Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2059

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.М-т холбогдох

 

   Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

   Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.М-оос 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээ байгуулж чиргүүлийг нь худалдаж авсан билээ. Уг гэрээг бид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлж хийсэн болно. Гэтэл П.М “чиргүүлээр чинь ачаа зөөчихөөд эргүүлээд өгье” гэж хэлж авч явчихаад өнөөдрийг хүртэл надад өгөлгүй намайг хохироож байна. Өнөөдрийг хүртэл чиргүүлийг авахаар олон удаа шаардсан боловч чиргүүлийг өгөөгүй болно. Иймд автомашины чиргүүлийн үнэд төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Д нь надтай 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн чиргүүл худалдаж авсан юм. Уг чиргүүл нь бүрэн бүтэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байж байгаа бөгөөд Ж.Дагва нь худалдаж авсныхаа дараагаар “чиргүүлийг тавих газар байхгүй байна чи түр аргалаад нэг газар байлгаж байгаач” гэж гуйсных нь дагуу би таньдаг хүнээ гуйгаад сонсголонд байрлах хашаанд тавьсан байгаа. Чиргүүлийг харж, манах асуудалд би бас мөнгө өгч байгаа, хэзээ бол хэзээ очиж авч болно, ямар учиртай нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Тиймээс чиргүүлээ авахад нь надаас шалтгаалах зүйл байхгүй юм гэжээ.

 

Хариуцагч П.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр П.М-ын ах П.Мө нь иргэн Ж.Д-тай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг зээлсэн ба хамтран зээлдэгч нь Б.Бямбанаран юм. Тус зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд П.М-ын автомашины чиргүүлийг барьцаанд тавихаар болж Ж.Д нь “тус чиргүүлийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулъя” гэсэн шаардлага тавьсны дагуу дээрх гэрээг байгуулсан юм. Ингээд тэдний хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн асуудал үүссэн юм. Гэрээний хугацаанд П.Мө, Б.Б нар нь мөнгөө өгч чадаагүй тул Ж.Д нь П.М-ын чиргүүлийг авахаар болсон боловч авахгүй байсаар гэнэт нэг өдөр өөр хоёр дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс худалдах, худалдан авах тухай гэрээ нь зээлийн гэрээний дагуу дүр үзүүлэн хийсэн гэрээ тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг холбогдуулж гаргасан тайлбартаа: Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байна. Гэтэл гэрээ гэдэг бол 2 тал сайн дурын үндсэн дээр талуудын хүсэл зоригоор илэрхийлэгддэг. Нотариатаар гэрчлүүлээгүй гарын үсэг зурсан гэрээ, эрх зүйн мэдлэггүй хүмүүс үйлдсэн байсан бол буруу үйлдэж гэж ойлгож болно. Гэтэл нас биед гүйцсэн хүмүүс хөндлөнгийн эрх бүхий байгууллага болох нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ үед эрх үүргийг нотариатч бол сайн тайлбарлаж өгч байгаа. Мөнгөний барьцаанд чиргүүл тавьж байна гэвэл зээлийн гэрээний дагалдах гэрээ гэж барьцааны гэрээ байгуулж болно. Энэ нь бараг залилан болоод явсан. Бид цагдаад гомдол гаргасан байдаг. Гэтэл иргэний эрх зүйн маргаан байна хэмээн хүлээж аваагүй. Уг хоёр хүнийг олон удаа дуудаад ирээгүй, нэхэмжлэл гардуулах гэж зовсон. Тэгээд одоо гэрчээр ирсэн байна. Энэ гэрээ бол дүр үзүүлэн хийсэн гэрээ биш юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан юм. Мөн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгсөн хариу тайлбарт автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгээ нотолж байна. Гэтэл одоо барьцаанд тавьсан гэж байна. Хариу тайлбараас зөрж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.М-т холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан хариуцагч П.М-ын Ж.Д-д холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ж.Д-ын 174 950 төгрөг, хариуцагч П.М-ын 174 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хариуцагч П.М-оос 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж худалдаж авсан билээ. Мөн хариуцагч П.М-ын ах П.Мө, Б.Б нарт 10 000 000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс тус зээлийн гэрээ нь автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээтэй хамааралгүй асуудал байна гэж үзэн Ж.Д надад 15 000 000 төгрөг гаргаж өгөхөөр шийдвэр гарсан. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно. Гэтэл П.Мын ах П.М нар нь хуулийн дагуу хийгдсэн автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээний барьцааны гэрээ гэж үндэслэлгүй зүйл ярьж намайг хохироож байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн сүүлийн мөрөнд “... гэрээний 9 дүгээрт нэмэлт нөхцөл: төлбөр тооцоо бүрэн дууссан болно гэж бичсэн, ингэж бичсэнээр Ж.Д нь П.М-т 10 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг баримтаас үзэхэд хэн, хэнд хэдэн төгрөгийг өгч буй нь ойлгомжгүй, тодорхойгүй, дээрх тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ. Миний бие хариуцагчид мөнгөө бэлнээр өгч төлбөр тооцоо дууссан учир бүрэн дууссан гэж гэрээний 9-д бичүүлж П.М гарын үсэг зурсан. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч буй ойлгомжгүй, тодорхойгүй гэдэг. Тус нотариатаар гэрчлүүлсэн гэрээнд худалдагч худалдан авагч гээд тодорхой ялгаад заасан байгаа мэдээж худалдаж авч байгаа тул төлбөр төлөх нь ойлгомжтой асуудал юм. Мөн гэрээний 2-т 10 000 000 төгрөг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төлж дууссан гэж бичсээр байтал баримтаар нотлоогүй гэж үндэслэж байгаа нь үнэхээр учир дутагдалтай байна. Түүнчлэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасан баримтаар нотлоогүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж шүүгч үзсэн. Хуулийн дагуу байгуулагдаж гаргаж өгсөн нотлох баримт буюу гэрээг ямар үндэслэлээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгааг тайлбарлаагүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна. Мөн хариуцагчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа /хэргийн материалын 10 хуудас/ бид автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Чиргүүлээ авахад надаас шалтгаалах зүйл байгүй гэж хариу тайлбар өгсөн. Энэ бүх байдлаас харахад хуулийн дагуу гэрээ хийж нотариатаар гэрчлүүлж, хоёр тал гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрсөөр байтал шүүгч төлбөр төлсөн нь тодорхой байгуулсан гэрээ байсаар байтал нотлогдохгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй  боловч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх замаар анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг залруулах боломжтой байна.

 

  Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч П.М-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Зохигчид 2016 оны 2 сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч П.М нь өөрийн өмчлөлийн 61-25 АЧ улсын дугаартай чиргүүлийг шилжүүлэх, худалдан авагч Ж.Давга нь гэрээний үнэд 10 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний 9 дэх заалтад заасныг буруу тайлбарлан, тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөрүүтэй дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Гэвч дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэрээний дагуу чиргүүлийн үнийг бүрэн төлсөн боловч уг чиргүүлийг миний өмчлөлд өгөөгүй, мөн дээрх чиргүүл нь доголдолтой байгаа тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарласан нь үндэслэлгүй болно.  Учир нь талуудын байгуулсан гэрээний 5-д “Худалдан авагч нь Автотээврийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу худалдан авсан тээврийн хэрэгслийг өмчилж авснаас хойш 72 цагийн дотор Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан байна. Худалдан авагч Ж.Д нь гэрээний 5-д заасны дагуу өмчлөх эрхээ олж авах нь түүний өөрийнх нь үүрэг байх бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд худалдагч буюу хариуцагч П.М-ын зүгээс саад учруулсан гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох чиргүүлийг биет байдлын доголдолтой гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул тэрээр уг үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч П.Мөнх-Очир нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь нотлогдоогүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь хууль буюу гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй тул нэхэмжлэгч Ж.Д нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн 10 000 000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.  

  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                         

                                                          ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ