Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 200

 

   2017 оны 01 сарын 19 өдөр

  Дугаар 183/ШШ2017/00200

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б

 

Хариуцагч: Г

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.*******, хариуцагч Б.********, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд Б.********тай танилцаж, улмаар 2013 оны 3 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 3 сарын 14-ний өдөр охин Б.*********, 2015 оны 7 сарын 31-ний өдөр охин Б.*********ь нар төрсөн. Мөн миний том охин Б.****** бидэнтэй хамт амьдардаг байсан. Энэ хугацаанд бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас байнга зөрчилдөж 2015 оны 9 сараас нэг байранд орсон боловч өөр өөр өрөөнд байдаг байсан бөгөөд 2016 оны 2 сард би нүүж тусдаа амьдрах болсон. Охидуудаа өөрийнхөө асрамжинд байлгахыг удаа дараа хүссэн боловч үл зөвшөөрсөн бөгөөд Б.********тай хүүхдийн асрамж дээр тохиролцоод хүрч амралтын өдрүүд болон ажлын боломжтой өдрүүдэд өөр дээрээ авдаг болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхэд асрагчийн цалин, хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөр, хувцас болон шаардлагатай материаллаг эд зүйлсээр тогтмол хангахаас гадна Б.********д үйл ажиллагаа явуулж байгаа тогтмол орлоготой бизнесээ үлдээсэн. 2 охиндоо шаардлагатай мөнгийг нь энэ хугацаанд өгч байсан бөгөөд цаашид өгөх болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан байхгүй. Бидэнд эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч ямар нэг үр дүн гарахгүй тул уг арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2011 онд З.*******тэй танилцаж, улмаар 2013 оны 3 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 3 сарын 14-ний өдөр охин Б.*********, 2015 оны 7 сарын 31-ний өдөр охин Б.*********ь нар төрсөн. Энэ хугацаанд бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас байнга зөрчилдөж 2015 оны 9 сараас нэг байранд орсон боловч өөр өөр өрөөнд байдаг байсан бөгөөд 2016 оны 2 сараас тусдаа амьдрах болсон. З.******* нь надтай танилцаж гэр бүл болохдоо өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй байсан. З.******* нь одоо надаас салаагүй хэрнээ шинэ найз охинтой болсон, хамтран амьдарч байгаа бөгөөд миний хувьд энэ хүний хүүхэмсэг байдлыг тэвчих боломжгүй байдалд хүрээд сална гэснийг нь зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөр дээрээ авна. Эцэг хүний ёсоор охидуудаа харж хандана гэсэн бөгөөд асрагч болон сургууль, цэцэрлэгийн төлбөрийг тухай бүрт нь төлж байна гэсэн тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Харин 2 охиноо том болох үед нь ядаж нэг, нэг өрөө байр авч өгөөсэй гэж хүсэж байна. Би энэ хүнтэй цаашид нэг гэрт амьдрах боломжгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* хариуцагч Б.********д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

З.*******, Б.******** нар нь 2011 оноос хамтран амьдарч, 2013 оны 3 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, 2014 оны 3 сарын 14-ний өдөр төрсөн охин Б.*********, 2015 оны 7 сарын 31-ний өдөр төрсөн охин Б.*********ь нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 138 тоот ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-10/

 

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 1 жил гаруйн хугацаа өнгөрсөн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлуулахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд охин Б.*********, охин Б.*********ь нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эх Б.********гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эцэг нь хүүхдүүдтэйгээ уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө үүргээ биелүүлэхэд саад хийхгүй байхыг эх Б.********д даалгаж, түүнчлэн эцэг З.******* нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөх хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэгчээс төлсөн дээрх мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лувсан овгийн Зундуйн ******* /УШ /, Харьд багаа овгийн Бас-Оргилын ******** /ВЮ / нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 3 сарын 14-ний өдөр төрсөн охин Б.*********, 2015 оны 7 сарын 31-ний өдөр төрсөн охин Б.*********ь нарыг эх Б.********гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь  хэсэгт  заасныг  баримтлан охин Б.*********, Б.*********ь нарыг эцэг З.*******тэй уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.********д даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ