| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 137/2018/0183/э |
| Дугаар | 2018/ДШМ/70 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ДШМ/70
2018 12 03 2018/ДШМ/70
Ц.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: М.Гэрэлбадрах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Н-т холбогдох, эрүүгийн 1820001260107 дугаартай, 1 хавтас, 98 хуудас бүхий хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, нөхрийн хамт Дорноговь аймгийн ........х сумын 3 дугаар багт оршин суух, Аргалант овогт Т-ийн Н /РД:ЕК610224...../-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Гүн цээл” гэх газар иргэн Д.Птай маргалдаж, улмаар түүнийг малын шилбүүрээр ороолгож, нүүрэн тус газар нь алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Аргалант овогт Т-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Төмөртогоогийн Нт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан хуулийн заалтыг баримталж торгох ялын хугацааг шүүх тогтоолгүй шийдсэн байна. Гэвч уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг баримтлан “шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй” гэж шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацаа тодорхойгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагаа, ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй хууль зөрчсөн байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж таслалгүй бичигдсэн хуулийн заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй” гэж хуулийн зүйлийн агуулгыг салгаж, таслаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 59 дугаартай тогтоолоор батлагдсан “хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд” “Хуулийн зүйлийн нэг хэсэгт хэд хэдэн үйлдэл, шаардлагыг хооронд нь таслалгүйгээр бичсэн тохиолдолд тэдгээр үйлдлийг бүгдийг хийх, шаардлагуудыг нэгэн зэрэг бүгдийг хангасан байх ёстой гэж ойлгогдоно” гэж тодорхой тусгажээ. Үүнээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж таслалгүй бичигдсэн хуулийн заалтыг шүүх салгаж хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Нийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/ 113 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Нийн 2018 оны 05 дугаар сарын 14-нд буюу Д.Пгийнд оторлож очсон үедээ ялгаж хашсан малыг хашаанаас гаргалаа гэж Д.П-тай маргалдаж улмаар түүнийг малын шилбүүрээр ороолгож, нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь хохирогч Д.П-гийн мэдүүлэг /хх-16/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1055 тоот дүгнэлт /хх 40-41/, шүүгдэгчийн өөрийнх нь яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-5, 49-50/ зэргээр тус тус тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг прокурор яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг хүлээж авсан өдөртөө ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан хуралдуулж, прокурорын саналаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь яллах дүгнэлт, ялын талаарх прокурорын санал, шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тов тогтоох тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 5.3-р зүйлийн 4-т зааснаар торгох ялыг биелүүлэх хугацаа буюу торгуулыг төлөх хугацааг зааж өгөөгүй байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Учир нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд шүүх шийдвэртээ торгуулын ялыг биелүүлэх буюу торгуулыг төлөх хугацааг заагаагүй бол ялтан 90 хоногийн дотор уг ялыг биелүүлэх үүрэгтэй байхаар заажээ.
Иймд уг торгуулын ялыг биелүүлэх хугацааг дээрх хуульд зааснаар ойлгох бөгөөд энэхүү 90 хоногийн хугацаанд ялтан торгуулыг төлөөгүй бол ялыг хорих ялаар солих үндэслэл бий болох журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.2, 160.3-т зохицуулсан тул шүүх ийнхүү заагаагүй нь ялтанд ял завшуулах, ялыг эдлүүлэх ажиллагааг тодорхойгүй болсон гэж үзэх үндэслэлгүй.
Прокурор яллагдагчид 450000 төгрөгийн торгох ялын саналтайгаар шүүхэд шилжүүлэхдээ түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой эсэхийг тогтоож өгөөгүй байх ба цаашид торгох ялын саналтай шилжүүлж байгаа хэрэгт прокурор энэ ажиллагааг хийж хэргийг шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг шүүх хэрэглэх нөхцөл бүрдэх учиртай.
Гэхдээ шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял нь түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хүлээлгэх торгох ялын хамгийн доод хэмжээний ял ба шүүгдэгч нь прокурортой тохиролцож, зөвшөөрсөн ялын саналаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д нийцсэн байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл мөн болохгүй.
Учир нь: Шүүхээс шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагаврыг шүүгдэгчид шүүхээс тайлбарлан мэдэгдсэн үйлдэл гэж үзнэ.
Иймээс анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтыг бүрэн эхээр нь бүгдийг бичээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж прокурор үзсэн нь үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин прокурор шүүгдэгч Т.Нт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлүүдийн аль хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж байгаа нь тодорхойгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь яллах дүгнэлт болон хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт ял оногдуулах прокурорын санал зэргээс харагдаж байна.
Анхан шатны шүүх мөн үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэн нь энэ журамд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны тухай хуульчилсан ба энэ бүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх 2 төрлийн буюу 17.1, 17.5 гэсэн 2 төрлийн ажиллагааны талаар заасан.
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь мөрдөн шалгах болон шүүхийн үйл ажиллагааг хурдан шуурхай, богино хугацаанд хууль ёсны дагуу шударгаар явуулах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахад чухал ач холбогдолтой ажиллагаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөл нь яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргах, түүний хүсэлтийн дагуу богино хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж, прокурор яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, яллагдагчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 17.4-т зааснаар шүүхэд шилжүүлэх ба шүүх ял оногдуулах хуралдааныг нэн даруй зарлаж прокуророос гаргасан ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргах юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан зарим хөнгөн гэмт хэргүүдийг хурдан шуурхай мөрдөн шалгах ажиллагааг явуулж, богино хугацаанд хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурор шүүхэд шилжүүлэх, шүүх хэргийг 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн 2 өөр нөхцөлтэй, шийдвэрлэх хугацаа болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл зэрэг нь өөр хоорондоо ялгаатай ажиллагаанууд байгааг прокурор анхааралгүйгээр шүүхэд шилжүүлсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэж тэмдэглэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС