Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

 

 

   2019          02        15                                                                            

 

 

 

2022          03             02                                2022/ШЦТ/212

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хэргийн индекс: 185/2022/0181/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Болорзул,

Шүүгдэгч Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.О д холбогдох 2209... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О  нь 2021 оны 07 дугаар сард хохирогч Н.Б оос жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг, удахгүй үнэмлэх гарна буцааж өгнө гэх /зээлэх/ нэрийдлээр 150.000 төгрөгийг бэлнээр авч бусдад нийт 650.000 шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О  нь 2021 оны 07 дугаар сард хохирогч Н.Б оос жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг, удахгүй үнэмлэх гарна буцааж өгнө гэх /зээлэх/ нэрийдлээр 150.000 төгрөгийг бэлнээр авч бусдад нийт 650.000 шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын эхээр хөгжим бүжгийн замаар явж байхад зам дээр эмэгтэй хүн гар өргөхөөр нь таксинд явсан. Уг эмэгтэй миний машинд суугаад хөгжим бүжгийн коллежоос бөмбөгөр орох замдаа би жолооны үнэмлэх гаргаж эрх сэргээдэг юм. Жолооны эрх сэргээж, үнэмлэх захиалах хүн байвал надтай холбогдоорой гэж хэлээд нэр гар утасныхаа 80812231 гэсэн дугаарыг хэлээд бөмбөгөрийн зам дагуу буусан. Манай ажлын хоёр залуу үнэмлэх гаргаж авмаар байна гэхээр нь нэг эмэгтэй ингэж хэлсэн нэр дугаараа өгөөд ажлын 14 хоногт гаргаж өгнө гэж хэлсэн юм гэж хэлсэн. Тэгсэн уг хүмүүс тэр хүнээр чинь захиалуулаад гаргуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь уг эмэгтэйн утасны дугаар луу 7 дугаар сарын дундуур залгаад манай ажлын газрын хоёр залуу үнэмлэх гаргуулмаар байна гэнэ, чи ажлын 14 хоногт гаргаад өгөөч гэж хэлсэн чинь өө болно асуудалгүй 500.000 төгрөг, зураг регистрийн дугаарын аваад гэж хэлхээр нь би зураг, регистрийн дугаар 500.000 төгрөгийг хөгжим бүжгийн коллежийн тэнд байрлах CU  байрны хажууд байрлах байранд өөрийн 1898 уне Тоёота Пиллтер загварын машинтайгаа очоод машин дотор уг эмэгтэйтэй уулзаад жолооны үнэмлэх гаргуулъя гээд ажлын хоёр эрэгтэйн зураг, регистрийн дугаар 500.000 төгрөг бэлнээр өгөөд 14 хоног хүлээсэн. Би 20 хоногийн дараа яасан бэ гээд залгасан чинь ерөнхийлөгчийн өршөөлөөр олон хүний жолооны эрх сэргээж байгаа ачаалалтай байна чиний захиалсан хоёр үнэмлэх хэвлэл өгсөн байгаа гэж хэлсэн. Уг эмэгтэй дахин залгаад 150.000 төгрөг хэрэг болоод байна удахгүй үнэмлэх гаргана чи надаа 150.000 төгрөг зээлчих би өгнө гэж хэлэхээр нь би бөмбөгөрийн урд байрлах бөс барааны материал зардаг газрын тэнд 150.000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Уг эмэгтэй үнэмлэх гаргаж өгнө гээд 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл шалтаг шалтгаан яриад үнэмлэх гаргаж өгөхгүй байна. Би 2 удаа бэлнээр 650.000 төгрөг өгсөн, миний хохирлыг Г.О  нь бүрэн өгч барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 тал/,

Яллагдагчаар Г.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  2021 оны 07 дугаар сарын Н.Б од жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 500 мянган төгрөг, удахгүй үнэмлэх гарна гэж хэлээд нэмээд 150 мянган төгрөг авч залилсан. Би ямар нэг жолооны үнэмлэх гаргаж өгч чадахгүй байж мөнгө авч залилсан үйлдэл гаргасан.  Н.Б ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Г.О  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Г.О  нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.О  нь хохирогч Н.Б од 650.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, 650.000 төгрөгийг буцаан авсан талаарх хүсэлт хавтаст хэргийн 58 талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.О  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ыг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О  нь 800 /найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ