Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2204

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02109 дүгээр шийдвэртэй, И.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Ннд холбогдох, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол болон дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн И.М шүүхийн шийдвэрийн дагуу Д.Вандансэнгэд 8 120 225 төгрөг, “Т” ХХК-д 29 758 319 төгрөг, “Н” ХХК-д 60 030 000 төгрөг төлөх ёстой бөгөөд Н шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг ноцтойгоор зөрчин хууль бус ажиллагаа явуулж байгаа тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Тус алба “Н” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны 24 тоот орон сууцыг хураахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22, 30, 34 дүгээр зүйлийг ноцтой зөрчин хуульд заасан хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хүний нэр, хаягийг зохиож, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолд бичиж хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Битүүмжлэн хураахдаа орон сууцны чанар байдлыг харгалзаагүй, газар дээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг зөвхөн “Т” ХХК-д төлөх 29 758 319 төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт битүүмжлэн хураасан бөгөөд бусад 2 гүйцэтгэх баримт бичгийг тус орон сууцыг оруулан тооцох эсэх нь эргэлзээтэй байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг 76 020 000 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь орон сууцны зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд 24 тоот орон сууцанд Ннаас хууль зөрчиж ажиллагаа хийсэн 185/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр И.Маас 60 030 000 төгрөг гаргуулж “Н” ХХК-д, мөн шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр 29 758 319 төгрөг гаргуулж “Т” ХХК-д, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2554/с дугаар шийдвэрээр 8 120 225 төгрөг гаргуулж Д.Вд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч И.Мд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч төлбөр төлөх санаачлага гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2-т заасны дагуу түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28-24 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 тогтоолоор битүүмжилсэн, улмаар төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 тогтоолоор хураан авсан. Тус алба төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацааг хангалттай өгч байсан боловч боломжит хугацаанд төлбөр төлөөгүй.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл гурван сарын дараа үнийн санал авах тухай мэдэгдсэн ч санал ирүүлээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түүний үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиж, дүү Мөнхзалгамж, бэр Мандхай нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2015 оны 02 дугаар сарын 09-нд тус албанд ирэх зарлан дуудах хуудас зэргийг үлдээсэн боловч ирээгүй.

Улмаар 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчид 3/6653, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3/8057 дугаар үнийн санал өгөх тухай мэдэгдлийг гардуулан өгсөн боловч саналаа ирүүлээгүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шинжээч 2015 оны 5 дугаар сарын 11-нд үнэлгээний тайланг ирүүлснийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Ингээд шинжээчийн үнэлсэн 108 600 000 төгрөгийн 70 хувь буюу 76 020 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан.

Гэвч үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулахаар И.Мын гаргасан нэхэмжлэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5357 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1342 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр тогтоолоор И.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 108 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 76 020 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00075 дугаар шийдвэрээр И.Мын тус албанд холбогдуулан гаргасан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд шинжээчийн үнэлгээ болох 108 600 000 төгрөгийн 70 хувь буюу 76 020 000 төгрөгөөр дахин албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 9 дүгээр сарын 16-нд шийдвэрлэж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29588 дугаар мэдэгдлийг өгөхөөр гэрийн хаягаар очиход эхнэр Бат-Үжин байсан, түүнд мэдэгдэх хуудас гардуулан өгөхийг мэдэгдэж, гарын үсэг зуруулж, тэмдэглэл үйлдсэн.

Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан боловч шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч И.Мын гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Ннд холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай И.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч И.Мын Ннд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 181/ШЗ2017/08853 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30, 34 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчиж, хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулалгүй ажиллагаа явуулсан тул 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус буруутай үйл ажиллагаанд гомдол гаргасан бөгөөд энэхүү хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлд үндэслэж хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаанд холбогдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.2, 143.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Учир нь шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахдаа хөндлөнгийн гэрч оролцуулалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичигт засвар оруулж, хөндлөнгийн гэрч гарын үсэг зурах хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй, эд хөрөнгө хураах үед байлцаагүй Ч.Болдбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нараар нөхөж гарын үсэг зуруулсан.

Хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэгчийн дээрх хууль бус үйл ажиллагаанд холбогдуулж Ннд гомдол гаргаад, үүнийг үндэслэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Н хууль бусаар буюу өмнөх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусаагүй байхад 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зарлаж явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Энэхүү дуудлага худалдааг явуулах тухай мэдэгдлээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй, анхны дуудлага худалдааг олон нийтэд хуульд заасны дагуу мэдэгдээгүйн улмаас тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн улмаас төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 50 хувь хүртэл бууруулж хоёр дахь дуудлага худалдаа явагдах нөхцөл бүрдэж, төлбөр төлөгчид эдийн засгийн алдагдал бий болох үр дагаврыг үүсгэж байна.

Дээрхээс үзвэл шүүх нэхэмжлэлийн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох талаар хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримт гаргуулах нөхцөл боломжоор хангалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч И.М нь хариуцагч Ннд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах болон дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

 

И.М нь шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Д.Вандансэнгэд 8 120 225 төгрөг, Тэс петролиум ХХК-д 29 758 319, Нью энержи стар ХХК-д 60 030 000 төгрөгийн төлбөрийг тус тус төлж биелүүлээгүйн улмаас Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураах, орон сууцны үнэлгээ болон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг ажиллагааг явуулсан байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж, үнэлүүлснээр 108 600 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоожээ. Уг үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч И.М гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5357 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1342 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх43-49/

 

Түүнчлэн, нэхэмжлэлд эд хөрөнгө битүүмжлэх тухай 185/01 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 185/02 тоот тогтоолыг хүчингүй болгох гэсэн шаардлага гаргасан боловч тухайн нэхэмжлэл бүхий хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00075 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны талаарх гомдлыг нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүйг шүүх зөв дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн дуудлага худалдааны талаар Н төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29588 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн, төлбөр төлөгчийн эхнэр н.Бат-Үжин хүлээн авсан гарын үсэг бүхий баримт хэрэгт авагдсан байна. /хх58, 19/ Мөн анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт зохион байгуулахыг Үндэсний шуудан сонины №179 /2620/ дугаарт 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нийтэлж, олон нийтэд мэдээллэх үүргээ хариуцагч Н гүйцэтгэсэн гэж үзнэ. /хх92/

 

Дээрх үйл баримтаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэсэн хугацаа хэтэрсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргасан гэх боловч нэхэмжлэлийн агуулга, түүний үндэслэл нь тухайн зүйлд заасанд хамаарахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА