Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0206

 

 

 

2015 оны 5 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0206

Улаанбаатар хот

 

“О” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Ц, хариуцагч Ш.Х, Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “О” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Ч.Б нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ч.Б, Ш.Х нарын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 220985 дугаартай актыг хүчингүй болгуулах” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Татварын хяналт шалгалтаар “О” ХК нь нэр бүхий компаниудтай бараа ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 2010 онд “Сэлэнгийн төгөл” ХХК-аас 61,992,3, 2011 онд “Хаан шилтгээн, хатан сэнтий” ХХК-аас 35,321,7, нийт 97,314,0 мянган төгрөгийн үнэ бүхий компютер, тоног төхөөрөмж худалдан авсан гэж хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан тул акт тогтоосон. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцсэн гэж үзэж байна.” гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ч.Б, Ш.Х нарын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 220985 тоот актыг хүчингүй болгуулах” “О” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 47 тоот шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий бус байх тул гомдол гаргаж байгаа болно.

Нийслэлийн Татварын Газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Ч.Байгалмаа нар нь 2013 оны 05-р сарын 08-ны өдрийн 220985 тоот татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн акт гарган манай байгууллагад 16,363,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэнд бид гомдолтой байгаа болно. Үүнд:

“О” ХК нь тендерт нийлүүлэх компьютер, тоног төхөөрөмжүүдийг "Сэлэнгийн төгөл" ХХК болон "Хаан шилтгээн хатан сэнтий" ХХК-уудаас худалдан авсан ба энэ нь тендерийн бичиг баримт, гэрээ, нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалт болон захиалагч талд хүлээлгэн өгсөн баримтуудаар нотлогдсоор байтал нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй гэсэн зөрчлөөр акт тогтоосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Компьютер Ланд төвд үйл ажиллагаа явуулж байсан газраас худалдан авалтыг хийсэн бөгөөд тэнд үйл ажиллагаа явуулдаггүй, тэр дундаа компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэггүй аж ахуйн нэгжүүд байсан гэдгийг худалдан авагч буюу манайх шууд мэдэх боломжгүй юм. Тухайн тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад холбогдох баримт, НӨАТ-ын падааныг хүлээлгэн өгсөн ба энэ баримтуудыг шалгахад тамга тэмдэг, дугаарлалт, хэвлэмэл байдал зэрэг бүх зүйл бүрэн, эх хувиар байсан болно. Мөн НӨАТ-ын падааныг онлайн программд шивэлт хийн НӨАТ-ын тайлан ба падаануудыг интернэтээр илгээн Нийслэлийн татварын газарт тайлангаа цаасаар баталгаажуулсан болно.

Манай байгууллага НӨАТ-ын падааныг хуурамч эсэхийг тогтоох боломжгүй, хуурамч эсэхийг шалган тогтоох олгогдсон эрх хэмжээ байхгүй юм. Тийм байсаар байтал шүүх шууд хий бичилт хийсэн байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Манай байгууллага хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчид болон нийтийн өмнө санхүүгийн бүхий л ажиллагаа нээлттэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай санхүүгийн байдалд ямарваа нэгэн хууль бус үйлдэл байхгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн болон нийтийн олон тооны хяналттай байдаг болно. Гэтэл манай байгууллагыг НӨАТ-ын тухай хууль, Татварын Ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа болно.

"Х" ХХК болон "С" ХХК-ууд нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг холбогдох татварын хэлтсээс худалдан авсан нь цахим тайлангийн системийн мэдээллийн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр падаан байсныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл тогтоосон байдаг бөгөөд үүнээс үзэхэд тухайн компаниуд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн бөгөөд хуульд заасан журмын дагуу падааныг худалдан авсан нь харагдаж байгаа болно. Ийм байтал манай байгууллагыг хуурамч НӨАТ-ын падаан ашигласан гэж торгууль ногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнийг шүүх анхааран үзээгүйд гомдолтой байгаа болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 47 тоот шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, илт үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх “О” ХК-ийн Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 220985 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерт нийлүүлэх компьютер, тоног төхөөрөмжүүдийг “С” ХХК, “Х” ХХК-уудаас худалдан авсан ба энэ нь захиалагч талд хүлээлгэн өгсөн баримтуудаар нотлогдсоор байхад эдгээр компаниудтай худалдан авах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөөгүй гэж үзсэн, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг холбогдох татварын хэлтсээс худалдан авсан нь цахим тайлангийн системийн мэдээллийн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр байхад манай компанийг хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан гэж акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Гэвч нэхэмжлэгчийн эдгээр  үндэслэлүүд нь дараахь байдлаар няцаагдаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 –д “... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” хэмээн заажээ.

Гэтэл бодит байдал дээр 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “О” ХК болон “С” ХХК-уудын хооронд 61,992.302.58 мянган төгрөгийн,  мөн 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “О” ХК болон  “Х” ХХК-ийн хооронд 35,321.690.9 мянган төгрөгийн үнэ бүхий компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гүйлгээ хийгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “С” ХХК-ийн “татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” Үндэсний татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 980042 дугаар дүгнэлт, “Х” ХХК-ийн “татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” Үндэсний татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 980043 дугаар дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 9д/6991 дүгээр албан бичгээр ирүүлсэн “С” ХХК, “Х” ХХК-уудад холбогдох эрүүгийн хэргийн баримтуудаар, мөн “С” ХХК, “Х” ХХК-ууд нь “К” төв дээр үйл ажиллагаа явуулдаггүй, компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэггүй, ямар ч худалдан борлуулалт хийгээгүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “Манай компани “К” төв дээр үйл ажиллагаа явуулж байсан газраас худалдан авалтыг хийсэн бөгөөд тэнд үйл ажиллагаа явуулдаггүй, тэр дундаа компьютер, техник хэрэгслэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэггүй аж ахуйн нэгжүүд байсан гэдгийг худалдан авагч буюу манай компани шууд мэдэх боломжгүй, тухай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад холбогдох баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хүлээлгэн өгсөн ба баримтуудыг шалгахад тамга, тэмдэг, дугаарлалт, хэвлэмэл байдал зэрэг бүх зүйл бүрэн, эх хувиар байсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг онлайн программд шивэлт хийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан ба падаануудыг интернэтээр илгээн Нийслэлийн татварын газарт тайлангаа цаасаар баталгаажуулсан байхад” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэдэг үндэслэл заажээ.

“О” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгө тушаасан баримт, орлогод авсан баримтууд байгаа боловч тэдгээр баримтууд нь гагцхүү тухайн бараа материалыг зөвхөн тухайн компаниудаас худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтөд хэрэглэгдэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь худалдан авалтаа “К” төвөөс худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

 

 

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг, бусдаас компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авсан байхыг үгүйсгээгүй бөгөөд харин “С” ХХК, “Х” ХХК-ууд бусдад ямар ч бараа материал худалдаагүй учир “003364012”, “007927808” дугаар бүхий падаанд бичигдсэн шиг нэхэмжлэгч нь “С” ХХК, “Х” ХХК-аас нэмэгдсэн өртөг шингэсэн үнээр компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авсан байх боломжгүй, хуулийн 14.1-ийн урьдчилан төлөгдсөн байх шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас дээрх бэлтгэн нийлүүлэгчид төлсөн гэх 16,363,8 мянган төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй болно.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “О” ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР