Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 673

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00673

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2-р хороо, Шинэ хороо 12 байр, 15 тоотод оршин суух, Өлзийхутагийн Гиймаа /ХП 45061504/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 45-р дэлгүүрийн 2 тоотод оршин суух, Халтарын Уранчимэг /РЮ 72052665/-т холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 588 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Гиймаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Уранчимэгт өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 12/1-р байр 15 тоотод байрлах 36 м.кв орон сууцаа 2015 оны 4 сарын 20-ны өдрөөс 2016 оны 5 сарын 11-ний өдөр хүртэл 13 сарын хугацаатай нэг сарын 400 000 төгрөгөөр хөлслүүлсэн. Х.Уранчимэг нь гэрээний хугацаа дуусахад нийт төлбөрт 5 200 000 төгрөг төлөх байснаас 2 000 000 төгрөгийг л өгсөн. Үлдэгдэл 3 200 000 төгрөгийг сар бүр хувааж төлж барагдуулна гэж 2016 оны 5 сарын 11-ний өдөр баталгаа гаргаж өгсөн боловч одоо хүртэл төлөөгүй байна. Мөн Х.Уранчимэг манай байранд амьдарч байхдаа байрны мөнгө 243 800 төгрөг, СӨХ-ны төлбөр 60 000 төгрөг, цахилгааны 85 000 төгрөг нийт 388 800 төгрөгийг би төлж барагдуулсан. Мөн миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэврээс өөр орлогогүй. Хүү Б.Баярсайхантай амьдардаг бөгөөд хүү маань хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймд Х.Уранчимэгээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 588 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ө.Гиймаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 588 000 төгрөгийн 150 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3 438 800 төгрөгийг хариуцагч Х.Уранчимэг нь 2017 оны 4 сараас сар бүр 200 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Гиймаа нь хариуцагч Х.Уранчимэгт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 588 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Гиймаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 588 000 төгрөгийн 150 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3 438 800 төгрөгийг хариуцагч Х.Уранчимэг нь 2017 оны 4 сараас сар бүр 200 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Гиймаа нь нэхэмжлэлийн шаардлагын 3 588 800 төгрөгийн 150 000 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 3 438 800 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Х.Уранчимэг нь 3 438 800 төгрөгийг 2017 оны 4 сараас сар бүр 200 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ө.Гиймааг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 34985 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ