Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

Иргэдийн төлөөлөгч С.Байгалмаа,     

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Ю.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг /ҮД:0146/,

Шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Э.Барсүрэн /ҮД:0147/

Хохирогч М.Гантулга, гэрч Ж.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, мөн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Мөнхсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, мөн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Болдбаатар нарт холбогдох эрүүгийн 201301051604  дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хонин Онход овогт Юрагийн Мөнхсайхан: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 6-50а тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/РЖ81042919/

 

Шүүгдэгч Ялгуусан гэгээн овогт Пүрэвхүүгийн Болдбаатар: Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр Одгэрэл, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 хороо Сурагчийн 6-50а тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ХД74080411/

 

Шүүгдэгч Ю.Мөнхсайхан, П.Болдбаатар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь 2013 оны 09 сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сурагчийн 5 дугаар гудамжинд хохирогч М.Гантулгыг танхайн сэдэлтээр бүлэглэн зодож, хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулсан,

 

Мөн Ю.Мөнхсайхан, П.Болдбаатар нар нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, “машинаар дайрах нь уу” гэж хэллээ хэмээн үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл зодоон үүсгэж, хохирогч П.Батмягмарыг бүлэглэн зодож, мөн яллагдагч Ю.Мөнхсайхан нь банзыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогчийг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ю.Мөнхсайханаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..Цалин тавих өдөр цалин буухгүй байсан. Би та нар нэг газар бөөнөөрөө байж байгаач гэж хэлсэн. Ингээд нягтлан ирэхээр нь мөнгөө авсан. Тэгтэл Б.Болдоо над руу залгаад Батка ахынд бид нар ирсэн байна гэж хэлсэн. Би ажил дээр байсан хүмүүсийнхээ цалинг өгөөд үлдсэн хүмүүсийнхээ цалинг аваад Батка гэдэг өвгөний түрээсийн байранд очиход 2 Болдбаатар, Батка ах, Баганаа нар архи уусан байдалтай байсан. Би хүмүүсийн цалинг нь тоо ёсоор нь өгөөд гэртээ харихдаа 2 Болдоог гэр гэрт нь буулгах санаатай машиндаа суулгаад аваад явсан. Болдбаатарын гэрийн урд зогсоод түүнийг түрүүлээд буухаар нь гэрт нь оруулж өгье гээд араас нь буусан. Би наана нь шээгээд зогсч байтал хүмүүс дуугаралдаад байхаар нь хартал Болдоо ах хүмүүстэй муудалцаад байх шиг байхаар нь яваад очиход Болдоо ахыг бараан хувцастай залуу цохиод унагачихсан. Би гүйгээд очиход цагаан пиджакгай залуу өөдөөс өшиглөхөөр нь буцаад машин руугаа гүйсэн. Тэгтэл баригдаад намайг цагаан пиджактай, цагаан цамцтай 2 залуу зодоод байсан. Би цагаан пиджактай залуутай барилцаж аваад ноцолдож байтал бараан хувцастай залуу нөгөө талаас ирсэн. Цагаан цамцтай нь миний цээж рүү өшиглөсөн. Тэгтэл цагаан цамцтай залуу намайг банзаар цохихоор нь би газарт унасан. Босч ирээд хугарсан банзыг нь аваад нэг залууг нь хөөгөөд гүйцээгүй. Тэгтэл Б.Болдоо машин дотроос гарч ирээд дахиад цагаан цамцгай залууг хөөхөд гүйцээгүй. Эргээд иртэл бараан хувцастай залуу өөдөөс гүйгээд гараад ирэхээр нь барилцаж аваад газарт унаад гарт байсан банзаараа би түүний шилэн хүзүү хавьд нь 1 удаа цохисон. Б.Болдоо намайг боль гэж хэлээд болиулсан. Б.Болдоотой гудамжинд очоод чимээгүй сууж байгаад машиндаа очоод суух гэтэл цагдаа хүрээд ирсэн. Б.Болдбаатар, П.Болдбаатар, П.Болдоо ахын эхнэр, хүүхэд, танихгүй 2 хүүхэн, нөгөө талын 3-н залуу байсан. Би бол зүгээр, ганц л хундага архи уусан байсан. П.Болдбаатар ах нилээн согтсон байсан. Нөгөө Болдбаатар гайгүй халамцуудуу байсан. Би санахгүй байна. Намайг чи дайрлаа ш дээ гээд цагаан цамцтай залуу тэгээд байсан Түүнээс л болсон гэж бодож байна. Өөр зүйл би санахгүй байна. Би Гантулгыг банзаар шилэн хүзүүнд нь 1 удаа цохисон. Хохирогч Батмягмарыг шанаан тус газарт нь нэг удаа гараараа цохисон, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. П.Болдбаатарын эхнэр хүүхэд хүн цохиж байгааг хараагүй, харин эхнэр нь хүүхэд аллаа гэж хашгирч байгааг сонссон гэсэн мэдүүлэг...” /хх 88-89/

 

Шүүгдэгч Ю.Мөнхсайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тэр өдөр цалин мөнгөө тавьчихаад энэ хоёрыг гэрт хүргэж өгөх гээд цааш явсан. Эдний гэрийн үүдэн дээр очиход хохирогч М.Гантулга, оператор залуу хоёр эдний хаалганых нь тэнд зогсож байсан юм байна лээ. Болдоо гэртээ орох гэхээр нь би гэрт нь оруулж өгөөд гаръя мөнгөтэй явж байгаа юм чинь гээд буутал том том дуугараад байсан юм. Солгой гартай хүн цохисон тэгээд энэ хүн чинь унан тусаад тойроод гүйгээд явчихсан юм. Би араас нь очиж явтал намайг хөөгөөд бариад авсан, тэгээд зодоон эхэлсэн. Тэнд зодоон эхлээд Батмягмартай барилцаад зогсож байтал Мягмаржав гэх залуу намайг банзаар цохисон. Би тэрийг ирж явахыг хараагүй, тас гээд цохисон нэг мэдсэн унасан байсан. Би тэгээд банзыг аваад цохисон хүнийг хөөгөөд гүйцээгүй. Буцаад ирсэн чинь Батмягмар байхгүй байсан. Сүүдэрт суусан байсныг нь би хараагүй юм байна лээ. М.Гантулга бид хоёр буланд таараад миний хоёр хөлнөөс татаад унагасан. Би сууж байгаад нуруу руу нь хоёр цохисон. Машинаас харж байсан П.Болдбаатар намайг ирээд аваад явсан. Тэгэхэд нөгөө залуу араас чулуу шидээд ахиад тэрийг хөөгөөд гүйцээгүй. Би Мягмаржавыг зодоогүй байтал зодсон болгоод зүйл анги над дээр нэмсэн. Энэ хүн дээр бас ялгаагүй М.Гантулгыг банз модоор цохиогүй байхад цохьсон болгоод надтай ижилхэн зүйл анги нэмсэн. Би М.Гантулгыг сууж байхдаа модоор хоёр цохьсон. Энэ хүн намайг унагаад миний хоёр хөл дээр суучихсан байсан. П.Болдбаатар намайг ирж аварсан. Тэгээд бид хоёрын араас ирж байхдаа М.Гантулга уначихсан. Мягмаржав бол цаанаас нь чулуу аймаар шидэж байсан. хохирогчийн ардаа авсан сорви гэмтлийг Мягмаржавын шидээд байсан чулууных гэж бодож байгаа. шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт дээр чулуу юу мод уу гэдгийг ялгаж салгаж гаргаагүй байдаг. гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч П.Болдбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би намар 100-н айлын Хүүхдийн 2-р эмнэлгийн хашаан доторх ажилчдын орон сууцны барилга дээр гадна талын хөөсөнцрийн ажил хийсэн. Ингээд цалингаа авах гээд нягтланг нь хүлээгээд ирэхгүй байхаар нь хамт ажилладаг Батка гэдэг өвгөний гэрт нь очоод бөөнөөрөө сууж байгаад 2 шил архи уусан. Батка өвгөний өрөөнд нөгөө Болдоо, би Баганаа, Батка ах бид нар уусан. Тэгтэл араас Мөнхсайхан бидний цалинг аваад ирсэн. Тухайн үед архи ч дуусч байсан болохоор гэртээ харьцгаах болж намайг хүргэж өгөхөөр Мөнхсайхан машинаа бариад нөгөө Болдоог суулгаад Чингэлтэй рүү явсан. Манай хашааны гадаа 3-н залуу зогсч байсан. Тэр залуучууд дайрчихваа гэж хэлтэл Мөнхсайхан хэн дайрах гэсэн юм бэ гэсэн. Тэгээд буугаад би түрүүлээд явтал намайг урдаас тосч хэрэлдээд үгийн зөрүүгүй хохирогч Гантулга цохиод авсан. Би цаашаа зугтаж хашааны үүд очиж гэрийнхээ үүдээр шагайж эхнэртээ Сайхнаа зодолдоод байна гэж хэлээд эргэж хашаанаас гараад шууд Гантулгатай барилцаж авсан. Гантулга намайг нэг цохиход нь би түүнийг бас нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгтэл эхнэр хүүхэд гэрээсээ гарч ирээд биднийг салгах гэж зууралдаж байгаад салгасан. Би оператор залуутай барьцалдаж авахад тэр намайг боож байтал эхнэр хүүхэд намайг салгаж авсан. Би оператор залуугийн биенд нь нэг, нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж авсан. Эхнэр намайг оператор залуугаас салгаж аваад хориод байгаад байсан. Нэг харахад Сайхнаа Гантулгатай зууралдаад гартаа мод барьчихаад цохиод байсан. Харанхуйд яг хаашаа нь хэд цохиж байгаа нь харагдаагүй, ямар ч байсан модоор хохирогч Гантулгыг цохиж байсан. Энэ үед нөгөө Болдоо оператор залуутай цохилцолгүйгээр хэрэлдсэн, зууралдсан зогсч байсан. Энэ үед тэр залуучуудын хамт явсан гэх 2 хүүхэн ирчихсэн хараад зогсч байсан. Цагаан цамцтай залуу гудамжнаас наашаа ирвэл ална шүү гээд орилоод зогсоод байсан. Ингээд зодоон намжаад цагдаа ирсэн. Тэр хоёр хүүхэн цагдаа дуудсан байх. Тухайн зодоон маргааны үед гудмаар явж байсан 2 залуу хараад зогсоод байсан, гэхдээ зодоонд оролцоогүй, зүгээр хараад зогсоод байсан. Б.Болдбаатар, Мөнхсайхан бид гурав л явж байсан. Гэрээс эхнэр хүүхэд тавчик, бандааштайгаа гарч ирсэн. Би энэ залуучуудыг бол танихгүй, урьд өмнө нь үзэж хараагүй. Гол нь машинаараа дайрчихваа гэж хэлснээс болоод хэн дайрах гэсэн юм бэ гэж маргаан дэгдсэн. Намайг эхлээд одоо энэ хохирогч Гантулга цохиж авснаас зодоон маргаан эхэлсэн юмаа. Би хохирогч Гантулгыг гараараа нүүрэн тус газарт нь нэг, биед нь нэг удаа цохисон. Оператор залууг нүүрэнд нь нэг удаа, гаранд нь нэг удаа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Намайг эхлээд зүүн гартай буюу солгой гартай залуу цохиж унагаснаас болж зодоон маргаан дэгдсэн юмаа. гэсэн мэдүүлэг /хх 91-92/

     Шүүгдэгч П.Болдбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тэр орой болсон зодоон нь намайг хүргэж өгөөд манай гадаа болсон. Би машинаас буугаад хэрүүл хийгээд зогсож байхад дээрээс ирж байсан хохирогч гэх М.Гантулга намайг шууд цохиод унагасан. Би босоод тойроод гэрийнхээ цаагуур нь явган хаалгаар гэртээ ороод хэлчихээд гараад ирсэн. Гарч ирээд би М.Гантулгатай гараараа нэг нэг цохилцоод салсан. Тэгтэл Батмягмар нь цаанаас ирээд надтай барилцаж аваад намайг боогоод байсан. Би Батмягмарыг нүүрэнд нэг, гаранд нэг цохиод байж байтал манай эхнэр гарч ирээд салгасан. М.Гантулгыг хүнд гэмтэл авахаар цохиогүй байж 96 дугаар зүйл ангиар яллагдаад байгааг ойлгохгүй байна. гэсэн мэдүүлэг. 

 

Хохирогч М.Гантулга мэдүүлэхдээ: 2013 оны 09 сарын 16-ны өдөр 18-19 цагийн үед найз Батмягмар, Мягмаржав нартай 7-н буудалд уулзсан. Бид гурав тэр хавьд байсан нэг кафе-д орж нэг нэг пиво авч уусан. Батмягмар уухгүй гээд түүний пивыг Мягмаржав бид хоёр нэмж хувааж уусан. 7-н буудлын кафегаас 23 цаг өнгөрч байхад гараад Чингэлтэй рүү 3-лаа алхаж явсан. Чингэлтэйд сургуулийн буудлын хавьцаа Ганчимэг гэдэг танил хүүхний гэрт очоод хашааны гадаа нь түүнийг хаалгыг нь нүдэж дуудсан. Ганчимэг гарч ирээд бид гуравтай хамтдаа найз Золоо гэдэг эмэгтэйнхээ гэр лүү хамтдаа алхаж явсан. Найзынх нь гэр Ганчимэгийн хажууханд баруун талд нь байсан. Ганчимэг найзыгаа дуудах гээд орсон хойно нь Батмягмар бид хоёр гудамжных нь үзүүрт зогсч байсан. Мягмаржав бидний араас жаахан зайтай алхаж ирж байсан. Батмягмар бид хоёр юм яриад зогсч байтал нэг эрэгтэй хүн дуудах шиг болсон, тэр зүгт нь харахад Мягмаржавыг 4-н эрэгтэй хүн зодож байсан. Би түрүүлж гүйж очоод найзыгаа салгах гээд "хэл амаараа ойлголцоё, юунд ингэж зодоон хийдэг юм бэ" гээд Мягмаржавыг салгах гэхэд намайг араас нэг хүн хатуу зүйлээр цохиод авсан. Тэр хүн гартаа том чулуу барьсан байсан. Түүгээрээ намайг цохисныг би толгойдоо цохиулаад газарт унасныхаа дараа харсан. Тэгтэл баахан хүмүүс хашаанаас гарч ирээд байсан. Хашаанаас нэг эмэгтэй хүн, бас нэг жаахан эрэгтэй хүүхэд гарч ирээд, хашаанаас гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй хүн шууд намайг гартаа мод барин цохиод байсан. Жижиг биетэй залуу намайг газарт зодуулаад хэвтэж байхад, гартаа чулуу бариад толгой руу цохиод байсан. Би нүүрээ гараараа хамгаалаад доошоо дарахад 1 жижиг биетэй залуу чулуугаар ар дагз руу цохиод байсан. Би өөрөө зодуулж байгаа болохоор Батмягмар, Мягмаржав нарыг яаж зодуулж байгааг хараагүй, харах сөхөө байхгүй байсан. Мягмаржав цагдаа дуудлаа шүү гээд орилоход нөгөө хүмүүс хэсэг тарж гүйгээд Мягмаржав гудамж руу гүйгээд байсан. Удалгүй цагдаа ирээд тэр гудамжнаас 3- н залууг барьж авсан. Ингээд бид нарыг аваад бөөндөө цагдаагийн хэсэг дээр ирсэн. Би цагдаагийн газарт ирээд өргөдөл өгөөд шүүх эмнэлгийн бичиг аваад түргэний машин цагдаагийн газарт дуудаж байгаад Гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдал маш хүнд толгой хагарсан, нүүр ам, толгой тархи битүү хавдар болсон байсан. Толгойноосоо их цус алдсан байсан. Яаралтай компьютерийн шинжилгээ хийлгэхэд тархины яс цуурсан, цус хуралт үүссэн, хамрын яс цөмөрсөн гээд маш их гэмтэл гарч ирсэн. Одоо биеийн байдал хүнд, гэмтлийн эмнэлэгт хэвтэж одоог хүртэл хэвтрийн дэглэм сахиж сахиуртайгаар эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 7-8 хүн байсан. Түүнээс бор царайтай, жижиг биетэй залуу, өөр бас 2-3 залуу намайг цохиж зодож байсан. Хадаастай модоор бор залуу намайг цохиж байсан. Би намайг зодсон хүмүүсийн царайг харвал ерөнхийдөө танина. Намайг зодсон хүмүүс бүгд архи дарс уусан байсан. Би тухайн үед бага зэрэг уусан, ухаан санаа эрүүл, зүгээр байсан. Яг юунаас болсныг мэдэхгүй байна. Бид нар зодолдох зав ч гараагүй. Нэг харахад хоцорч явж байсан Мягмаржавыг хүмүүс зодож байхад нь би түрүүлж очоод салгах гэж байгаад өөрөө тэр хүмүүст нь зодуулсан. Араас Батмягмар явж байгаад бас зодуулсан. Хоёр найзыгаа яаж зодуулж байгааг би өөрөө сайн харж чадаагүй, толгой тархигүй зодоод байсан болохоор өөрөө нүүрээ дараад өөрийгөө хамгаалж байсан. Намайг алаад хаячихна шүү гээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 54-55/

            Хохирогч М.Гантулгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тэр өдөр хоёр найзтай уулзаад пиво уусан. Тэгээд дээшээ таньдаг хүүхнийдээ очсон. Мягмаржав хойно явж байгаад орилоод байсан. Тэгээд эргээд хартал Мягмаржавыг нэг хүн цохиж байсан. Харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Тэгээд очоод салгах гэтэл намайг нэг нь цохиод унагасан. Үүнээс цааш санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт хорин хэдэн хоног хэвтсэн. Одоо гомдол саналгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч П.Батмягмараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2013 оны 09 сарын 16-ны өдөр ажилтаи гадуур явж байгаад Өндөр дэнжийн тэр хавьд 10-н жилийн ангийн Гантулгатай уулзсан. Би жаахан ажилтай байна, эргээд залгая гээд явсан. Орой нь Гантулгатай утсаар ярьж байгаад 7-н буудалд уулзсан. Гантулга Мягмаржав гэдэг найзыгаа дагуулсан явж байсан. Мягмаржавыг тэр өдөр л анх харж танилцсан. Гантулга, түүний найз Мягмаржав бид гурав 7-н буудалд нэг пабд орж юм ярьж суусан. Гантулга, Мягмаржав нар 2 шил пиво уусан. Намайг уухгүй байхад миний пивыг тэр хоёр хувааж уусан. Барнаас орой гараад багадаа нийлдэг байсан Ганаа гэдэг хүүхэнтэй очиж мэнд мэдчихээд явъя гэхээр нь за тэгьө гээд 3-лаа Чингэлтэй рүү 7-н буудлаас алхаж очсон. Ганааг гэрээс нь дуудаж гаргаж ирээд жаахан юм ярьж байгаад Золоо руу очъё гээд Золоогийн гэр лүү алхацгаасан. Гантулга бид хоёр Ганаагийн хамт урд түрүүлээд юм яриад алхаж байсан. Харин утсаар яриад биднээс жаахан хоцроод явж байсан. Золоогийнд очоод Ганаа Золоог дуудаж байсан. Гантулга бид хоёр хашааны буланд юм яриад зогсож байтал Мягмаржав тамхинд яваад ирье гээд гудамжаа уруудаад алхаж байтал дайрлаа ш дээ гээд Мягмаржав орилсон, наад замаа харж яваач гээд байсан. Харахад нэг Приус машин шороо манаруулан зогссон, хоорондоо маргалдаад байсан. Нэг хүн нь машинаас буугаад хажууханд нь нэг хашаанд орсон. Тэгтэл машинаас нь жолооч болон өөр нэг залуу гарч ирээд Мягмаржавыг бариад авахаар нь би Гантулгад хэрүүл зодоон хэрэггүй ээ хөгшин, цаадхаа болиул болиул очоод аваад ир гээд явуулсан. Гантулга явахаар нь салгаад аваад ирэх байх гээд нэг их юм бодолгүйгээр хашааны булан руу шээчихээд нөгөө 2-луу харахад чанга дуугаралдаад бөөн бужигнаан, зодоон болсон байсан. Би очоод харахад Гантулгыг газарт унагасан тал талаас нь 5-6 хүн зодож байсан. Тэр дотор нэг авгай, нэг хүүхэд байсан. Би хэл амаараа учраа олъё, эрүүл хүн байна гэхэд намайг шууд толгой руу жижиг биетэй залуу банз модоор цохиод авсан. Би шууд манараад доошоогоо газарт унасан. Намайг сэртэл жижиг биетэй доогуураа нүцгэн, гэрээсээ гарч ирсэн хүүхэд нүүр лүү өшиглөж байсан. Би нүүрээ хамгаалаад гараараа дарсан болохоор тэр хүүхэд нүүрэнд сүртэй гэмтэл учруулж чадаагүй. Би тэр хүүхдийг шууд тэвэрч аваад ах нь эрүүл байна, учраа ольё гэхэд намайг эрүүл хүн байна гэж мэдээд гайгүй болсон. Тэгтэл нэг эгч мод барьсан ирээд толгойны дагз руу модоор 5-6 удаа цохисон. Би тэр эгчид "учраа олъё, би : эрүүл хүн байна, би зөв зүгээр байна ш дээ гэж хэлэхэд тэр эгч намайг зодохоо больсон. Намайг бор цамцтай залуу ирээд заамдаад авахаар нь би эрүүл хүн байна, юу болоод байгаа юм бэ, учраа олъё гэхэд гараа тавьсан. Тэгтэл жижиг биетэй залуу банз бариад над руу гүйж ирэхээр нь за одоо болъё, манай аав цагдаа шүү, эргээд гай болно шүү бүгдэд нь гээд айлгаж хэлсэн. Тэгтэл тэр жижиг биетэй залуу танай аав цагдаа байхаараа яадаг юм бэ гээд шууд аймаар дайраад миний шилэн хүзүү рүү банзаар цохьсон. Би зугтаатал хамт явсан 2 залуу ирээд намайг бариад заамдалцаад бариад авсан. Тэгтэл жижиг биетэй залуу ирээд дахиад банзаараа шилэн хүзүү рүү цохиод ухаан алдуулсан сэрэхэд толгой руу банзаар цохиод байсан. Тэгтэл алаг машинтай цагдаа ирэхэд жижиг биетэй залуу зугтаасан. Машин араас нь хөөгөөд баригдсан. Мягмаржав машинд оруулах гэхэд бас тэр хүмүүс зодоод байсан. Мягмаржав бол зодооны үед болиочээ гэж байсан, гэхдээ холуур тойроод гүйгээд байсан юм шиг байсан. Гантулга бид хоёр бол арай дэндүү зодуулсан. Цагдаагийн газарт ирээд түргэний машинаар Гантулга бид хоёр гэмтлийн эмнэлэг явсан. Гантулга эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа. Би болохоор 15-20 хоног эмнэлэгт хэвтэж гэрээр эмчилгээ хийлгэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /2 хх 16/

 

Гэрч А.Ганчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2013 оны 09 сарын 16-ны өдөр 22 цаг өнгөрч байхад гэртээ унтаж амрах гээд байж байтал хашааны хаалга нүдэхээр нь очиход Батмягмар зогсч байсан. Ганаа ирсэн байна гэхээр нь харахад хашааны буланд Гантулга зогсч байсан. Би гэртээ орж хувцсаа өмсөөд гараад ирэхэд Батмягмар, Гантулга нар өөр бас нэг залуугийн хамт зогсч байсан. Би мэнд мэдээд жаахан буу халъя гэсэн. Батмягмар Золоогийнд очъё гэхээр нь за тэгье гээд бид нар хамтдаа гудамж дамжаад Золоогийн гадаа очсон. Би тэд нарыг гудамжны үзүүрт үлдээгээд Золоогийн гэрт ороод 10-15 минут болоод Золоог дагуулаад гараад ирэхэд хүмүүс орилолдоод чимээтэй болчихсон байсан. Ингээд Золоогийн хамт гудамж эргээд хартал Гантулгыг 4-5 эрэгтэй хүмүүс зодож байсан. Батмягмарыг нэг залуу далайсан зогсч байсан. Хамт явсан залуу нь байхгүй байсан. Би шууд Ганаа гээд орилоод гүйхэд нөгөө зодож байсан хүмүүс тарсан. Тэгтэл намхан залуу гартаа банз мод барьсан Гантулгын толгой руу намайг харж байхад 2 удаа цохьсон. Би очоод болиочээ гэхэд намайг ийм болгочихлоо гэсэн. Яасан юм бэ гээд харахад хөмсөгний дээд талд нь шалбараад цус гарсан байсан. Тэгтэл нөгөө ах дахиад гартаа байсан модоороо толгой руу нь цохиод модоо хугалчихсан. Тэгтэл тэр хавийн хашаанаас нэг хүүхэн гарч ирээд манай найз охинтой хэрүүл хийгээд байсан. Гантулгыг модоор цохьсон залуу над руу хэрүүл хийгээд дайраад байсан. Би түүнийг цээж рүү нь түлхэж холдуулж байтал манай найз охин голоор орж ирээд юу болоод байгаа юм бэ боль гэхэд бас та нар ингэсэн гээд хэрүүл хийгээд байсан. Намайг цагдаа дуудаачээ гээд Гантулга хэлэхээр нь би өөрийнхөө утсаар 102 луу залгаж дуудлага өгсөн. Тэгтэл хүрэн ноолууран цамцтай ах Гантулгыг толгой руу, нуруу руу нь өшиглөөд байхаар нь би Гантулгын хажуунаас холдоогүй. гэсэн мэдүүлэг /1 хх 59-60/

 

Гэрч Ц.Мягмаржаваас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2013 оны 09 сарын 16-ны өдөр Гантулга, Батмягмар бид гурав 7-н буудалд Чингэлтэйн гадаа гудамжинд зогсч байгаад 2, 2 пиво уусан. Би энэ хоёртой уулзахаас өмнө нилээн юм уучихсан байсан. Батмягмар адилхан пиво ууж байсан. Бид 6 пиво авч ууж дуусгасан. Тэндээсээ ангийнх нь 2 охинтой очиж уулзана гээд Чингэлтэй рүү алхаж очоод нэг хүүхний хашааны гадаа очиж дуудаж гаргаж ирүүлээд өөр нэг охины гэрт очихоор алхаж явсан. Тэгтэл нөгөө охиныг Ганаа гэдэг хүүхэн нь дуудаж ирүүлэх болоод бид наана нь хүлээж байгаад би тамхинд явж ирэхээр болоод гудамж уруудаад ганцаараа алхаж явтал миний хажуугаар нэг машин аймаар хурдтай өнгөрсөн. Би "өө хүн дайрлаа ш дээ” гэхэд арын цонх нээгдээд чамайг дайрчив гэж хэлээд жижиг биетэй залуу машинаас бууж ирээд намайг цохиод авсан. Би гарыг нь бариад авахад жолооч талаас хүн бууж ирээд зодоон болсон. Би тухайн үед нилээн согтуу байсан. Ингэж л зодоон эхэлсэн гэж санаж байна. Би нэгийнх нь модыг булааж аваад тэр модоор нь замд тааралдсан хүнийг нэг удаа цохьсон. Тэгээд зугтаачихсан. Би зодолдож байгаад зугтаагаад гудамжинд явсан хүн рүү очиход би зодоонд хамаагүй гэхэд нь тэр хамаагүй цагдаа дуудаад өг гэж хэлээд харанхуйд нуугдаж байхад цагдаа нар ирсэн. Би ийм л зүйл санаж байна. Би нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 61-62/  

 

Гэрч Г.Дащдэмбэрэлээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2013 оны 09 сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад гэртээ унтах гээд орондоо орсон хэвтэж байсан Манай гэрт ээж, дүү нар л байсан. Тэпгэл гадаа шуугиан болоод байхаар нь ээж түрүүлээд харах гээд гарсан. Би араас нь цээж нүцгэн, доогуураа турсиктэйгээ, гэрийнхээ тавчиктай юу болоод байгааг харах гээд гартал аав Болдбаатар хамт ажилладаг Мөнхсайхан, нөгөө Болдбаатар нарынхаа хамт хүмүүстэй муудалцаад зодолдож байсан. Ээж маань зодооныг салгах гээд байгаа бололтой байсан. Аав маань 3 залуугийн нэгэнтэй нь барьцалдаад байж байхаар нь очоод салгах гэтэл намайг тоохгүй, хоорондоо нэг нэгнийгээ ална шүү гээд томроод байсан. Тэгтэл өндөр шар царайтай, цагаан цамцгай ах хашаанаас банз аваад та нар хүрээд ир, нэг нэгээр чинь ална шүү гээд орилоод байсан. Тэр ах нөгөө банзаараа Мөнхсайхан ахыг толгой руу цохьсон. Нөгөө банз нь хугараад унатал хугарч унасан модыг нь Мөнхсайхан ах барьж зогсож байсан. Тэгтэл тэд нар хоорондоо чулуу шидэлцээд байхаар нь айгаад гэртээ гүйгээд орсон. Тэгтэл цагдаа ирээд бүгдийг нь аваад явсан. Тухайн үед нилээн харанхуй байсан болохоор би хэн нь хэнтэй зодолдож байгааг сайн харж чадаагүй. Ямар ч байсан танихгүй 3 ах, аав, Мөнхсайхан ах, Болдбаатар ах нартай зодолдоод байсан. Гэхдээ тус тусдаа, ойрхон зогсоод зодолдож байсан. Аав маань нэг ахтай нь барилцаж аваад чи яах гээд байгаа юм бэ гэх мэтээр хэрэлдээд зогсч байсан. Яг намайг харж байхад бол цохиогүй. Нөгөө Болдбаатарыг сайн хараагүй, нэг хүнтэй чанга чанга дуугарч хэрэлдээд байх шиг байсан. Харанхуй байсан болохоор нөгөө Болдбаатар ахыг сайн хараагүй. Мөнхсайхан ах түрүүлж банзаар цохьсон хүний хугарсан банзыг аваад цохих гэхэд нөгөө хүн нь зугтаагаад яваад өгсөн. Тэгтэл арай тарган царайтай ахыг модоороо цохьсон. Мод барьж далайгаад тэр ах газарт унасан байсан, яг хаана нь хэдэн удаа цохьсоныг сайн хараагүй, ямар ч байсан цохих нь цохьсон юмаа. Аав, Болдбаатар ах, Мөнхсайхан ах нар архи уусан байсан. Гэхдээ Мөнхсайхан ах арай гайгүй, манай аав болон Болдбаатар ах нар архи уусан, согтуу байсан...” /хх 62-63/

 

Гэрч Ж.Одгэрэлээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..гадаа машин дуугарахаар нь за нөхөр маань ирж байна даа гээд зурагтаа үзээд хэвтээд чимээ чагнаж байтал гадаа хүмүүс шуугилдаад эхэлсэн. Хүмүүс чанга чанга дуугараад байсан. Тэгтэл Болдбаатар ганцаараа гүйж үүдэн дээр дөнгөж ирээд болохоо байлаа, хөөе, зодоон гээд гүйгээд яваад өгсөн. Би араас нь гараад очиход хөл толгой нь мэдэгдэхгүй, хэн нь хэнтэй зодолцож байгаа нь мэдэгдэхгүй байсан. Би хараад айгаад нэг хэсэг шоконд ороод орилоод болиочээ гээд байсан. Нэг мэдсэн чинь өндөр цагаан цамцтай залуу банз бариад гүйж ирээд Мөнхсайханыг цохиод авсан. Банз нь хугараад унаж байгаа харагдсан. Манай нөхөр болохоор оператор хийдэг запуутай зууралдаад заамдалцаад байсан. Манай хүүхдийг салгах гээд очиход нөгөө залуу үсдээд дараад байсан. Би хүүхдээ өмөөрөөд гарыг нь тавиулах гээд нуруу руу нь 2 удаа цохиж хүүгээ салгаж авсан. Тэгтэл цагаан цамцтай залуу том том чулуу нүүлгээд тойрч гүйгээд байсан. Би цагаан цамцтай залууг одоо боль гэхэд чам шиг гичий яахаараа миний эгч болдог юм бэ гэсэн. Би чи одоо боль, чи над шиг ээжтэй байлгүй гэхэд миний ээж чам шиг гичий биш гэсэн. Тэр залууг чулуу шидээд байхаар нь манай хүү гүйгээд орчихсон. Мөнхсайхан бас хэнийг цохиж зодож байгааг хараагүй. Мөнхсайхан сүүлд нь “намайг банзаар цохихоор нь 2 удаа хугарсан банзаар нь хохирогч Гантулгыг цохисон, гэмттэл нь цохиогүй” гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 64-65/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай нөхөр нөгөө Болдбаатар, Мөнхсайхан нар зохих хэмжээний жаахан жаахан архи уусан, халаалттай байсан. Нөгөө залуучуудын цагаан цамцтай залуу, хохирогч Гантулга нар уусан байсан. Оператор залуу уугаагүй, эрүүл байсан гэсэн, гэхдээ түүнийг нь анзаарч хараагүй. Би лав тэр залууг уусан байсан гэж бодсон, зуурапдаад хараал хэлээд их авиргүй байсан. гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ¹12181 тоот дүгнэлт: Гантулгын биед дагз ясны шугаман хугарал, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархай, духны эдийн няцрал, баруун ухархайн доод хана, хамрын ясны хугарал, нүүрний баруун хэсэг, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулай, дагз хамар, уруулд няцарсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3- тзаасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлээс хамаарна. /хх 67-68/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ¹12166 тоот дүгнэлтэд: Батмягмарын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зеөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний гадна хэсэг, духанд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйпийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 69/

 

Яллагдагч Б.Болдбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Би хохирогч Гантулгыг цээж рүү нь нэг удаа гараараа цохиж хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөрөөр түүнийг цохиж зодоогүй шүү дээ. Уг хэрэг гардаг өдөр цалингаа авах гээд ажил дээрээ очиход цалин өгөх болоогүй байна, нэг газарт очоод байж бай гэхээр нь хамт ажиллаж байсан Батка ахын гэрт очсон. Батка ахын гэрт очоод зүгээр сууж байхаар гээд 0,5 хэмжээтэй 2 шил Экс архи авч ууцгаасан. Тухайн үед Батка ах, би, Болдоо, Баганаа нар байсан Тэгтэл Мөнхсайхан цалингаа авчихлаа гээд ирэхээр нь хүн тус бүр түүнээс цалингаа авсан. Ингээд гэртээ харихаар болоод Мөнхсайханы машинд суугаад Чингэлтэй рүү явсан. Болдоогийн гадаа очоод Болдоо түрүүлээд буусан. Мөнхсайхан араас нь гэрт нь оруулж өгөөд ирье гээд буусан. 2-3 минутын дараа бөөн зодоон болсон хүмүүс Болдоогийн хашааны цаахнаас гараад ирсэн. Би хартап Мөнхсайхан, Болдоо нар баахан хүмүүстэй барилцаж авсан байсан. Би машинаас буугаад гүйгээд очиход Болдоо Гантулгатай заамдаад зогссон, Мөнхсайхан оператор залуутай маргалдсан зогсч байсан. Би Гантулга, Болдоо нарыг одоо боль гэж хэлчихээд Мөнхсайхан руу гүйгээд очиход цагаан цамцтай залуу Мөнхсайханыг банзаар цохиод зугтсан. Мөнхсайхан газарт унаад босч ирээд банзыг нь аваад араас нь хөөгөөд гүйцээгүй. Мөнхсайхан эргэж ирж байтал Гантулга өөдөөс нь гүйж очиход Мөнхсайхан банзаар цээжин тус газарт нь 1 удаа цохиж байгаа харагдсан. Тэгтэл яг энэ үед цагаан цамцтай зугтаасан залуу чулуугаар нүүлгээд болохгүй болохоор нь түүний араас хөөж байгаад гүйцэхгүй буцаж ирэхэд зодоон нь намжаад маргалдаад байж байсан. Би явъя гээд Мөнхсайхан, Болдоо нарыг машинд суулгаад явах гэхэд цагаан цамцтай залуу машин явуулахгүй, цонхоор миний гарыг хөшиж дараад байсан. Тэгтэл цагдаагийн машин ирээд бид нарыг барьж аваад эрүүлжүүлэхэд хонуулсан. П.Болдбаатар, Мөнхсайхан бид гурваас өөр хүн байгаагүй. Батка ахынд Баганаа үдсэн байх. Намайг байж байхад лав гараад явсан байхгүй байсан. П.Болдоогийн эхнэр хүүхэд нь гарч ирээд салгах гээд оролдоод байсан. Намайг машинаас бууж очиход чи намайг дайрчих гэдэг хэн юм бэ гэсэн маргаан гарсан байсан. Түүнээс биш тэр залуучуудыг өмнө нь харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан. Би Гантулгын хөл рүү нь нэг удаа өшиглөж, цээж рүү нь гараараа нэг удаа цохьсон, өөрөөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-98-99/

 

Шүүгдэгч П.Болдбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 214/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 103/, шүүгдэгч Ю.Мөнхсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 215/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 104/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /1 хх 107, 108, 109/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-46/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 09 сарын 17-ны өдрийн ¹12181 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 67/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 09 сарын 17-ны өдрийн ¹12166 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 68/, хохирлын баримтууд /1 хх 7-18/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн ¹6823 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2013 оны 09 сарын 16-ны өдөр шүүгдэгч Ю.Мөнхсайхан нь хамт ажилладаг П.Болдбаатар, Б.Болдбаатар нарыг гэрт нь өөрийн авто машинаар хүргэж өгөхөөр Чингэлтэй дүүргийн 17 хороо Сурагчийн 5 дугаар гудамжинд очиход уг гудамжинд явж байсан Ц.Мягмаржаваас “хүн дайрахнуу” гэж хэлснээс болж тэд маргалджээ. Энэ маргааныг Ц.Мягмаржавтай хамт явж байсан М.Гантулга, П.Батмягмар нар салгахаар очиход Ц.Мягмаржав нь хашааны банз хуулан авч Ю.Мөнхсайханы толгойн тус газарт цохиж зугтаасан байна. Энэ үед П.Болдбаатар П.Батмягмар нар зууралдан газар унаж, ноцолдсон бөгөөд тэднийг П.Болдбаатарын эхнэр Ж.Одгэрэл, хүүхэд Г.Дашдэмбэрэл нар гэрээсээ гарч ирэн салгасан байна.

 

Шүүгдэгч Ю.Мөнхсайхан өөрийг нь банзаар цохисон Ц.Мягмаржавыг хөөж гүйцэлгүй эргэн ирж М.Гантулгатай маргалдаж газарт байсан банзаар түүний толгойн тус газарт 2 удаа цохисон болох нь тогтоогдож байна. Дээрхи зодооны улмаас хохирогч М.Гантулгын бие махбодид хүнд гэмтэл, хохирогч П.Батмягмарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан байна. Хохирогч нар одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болжээ.

Энэ маргаан, зодооныг эхлүүлсэн Ц.Мягмаржавыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан, мөн зодоонд оролцсон Б.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дах хэсэгт заасан ялыг тус тус сонсгон байцааж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ю.Мөнхсайханд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, 181 дугаар зүйлийн 181.3, шүүгдэгч П.Болдбаатарт мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч нарын үйлдэл холбогдолыг прокуророос ялгаж салгаж, зүйлчлэлгүй хавтгайруулж ял сонсгон ирүүлсэн байна. Шүүх хэргийг шилжүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэлээ.

 

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар гэмт хэргийг өдүүлж эхлүүлээгүй, хохирогч нар болон энэ гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Ц.Мягмаржаваас маргаан зодооныг эхлүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ю.Мөнхсайхан нь танхайн сэдэлтээр бүлэглэж хохирогч М.Гантулгын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч П.Болдбаатартай бүлэглэж зэвсэг хэрэглэн танхайрч хохирогч П.Батмягмарт хөнгөн гэмтэл учруулсан болох нь, шүүгдэгч П.Болдбаатар нь танхайн сэдэлтээр бүлэглэж хохирогч М.Гантулгын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,  шүүгдэгч Ю.Мөнхсайхантай бүлэглэж танхайран хохирогч П.Батмягмарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч Ю.Мөнхсайхан нь хохирогч М.Гантулгын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч П.Болдбаатар нь хохирогч П.Батмягмарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул прокуророос сонгосон зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ялыг хөнгөрүүлэн зүйлчилхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ю.Мөнхсайханд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, шүүгдэгч П.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ю.Мөнхсайханд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан ялыг 96 дугаар зүйлийн 96.1 болгож, шүүгдэгч П.Болдбаатарт сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт заасан ялыг 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэв.

 

Шүүгдэгч Ю.Мөнхсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч П.Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үйндэслэлтэй байна. Гэвч шүүгдэгч П.Болдбаатарын үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ю.Мөнхсайхан нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.Гантулга нараас гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал ар гэр, ам бүлийг байдал зэргийг харгалзан 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялаас доогуур хэмжээний ял шийтгэл оногдуулах, мөн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ю.Мөнхсайханы үйлдсэн гэмт хэрэг нь 2013 онд үйлдэгдсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялаас 2 жилийг өршөөн хасан үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, шүүгдэгч Ю.Мөнхсайхан, П.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 2481.1, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Ю.Мөнхсайханд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, шүүгдэгч П.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос шүүгдэгч Ю.Мөнхсайханд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан ялыг 96 дугаар зүйлийн 96.1 болгож, шүүгдэгч П.Болдбаатарт сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт заасан ялыг 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Хонин Онход овогт Юрагийн Мөнхсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Ялгуусан гэгээн овогт Пүрэвхүүгийн Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Болдбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дэх хэсэгт заасныг журамлан 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мөнхсайханыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Мөнхсайханд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Ю.Мөнхсайхан, П.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шүүгдэгч П.Болдбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ю.Мөнхсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

           

                          ШҮҮГЧИД                                                      С.БАТЖАРГАЛ

                                                                                                   

    Н.БАЯРМАА