Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 55

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Б.Ганхөлөг, түүний өмгөөлөгч Э.Баярмаа /ҮД:1814/,

Шүүгдэгч О.Хосбаяр түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ганхөлөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хосбаярт холбогдох эрүүгийн 201625030777 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Еншөө тайж овогт Батхүүгийн Ганхөлөг: Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-17-391 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 06 сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 10 сарын 17-нд ялын хугацаа дууссаж суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 77 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 сарын 01-ний өдрийн 12А дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 сарын 05-ны өдрийн 25 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД:ЖЬ87052177/

Шүүгдэгч Боржигон овгийн Одончимэгийн Хосбаяр: Монгол улсын ирэн, 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-10-899 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ВГ94020111/

 

Шүүгдэгч Б.Ганхөлөг /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 орны 04 сарын 09-ний өдрийн 21-22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 10-892 тоотод ууж согтуурсан үедээ О.Хосбаярыг Энхцэцэгтэй маргалдлаа гэдэг шалтгаанаар харилцан зодолдож улмаар О.Хосбаярын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч О.Хосбаяр нь 2016 орны 04 сарын 09-ний өдрийн 21-22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 10-892 тоотод ууж согтуурсан үедээ Б.Ганхөлөгтэй харилцан зодолдож, улмаар Б.Ганхөлөгийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ганхөлөгөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх танилцаад удаагүй байгаа Энхцэцэгийн гэрт найз Одбаярын хамт архи уусан. Тэгээд юм яриад сууж байтал гаднаас танихгүй 1 эмэгтэй 3-4 залуу орж ирээд бид нартай нийлээд архи ууж суусан. Тэгтэл сүүлд тэдгээр залуустай орж ирсэн эмэгтэй нь найз залуу нь юм уу эсвэл нөхөр нь ч юм уу нэг залуутай маргалдаад эхэлсэн түүнээс болж тэд нар хоорондоо маргалдаад гэрээс гараад явцгаасан. Тэгтэл намайг тэдгээр залуусын нэг нь муухай хараад байна уу гэж хэлээд уурлаад байхаар нь яах юм бэ хө гэж би хэлсэн. Тэгээд би нэг зэлуутэй зууралдаж аваад харилцан зодолдсон. Тэгээд тэдгээр залуучуудын аль нэг нь маргааныг зогсоосон. Тухайн үөд би архи согтууруулах ундааны зүйл хэргэлчихсэн байсан. Болсон асуудлын зарим нэгийг нь сайн санахгүй байгаа юм.

..Тухайн үед Энхцэцэгтэй одоо нэрийг нь мэдэх болсон Хосбаяр нь маргалдаад байсан юм тэгээд эмэгтэй хүнтэй маргалдаад байхаар нь би өмөөрч хэрүүл хийж маргаан эхэлсэн. ..Уг зодоонд Хосбаяр бид 2 л оролцсон өөр хүн оролцоогүй гэсэн мэдүүлэг /хх 53/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гарын савх яс хугарсан толгой хагарсан. Гэмтлийн хөнгөн зэрэгтэй гэсэн. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч О.Хосбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд Хосбаяр, Онон, Батбаатар нарын хамт уулан дээр гарч пиво уучихаад гэр гэртээ харьсан юм. Би гэртээ хариад ус аваад гэрлуүгээ явж байхад Онон, Хосбаяр, Батбаатар нартай гудманд таараад Энхцэцэгийн гэрт орохоор болсон юм. Ингээд Энхцэцэгийн гэрт ороход танихгүй 2- 3 залуу архи уугаад сууж байсан юм. Тэгээд Хосбаяр архи гаргаж ирсэн бөгөөд архийг нь хувааж уугаад сууж байхад Энхцэцэг нь дахиад архи байна уу гэхээр нь Хосбаяр бид хоёр дэлгүүр орж дахиад нэг шил архи аваад буцаад Энхцэцэгийн гэрт очиход Сарангэрэл гээд эмэгтэй ирчихсэн байсан. Тэгээд сүүлд авсан архиа ууж байхдаа Энхцэцэг бид хоёр бага зэрэг маргалдсан юм ингээд би Батбаатар, Сарангэрэл хоёртой нийлээд гэрээс нь гараад явсан юм. Энхцэцэгийн гэрт Онон, Хосбаяр, Энхцэцэг түүний танил 2-3 залуу үлдсэн юм. Тэгээд Батбаатар, Сарангэрэл бид нар эргэж Энхцэцэгийн гэрт очоод Б.Хосбаярыг авахаар болоод Б.Хосбаяр, Сарангэрэл хоёр Энхцэцэгийн гэрт орсон. Удаад байхаар нь Энхцэцэгийн хашаа руу ороход тэд нар гэрийнх нь үүдэнд бөөнөөрөө зогсож байсан юм. Б.Хосбаярыг аваад явъя гэхэд Ганхөлөг гэх залуу нь миний нүүрэнд цохиод авсан. Тэгээд Ганхөлөг бид хоёр хоорондоо зууралдаад цохилцсон юм. Тэр үед Ганхөлөг нь гартаа цаасны хутга барьчихсан юм шиг байгаа юм нимгэн иртэй зүйлээр миний баруун гарны алганы гадна хэсэг, бугалга хэсэгт зүсчихсэн байсан. Тэгэхээр нь болъё гээд маргаанаа зогсоогоод салсан юм. Тэгээд би Батбаатарын гэрт орж гарнаас гарсан цусаа угааж цэвэрлээд шөнийн 3 цагийн орчимд гэмтлийн эмнэлэг орсон юм. Ер нь намайг очиход Ганхөлөг нь Хосбаяртай маргалдаад зогсож байхаар нь би Хосбаярыг дагуулаад явъя гэтэл үгийн зөрүүгүй нүүрэнд нэг удаа цохиод авахаар нь зөрүүлээд цохиод барилцаж аваад хэд хэдэн удаа нэг нэгийгээ цохисон тэгтэл Хосбаяр дундуур орж салгахад л миний гар зүсэгдчихсэн байсан. Ганхөлөг нь гартаа үзүүртэй зүйл барьчихсан байсан юм шиг байна лээ. Бид хоёрын маргаанд өөр оролцсон хүн байхгүй. Энхцэцэгийг би өөрөө ч олж чадахгүй байна, угаасаа хэд хоногоор ч гэсэн дэмий тэнээд явчихдаг эмэгтэй байгаа юм. Сураг сонсоход Дархан-Уул аймагт байгаа гэж сонссон. Тэгээд цагдаа дээр оч гэхээр очихгүй зугтаагаад байгаа юм. Ер нь тодорхой оршин суух хаяггүй, энэ тэнүүгээр дэмий тэнээд явж байдаг юм.. гэсэн мэдүүлэг /хх 56/

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: аруун гарын чигчий хурууны хумс салсан. Гарын бугалгад зүсэгдсэн. Хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч О.Хосбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо гомдол саналгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Ганхөлөгөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: гомдол саналгүй. Хосбаяртай эвлэрсэн гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Г.Батбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр одоо цагийг нь санахгүй байна манай гэрийн гадна өөрийн найз А.Хосбаяр, О.Хосбаяр, Онон нарын хамт уулзсан. Тэгтэл архи уухаар болоод нэг шил архи аваад уулан дээр гараад 1 шил архиа хувааж уусан. Тэгээд салаад гэртээ харьчихсан юм. Тэгтэл би гэртээ байж байхад Хосбаяр ирээд хамт усанд явья гээд усанд явж байхад Онон нөгөө Хосбаяр нартай таарсан юм. Тэр 2 таарсанаа дахиж архи ууя гээд архинд явсан юм. Тэгтэл Онон, Хосбаяр нар нь Энхцэцэгийн гэрт орж архи ууя гэхээр нь хэн байгаа юм бэ гэхэд Сараа, Энхцэцэг 2 л байгаа гэж хэлсэн. Тэгээд Энхцэцэгийн гэрт Онон, 2 Хосбаярын хамт ороход Энхцэцэг, Сараа, 2 залуу байсан санагдаж байна. Тэгээд ороод нээх удаан суулгүй архи уусан юм. Тэгтэл ууж байсан архи дуусахад дахиад нэмж архи авчирсан байсан. Ингээд нэг шил архиа гэр дотор Энхцэцэгийн гэрт байсан нэг залуутай хамт яриад сууж байхад гадна гэнэт зодоон болоод байх шиг байхаар нь гараад харахад гомдол гаргагч Хосбаяр нь Ганхөлөг гэгч залуутай зодолдож байсан. Тэгэхээр нь би очоод Ганхөлөг, Хосбаяр нарын маргааныг зогсоогоод юу болсон талаар асуухад хоорондоо маргалдсан л гэж байсан. Тэгээд Хосбаярын гарнаас нь цус гарчихсан байсан. Ингээд манай гэрт ороод гараа угаасан юм тэгсэн гар нь зүсэгдчихсэн байсан юм...” /хх 12-13/

 

Гэрч А.Ононгоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хоёр Хосбаяр, Батбаатар нарын хамт уулзаж байгаад уулан дээр гарч бага зэрэг архи уусан. Тэгээд тарж яваад удалгүй эргэж уулзалдсан юм. Тэгээд орой болж байхад Энхцэцэгийн гэрт хоёр Хосбаяр, Батбаатар нарын хамт ороход Энхцэцэг, Сарангэрэл, танихгүй 2 залуутай нийлээд архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар ороод сууж байхад Энхцэцэг архи ууя гэхээр нь Батбаатар, Хосбаяр нар гарч архи авчирсан санагдаж байна. Тэгээд авчирсан архиа хувааж уугаад сууж байхад Энхцэцэг, Хосбаяр нар хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгээд маргалдахаа ч больсон Хосбаяр, Батбаатар, Сарангэрэл нар явлаа гээд гараад явчихаад удалгүй Хосбаяр орж ирээд том Хосбаяр бид 2-ыг дуудаад явья гэж хэлэхээр нь би байз удахгүй гарлаа гэсэн тэгтэл Хосбаяр ганцаараа гэрээс гарч яваад удалгүй гадаа зодоон болоод байна гэх дуу гарсан юм. Би Батбаатарын хамт гарахад Ганхөлөг, Хосбаяр нар хоорондоо зодолдоод зууралдаад зогсож байсан, тэр том Хосбаяр, Сарангэрэл нар гадаа байсан, Энхцэцэг харагдахгүй байсан. Тэггэл Батбаатар гүйж очоод Хосбаяр, Ганхөлөг нарын маргааныг зогсоосон юм. Тэгээд сүүлд Хосбаярын гар нүүрийг нь угаалгахад гарыг нь ямар нэгэн зүйлээр зүсчихсэн, цус гарчихсан байсан.. гэсэн мэдүүлэг /хх 15-16/

 

Гэрч А.Хосбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найзууд болох О.Хосбаяр, Онон, Батбаатар нарын хамт уулзаад ойрхон. Уулан дээр гарч архи уусан юм. Тэгээд тэндээсээ тараад гэр гэрлүүгээ явцгаасан юм. Тэгээд Ононгийн хамт 20 цагийн орчимд Х.Хосбаяр, Батбаатар нартай гудманд таараад Энхцэцэгийн гэрт очихоор болсон. Ингээд Батбаатар, О.Хосбаяр, Онон нарын хамт Энхцэцэгийн гэрт нэг шил архи аваад очсон. Тэгтэл Энхцэцэг, Сарангэрэл, өөр танихүй 2 залуу архи уугаад сууж байхаар нь нийлээд нэмж архи ууцгаасан. Тэгтэл О.Хосбаяр Энхцэцэгтэй маргалдаад учраа олоод зүгээр болцгоосон. Удалгүй нэмж нэг шил архи авчраад хувааж уугаад суусан юм. Тэгсэнээ Батбаатар, О.Хосбаяр, Сарангэрэл нар гараад явчихсан юм. Тэгснээ эргэж орж ирээд намайг хамт явья гэж хэлтэл Ганхөлөг гэх залуу нь Хосбаярыг цохиод авсан юм. Тэгсэнээ тэр 2 хоорондоо зодолдоод эхэлсэн юм. Тэгтэл Батбаатар гүйж очоод маргааныг зогсооход О.Хосбаярын гарнаас цус гарчихсан байсан. Ганхөлөгтэй зодолдож байх үед Ганхөлөг Хосбаярын гарыг зүсчихсэн юм шиг байна. Тэгээд л өөр зүйл болоогүй...”гэсэн мэдүүлэг /хх 17-18/

 

Гэрч Э.Сарангэрэлээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой Энхцэцэгийн гэрт Энхцэцэг буюу Энхүүш, Ганхөлөг гэх залуутай архи ууж байсан. Тэгэхэд гаднаас Онон, Хосбаяр нар орж ирчихээд гараад явсан. Тэгээд эргээд ирэхдээ архи авч орж ирсэн. Зодуулсан гэх Хосбаяр, Энхцэцэг нар хоорондоо муудалцаад нилээн юм болж байгаад маргаанаа зогсоосон. Тэгтэл Ганхөлөг нь Энхцэцэгийг өмөөрөөд мрагалдаад байсан. Тухайн үед би том Хосбаярын хамт дахиж дэлгүүр гараад эргээд ороод ирэхэд жижиг Хосбаярыг Ганхөлөг нь шууд цохиод авсан юм. Тэгээд би зодоон боллоо гэж бодоод айл руу орчихсон юм. Тэгээд хэсэг хугацааны дараа гарч ирэхэд жижиг О.Хосбаярын гар нь зүсэгдчихсэн байсан. Тэгээд ерөнхийдөө маргаан зогссон.

..Ганхөлөг нь Энхцэцэгийг өмөөрөөд л Хосбаярыг цохиж аваад маргаан эхэлсэн юм. ..сүүлд маргаан дууссаны дараа Хосбаярын гар зүсэгдсэн байсан учир Ганхөлөг л гартаа юм барьсан байж магадгүй гэж бодож байна.. гэсэн мэдүүлэг /хх 19-20/

 

Гэрч А.Нямхүүгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой Ганхөлөгөөр дамжуулан танилцаж байсан Энхцэцэг гэх эмэгтэйн гэрт Ганхөлөг, Энхцэцэг бид 3 архи ууж суусан юм. Тэгэхэд цагийг нь санахгүй байна, одоо нэрийг нь мэдэх болсон Хосбаяр гэх залуу нэг эмэгтэй болон 2 залуугийн хамт орж ирсэн юм. Тэгээд бид нар сүртэй ч танилцсан зүйл байхгүй хамт нийлээд нэг шил архи уусан. Тэгтэл миний ойлгосноор Хосбаяр гэх залуу нь Энхцэцэгийн найз нь юм шиг байна лээ гэнэт сууж байснаа хоорондоо маргалдаад байсан. Тэр 2-ын маргааны дундуур ороогүй танихгүй учраас юу ч яриагүй, тэгж байснаа бүгдээрээ гараад явчихсан санагдаж байна. Тухай үед би нилээн архи уучихсан байсан болохоор түүнээс цааш болсон асуудлын талаар санахгүй байгаа юм, нэг ёсондоо тасраад юу болсонг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг. /хх 21/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн ¹5118 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Ганхөлөгийн биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүснэ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 13-ны өдрийн ¹5144 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: О.Хосбаярын биед зүүн чигчий хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шууны шарх, баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүнэлт /хх 26/

 

Шүүгдэгч О.Хосбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, шүүгдэгч Б.Ганхөлөгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх 56, 57/, шүүгдэгч Б.Ганхөлөгийн 2005 оны 06 сарын 17-ны өдрийн ¹43 дугаартай Дорнод аймгийн Сумд дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 49-60/, суллагдсан хүмүүст олгодог справка /хх 61/, 2012 оны 01 сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ¹12, 12А дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 61-65/, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан Сум дундын 23 дугаар шүүхийн ¹25 шүүгчийн захирамж /хх 66-61/, Засрал, хүмүүжлийн тодорхойлолт /хх 68/, суллагдсан хүмүүст олгодог справка /хх 69/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн ¹5118 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 13-ны өдрийн ¹5144 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Ганхөлөг О.Хосбаяр нар 2016 орны 04 сарын 09-ний өдрийн 21-22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 10-892 тоотод ууж согтуурсан үедээ “Энхцэцэгтэй маргалдлаа” гэсэн шалтгаанаар харилцан зодолдож улмаар О.Хосбаярын бие махбодид зүүн чигчий хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шууны шарх, баруун хөмсөгний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Ганхөлөгийн бие махбодид нь зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус харилцан учруулсан байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Б.Ганхөлөгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заанаар хорих ял шийтгэл оногдуудлах, шүүгдэгч О.Хосбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ганхөлөг нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 сарын 01-ний өдрийн ¹12А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2014 оны 09 сарын 05-ны өдрийн ¹25 дугаартай Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн захирамжар 2 сар 13 хоногийг хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдэх хугацаа өршөөгдөж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ганхөлөг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзах, шүүгдэгч О.Хосбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн, шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ганхөлөг, О.Хосбаяр нар нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Еншөө тайж овогт Батхүүгийн Ганхөлөгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Одончимэгийн Хосбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариулагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганхөлөгийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ганхөлөг, О.Хосбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганхөлөгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлж, шүүгдэгч О.Хосбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР