Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 185/2022/0169/Э |
Дугаар | 2022/ШЦТ/200 |
Огноо | 2022-02-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/200
2022 02 28 2022/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0169/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Д.Даваадорж,
шүүгдэгч С.А, оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ат холбогдох эрүүгийн 2209... дугаартай хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цаг 00 минутаас 02 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад хэргийн яамны ойролцоо 84-32 УНГ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машинаар буюу таксигаар үйлчлүүлж байхдаа тус таксины жолооч Б.Дг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохин, салдаа, гуя, шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “...зүүн чамархайн урд хэсэг, баруун нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гадна доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт...” гэмтэл бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.
Хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө хувиараа такси үйлчилгээнд явж байгаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүнсний 4” дэлгүүрийн ойролцоогоос үл таних, халзан толгойтой эрэгтэй хүнийг авахад тэрээр гар утсаараа эхнэртэйгээ ярьж байгаад намайг мөн яриулсан. Тэгтэл эхнэр нь “Хаан” банкны шилэн барилга дээр аваад ир” гэж хэлсний дагуу тус газар руу явж байтал гэнэт тухайн эрэгтэй “буцаад яв” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “ахаа таны эхнэр надад хаана ирэх талаар хэлсэн, би хүргээд өгье” гэж хэлтэл тэрээр уурлаж “лалар минь миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлсэн. Тэгэхэд нь би 1 дүгээр эмнэлгээр эргэж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны дэргэд иртэл тэрээр “энд бууна” гэж хэлээд өөрийн эхнэр рүүгээ ярьж буух талаараа хэлсэн. Тэгээд эхнэртээ хандан “ханиа би хаана байгаагаа мэдэхгүй байна” гэхээр нь би түүний утсыг авч эхнэрт нь “энэ хүн буцаад өөр газар руу явна гээд байна, би Сүхбаатарын талбай дээр ирсэн байна, энэ хүн мөнгөгүй байна” гэж хэлтэл тухайн эрэгтэй над руу уурлаж миний эмзэг эрхтэн рүү өшиглөж, миний унаж явсан “Тоёота приус-20” маркийн авто машины урд талын салхины шилийг гараараа цохиж цуулсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тэрээр миний эмзэг эрхтэн рүү өшиглөж гэмтээсэн, мөн толгой руу цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэслэгч И.Мөрөнгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...Тухайн дуудлага, мэдээллийг очиж шалгахад Б.Д гэх хүний авто машины урд талын шилийг хагалсан бөгөөд хүн зодож байсан С.Аыг нь эрүүлжүүлэв...” гэх илтгэх хуудас /хх-ийн 9 тал/,
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэслэгч А.Мөнхзулын 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн “...С.А гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч бусдын тээврийн хэрэгслийн салхины шилийг цохиж хагалж, улмаар жолооч болох Б.Дг зодож байсан хэргийг таслан зогсоож Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн хошууч Б.Өсөхбаярт хүлээлгэн өгсөн болно...” гэх илтгэх хуудас /хх-ийн 11 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1459 дугаартай “...1. Б.Дгийн биед зүүн чамархайн урд хэсэг, баруун нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гадна доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна, 3. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,
Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн үед Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчмоор машинтайгаа явж байхад зам дагуу нэг халамцуу ах гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод тэр ахыг суулгасан. Тэгээд надад согтуу ах гар утсаа өгөөд нэг эмэгтэй хүнтэй яриулсан. Тэр эмэгтэй надад хандан “наад хүнээ Наадам төвийн хажууд байрлах “Хаан” банктай шилэн барилга дээр аваад ирээрэй, буугаад тосоод авъя” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө согтуу ахыг хүргэж өгөхөөр Сүхбаатарын талбайн ертөнцийн зүгээр зүүн урд талын уулзвар өнгөрөөд явж байхад, нөгөө согтуу ах гар утсаа оролдож байснаа “буцаад явъя” гэж хэлсэн. Би түүнд хандаж “эхнэр чинь Наадам төвийн тэнд аваал ир гэсэн шүү дээ” гэхэд тэрээр “битгий хуцаад бай, писда минь миний амьдрал чамд хамаагүй шүү, буцаад яв” гэж хэлсэн. Тэгээд би буцаж яваад Гадаад хэргийн яамны ертөнцийн зүгээр урд талд нь байрлах нарийн зам дээр зогссон. Тэгээд түүнд хандаж “таксины мөнгөө өгөх үү” гэж асуухад нөгөө согтуу ах “надад мөнгө байхгүй, эхнэртэйгээ ярина” гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах өөрөө хаана байгаагаа хэлж чадахгүй байхаар нь би гар утсыг нь аваад эхнэртэй ярихад эхнэр нь “наад хүн чинь өөр очих газар байхгүй, миний дүү яаж хийж байгаад буцаад аваад ир” гэж хэлсэн бөгөөд би “энэ хүн чинь хэл амаар доромжлоод, буцаад эргэ гээд энд хүрээд ирлээ шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө ах надад хандан “намайг чи эхнэрт маань хэлдэг хэн юм бэ” гээд уурлаж, улмаар миний толгой руу цохисон. Дахиад цохих гэхэд нь би бултахад тэрээр миний машины урд талын салхины шил рүү цохиж хагалсан. Тэгээд нөгөө согтуу ах “чи буугаад ир” гэж хэлээд миний талын хаалгыг онгойлгож, улмаар миний толгой руу хэд, хэдэн удаа цохиж бас өшиглөсөн. Тэгэхээр нь би түүнд хандаж “та чинь ямар арчаагүй юм бэ” гэж хэлэхэд намайг машинаас буулгаж дахин зодсон. Тэгээд замын зохицуулж байсан цагдаатай таарч, мөн өөр нэг цагдаатай хамт ирээд тэр хүнийг гавлаад аваад явсан. Тэгээд намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. ...Миний биед учирсан гэмтлийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө машинд маань сууж явсан согтуу ах зодож учруулсан. Миний биед өмнө ямар нэгэн гэмтэл, шарх, сорви, бэртэл гэмтэл байгаагүй. Тэр согтуу ах миний толгой болон нүүр рүү маш олон удаа цохисон. Мөн төмсөг рүү өшиглөж, улмаар гуя шилбэ рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн. ...Гэхдээ намайг зодсон ах салхины шилний хохирлыг барагдуулж надад 650.000 төгрөгийг өгсөн тул гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
“Дамно” ХХК-иас гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 220.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 тал/,
Хохирогч Б.Дгийн эзэмшлийн 84-32 УНГ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машины салхины шилийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33 тал/,
Хохирогч Б.Дгаас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан гаргасан “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5029949096 дугаартай “Хаан” банкны данснаас өөрийн төрсөн дүү Бямбахүүгийн Отгоны эзэмшлийн “Хаан” банкны 5131169745 дугаарын дансаар 800.000 төгрөгийг авсан нь үнэн болно...” гэх хүсэлт /хх-ийн 34 тал/,
Яллагдагч С.Аын “...Би тухайн үед таксинд суух гээд гараа өргөж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Нэг ухаан ороход Цагдаагийн газарт гавлуулсан байдалтай сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
“Хаан” банкны шилжүүлгийн мэдээллийг харуулсан баримт /хх-ийн 45 тал/,
Яллагдагч С.Аын хувийн байдлыг тогтоосон нотлох баримт буюу гэрч Н.Наранбаатарын “...Би С.А гэх хүнийг танина. 1981 оноос эхлэн нэг цэцэрлэг, нэг 10 жилийн найзууд юм. Увс аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг 1 дүгээр ангиас 10 дугаар анги хүртэл хамт нэг ангид сурч байсан. Багийн найзууд болохоор оюутан байхдаа ч хоорондоо уулздаг холбоотой байдаг байсан. С.А 10 жилээ төгсөөд Улаанбаатар хотод оюутан болж, үргэлжлүүлж сурсан юм. Тэрээр эХНЭр Мөнхцэцэгтэйгээ хамтран амьдраад 21 жил болж байна. Арван жилд байхын л хичээл номондоо сайн, манай ангийн урдаа барьдаг хүүхдүүдийн нэг байсан. Сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээ, спорт урлагийн наадам тэмцээнд идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Маш даруухан хүүхэд ба бусадтай хэрэлдэж маргалддаггүй байсан. Багаасаа өдийг хүртэл найзлахдаа уурлаж байхын би харж байгаагүй. С.А нь баяр ёслол, найр хурим, найзуудын уулзалт цугларалтын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд хэтрүүлж хэрэглээд байдаггүй. С.А нь хүнтэй маргалдаж зодолдох бүү хэл харин ч зодуулж байхад нь би очиж хамгаалдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
Яллагдагч С.Аын хувийн байдлыг тогтоосон нотлох баримт/хх-ийн 48-55 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгч С.Аын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 55 тал),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54 тал),
Шүүгдэгч С.Аиын оршин суугаа газрын хаягийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт: Соня С.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо КН6д байрны 65 тоотод ам бүл 3 эхнэр охины хамт түр оршин суудаг болохыг тодорхойлов. (хх-ийн 48 тал),
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 49 тал),
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хх-ийн 50 тал),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 51 тал),
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 52 тал),
Жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 53 тал),
Шүүгдэгч С.Аын хүүгийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 55 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч С.А нь согтуугаар хохирогч Б.Дг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохин, салдаа, гуя, шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “...зүүн чамархайн урд хэсэг, баруун нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гадна доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Дгийн түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохин, салдаа, гуя, шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 1459 дугаар дүгнэлтээр Б.Дгийн биед “...зүүн чамархайн урд хэсэг, баруун нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гадна доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч С.А нь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Дд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1459 дугаар дүгнэлтээр “...зүүн чамархайн урд хэсэг, баруун нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гадна доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.А нь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр, байнга хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.Д нь гэм хорын хохиролд 800.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан “хохирол төлсөн тухай” гэсэн баримтаар тогтоогдож байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоогоор нэхэмжлэх зүйл, хохирол төлбөргүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг өгчээ.
Иймд шүүгдэгч С.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэж шүүх үзэж, хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.А гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай,
гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч С.Ад ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя гэснийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.
Шүүхээс шүүгдэгч С.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид “...зүүн чамархайн урд хэсэг, баруун нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гадна доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Аыг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ