| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/00463/И |
| Дугаар | 719 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 719
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2017/00719 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18-р хороо, 4-р хороолол, 46-61 тоотод оршин суух, Аюургяна овогт Бямбаагийн Мөнх-Алдар /УС 71091433/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 3-р хэсэг Блю Скай хотхоны 44а байр 08 тоотод оршин суух, Очирт овогт Норжмаагийн Дуламханд /УЗ 62011803/-д холбогдох,
34 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнх-Алдар, хариуцагчийн төлөөлөгч Л.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Алдар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мөнх Билгүүн ХХК-ийн захирал ажилтай Н.Дуламхандтай 1999 оноос 2017 он хүртэлх хугацаанд буюу 18 жил хамтран ажиллаж байгаа. 1999-2010 он хүртэл 11 жил хамтран ажиллахдаа 2012 онд Н.Дуламханд нь тухайн үед агуулах хүрэлцэхгүй байсан учир цаашид хамтран ажиллах санал гарган амаар гэрээ хийж тохиролцон хамтарч 2 ширхэг том агуулах барих санал гаргасан. Ингээд 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 25-ын өдөр хүртэлх 2 сарын хугацаанд өөрийн хүч хөдөлмөрөөр туслах 4 ажилтантай хамтран барилгын материал цуглуулан 2 сарын хугацаанд 24x9 м харьцаатай 216 м.кв агуулах Сонгинхайрхан дүүргийн Эмээлт түүхий эдийн захад байрлах Мөнх билгүүн ХХК-ийн эзэмшлийн хашаанд барьсан юм. Тухайн үед агуулах барьж ашиглалтанд оруулахад Н.Дуламханд нь гар бие оролцоогүй агуулах барихаас өмнө би Н.Дуламхандаас 2 сая төгрөг, агуулах барьсны дараа жил нь 8 сая төгрөг нийт 10 сая төгрөг авсан юм. Уг 10 сая төгрөгийг авсан шалтгаан нь тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага гараад авч байснаас биш хамтран хөрөнгө оруулсан тохиолдол биш гэдгийг тодотгох нь зүйтэй гэж бодож байна. 1999-2017 он хүртэлх 18 жилийн хугацаанд хамтран ажиллах явцад бие биендээ итгэлтэй сайн хандаж байсан. Н.Дуламханд нь давхар Уул уурхайн чиглэлээр ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд би тус агуулахыг хариуцан ажиллуулдаг байсан. Мөн тус түүхий эдийн төв агуулахад хамтарсан хөрөнгө байсан учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй байсан. Н.Дуламханд нь 2016 оны 11 сард Сонгинохайрхан дүүргийн Эмээлт түүхий эдийн захад байрлах түүхий эдийн төвийг зарахаар болж зар тараасан байсныг мэдээд гэрт нь очоод уулзсан юм. Энэ түүхий эдийн төвийг 200 сая төгрөгөөр миний дүү худалдан ав гэсэн санал гаргасан. Би миний хөрөнгө гарган барьсан агуулах байгаа тийм учраас арай хямд өгч болохгүй юм уу гэтэл хямд өгөх боломжгүй гэсэн 1 сарын дараа Дуламханд нь утсаар ярьж эгч нь үнээ буулгасан 160 сая төгрөгөөр худалдан ав гэсэн санал гаргасан. Ингээд би зөвшөөрч мөнгөө цуглуулаад холбоо барих гэтэл утсаа аваагүй, оны дараа утсаар ярихад надад заралгүй өөр хүнд зарахаар болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад өөр хүнд зарсан байсан учир би уулзаад агуулах барих үед оруулсан хөрөнгөө авна гэтэл өгч чадахгүй гэсэн. Энэ агуулахыг худалдан авсан хүнтэй уулзахад 170 сая төгрөгөөр худалдан авсан урьдчилгаа 140 сая төгрөг өгсөн маргаантай байгаа 2 агуулахыг шийдвэрлэсний дараа үлдсэн 30 сая төгрөгийн тооцоог хийхээр болсон гэж надад хэлсэн. Ийм учраас тухайн агуулах баригдсан газар агуулахын хамт зарагдсан учир өөрийн хөрөнгөөр барьж босгосон агуулахыг одоогийн зах зээлийн ханшаар тооцож, мөнгө гаргуулж авах нь зүй ёсны хэрэг юм. Энэ хашаанд 24x9 хэмжээтэй 2 ширхэг агуулах барьсан гэдгийг Эмээлт түүхий эдийн захын бизнес хийж байгаа бүх хүн гэрчилнэ. Мөн Далай Ван Аудит ХХК-иар зах зээлийн үнэлгээ гаргуулсан. Миний өөрийн хөрөнгөөр барьсан 24x9 м.кв уг агуулахыг 44 600 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүнээс Н.Дуламхандаас агуулах барьсанаас хойш авсан 10 000 000 төгрөгийг хасаад 33 600 000 төгрөгийг Н.Дуламхандаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.Мөнх-Алдар нь нэхэмжлэлийн шаардлага болох 34 600 000 төгрөгийн 22 000 000 төгрөгөөс татгалзаж үлдэх 12 600 000 төгрөгийг хариуцагч Н.Дуламханд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Б.Мөнх-Алдар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Алдар нь хариуцагч Н.Дуламхандад холбогдуулан 34 600 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мөнх-Алдар нэхэмжлэлийн шаардлагын 34 600 000 төгрөгийн 22 000 000 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 12 600 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Н.Дуламханд 12 600 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.
Иймд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Мөнх-Алдар нь нэхэмжлэлийн шаардлагын 34 600 000 төгрөгийн 22 000 000 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 12 600 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Н.Дуламханд 12 600 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 331 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Дуламхандаас улсын тэмдэгтийн хураамжинд 216 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Алдарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ