Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/71

 

  2018              12              03                                                2018/ДШМ/71

 

Б.С,  Б.Г нарт холбогдох

                                                                эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                      

                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: М.Гэрэлбадрах,         

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Г, Б.С нарт холбогдох, эрүүгийн 1820001550088 дугаартай, 1 хавтас, 171 хуудас бүхий хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн УБТЗ-ын тусгай шүүхийн 72 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдсэн, бие эрүүл, Боржигон овогт Б-ийн йн Г/РД:ЕЙ7108../-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, ..... Төмөр замын шилжүүлэн ачих ангид ....... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, .байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, Ч овогт Б-ийн С/РД:ЕЮ8111.../-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.Г 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд ачааны автомашины бүрдүүлэлт хийлгэхээр машинтайгаа дугаарлаж зогсож байхдаа иргэн Б.Сын машины урдуур орж, дугаар дайрсаны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний толгой болон гарыг өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь санаатай хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд ачааны автомашины бүрдүүлэлт хийлгэх гэж байхдаа Б.Гыг дугаарын урдуур дайрлаа гэсний улмаас хоорондоо маргалдаж түүний гарыг төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, шүүгдэгч Чанарав овогт Батхүүгийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б-ийн  Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Чанарав овогт Батхүүгийн Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Г, Б.С нар нь 450000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Г, Б.С нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 48 см урттай, 1,4 см өргөнтэй, хавтгай хэлбэрийн лоом төмөр 1 ширхэгийг шүүгдэгч Б.Год буцаан олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагч Б.Г, Б.С нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйлийн 1.2,  36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасныг зөрчиж ямар журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа хууль зүйн үндэслэлийг орхигдуулахаас гадна уг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн төгсгөлд “прокуророос шүүгдэгч Б.Г, Б.С нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч Б.Г, Б.С нар нь уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ гэж тусгасан нь ойлгомжгүй байна.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “яллагдагч Б.Г, Б.С нарт холбогдох 1820001550088 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв” гэжээ. Улсын яллагчийн дүгнэлтээс харахад 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан болсон байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана гаргасныг тодорхой тусгана” гэж заасныг зөрчсөн.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Боржигон овогт Баттөмөрийн Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, шүүгдэгч Чанарав овогт Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүгдэгч эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй хууль зөрчсөн.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан хуулийн заалтыг баримталж, торгох ялын хугацааг шүүх тогтоолгүй шийдсэн байна. Гэвч уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Б.Г, Б.С нар нь 450000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй гэж шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацаа тодорхойгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тогтоох хэсэгт тодорхой заагаагүй хууль зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж таслалгүй бичигдсэн хуулийн заалтыг тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Г, Б.С нар нь 450000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй” гэж салгаж, таслаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.  Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 59 дугаартай тогтоолоор батлагдсан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд “хуулийн зүйлийн нэг хэсэгт хэдэн хэдэн үйлдэл, шаардлагыг хооронд нь таслалгүйгээр бичсэн тохиолдолд тэдгээр үйлдлийг бүгдийг хийх, шаардлагуудыг нэгэн зэрэг бүгдийг хангасан байх ёстой гэж ойлгогдоно” гэж тодорхой тусгажээ. Үүнээс дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т заасан “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэж таслалгүй бичигдсэн хуулийн заалтыг шүүх салгаж хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоожээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Г, Б.С нар гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийн зүйлчлэл, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагч нарт танилцуулсныг тэд зөвшөөрч гарын үсэг зурсан тул хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан даруйд шүүх хуралдааныг зарлажээ.

Тодруулбал шүүх 2018-10-24-ний өдөр прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, мөн өдрөө шүүх хуралдааныг зарлаж улмаар 2018-10-25-ны өдөр шүүх хуралдааныг явуулсан нь шүүх хуралдааны тов тогтоосон шүүгчийн захирамж /хх144-145/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх151-156/, шийтгэх тогтоол /хх157-162/ зэргээр тогтоогдож байх ба шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хүлээн авсан даруй /боломжит богино хугацаанд/-д ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад нийцсэн байна.  

Шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг буюу Б.Г улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Б.С Замын-Үүд сумын Төмөр замын шилжүүлэн ачих ангид машин механизмын цехийн дарга ажилтай болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Б.Г, Б.С нар торгуулийг төлөх санхүүгийн боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

  Шүүх хуралдаанаар “шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хянаад, шийтгэх тогтоол гарган шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх” журамд нийцсэн байна.

Шийтгэх тогтоолын удиртгал хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээр “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимд” шүүх хуралдааныг явуулж, шүүхийн шийдвэр гарсан нь тогтоогдож байх ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэхээр заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг тус тус зөрчөөгүй төдийгүй шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана гаргасныг тусгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.    

Хэдийгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал...”-ыг мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тусгаагүй байх боловч үүнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүгүй байх тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй болно.

Мөн анхан шатны шүүхийг шүүгдэгч нарт 450000 төгрөгийн торгох ял оногдуулахдаа уг ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тодорхойлоогүйг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Учир нь шүүгдэгч нар торгох ялын 450000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд эсхүл төлөх бололцоогүй нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байх ба харин тодорхой цалин хөлс, орлоготой болохыг шүүгчээс дүгнэж тэмдэглэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байх тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй юм.

Хэдийгээр шийтгэх тогтоолд хугацаа тогтоогоогүй боловч энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “...ялтан 90 хоногийн дотор торгуулийг төлөх” үүрэгтэйг тодорхойлсон байх тул торгуулын ялыг биелүүлэх хугацааг тодорхойгүй, мөн ялтан ял завшина гэж  үзэхгүй.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтын “...биелэгдээгүй...” гэсэн үгийг орхиж бичсэнийг техникийн шинжтэй гарсан алдаа гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын яллагчийн санал болон хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцнэ.

Түүнчлэн шийтгэх тогтоолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж тэмдэглэгдээгүй байх боловч энэ нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй ч цаашид шийтгэх тогтоолд дурдсан нөхцөл байдлыг тодруулж бичих нь зохимжтойг  магадлалд тэмдэглэж байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА