2012 оны 11 сарын 01-ний өдөр “Дельта Автосервис”-т хүлээлгэн өгч талуудын төлөөлөгчидийг байлцуулан шалгаж “дулааны зангилаа, ус халаагчийг угсарсан акт” үйлдэн гарын үсгээр баталгаажуулсан болно. Ямар нэгэн доголдол илрээгүй байхад “Дельта Автосервис” ХХК шалтгаангүй гэрээний 5-р зүйлийн 5.3 заасан сүүлийн санхүүжилт 14 500 000 төгрөгийн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй тул өнгөрсөн хугацаанд тус компаниас тухайн асуудлыг хариуцан хийсэн манай инженер өөрийн биеэр очих болон төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа албан бичгээр хүргүүлсэн болно. Уг гэрээний 3-р зүйлийн 3.12-т заасан баталгаат хугацаа 2014 онд дууссан байна. Иймд Дельта Автосервис” ХХК-иас ялтсан дулаан солилцуурын тоног төхөөржийн үнэ, ажлын хөлсний үлдэгдэл 14 500 000 төгрөг, дээрх гэрээний 4-р зүйлийн 4.1 заасан 0,01%-ийн алданги 2012 оны 11-р сарын 05-ны өдрөөс хойш өнгөөг хүртэл 2 117 000 төгрөг, нийт 16 617 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...“ААББ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2 117 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14 500 000 төгрөгийг “Дельта Автосервис” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 3 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 4 сарын 25-ны өдөр 4 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ААББ” ХХК нь хариуцагч “Дельта Автосервис” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 16 617 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ААББ” ХХК 2 117 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14 500 000 төгрөгийг хариуцагч “Дельта Автосервис” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ААББ” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2 117 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч “Дельта Автосервис” ХХК нь 14 500 000 төгрөгийг

2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг,

2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241 035 төгрөгөөс 120 517,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дельта Автосервис” ХХК-иас 120 517,5 төгрөг, улсын төсвөөс 120 517,5 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч “ААББ” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                  

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ШҮҮГЧ                         Б.МӨНХЖАРГАЛ