Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0330

 

"С с" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Ч.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, гуравдагч этгээд "Т м г" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд "У г м" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "С с" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "С с" ХХК 2015 оны 1 дүгээр сарын 26-нд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Эрдэнэ нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар гаргаж, Ашигт малтмалын газраас өргөдлийн үйлчилгээний дугаар олгогдсон талаар мэдэгдэл ирсний дагуу түүнд заасан хугацаа болох 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлэн өргөдлөө гаргасан.

Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 350 дугаар шийдвэрээр "С с" ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Засаг дарга дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар тухайн хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцсан эсэхийг шалган тогтоох бөгөөд дээрх нөхцөл байхгүй тохиолдолд тухайн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор татгалзахаар байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын татгалзсан хариунд хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр саналын дагуу шууд татгалзах хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь аймгийн Засаг дарга хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд Кадастрын хэлтэс тухайн үндэслэлгүй татгалзлыг хүлээн авах нь Ашигт малтмалын тухай хуульд үл нийцнэ.

Түүнчлэн тухайн газар дээр дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн өргөдөл хүлээн авахаар зарлан, улмаар өргөдөл хүлээн авсан нь Ашигт малтмалын тухай хуульд нийцээгүйн дээр "С с" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөлолгохоос татгалзсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, өргөдөл гаргасан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Эрдэнэ нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "С с" ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Маргаан бүхий Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших 14074.88 гектар талбай бүхий газарт 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 018702 тоот шийдвэрээр "Т м г" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгон шийдвэрлэсэн байна. Иймд тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 018702 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч "С с" ХХК нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 018702 тоот шийдвэрийг гэснийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна. Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 783 тоот шийдвэрээр "Т м г" ХХК-иас "У г м" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлснээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно гэж заасныг илэрхий зөрчжээ. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 783 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..."С с" ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өргөдлийн бүртгэлийн 24992 дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Эрдэнэ нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ. Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад 2015 оны 1 дүгээр сарын 30-нд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар албан тоот явуулсан байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж заасны дагуу 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 14 тоот саналаар "С с" ХХК-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Эрдэнэ нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлснийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр "С с" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсний дараа "Т м г" ХХК 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 25880 дугаараар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Бор цахир нэртэй газарт 14074.88 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна. Кадастрын хэлтсээс Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/3777 дугаартай мэдэгдлээр "Т м г" ХХК-ийн өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг саналын хуудасны хамт хүргүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/3777 дугаартай мэдэгдлийн хариуг ирүүлээгүй тул 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 18702 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг "Т м г" ХХК-д олгосон байна. Улмаар "Т м г" ХХК 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Бор цахир нэртэй 14074.88 гектар талбай бүхий 18702 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн 8449 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж дээрх тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр "У г м" ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэжээ.

 

Гуравдагч этгээд "Т м г" ХХК шүүхэд гаргасан тайлбартааМанай компани цахим системээр 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаар авч бүртгүүлсэн ба улмаар 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуулийн дагуу өргөдлөө гаргасанБиднийг өргөдөл гаргах үед тус талбай нь хоосон, ямар нэгэн давхцал байгаагүй учир тэдгээрийг магадлан сайн шалгасны дараа хүсэлт гаргасан бөгөөд Ашигт малтмалын газар тухайн асуудлаар орон нутагт мэдээлж, ажиллагаа хийсэн байх. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу хүсэлт гаргасан талбайн талаар Говь-Алтай аймгаас болон тус аймгийн Эрдэнэ сумаас ямар нэгэн хариу, санал ирүүлээгүй учраас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ХV-018702 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Ийнхүү тусгай зөвшөөрөл авахдаа манай компани ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул "С с" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд "У г м" ХХК шүүхэд гаргасан тайлбартааМанай компани Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Бор цахир нэртэй ХV-018702 тоот 14074.88 га талбайтай тусгай зөвшөөрлийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулан улмаар тусгай зөвшөөрлийн эрхийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн авсан билээ. Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авахад Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын дагуу ажилласан. Улмаар уг газартаа Ашигт малтмалын газрын Геологийн алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн газраар батлуулсан "Т м г" ХХК-ийн хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлыг 2015 онд батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн гүйцэтгэж 129.829.417 төгрөгийн зардал гаргаад байнаДээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа манай компани ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул "С с" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан "С с" ХХК-ийн гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 350 дугаар шийдвэрийн "С с" ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 537 дугаар шийдвэрийн "Т м г" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Эрдэнэ нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасныг баримтлан "С с" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай 783 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Санал авах ажиллагаа нь шийдвэр гаргах ажиллагааны урьдач нөхцөл болохоос тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг дарга нь санал өгөхдөө түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газар учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан санал өгчээ. Энэхүү татгалзсан үндэслэл үнэн бодитой байсан гэж үзэхэд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар тухайн газарт ашигт малтмалын хайгуул хийхийг хориглосон буюу хуулиар хориглосон гэдэгт хамаараах байсан.

Гэтэл шинжлэх ухааны Академийн түүх, архелогийн хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/117 дугаар албан бичигт дурдсанаар тухайн маргаан бүхий газар нь ямар нэгэн архелогийн дурсгал бүртгэгдээгүй байгааг тодорхой дурдсан байдаг.

Аймгийн Засаг даргын санал нь Захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй. Засаг даргын саналаас үл хамааран шийдвэр гаргах бүрэн эрх нь Кадастрын хэлтэст агуулагдаж байна. Засаг даргын санал нь шууд үндэслэл болсон, заавал биелэгдэх захирамжилсан шинжгүй байна. Өөрөөр хэлбэл, Засаг дарга дэмжихгүй санал өгснөөс хамааран захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээгээ хууль тогтоомжийн дагуу, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэрэгжүүлэх боломж алдагдсан гэж үзэх үндэслэлгүй болно. Засаг даргын дэмжсэн эсхүл дэмжихгүй гэсэн саналаас үл хамааран ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага хангасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгогдохоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т ....30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж хуульчилжээ.

Тухайн тохиолдолд санал өгсөн талбайд ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан зохицуулалт, түүнчлэн эрх бүхий байгууллагын хууль ёсны шийдвэр байхгүй тул аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Нөгөө талаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тухайн саналтай шууд хамааралтайгаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим үндэслэл хуульд нийцээгүй ч шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч "С с" ХХК шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 350 дугаар шийдвэрийн "С с" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 537 дугаар шийдвэрийн "Т м г" ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай 783 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 19.1.4-д энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох19.2.2-т хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, 19.3-т Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч "С с" ХХК 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасныг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч дээрх хуульд заасны дагуу анхан шатны шүүлт хийж, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй тул тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот саналаар "С с" ХХК-ийн өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөөгүй байх ба уг саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 350 дугаар шийдвэрээр "С с" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж заасныг хуульд заагдаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгөхийг хориглосон агуулгатай зохицуулалт гэж ойлгох бөгөөд төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй санал хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч даган биелүүлэх үүргийг хуулиар хүлээлгээгүй.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж,... гэсэн нь тусгай зөвшөөрөл олгохыг төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон зохицуулалт байх тул Засаг даргын дэмжсэн саналыг гадагшаа чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх ба харин дэмжээгүй санал ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үүргийг төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй тул заавал биелэгдэх шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх боломжгүй.

 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь "С с" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч анхан шатны шүүлт хийн тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй болохыг тогтоосон тул дэмжээгүй саналын үндэслэл болох түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газар гэх шалтгаан хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэж байсан гэж үзнэ.

 

Гэвч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь Засаг даргын дэмжээгүй санал хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдсээр байж "С с" ХХКнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа ч нэхэмжлэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасныг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч өргөдлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талбайд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дахин сонгон шалгаруулалт зарлахад нэхэмжлэгч "С с" ХХК уг шалгаруулалтад оролцож 9 цаг 02 минут 38 секундэд бүртгэгдсэн байх ба нэхэмжлэгчийн энэ үйлдэл өмнөх эрх зүйн харилцааг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч дахин шинэ эрх зүйн харилцаанд орсон гэж дүгнэх үндэслэл болно.

 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс аймгийн Засаг даргын саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн талбайд дахин өргөдөл хүлээн авах боломжгүй ч нэхэмжлэгч ийнхүү дахин өргөдөл хүлээн авч байгаа ажиллагааг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон байх тул дээрх нөхцөл байдал маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй юм.

 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 350 дугаар шийдвэр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, өөрөөр хэлбэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 9 цаг 54 секундэд нэхэмжлэгчээс түрүүлж бүртгэгдсэн "Т м г" ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 537 дугаар шийдвэрийн "Т м г" ХХК-д холбогдох хэсэг хууль зөрчөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Мөн тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай 783 тоот шийдвэр гарч ХV-018702 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг "Т м г" ХХК-иас "У г м" ХХК-д шилжүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн аймгийн Засаг даргын санал захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй гэх гомдол үндэстэй ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН