Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        02          28                                     2022/ШЦТ/201

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                            Хэргийн индекс: 185/2022/0170/Э

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Л.Мажигсүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр болон бусад оролцогчдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хянан хэлэлцэв 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун гэх бааранд А.Г ийг “ хамт яваа эмэгтэйгээ надтай бүжиглүүлсэнгүй “ гэх шалтгаанаар түүний нүүр, толгой тус газар руу нь гараараа цохьж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Хохирогч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун төвийн доод подволд байх бааранд эхнэр Д.Туяа, түүний найзууд гэх 2 хүүхэнтэй хамт пиво уугаад сууж байтал тар бааранд байсан нэг залуу чи хамт яваа эмэгтэйгээ надтай бүжиглүүлсэнгүй гээд шууд 2-3 удаа цохьсон, тэгснээ шалан дээгүүр надтай зууралдаж намайг чирээд байсан ба би юу болоод байгааг сайн ойлгоогүй. Тэгээд тэр залуу гараад явсан, түүнтэй хамт 2 залуу явж байсан, машины дугаар нь 0821 УБД байсан, тэр залуучууд архи,согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан,намайг ороход ширээн дээрээ архи тавьсан байсан санагдаж байна. Тэр залуу миний зүүн талын нүдрүү баруун гараараа 2 удаа, хамар луу 1 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/,

Гэрч Д.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хажуугийн ширээн дээр залуу байсан, нэг залуу нь босож ирээд манай найз эмэгтэйг бүжиглэх үү гэсэн, манай найз үгүй гэсэн чинь манай нөхрөөс чи надаас найзыгаа харамлалаа гээд цохиод авсан, тийм л зүйл болсон. Нөхөр Ганпүрэвийн нүүрэн тус газарт нь гараараа цохьсон юм, тухайн үед манай нөхөр намайг авахаар ирээд миний хажууд сууж байсан юм. Цагдаад дуусан байхад гайгүй согтолттой 2 залуу нь согтуу залуугаа аваад гараад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

Гэрч Ж.Батдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бааранд 4-5 эмэгтэй сууж байсан, тэгээд бид нар уг хүүхнүүдтэй бүжиглээд байж байхад нэг залуу орж ирээд тэр хүүхнүүдтэй суусан гэтэл манай найз Б.Б нэг хүүхнийг нь хамт бүжиглэе гэхэд нь уг залуу дургүйцсэн юм шиг байгаа юм, тэр хүүхнүүдийн сууж байсан ширээн дээр Б.Б очоод зогсож байгаад маргалдаад уг залууг ширээнээс нь татаад унагаачихсан, унахаа нь өмнө нэг цохисон байх тийм л зүйл болсон тэгээд манай найз Баяржаргал очоод Б.Быг салгаж аваад бид гурав гараад явчихсан тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10524 дугаартай “...А.Г ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-40-р тал/,

Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 сарын 26-ны өдөр найз нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 6-н буудалд байрлах Оргилуун гэх төвийн караоке бааранд орсон юм. тэр газар нэг шил архи уусан юм. тэр үед уг бааранд өөр ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаж нэг залууг нь татаж унагаад хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 44 тал),

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-68 тал),

Шүүгдэгч Б.Бын Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 46 тал),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 тал),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47 тал),

Ариг-Эрдэнэ ХХК-ийн Б.Бын ажлын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун гэх бааранд А.Г ийг “ хамт яваа эмэгтэйгээ надтай бүжиглүүлсэнгүй “ гэх шалтгаанаар түүний нүүр, толгой тус газар руу нь гараараа цохьж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмйг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Г ийн  нүүр, толгой тус газар руу нь гараараа цохьж зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10524 дугаар дүгнэлтээр А.Г ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Г ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч А.Г т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10462 дугаар дүгнэлтээр “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Г ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр, байнга хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч А.Г  нь гэм хорын хохиролд 300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нь “нэхэмжлэх зүйл, хохирол төлбөргүй” гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай,

гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Бт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ялыг боломжит хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэснийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Быг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ